Инфляци өсчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Манай улсын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0,8 хувиар, 2010 оны арванхоёрдугаар сарынхаас 5,6 хувь, харин өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,1 хувиар өсчээ. Энэ жил түлш шатахууны үнийн өсөлтөөс хамаарч нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, өргөн хэрэглээний хүнс болон зарим барааны үнэ өссөн. Жил бүрийн энэ үед хэрэглээний үнийн индекс буурдаг бол энэ жил эсэргээрээ өссөн нь түлшний үнэ өссөнтэй холбоотой хэмээн үндэсний статистик хорооноос тайлбарлаж байна.

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс дэлхийн 116 оронтой худалдаа хийсний нийт бараа эргэлт 5784 сая ам.доллар байсан. Тэгвэл экспортод 2341.6 сая ам.доллар импортод 3442.4 сая ам.долларт хүрч. Улмаар гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний долоон сарын байдлаар 1100.7 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 970.0 сая ам.доллар буюу 8.4 дахин өссөн байна.

Үүнийг сараар нь авч үзвэл, өнгөрсөн оны долоодугаар сард гадаад худалдааны алдагдал 83 сая ам.доллар байсан нь энэ жил 368 сая ам.доллар болж 4.4 дахин өссөнийг харуулж байна. Үүнд машин, техник, тоног төхөөрөмж, эрдэс бодисын импорт нэмэгдэж, гадаад зах зээл дээрх үнийн өсөлт импортод нөлөөлсөн. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 2576.3 сая ам.доллар хувьлах юм бол 80.3 хувиар өсчээ. Үүнээс импортийн хэмжээ 1773.2 сая ам.доллар буюу 2.1 дахин, экспортын хэмжээ, 803.1 сая ам.доллар буюу 52.2 хувь өссөн байна.

Манай улсын экспортын нийт орлогод зэсийн баяжмал тэргүүн байр эзэлдэг байсан бол сүүлийн дөрвөн сараас эхлэн нүүрсний экспорт харьцангуй нэмэгдэж эхэлсэн байна. Оны байдлаар 15 сая гаруй тонн нүүрс олборлосноос Өнгөрсөн жилийн мөн үед манай улс 7.8 сая тонн нүүрс гадагш гаргаж байсан бол энэ жил 9.4 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Өнгөрсөн жилийн долоон сарын байдлаар манай улс нүүрсний экспортоос 300 гаруй сая ам.долларын орлого олж байсан бол энэ он гарсаар 900 гаруй сая ам.долларын орлого олжээ.

Нүүрсний экспорт цаашид ч нэмэгдэх хандлага ажиглагдаад байгаа аж. Учир нь "Эрдэнэс-Тавантолгой" компани Хятадад нүүрс экспортолж эхэлсэн нь он гартал нүүрсний олборлолт харьцангуй өндөр байх юм байна. Үүнийг дагаад нүүрсний экспорт, цаашлаад экспортоос орж ирэх орлогод эзлэх нүүрсний хувийн жин нэмэгдэх хандлагатай хэмээн үзэж байгаа юм байна. Харин зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад ялимгүй буурсан бол алтны олборлолт хэвийн ч экспорт буурчээ. Гэхдээ уул уурхайн салбарын экспортын өсөлт 6.1 хувьтай байгаа гэнэ.

АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЧЭЭ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний долоон сард 1083.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 69.3 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар өссөн байна. Тус өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-78.2 хувь; талх, ган төмөр хийц, самнасан ноолуур, сүү, хиамны зүйл, жүүс, одон медаль, сүлжмэл эдлэл, архи, амтат ус, ундаа, зүсмэл материал, цемент, хивс, шар айраг, тамхи, бетон зуурмаг, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 8.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төмөр замын тээврээр энэ оны эхний долоон сард 10177.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 2177.8 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1240.1 мянган тонн буюу 13.9 хувь, зорчигчдын тоо 183.2 мянган хүн буюу 9.2 хувиар өссөн байна. Мөн тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын оны эхний долоон сард 214.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 53.9 тэрбум төгрөг буюу 33.7 хувиар өсчээ.

АГААРЫН ДАВХАР ИСЛИЙН ХЭМЖЭЭ ИХЭСЧЭЭ

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2011 оны долоодугаар сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам, XIII хороолол орчимд 14 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж ХIII  хороолол орчимд таван удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 15 удаа, Баруун дөрвөн замын орчимд 11 удаа, Хархорин захын орчимд гурван удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж XIII хороолол орчимд 13 удаа, Баруун дөрвөн замын орчимд найман удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний долоон сарын байдлаар 2100 удаа гарсны улмаас 146 хүн амь насаа алдаж, 165.3 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний долоон сард объектын түймэр 1789 удаа, бичил уурхай, нурангины осол 17 удаа, мал, амьтны галзуу өвчин 40 удаа, гол, нуурын усанд унасан осол 55 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

2.7 САЯ ИРГЭН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН МӨНГӨ АВЧЭЭ


"Хүний хөгжил" сангаас 2011 оны эхний долоон сард 413.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд олгожээ. Халдварт өвчнөөр 2011 оны эхний долоон сард 23.2 мянган хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 13 хүн буюу 0.1 хувиар буурсны дотор гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчдийн тоо 1980 хүн буюу 84.2 хувь, мөөгөнцөрөөр өвчлөгчдийн тоо 1970 хүн буюу 67.0 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 515 хүн буюу 30.6 хувь, трихомониазаар өвчлөгчдийн тоо 548 хүн буюу 18.8 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 541 хүн буюу 15.3 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 135 хүн буюу 4.7 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top