Ванхүүгийн Батбаяр
Яруу найрагч Ванхүүгийн Батбаяр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. Хөдөөгийн дунд сургууль дүүргэж, цэргийн алба хаажээ. Дундговь аймаг дахь хөдөө аж ахуйн техникумд сурч байхдаа анхны шүлгээ "Утга зохиол урлаг" сонинд хэвлүүлсэн. "Лениний зам" сонинд сурвалжлагч, Баянговь сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. "Цээжний морьд", "Гэгээн чимээ" номууд хэвлүүлсэн. МЗЭ-ийн шагналт.
Зуны шүлэг
Нуур ус шувуудаар дүүрч
Нуруу бэл цэцгээр дүүрч
Адуу сэргэлэн дэнжид хорж
Айлууд тогоогоо нэрэхлээр
Хальж одсон аавыгаа би
Хаанаас ч юм гараад ирсэн шиг санадаг
Эзгүй хойгуур нь ихэрхэж задгайлсан
Энгэрээ товчилж гэмээ эрдэг ээ!
Харам ертөнцийн дутуу зүүд
Хааяахан намайг гялайлгаж
Цартай үг холын хараа
Цагаахан хөөртэй аавыг минь
Ханарч мордуулдаг халтар морьтой нь
Халамцуудаа аялдаг "Эр бор"-той нь
Тэвдүүхэн үзүүлээд өнгөрөхөд нь
Тэнгэр минь ивээлээ гэж баярладаг даа
Миний бор аав
Дэлгэрч эргэдэг жамын
Дэлхийтэй нийлж наслан
Нялх унаганы туурайн зайд
Халх талын цэцэг болон
Ирж байгаа юм
Миний бор аав
Цагаан сахал энгэр дээрээ хөдөлгөж
Цайгаа оочлох бараа нь далд ч
Бүтэх бүхний гэгээн үүдийг
Бүрэгхэн хүүдээ цэлийтэл нээж
Харж байгаа юм
Нуур ус шувуудаар дүүрч
Нуруу бэл цэцгээр дүүрч
Адуу сэргэлэн дэнжид хорж
Айлууд тогоогоо нэрээд ирэхлээр
Агь сэнхийлгэн дөрөө гишгэж
Ат дэнхийлгэн нүүдэл хөтөлж
Дулаахан амьдралын тэргүүн явсан
Дууриал нөмөртэй аавыгаа би
Ханын эвтэй хотол дундаа
Малын хишигтэй нутаг дундаа
Зулын өргөлтэй хоймор дундаа
Зуншлага асуужээ суугаа санадаг
Үгүй хойгуур нь мартаж сандаасан
Үйлсээ эмхэлж хүн болдог оо
Ижил өөр морь
Ижил өөр морь
Их өөр өө
Бүтэн хүн
Элбэг жаргалаа чамлаж харна
Дутуу хүн
Энтэй зовлонгоо зузаалж харна
Агьтай ногоон салхи
Ханш ханхлуулж давхилдахад
Адууны зах бараадасхийн
Хагд хадгалж гундана
Үрээ дааганд тангаруулж
Тэсэхийн хязгаар алдана
Үүрийн зогсоолд дугхийж
Дасахын хаяа хулдана
Оргиж ширтэх нүд нь ондоо
Одны тоогоор үндэс түрэхэд
Онголж сортох зүс нь ондоо
Мэргэдийн бичиг шиг шанднаас
Бэргэж шимэх зай ондоо
Бүргэдийн салхитай тэнгэр хөдөлгөж
Үргэж бусгах зан нь ондоо
Нутагтаа байгаа адуунд
Нутгаа санаж туугддаг
Ихээ холдоод хоночихвол
"Энэ муу адуу дагууллаа" гэгддэг
Чөлөөт хөх салхинд
Чөдөртэй гуниг бөртийдөг
Хуурын тэвх шиг нумарч
Хувь заяанд бөхийдөг өө!
Эргээд гүйхийн хүслэнг
Шандастаа цуглуулж нуусан
Эмээл салгахгүйн хясланг
Шархтай нуруундаа уусан
Ижил өөр морь
Их өөр өө!
Дандаа айхын мэдэлтэй
Дагавар хүүхэд шиг амьтан
Чонотой бэлд ортууз малтан
Амьдын араншинд дарагдана
Цантай гантай амгай дамжин
Хүний араншинд зорогдоно.
Унаган ижил дутахын хэцүү
Хөөрхийг зуурт ноолж
Ухаан сэтгэл дутахын хэцүү
Хүмүүнийг үргэлж шоолно.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )