Улс орны нүүр царай болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, бүтээн байгуулалт өрнүүлж байгаа хамт олон, аж ахуйн нэгжийг Зиндаа.мн сайт онцолдог. Бид "Сандэй" группын "Эрдэнэсийн арал" дээд зэрэглэлийн хаус хорооллыг сурвалжилж уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа Zindaa.mn сайт "Макс" группын харьяа “Max Center” цогцолборын захирал Ж.Халиуныг урьж ярилцлаа. Тэрээр анх бизнесийн гараагаа эхэлж байсан болон “Max mall” цогцолбороо хэрхэн байгуулсан талаар нээлттэй ярилцсан юм.
Монголдоо олон шинэлэг үйлчилгээтэй цогцолбор ашиглалтад орууллаа. Цогцолборынхоо талаар танилцуулна уу?
-Бид “Maкс центр” цогцолбороо ашиглалтад орууллаа. Энэ цогцолборын хувьд одоогоор дэлхийн хамгийн олон өрөөний сүлжээ бүхий АНУ-ын “Ramada” зочид буудлын сүлжээг бид нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ. “Ramada” зочид буудлын хувьд зургаан одтой олон улсын дээд зэрэглэлийн зочид буудлын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Мөн “Max Mall” худалдааны төвийг дотроо байгууллаа. Энэ цогцолборыг байгуулах төслийг “Маx gruop” одоогоос дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн. Манай худалдааны тав 16 мянган МК талбайд үйл ажиллагаа явуулж байна. Мөн авто машин зогсоолын давхар болох Б.1-ээс Б.2 давхарын талбайгаа оруулж тооцвол нийтдээ 20 мянган МК талбайд үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор үйл ажиллага явуулж байгаа байгууллагуудаас Б.1-ээс Б.2 давхартаа авто зогсоолтой худалдааны төв гэвэл манайх анхдагч нь боллоо. Өнөөдөр Улаанбаатар хотод авто зогсоол дутмаг. Энэ нь бидний өмнө тулгамдсан асуудал хэвээрээ байсаар. Үйлчлүүлэгчид дэлгүүрээр ороод гарахад машин тавих зогсоол олддоггүй. Энэ асуудлыг манай худалдааны төв зориуд шийдэж өгсөн. Анх бид Б.1 давхартаа супермаркет байгуулахаар талавлаж байсан юм. Эцэстээ бид Б.1 давхраа машины зогсоол байсан нь дээр гэж үзсэн. Харин Б.1 давхартаа байгуулах гэж байсан супелмаркетаа бид таван давхарт нээсэн. Энэ нь монголд анх удаагаа өндөрт байрлаж байгаа супермаркет болсон. Эхэндээ энэ шийдэлд хүмүүс эргэлзэж байсан. Ийм өндөрт байгаа супермаркетаас хэн хүнс авах юм бэ гэх хүн ч байсан юм. Гэхдээ гадаад орнуудад бол олон байдаг зүйл шүү дээ. Хүнд хэрэгтэй нөхцлийг хангасан байхад үйлчлүүлэгчид доод давхарт машинаа тавид дээшээ лифтээр гараад ирнэ асуудал байхгүй. Бид энэ цогцолбороо олон улсын концепцоос дутах зүйлгүй болтол нь байгуулсан. Манай “Маx mall” цогцолборт ирснээр үйлчлүүлэгч хэн бүхэн “Б” давхаруудад унаагаа тавиад нэг давхарт караоке үйлчилгээнээс эхлээд бүх л үйлчилгээг авах боломжтой болсон. Манайх нэг давхартаа үнэт эдлэл, хувцас загвар гээд давхар ахих тусам өөр өөр нэр төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Бид хүүхдийн ертөнцийг орхигдуулалгүй маш сайн анхаарсан байгаа. Мөн монголын хамгийн анхны түргэн хоолны сүлжээ “Берлин бургер” энд найм дахь сүлжээгээ нээгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол нэг зааланд хоёр үйлчлэх хэсэгтэйгээр “Ази түргэн хоол”-ны сүлжээг бид эхлүүлэх болоод байна. Энд “Берлин бургер” салбараа нээснээр зэрэглэл ахиж байгаа. Үүнийгээ дагаад бусад сүлжээ өнгө төрхөө өөрчилнө. Мөн “Макс хүнсний сүлжээ” дэлгүүр энд байрлаж байна.
