Тэдний ХҮСЭЛ нэгдсэн ч ШУНАЛ нь нэгтгэсэнгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
48 минутын өмнө

Жилийн өмнө ардын намынхны зодоон эхэлсэн. Гэхдээ цохилцож чадаагүй. Ах нар нь л индэр доороо жийлцээд олонд харуулаагүй болохоос зодооны тоос 2024 оны сонгуулийн дараа татсан юм. Зодоон тарж сарниагүй ч “заамдалцсан” чигээрээ энэ намартай золголоо. Намрын цагт эхэлсэн зодоон дуусаагүй гэдгийг хуулийн сайдыг нааш, цааш нь түлхсэн улстөрийн акцаас харж болохоор байна. Ер нь ч тэгээд Ардын намын зодоон ордонд нэг, сошиалд нэг өрнөдөг юм даа. Эрх мэдлийн цулбуурын нөгөө үзүүрийг, нөгөө үзүүртэй булаалдсан субъектууд өрсөлдөгчөө сошиалд хаяж өгөөд наана нь дэвээд байдаг. “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн нь энэ юм даг уу.

"Хүчээ нэгтгээд" "ард түмнээ ялуулсан" Ардын намынхан хоёр жилийн дотор гурван Засгийн газар, нэжгээд сайдыг сольж тоглолоо.

Ердөө хоёр жилийн дотор Засгийн газар гурав солигдлоо. Солигдохдоо тооноор орж ирэгсэд, ордонд үлдэгсэд болж эрх баригчид хуваагдсан. Хуваагдахдаа системийн хямрал руу түлхсэн. Үүнийг нь Ардын намын зовлон төрийн зовлон боллоо гэж байсан ч үнэн хэрэгтээ Ардын намынхны өөрийнх нь зовлон байсан юм. Үндсэн хуулиа зөрчдөг даргатай болоод бүр УИХ-ын дарга ч үгүй, Ерөнхий сайд ч үгүй байж үзсэн. Намын дарга ч үгүй байж үзсэн гэж бодохоор эрх баригчдын л зовлон байсан юм. Яахав наана нь сөрөг хүчнийхэн тэдний зовлонг өөрсдөдөө, ард түмэнд ч наахыг оролдож байсныг санах хэрэгтэй. Ардын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг шүүмжлэх нэг ч гишүүн байхгүйг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас харах хэрэгтэй. Засгаа хавирч унагаадаг 126 гишүүнтэй болсон. Хуулийн хэрэгжилт, сонгуулийн амлалт зэргийг ярихгүй байсаар бүрэн эрхийнх нь хоёр жил үндсэндээ шувтрах гэж байна. Гэтэл 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх сөхөө алга. Жагсаалтын “номер 1” Г.Лувсанжамц хүртэл “Ерөнхий сайдтай бидний хэдэн гишүүн уулзаж, зоог барьсан. Үндсэндээ зөвшилцөлд хүрсэн” гэж байгаа нь 30-38-аараа сайхан өөх, махаараа хуваагдаад эрх мэдлийн төлөө шуналдан тэмцэлдэж байгааг бэлхнээ харчхаар байна.

Ардын намын жагсаалтын тэргүүн Г.Лувсанжамц "30-ын бүлэг" үндсэндээ тохиролцоонд хүрсэн гэх ч Байнгын хороо хуралдаж чадахгүй байгааг Сангийн сайд нь хэлнэ лээ.

Саяхан хуулийн сайдыг нааш, цааш түлхдэг асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь ч, Ардын намын генсек ч хуваагдсан зүйлгүй гэж гөрдөж байсан. МАН-ын бүлгийн даргын “Битгий сэдрээ” гэж мэлзсэнийг харвал хагарал нь хагацал руу дөтөлж эхэлсний тод жишээ байсан юм. Ердөө сүүлийн нэг жилийн улс төрийн амьдрал нэг иймэрхүү өнгө будагтай байлаа. Ардын нам яаж ч муудалцсан ил гарахгүй“янаглан хорлоод” өнгөрдөг байсан бол одоо залуу дүрийг гаргаж ирээд, ил муудалцдаг боллоо. Гэхдээ тэд сунайсан хоёр сонгууль хүлээж байгааг гадарлахгүй байх шиг. Тэгээд ч Ардын намын одоогийн тэмцэл нь намын аппаратын тэмцэл болж байгааг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хэлсэн “Я.Содбааатрын шургуулга дотор ч ийм заалт байхгүй” гэснээс харж болно. Учир нь хагацал руу дөхсөн намын генсек нь “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн, эсрэг үйлдэл гаргасан гишүүдийг МАН-аас хөөнө” гэснийг Д.Амарбаясгалан сөрсөн нь энэ. Ингээд 30-ын талынхан үндсэндээ Н.Учралтай тохиролцсон гэдгийг жагсаалтын нэгдүгээр хүн хэлчихсэн нь одоохондоо гар, гараа барилцсаны шинж. Гэхдээ улс төрийн гортиг дахиад л өөрөөр зурагдана. Ямар ч атугай хоёр, гурван ч сайд сугалах шинжтэй боллоо. Ах намынхан тэнэг биш л бол Н.Учралаараа оролдохгүй. Өлгийдөж байгаад 2027 онтой, аргадаж байгаад 2028 онтой золгоно. Харин шан хүртэх үү, шанаа ирэх үү гэдэг бол өөр асуудал.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top