Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян
Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй хэмээн тунхаглаж чадсан Зундуйн Дорж тэртээ 20-иод жилийн өмнө мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгээ байгуулж байсан. Улс орны эдийн засаг хүнд, хүн бүр л бүсээ чангалж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж байсан тэр үед Зундуйн Доржийн нийгэмлэг малын хулгайчдын толгой дээр аянга буулгаж байсан. Түүнээс хойш 20-иод он улирсан ч малын хулгай цөөрсөн гэж хэлэх аргагүй ч Зундуйн Доржийн нийгэмлэгийн ташуур дор 10-аад сая мал эзэндээ очсон гэх тоо байна. Мал дагаж өссөн, буянт малгүйгээр өөрийгөө сэтгэж чаддаггүй төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж хурдан буу, хүчит машинаар зэвсэглэсэн малын хулгайчдын толгой дээр тэнзэн ташуураа буулгахаар айсуй.
-Та анх яаж мал хамгаалах үйлст сэтгэл нэгдчихсэн юм бэ?
-Би мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгээ анх 1993 онд байгуулсан юм. Тэр үед малын хулгай айхтар газар авч малчид үнэхээр сөхөрч байсан. Би багаасаа л малтай ноцолдож өссөн, ном зохиол ч энэ чиглэлээр нэлээд бичсэн, малгүйгээр өөрийгөө сэтгэж чадахгүй тийм л хүн. Манайхан удмаараа малчин улс. Энэ нийгэмлэгийг анх байгуулахад манай зарим нэг зохиолч “Зундуйн Дорж хэдэн азаргаа алдчихаад эрж явахдаа байгуулсан юм” гэж ярьж, бичиж байсан. Би адуугаа алдах нь алдсан, гэхдээ олсон. Гаараад байсан малын хулгайтай тэмцэх олон нийтийн санал санаачлага тухайн үед хэрэгтэй байсан юм. Хууль хүчнийхэн малын хулгайтай тэмцдэг байсан ч ард түмэн хөдөлдөггүй байсан. Саахалт айлынх нь малыг хулгайлчихсан байхад манайхыг авсан биш гээд хулгайчийг нь мэдсээр байж хэлдэггүй байсан. Олон түмэн хөдөлбөл муу бүхнийг дарж чадна. Би ингэж үзээд энэ нийгэмлэгийг байгуулж Монгол улсад бага сага хэрэг болсон. Япон, ОХУ зэрэг гадны орнууд манай нийгэмлэгт туслалцаа их үзүүлдэг байсан. Ялангуяа жирийн малчин ард манай нийгэмлэгийг их сайн дэмжсэн, жаргал зовлон харуусал гомдлоо хуваалцдаг байсан. Малаа алдана гэдэг чинь хэцүү. Алт мөнгийг бол авдар савандаа хийгээд цоожилчихно. Бэлчээрийн мал бол алт мөнгөтэй адилгүй. Хуулиар хамгаалахаас өөр арга байхгүй. Тиймээс манай нийгэмлэг хөөцөлдөж байж хуультай болсон. Манай нийгэмлэгийг төр засгаас ч сайн дэмжиж, бүх аймаг сумдад салбар зөвлөлтэй болсон. Төвлөрсөн тооцоотой, улсын хөрөнгө мөнгө муу тэр үед тийм юм зохион байгуулна гэдэг хэцүү л дээ. Гэхдээ яахав болж л байсан. Хөдөөгийн салбарын дарга нар ч сайн ажиллаж байсан. Хар багцаагаар 10 гаруй сая малыг эзэнд нь олж өгсөн гэсэн тооцоо байдаг юм. Сүүлд миний бие муудаад зогсчихсон юм.
–Одоо дахиад сэргээж байгаа байх аа?
–Малын хулгайтай хууль хүчнийхэн зохих тэмцэл явуулж байгаа. Гэвч өнөөдөр малын хулгайчид их гарын жип хөлөглөж, хурдан буу агсаж, бэлчээрт нь буудаж алаад хөөдөг дамжуулдаг зардаг сүлжээтэй болсон. Би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн дарга Д.Сандаг-Очир, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нартай уулзаад нийгэмлэгээ дахин сэргээж байгаа юм. Миний энэ нийгэмлэг Монгол улсад жаахан жаахан хэрэг болох болов уу л гэж бодож байна.
–Монголчууд мориндоо мордоход хэнд ч дийлдэхгүй. Хил, хэл, мал гурав бол Монголын тусгаар тогтнол хэмээн та тунхагласан?