Тэгэхээр “Макс групп”-ын гадуур үйл ажиллагаа явуулж байгаа олон салбарыг энд нэг цогц хэлбэрээр байршуулсан гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Энд үйлчлүүлэгчдэд хэрэгтэй болгоныг нэг цогц болгож өгч байгаа. “Max mall”-аар үйлчлүүлэгчдэд зориулсан хуримын хувцасны дэлгүүрээс эхлээд гар утасны худалдаа, гутлын салон, хими цэвэрлэгээ, банкны үйлчилгээ гээд бүх үйлчилгээ багтаж байна. Нээлтийн үеэр “VIP” үйлчлүүлэгчид урьсан. Гэхдээ бид зуны амралт болсон цөөхөн хүн ирэх байх гэж бодсон. Гэтэл гол нь олон хүн ирсэн. Манай түрээслэгчид сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бид “VIP” үйлчилгээ гээд туйлшралгүй бүх хүнд бүх боломжийг олгоно. Манайд ямар ч орлоготой байсан хамаагүй бүх түвшний хэрэглэгч ирээд үйлчлүүлсэн тэдний хүссэн үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлсэн.
Та одоогоор “Макс центр”-ийг удирдаж байна. Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би худалдааны зохион байгуулалтын мэргэжилтэй. 1986 онд ОХУ-ын Минскд “Улсын ардын аж ахуйн дээд сургууль” гэж байсан тэнд суралцаад төгсөж байлаа. Тухайн үед ОХУ-ын цөөхөн хотод энэ мэргэжлээр сургадаг байлаа. Дээд сургуулиа төгсөөд 40 жил болжээ. 1986 оноос эхлээд худалдааны байгууллагаас холдоогүй ажилласан байна. Ягаад худалдаатай хувь заяагаа нэгтгэсэн гэхээр ээж минь дээхнэ үед Худалдааны яамнд ажилладаг байлаа түүнтэй холбоотой. Анх би өөрөө хувцас загвар зохион бүтээгч дизайнер болно гэж бодож их зураг зурдаг байсан. Тухайн үед өөрөө хувцас оёдог, өөр хүмүүст оёж өгдөг байлаа. Сонирхлынхоо дагуу оёж шидэхээс эхлээд юм юм хийдэг байлаа. Гэтэл яг шийдвэр гаргах мөчид манай ээж маань худалдааны мэргэжилтэн болох санал тавиад мэргэжлээ сонгосон. Хүн цагаа болохоор ээжийнхээ үгийг сонсдог юм билээ. Гэхдээ би энэ мэргэжлийг сонгосондоо ерөөсөө харамсдаггүй. Одоо сайхан л байна. Худалдааны мэргэжлийн сайхан тал нь хүмүүст сэтгэл хангалуун сайхан болтол нь боломж олгож үйлчлэх. Энэ утгаараа манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто зогсоол, тэргэнцэр зэргээр үйлчилдэг болох талаар ажиллаж байна. Энэ санаа удахгүй ажил болоод бодит байдалд хэрэгжнэ. Бүр ОО-ын өрөөний асуудлыг хүртэл зориулалтаар шийднэ. Хүүхдээ дагуулаад ирлээ гэхэд хуурайлах өрөө байх асуудлыг жижиг гэлтгүй шийдэх болсон. Ерөөсөө л хэрэглэгч бол хаан гэдэг үгний утгыг шууд мэдрэх болно.
Энэ зэргийн үйлчилгээ саначлаад үзүүлэхэд багагүй туршлага хэрэгтэй. Та анх хаана ажиллаж байсан бол. ?
-Тиймээ. Манайх АНУ-ын нэр хүндтэй компанийг зөвлөх болгосон. Тэднээс авах зүйл их байсан. Гэвч манай орчинд тохирохгүй зүйл бас багагүй байсан. Туршлагын хувьд гэвэл би анх сургуулиа төгсөж ирээд одоогийн “Түшиг” компанийн захирал Сүхээ захирал миний анхны дарга болж байлаа. Тухайн үед монгол гуравдугаар сургуулийн урд Худалдаа бэлтгэлийн яам гэж гэж байдаг байсан. Тэр яамны харъяа худалдааны гуравдугаар контор гэж байсан юм. Тэнд барааны мэргэжилтэн хийдэг байлаа. Тухайн үед хүнсний болон хүнс бус гэж нэрлэдэг байсан юм. Харин миний сонгосон чиглэл нь хүнс бус илүү хувцас загвар тал руугаа байсан.
