Шатахуунд дугаарлаж, вагон тоолсоор монголчууд бид хорин оныг үдэв. Энэ хооронд байдал хэвээрээ. Таван сонгуулийн циклд тар нь танигдсан ч өөрчлөгддөггүй дүрсүүдтэй. Авчиг шатахуун тасалдсан янзаараа. Урт цуваа, уур бухимдал. Дахиад л урт цуваа, энд ч, тэнд ч уур бухимдал хоёр сарын өмнөхөөс дүр зураг өөрчлөгдсөнгүй. Нарны зам, Сарны титэм, Энхтайвны гүүр, Тасганы овоо. Бүгд л ижил бухимдалтай. Шатахуун бараадсан урт цуваатай байна.
Шатахуунд дугаарлаж, вагон тоолсоор монголчууд бид хорин оныг үдэв.
Салбар яамны ТНБД Б.Дашпүрэв хэлэхдээ “ОХУ-аас хоёр хоногийн хугацаанд тээвэрлэлт багассантай холбоотойгоор түгээлтэд саатал үүссэн. Дунджаар өдөрт 50 вагон шатахуун ачигдан ирж байгаа. Тиймээс энгийн хэрэглээг хангах боломжтой. Харин бид тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна. Есөн хоногийн нөөцтэй байсан бол тодорхой хэмжээнд өсөж, 10 гаруй хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой. Гэвч тээвэрлэлт багасахад нөөц мөн дагаад буурдаг” гэсэн юм. Хойд хөршөөсөө бараг бүрэн хараат манайх шиг улсад үүнээс ч өөр арга алга. Чухамдаа ийм зүйлд хүргэхгүйн тулд Ерөнхийлөгч нь ч, Ерөнхий сайд нь ч, салбар яамны сайд нь ч хойд хөршөө бараадаад бадар бариад байсан юм.
ОХУ-д одоо байдал тун сайнгүй байна. Москва орчмын болон бусад мужуудад хязгаарлалтын арга хэмжээ аваад эхэлжээ. Тухайлбал Калуга мужид манайд хэрэглэж байсан шиг хязгаарлалт тогтоосон. Учир юу гэвэл тус мужид лхагва гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор, календарийн тэгш, сондгой өдөр тодорхой хязгаарлалттайгаар олгохоор болсон. Ингэхдээ саваар олгохгүй аж. Гэсэн ч тухайн мужид цуваа, дараалал буурахгүй байгаа аж. Сибирийн Забайкальскийн бүс нутагт ШТС-уудад нэг тээврийн хэрэгсэлд 15 литрээс илүү шатахуун олгохгүй журам үйлчилж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Санкт-Петербург хотод нэг автомашинд 30 литрээс ихгүй шатахуун олгохоор болсон. Энэ хязгаарлалт ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр Орос даяар шатахууны хомстол нүүрлэж, урт дараалал үүсэж буй аж. Украины дронын халдлага буурахгүй нь тодорхой болсон ялангуяа Москва, Самара, Уфа дахь Оросын гурван том газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага үйлдсэн. Украины ЗХЖШ-ийн мэдээлж байгаачлан Оросын газрын тос боловсруулах хүчин чадлын 45 гаруй хувийг устгасан байна. Тэгэхээр тасалдал гарах нь ойлгомжтой. ОХУ-ын засаг захиргаа дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд 2027 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл бүх төрлийн шатахууны экспортыг хориглоод байна. Гэхдээ хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр Монгол Улсад шатахуун нийлүүлнэ гэдгийг хоёр улсын удирдлагууд хэлдэг.
ОХУ-ын Калуга мужид тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Забайкальск, Ленинград мужид шатахууныг 15-30 литрийн хязгаартайгаар олгож байна. Украины нисгэгчгүй дрон Москва, Самара, Уфа дахь Оросын гурван том газрын тос боловсруулах үйлдвэрт халдсан!
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллийг харвал “ОХУ-аас орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр авч үзвэл 25 мянган тонн бүтээгдэхүүн дутуу байгаа” аж. Манай талаас ч бүрэн хэмжээгээр нь ачих саналыг ОХУ-ын талд хүргүүлж. Хэдийгээр салбар яамнаас БНСУ, БНХАУ-аас татан авалт үргэлжилж байгаа гэх боловч Хятадын дотоодод байдал хүнд байгаа учраас шатахууны экспортыг тодорхой хэмжээгээр хориглож магадгүй гэдгийг “Блумберг” агентлаг мэдээлсэн. Тэгэхээр хоёр талаас ацан шалаанд орвол манай байдал ч хүндрэх эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй.
Вагон толсоор хэдэн оныг үдэхдээ нөөцлүүртээ анхаараагүй л улс. Тэр хооронд засаг хэдэн ч удаа солигдож, хоёр намынхан хэдэн ч удаа улс болон тоглов. Газрын тос боловсруулах үйлдвэр гэж ярих боловч ашиглалтад оролгүйгээр арван жилийг үдэж байна. Цаашид хэдэн арваныг үдэхийг “Балхаа ах” бид хоёр таашгүй. Дээрээс нь технологийн нөхцөл, үйл ажиллагааны тохируулга гээд барагдахгүй олон ажил бий. Шатахууны үнийг чөлөөл гэж либералууд хашхирдаг. Гэхдээ үйлийн үрийг нь ойлгодоггүй. Орос, Хятадаас өөрөөр авлаа гэхэд тээвэрлэлтийн зардал нь нэмэгдээд талийсан үнэтэй болно. Өөрсдөө газрын тос олборлодоггүй манайх шиг улсад үнийг чөлөөлнө гэдэг нь машинаа түрж тоглоод цөм ердийн хөсөг болно гэсэн үг. Ердийн хөсөг болчхоод либерлист тунхаг амандаа аялна гэсэн үг. Үнэ чөлөөлөөд зах зээлийн зарчмаар явна гэдэг ямартаа газрын тосны салбарт байхгүй. Өөрсдөө боловсруулдаггүй манайх шиг улсад том шагчид л байна уу гэхээс том үйлдвэрлэгч бол байхгүй.
Монгол Улс Үндэсний баялгийн нэгдсэн санд бүртгэснээр 332.64 сая тонн газрын тосны батлагдсан нөөцтэй. Гэхдээ энэ бол ашиглаж болох геофизикийн судалгаагаар баталгаажсан тоо гэдгийг санах нь зүйтэй.
Гэвч бид сүүлийн 20 жил өөрийнхөнтэйгөө байлдсаар өнөөг хүрлээ. Вагон тоолж, бензин тасалддаг гэдгээ мэдэхгүй 14 мега төсөл, 24 жижиг төсөл яриад томроод л байсан улс.
Сэтгэгдэл ( 0 )