–Монголчууд морио унаад ташуураа далайхад дийлдэхгүй гэж кинон дээр гардаг даа. Тэр бол үнэн л дээ. Монголчууд тэмээ, морь хоёроороо хилээ хамгаалж ирсэн. Халх голын дайнд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн нь Сүмбэрийн морин хороо байсан шүү дээ. Монголчууд энэ уудам газар нутгаа морьтойгоо л хамгаалж ирсэн шүү дээ. Тэрийг хэн нэгэн хүн зохиогоод хэлчихсэн юм биш. Түүхийн хуудсанд цагаан дээр хараар бий. Тусгаар тогтнол бол Монгол орны хувьд мал сүрэг л юм. Мал сүргээ л нүдний цөцгий шиг хайрлах нь Монгол улсад хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үеийн хотын залуучууд малыг мэддэггүй л юм шиг оргиод байгаа юм. Яахав гадны боловсрол хэрэгтэй. Гэхдээ Монголын төрийг харийн аргаар удирдаж чадахгүй. Чингис хаан, Д.Сүхбаатар, Хотгойдын Чингүнжав гээд суут суут улсуудын арга ажиллагааг судлахад дандаа л малтай холбоотой байдаг.
-Таны хэлснээр тусгаар тогтнолын өөр нэг баталгаа нь монгол хэл. Бид бас хэлээ хамгаалах ёстой?
-Нарийн яривал бид их алдаа хийсэн улс. 400 жил түвд номыг утгыг нь мэдэхгүй цээжилж, 200 жил манжаар ярьж, 100 жил орос хэл судалсан. Одоо 20 жил англи хэл гэж байна. Англи хэлийг сурахгүй бол явах ч үгүй. Англи хэл гэж хошуурахаас гадна жинхэнэ өөрийнхөө Монгол хэлийг сурах хэрэгтэй. Яг түүхийг судалбал Монгол хэл чинь Орос, Франц, Хятадаас илүү түгсэн байдаг. Гол нь бид гадна харилцаанд оруулж чадаагүй. Дружба-найрамдал здраствуйте гээд байхын оронд өөрийнхөө хэлийг дэлхий дахинд гаргаж ирэх хэрэгтэй. Тэгж чадсангүй бид. Монгол хэл бол үгийн баялаг болоод дүрэм дуудлага талаасаа ямар ч хэлтэй адилгүй маш сонгодог гоё хэл. Би хоёр гурван гадаад хэл хагас хугас гадарлана. Арслан гэдэг үгийг аваад үзье л дээ. Тэгвэл энд арслангийн ар, ар, арс гээд архирч байгаа юм шиг байгаа биз. Тэгвэл оросоор лев, англиар леон гэдгийг дуудаад үз. Энэ мэт нэр үг, үйл үгийг задалж тавьбал их сонин юм болно. Задалж тавихгүй байгаа юм. Ц.Дамдинсүрэн гуай Б.Ринчен гуай нэлээд задалж тавьсан. Тэгэхдээ сайн газар авч чадаагүй. Би социализмын үед 50 жил сэтгүүлч хийсэн хүн. Хэл бол Монгол улсын үндэсний соёл. Манай ардын дуу шиг дуутай орон бараг байдаггүй юм. Тээр жил 80-аад оны үед Герман улс ардын дуугаа гаргах гээд Германы ардын дууг сэргээх зарлиг гаргаад ч бараагүй. Тэгвэл манай ардын дууг яаж ч дараад хүний аман дотор байж байдаг. Түүнээс гадна ардын хар ухааныг дэлхийд гаргах хэрэгтэй. Циолковский бол одон орон сансар судлалд суут хүн. Тэгвэл Монголын дээлтэй өвгөн гэртээ сууж байгаад л одны тохиол, солбилцол энэ тэрийг чинь тайлчихсан байдаг юм. Бүгдийг нь хэлчихсэн, хийчихсэн, биччихсэн байгаа. Монгол ардын хар ухааныг гаргаж ирэх цаг нь болчихсон. Нэг ухаантан нь гаргаад л ирэх байх л даа.
–Сүүлийн үед бэлчээрийн мал аж ахуйг фермерийнх болгох тухайд их ярих болж. Энэ танд ямар санагддаг вэ?