Ганзагын наймаанаас анх хувийн бизнесээ эхэлж байсан гэсэн. Энэ талаар яривал сонин байх болов уу. Анх хэдэн онд эхэлж байсан бэ?
-Нөгөө л 1990 оны эхээр хамаг албан байгууллага тарж бутарч байсан үе. Гэхдээ би 1992 онд охиноо төрүүлсэн. Тухайн үед манай охин бага байлаа. Тэгээд 1994 он хүртэл охиноо харж гэртээ байсан юм. Харин1994 оноос эхлээд гарцаагүй ажил хийх хэрэгтэй боллоо. Тэр үед манай бэр эгч ажиллуулдаг багавтар хувийн сүлжмэлийн үйлдвэр байсан юм. Тэр үйлдвэртээ борлуулалтаас эхлээд захиалга авах мастер хийх гээд бүгдийг нь өөрсдөө хийдэг байсан. Эхний үед бэлэн болгосон бүтээгдэхүүнээ хамаг танилууддаа үзүүлж зараад цалинг нь буухад мөнгийг нь авах байдлаар наймаа хийдэг байлаа. Тухайн үед одооных шиг барааны сонголт байхгүй. Зах зээлд юу нэвтэрсэн байсан гэхээр хятадын чанар муутай бараа л байлаа. Тийм үед 24/2 гэдэг өөрсдөө сүлжсэн ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлээд өмсөх арай чанартай байсан. Тухайн үед хятдаас орж ирсэн барааны чанар маш муу байсан. Одоо чанартай зүйл орж ирээд байгаа болохоос. Тэр утгаараа би сүлжмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний дизайныг өөрөө гаргадаг байлаа. Ингэхдээ гадуур яваад хүмүүсийн эрэлт хэрэгцээг судалдаг. Нөгөө хүмүүс маань ямар бараа хэрэгтэй байгаагаа хэлдэг байсан хэрэг. Тэгээд авсан захиалгаа шуурхай үйлдвэрлээд дор нь нийлүүлдэг байсан. Ингэхдээ автобусанд суугаад л гүйж байдаг байлаа. Би худалдаанд ажилладаг байсан болохоор бараагаа сайн зардаг. Гэхдээ үүгээр зогсохгүй дэнжийн мянгын бараан зах дээр хамаатнуудын бараа ирэхээр бөөндөж аваад зардаг үе хүртэл байсан. Хүүгээ хажуудаа зогсоочихоод зардаг байлаа. Гэхдээ тэр үе миний хувьд удаан үргэлжлээгүй. Тухайн үед хүн бүр тийм наймаа хийдэг байсан юм. Хэдийгээр тэгж удаан яваагүй хэрнээ хүн хоосон хонохгүйн төлөө хүнд ажлыг хийгээд явж л байдаг үе байлаа. Энэ тухай монголын нэг инээдмийн кино гаргасан байсан. Тэр кино надад их ойрхон санагдсан.
Тухайн үед ганзагын наймаа хүн болгон хийж байсан хэдий ч та эмэгтэй хүн. Танд хэр зэрэг хэцүү байсан бол?
-Би нэг удаа эрэгтэй дүүгээ дагуулаад явсан юм. Тэгсэн чинь ийм хэцүү байдаг юм уу, та яаж ингэж явж чадаж байна аа гэж хэлж халширч байсан үе бий. Гэхдээ манай дүү анхнасаа худалдааны ажил хийж байгаагүй бизнесийн салбарын хүн биш юм. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн л дээ. Тухайн үед би хүүгээ дагуулаад дэнжийн мянгын зах дээр найруулдаг сироп зарж ч үзсэн. Манай найз нарын компани олон газар наймаа хийдэг байлаа. Гэтэл тухайн үед нөгөө компаниуд нь мөнгөгүй баахан угаалгын нунтаг, саван, хоол амтлагч бидэнд шахдаг. Мөнгөө гаргаж авахын тулд нөгөөхөө зарах гэж бид найз нөхдөөрөө өөрсдөө дэнжийн мянгын зах дээр гардаг байлаа. Харин тэр дундаас миний бараа маш сайн зарагддаг байлаа. Одоо инээдтэй юм юу байдаг гэхээр Солонгос кино үзэхээр бид нарын 1990 оны үед хийж байсан зүйл яг харагдаад байдаг. Тэр үед бүгдээрээ нэг, хоёроороо хуваагдаад баг болж олон газар тарж зогсоод бүгдээрээ нөгөө янз бүрийн бараагаа зардаг байсан. Миний зарж байгаа бараа сайн зарагдаж байсан учир нэг маань чиний зогсож байгаа газар бараа сайн зарагддаг юм байна хоёулаа байраа сольё гээд. Тэгээд солиод үзсэн ялгаа байгаагүй. Тухайн үед би худалдааны чиглэлээр ажиллаж байсан учир арай илүү байсан юм. Тэгээд хүмүүс миний гараас бараа их сайн зарагддаг гээд нөгөө хүмүүсийнхээ барааг урдаа тавьж зарж өгч байсан удаа бий. Өнгөрсөн дурсамж эргээд сонин байна.
Таны ярианаас сонстол хөдөлмөрлөөд байвал хүн амжилтанд хүрч байна. Харин одоо хүмүүс ажил олдохгүй байна гээд байдаг. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Одоо хүмүүс ажил олпохгүй байна гээд маш олон тайлбар хэлээд байдаг. Гэтэл гадуур юу байна гэхээр ажилд авна гэсэн зар байна. Тэгсэн хэрнээ нөгөө ажил хайж байгаа хүн маань ажил голоод байна. Нөгөө талаараа нөгөө хүн өөрөө ажилдаа тэнцэхгүй хэрнээ байгаа байдлаасаа дээш ажилд горилоод байдаг. Гол нь өөрөө тэр ажилдаа тэнцэхгүй. Гэтэл түүний хүсээд байгаагаас нэг шатны дор ажил байж байдаг. Зарим нэг нь бүр энгийн ажилд тэнцэхгүй байна. одоо үйлчлэгч хийхэд хүртэл стандарттай болсон. Үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэж байгаа хэрэгслээс эхлээд бүх зүйл стандарттай. Бүх ажил багийн тоглолтоор явж байна. Дээр үеийн кинонд гардаг байсан шиг хөх халат өмссөн эгч нар наймын хувин шалны мод бариад явдаг цаг үе ард үлджээ. Цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх бодис зориулалт нь ондоо байна. Энэ бүхнээ л мэддэг чаддаг бай гэсэн шаардлага тавьж байгаа. Би ажилчддаа хэлдэг юм. Худалдааны төв бол театр гэж. Худалдан авагчид дэлгүүрийн ард болж байгаа юмыг мэддэггүй байх ёстой. Театр үзэгчдэд хаалгаа нээхээс өмнө ямар их ажил болдог билээ худалдааны байгууллага яг тийм байх ёстой. Хаалгаа нээгээд хүмүүс орж ирлээ. Тухайн хүмүүст маш сайхан байх орчныг бүрдүүлсэн байх шаардлагатай. Түүнээс биш худалдан авагч ороод ирсэн байхад арын асуудлаа яриад, хажуугаар нь бараа таваар зөөж гүйгээд урдуур хойгуур нь шал арчаад байвал худалдан авагчид тухгүй. Тийм учир би ажилчиддаа худалдааны байгууллага бол театр гэж хэлдэг юм.
Бизнесийн байгууллагууд ажилд авч байгаа хүнээсээ мэдээж чадвар шаардана. Харин нөгөө талаараа ажилчдын хангамж өсөж дэвжих боломжийг хэр олгодог бол?