–Нүүдлийн мал аж ахуй хэцүүдээ хэцүү. Зуд боллоо гэхэд л ихэнх малаа алдчихдаг. Хуучин нэгдлийн үед ийм байгаагүй юм. Би гурван их зуд сурвалжилсан хүн. 1977 оны зуд бол хачин юм болсон. Өнгөрсөн оны зуднаар дэлхий дахин манай мал руу анхаарч байгаа нь харагдаж байна. Орос, Япон, Америк ч бага сага юм хаяж байна лээ. Мал бол ганцхан Монголын ч юм биш. Мировой классик аж ахуй. Энийгээ сайхан боловсронгуй болгоход л болно. Дор хаяхад айраг цагаагаа савлаад шошголоод олон улсад гаргах хэрэгтэй. Бяслаг шахах, ааруул тавих, ээзгий буцалгах технологи бол дэлхийд тэргүүлэгч. Жинхэнэ хөхүүрийн айраг Монголд л байдаг. Би цагаан идээг дэлхийд гаргачихаасай гэж би дотроо бодож байдаг юм. Энэ талаар би нэг их яваагүй. Асуудал болговол би босгоно л доо. Мал хамгаалах нийгэмлэгээ таширдуулаад энэ асуудлыг нэлээд хүчтэй хэлж болно. Монгол улс малаараа мандахад их амархан. Уурхай ч хэрэгтэй. Үгүйсгэх арга байхгүй. Эрдэнэт бол Монголыг их сайхан авч яваа. Таван толгой ч ингэж авч явна. Тэгэхдээ Канад их луйварчин, улаан цагаан луйвар хийдэг орон. Америкийг хүртэл луйварддаг улс. Дэлхийн хамгийн хүчирхэг ухаантай суут их Америкийг луйвардчихаад байхад манай хэдэн дарга нарыг эхний нүүдлээр л мад тавина.
–Манайхан 76 мангуу гэж УИХ-ын гишүүдийг өөд уруугүй “ташуурддаг”. Энэ нь ард түмний дунд төрдөө итгэх итгэлийг сулруулаад байгаа юм шиг санагддаг?
–Бүгдийг нь 76 тэнэг мал гээд байж болохгүй. Ажлаа хийж байгаа сайн сайн хүн байгаа. Х.Баттулга сайдыг би ¹1-т тавина. Дэлхийн аварга болсныг ч би мэднэ, Чингис хааны дэлхийн хамгийн өндөр хөшөөг ч бүтээсэн хүн. Маш их ухаантай, олон таван үггүй, хийхээ л хийчихдэг хүн. Ш.Сайхансамбууг янз бүрээр хэлээд байх юм. Бас их хүчтэй хүн. Н.Батбаяр бас мундаг хүн. Х.Бадамсүрэн бас мундаг гэх мэтчилэн лав 20 сайн гишүүн байна. Бусдыг нь бол 2012 онд асуулгүй хасаад хаячих хэрэгтэй.
–Таныг томчуудад тал заслаа л гэх байх?
–Хээцэс. Би энэ насаараа хүнд зусардаж үзсэнгүй. Одоо тэгж сурна гэвэл ёстой худлаа юмны нэг чинь тэр. Манайхан сайн сонголт хийж чадахгүй байна. Боловсрол алга. Манай ард түмэн дэндүү цайлган сэтгэлтэй. Хөдөөгийн нүүдэлчин цайлган сэтгэлээр нь улс төрчид тоглодог. Нүүдэлчид чинь цыганууд л гэсэн үг. Их ойворгон. Нэг л ойворгоныг нь хөдөлгөчихвөл юугаа ч хамаагүй тавиад туучихдаг. 76 мал, мангуу гээд байгаагийн чинь дотор эрдэмтэй чадалтай ч хүн бий. Сэтгүүлчид та нар бас үг сонгохдоо бодох хэрэгтэй. Би бүгдийг нь баруун солгойгүй мэддэгийн хувьд хэлж байна. Мэддэггүй бол юу гэж ингэж хэлэх вэ. Би тэд нараас гуйх ч юм байхгүй, яршиг зүгээр. Гэхдээ яахав Монголд хэрэгтэй юм хийгээд байгааг нь л хэлнэ шүү. Зусардаад ч байх юм байхгүй.
-Та бол хоёр төрийн нүүр үзсэн хүн. Тэгээд аль альтай тэрсэлдэж байна?