-Манай “Макс” групп хангамжийн талд маш сайн анхаарч ажилладаг. Анх манай байгууллагад орж ирээд ажиллаж байгаа хүмүүс 100 хувь биш юм аа гэхэд 80 хувь сэтгэл хангалуун байдаг. Ажлаа хийж чадаж байгаа хүн боломжийг ашиглаад чадаж байгаа нөхцөлд жинхэнэ ирээдүйтэй. Бид дотроосоо дандаа чадвартай хүмүүсийн төрүүлж байдаг. Хүн харин өөрөө хэн бэ гэдгээ харуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд нэг хүн 10 жил нэг ажлаа хийсээр байдаг. Өөрөө тэр байдалдаа дасаад тэр үү тийм тохиолдол байдаг. Ер нь хувь хүн өөрийн гэсэн зорилготой хүсэл тэмүүлэлтэй түүндээ хүрэхийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Тийм биш байхаар хүн ямар ч амжилт гаргахгүй. Өөрийгөө хөгжүүлэх хор шартай байж өөрийгөө үргэлж хөгжүүлж байх ёстой. Тэгж байж амжилтанд хүрнэ. Энэ талаар манайх бодлого явуулдаг. Бид ажилчдаа идэх хоолноос нь эхлээд амралтыг нь хүртэл их боддог. Ажилчиддаа сууж байгаа сандал ширээ ажлын нөхцлөөс гадна эрхэлж байгаа бизнестээ хөнгөлөлттэй байх зэргийг байнга боддог. Үүний илрэл нь манай худалдагч байлаа гэхэд зохион байгуулагч. Зохион байгуулагч байлаа гэхэд менежер болох гээд ажилчид маань хөдөлмөрөө үнэлүүлээд өсөж дэвжээд явдаг. Зарим хүмүүсээ бид гадаад дотоодын сургуульд суралцуулж байгаа. би ер нь ажилчидтайгаа энгийн харьцахыг хүсдэг. Ажлын цагаар би захирал, бусад цагаар найз байхыг хичээдэг. Түүнээс биш захирал гээд тэс өөр байх хэрэггүй гэж боддог. Харин ажлын үеэр тавих шаардлага бол өндөр байдаг.
Та энэ салбартаа гүн гүнзгий нэвтэрсэн дайчин хүн бололтой. Тэгэхээр Монгол гүндүүгүй зан гэж байдаг даа энэ талаар юу гэж боддог бол?
-Би хоёр талаас нь харж байна. Зарим хүмүүс сайхан санаа зовох зүйлгүй амьдрах юмсан гэдэг. Нөгөө талаас нь харвал надад нэг л утгагүй санагддаг юм. Гэхдээ яг тэр жинхэнэ монгол зан араншинг бол биширмээр. Яагаад гэхээр юуны төлөө боож үхчих гээд тэмүүлээд байна. Нэгэн ёсны амьдралын сайн сайхныг харж мэдрээд амьдарна гэдэг бол аж жаргал. Гэхдээ тэр араншин бол өнөөдөр зөвхөн хөдөө л байна. Маш их завгүй галзуу мэт ажиллах нь хотын хэв маяг болоод байна. Тэгэхээр тэр сайхан жинхэнэ монгол зан араншин бол гайхамшигтай. Гэсэн хэдий ч энэ араншин хотод зохихгүй. Нэг сайхан гүндүүгүй нөхөр ажилд орно гээд хүрээд ирдэг. Нэг ажил даалгадаг нөгөө нөхөр ажил хийдэггүй нам тайван. Тийм болохоор бусад хүнд илүү ачаалал ирж хүмүүсийг уурлуулна хотод бол зохихгүй. Гэхдээ ажлаас гадуур орон гэрт тийм байх сайхан.
Амжилт өөрөө ашиг орлого нэр хүнд дагуулдаг. Та энэ талаар юу гэж бодож байна. Мөнгө гэж ер нь юу бол?