-Социализм үнэн үг хэлүүлдэггүй байхгүй юу. Жинхэнэ традиционный асуудлыг тас цохиод хаячихдаг. Чингис хааны тухай үг цухуйлгадаггүй, цагаан сарыг хийлгэхгүй, шашин бурханыг шүтүүлэхгүй, удам судраа найман үе дурдвал үндэсний үзэлтэн гээд цусыг нь холиод байна. Социализмд хэдэн сайн юм байсан. Маш тооцоотой, маш хүнлэг, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэсэн лоозонтой. Харин одоо энэ ардчилалд хүн үнэн үгээ хэлж чадаж байна. Үгээ хэлэхгүй оронд үнэн биелдэггүй. Ардчиллын буянаар бид дуртайгаа хэлж байна. Ихэнх нь буруу хэлж байна. Гэсэн ч хамаагүй. Гол нь хэлж л байх хэрэгтэй. Ямар ч сайд даргыг ард түмэн бут бут авч байна. Энэ чинь сайхан. Би социализмын үед жаахан хавчигдаж байсан. Хэлмэгдсэн гэж хэлэхгүй. Ямар шорон оронд орчихсон биш. Яахав жаахан таарамж муутай л явсан хүн. Ялангуяа зохиолчидтой. Тэдний болох болохгүйг нь хэлчихдэг байлаа. Хавчигдаж байлаа гээд гомдоллоод байх юм байхгүй. Миний ч муугийнх, тэдний ч муугийнх, нийгмийн ч муугийнх байсан биз. Намайг Д.Нацагдорж шиг, Р.Чойном шиг алчихсангүй, Б.Ренчин гуай шиг гүтгүүлсэнгүй Ц.Дамдинсүрэн гуай шиг хамаг юмыг шатаасангүй. Тэрэнд би гомдох ч үгүй. Би одоо идэр хэвээр байна. Хүн ер нь ялигүй юманд тооцоо бодоод байх хэрэггүй шүү дээ. Хүн гэдэг чинь 250 насны л энергитэй амьтан. Би өөрийгөө тэр энергийг дуустал явна гээд зарлачихсан. Хүн гэдэг амьтан чинь бие махбодио хордуулдаг учраас богино наслаад байна. Хүн төрөлхтөний алдаа маш их. Хүн төрөлхтөний алдааг Английн их яруу найрагч Байрон засах гээд бараагүй. Оросын А.С.Пушкин жаахан үзээд чадаагүй. Хүн төрөлхтөний алдааг засах гэдэг бол мань мэтийн ой тойнд орох юм биш. Гэхдээ л авч хэлэлцэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Бүх муу юм хүн төрөлхтөнд байна. Чеховын нэг өгүүллэгт “Энэ хар шавуу яагаад 300 наслаад байдаг юм гэсэн чинь аргагүй шүү дээ. Тэр хар шувуу чинь халтуур хийдэггүй, архи уудаггүй, худлаа ярьдаггүй, хоорондоо байлддаггүй” гэж байгаа юм. Манайхан дэндүү хиймэл нэрэлхүү, зохиомол зантай. Үүнийг социализм сургачихсан. Сүүлийн үеийн зохиол, зохиолын дуу дандаа зохиомол. Болно доо болно, бороотой шөнийн үдэш ирнэ дээ гээд шал худлаа ийм солиотой дуу байх уу. Би сая Америк яваад ирсэн. Тэнд худлаа юм ерөөсөө байдаггүй. Өөрийнхөө хүсч байгаа юмыг шууд л хэлнэ. Инээх нь, уйлах нь, дуулах нь ч үнэн. Шувт үнэн, шувт энгийн. Нэг ч хүний нүүрэн дээрээс худлаа юм олж харахгүй. Тэр олон сая хүн нэг темпераменттай байна гэдэг сонин юм билээ.
Жүжигчид өнөөдөр нэгдүгээр эгнээнд байна. Гоцлон дуулаачид нь тэд. Жүжигчид маш олон байна. Дэндүү олон байна. Дандаа хэлбэрдээд сурчихсан. Хүн зөвхөн өөрийгөө л дагах хэрэгтэй. Явж явж ийм хүн л хождог юм. Нийгмээ дагасан хүн хождоггүй
.–Та түүхэнд эсрэг өлсгөлөн гэдгийг О.Дашбалбар агсантай хийж байсныг мэдэх юм?
–Тэр ч яахав ээ нэг даргад зусардсан шахуу юм. Талбай дээр П.Жасрайг огцор гээд өлсгөлөн зарлахаар Балбар бид хоёр тэгвэл П.Очирбат эхлээд огцор гээд өлсгөлөн зарласан нь тэр. Үнэндээ П.Жасрай гуайд буруу юм байхгүй жинхэнэ төрийн хар хүн. Их мундаг. Гэхдээ нэг дарга огцроо л биз. Түүнээс дутахгүй тэр албыг аваад явчих аавын хүү Монголд олон л байгаа шүү дээ. Балбар бид хоёрын холыг хараагүй алхмын л нэг.
–Та чинь даргад тал засч үзээгүй гээ биз дээ?
–Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Амьдрал бол баян. Ая тал засахгүй явж байгаад төчнөөн суутнууд нудруулсан юм чинь. Тэгэхээр надад бас амьд явъя гэсэн санаа байлгүй яахав. П.Жасрай гуай Балбар бид хоёрыг их магтдаг байсан юм. Тэрэнд л хөөрөхгүй юу..
Ц.Энхзул.
Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин
Сэтгэгдэл ( 1 )
Joohon oron garan hun uu gui yu :{0