-Би өөрийгөө тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн хүн гэж хэлнэ. Хүн бас хийж байгаа зүйлээ мэдэрч өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй. Саяхан цогцолбороо нээхэд индэр дээр гарч үг хэлсний дараа найзууддаа очоод за хө дараачийн төсөл юу билээ гээд зогсож байдаг. Гэтэл манай найз нар чи гандан буурахгүй юм гэж байсан. Энэ цогцолбороо нээхийн тулд сөхөрчих гээд ажиллаж байсан. Тэр үед ажлынхаа ард гараад нэг сайхан амрах хэрэгтэй гэж бодож байсан хэрнээ биелэлээ олсон хойно нь дараачийн төсөл юу билээ гээд бодож байх жишээтэй. Би мэргэжилдээ дуртай болохоор чадал тэнхээ байгаад чадаж байвал ажиллаад байх нь сонирхолтой. Ягаад гэвэл би мэргэжилдээ дуртай учраас. Би энэ салбартаа 25 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хэрээрээ туршлага хуримтлуулж байна. Манай групп цаашид хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ онд нэгийг нь эхлүүлж байна. Нарны титэмийг буулгаад тэндээ холимог бүтэцтэй төсөл эхлүүлсэн. Нөгөөхийг нь арай эхлүүлээгүй байна. Гэхдээ энэ талаар ярих арай болоогүй байна.
“Макс групп” өнөөгийн байдлаар ямар ямар салбаруудад хэдэн охин компани төрүүлээд байгаа бол?
-“Макс групп” тийм олон компани төрүүлээгүй байгаа. Гэхдээ час хийсэн хэдэн компани байгуулжээ. Эхнээс нь нэрлэвэл хүнсний “Маx” сүлжээ дэлгүүр, түргэн хоолны сүлжээ, “Max fashion” буюу хувцас загвар, газар тариалангийн компани, замын компани, уул уурхай, “Maкс өргөө” гээд барилгын компани, “Сүү ХХК”, модон вакум цонхны үйлдвэр бас байдаг. Энэ мэтээр час хийсэн хэдэн компани бий. Одоогоор тоочих гэхээр тулгамдаад байна. Манай эрхэлж байгаа үйл ажиллагаанууд надад маш их таалагддаг.
Манай захирлууд архины үйлдвэр ажиллуулж болох л байсан. Гэхдээ энэ зүйлд хэрэглэгчдийг татан оруулахгүй гэдэг үүднээс тийм үйлдвэрлэл эрхлээгүй. Манай захирлууд архи хэрэглэдэггүй эсрэг үзэл бодолтой хүмүүс байдаг. Явуулж байгаа үйл ажиллагаа олон нийтийн эрүүл мэндэд тустай, чанартай үйл ажиллагаа явуулж байгаа.
Анх амжилтанд хүрэх гээд ганзгын наймаа хийгээд явж байсан Халиун одоо энд сууж байгаа Халиун захирал хоёрын хооронд хэр их ялгаа гарсан бол. Мэдээж тодорхой амжилтанд хүрсэн байгаа байх?
-Хувь хүний үүднээс бол нэг их онц ялгаа гараагүй. Харин ажиллаж байгаа орчин зав зай гэвэл их ялгаатай болсон. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ зарцуулах цаг хомс. Хэн нэг нь утсаар ярих гээд залгаж байхад өөдөөс нь гарцаагүй салгаж байх жишээтэй. Бусдаар бол би өмнө нь ямар байсан яг тэр хэвээрээ гэж өөрийгөө дүгнэдэг. Хүмүүс чухам юу гэх бол гэдэг сонин. Гэхдээ ажлын үүднээс бол өшөө илүү туршлагатай болсон байх. Хоёр хүүхэддээ сайн ээж байхыг хичээдэг. Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ байхыг хичээдэг. Гэхдээ одоо манай хүү найз бүсгүйтэй болоод өөрөө надад олдох нь бага болж байна. Бараг л бид хоёр хааяа нэг таараад мэндлээд өнгөрөх гээд байна. Гэхдээ амралтын цагаар гадуур дотуур хүүхдүүдтэйгээ хамт гарах зэргээр амьдарна. Хүүхдүүдээ бол тийм сайн биш юм аа гэхэд хангалттай сайн хүмүүжүүлсэн гэж боддог. Саяхан манай охин ажил хийнэ гэсээр байгаад ажил хийгээд явж байна. Манай хүү бас их сайн нийгмийн ухамсартай болж төлөвшсөн. Энэтхэгт боловсол эзэмшсэн юм. Ингэхдээ бие дааж сурсан байсан. Гэхдээ болоогүй үхэн үхтлээ хүмүүжүүлнэ шүү дээ. Дашрамд хэлэхэд манай төсөлд хамтран ажилласан бүх компани байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал