МУГЖ Д.Энхзул: Би жинхэнэ халуухан бүсгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 16

МУГЖ Д.Энхзултай ярилцлаа. Тэрээр саарин хацартай жаахан охин ямаагаа дийлэхгүй уул хадыг цуурайттал уйлдаг, бас дуулдаг байснаа, малчин болохоос зугтаан аймгийнхаа театрт дуучнаар орсноо, ханьтайгаа суухдаа хадмууддаа гологдсоноо гээд манай сайтын уншигчдаас нуух юмгүй цагаахан, илэн далангүй ярилцлага өгсөн билээ.

- Та сүүлийн үед нэлээд чимээгүй байлаа. Шинэ уран бүтээл хийж байна уу?

- Өнгөрсөн жил би хүүтэйгээ хамт цомгийнхоо баяр, тоглолтоо хийсэн. Түүнээс хойш бараг жил гаруй чимээгүй байлаа. Их ажлын дараа амарсан гэхүү дээ. Гэхдээ бас зүгээр байгаагүй. Шинэ жилээр Америкт амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэж гурван хотод тоглолт хийсэн. Саяхан бас Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа очиж тоглолтоо сонирхуулаад ирлээ. Хүүтэйгээ дуулсан хэд хэдэн дуугаа хүмүүст хүрэг гээд л хүлээгээд, дуунуудаа клипжүүлж байна.

- Дуулж эхлээд хэр удаж байгаа билээ. Нийтдээ ер нь хичнээн дуу дуулаад байна вэ. Тоо нь ч их олон болсон биз дээ?

- 20 гаруй жил дуулсан. Нийтдээ долоон цомог гаргасан байна. Хүнд хүрсэн дуунууд маань зуу нэлээд гарсан. Дуулаад орхигдсон, мартагдсан дуутайгаа нийлвэл 200 гарна.

- Та хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн юм бэ. Таныг дуучин болоход хэн нөлөөлсөн бэ. Хөдөөний охид аймгийн театртаа шууд дуучнаар орно гэдэг хэцүү шүү дээ?

Анх юмны учир сайн мэдэхгүй, зүгээр л нэг дуулах дуртай, зөв хоолойтой, дуулж эхэлсэн. Би бурхнаас өгсөн зам мөр, далд хүч, зөн совинд их итгэдэг. Бурхны зааж өгсөн замаар л явж байгаа юм болов уу гэж өөрийгөө боддог. Би дуучин л болохгүй юм бол болохгүй гээд нүдээ тас аниад байсан юм надад байхгүй. Нэг мэдэхэд л дуучин болчихсон. 10-р ангиа төгсөөд л театрт мэргэжил дээшлүүлэх курст сураад, тэндээсээ СУИС-д ороод л Улаанбаатар хотын хүн болох, дуучин болох гараагаа эхлүүлж байсан.

- Тэр үед та сайн дуучин болно гэдэгтээ хэр итгэж байсан бэ?

- Өөрийнхөө эрч хүчинд их итгэдэг байсан. Түүндээ ч баярладаг. Яагаад гэхээр би анх хотод ирээд “Гэргийн дуу“ гэдэг дуутай хувь зохиолоор учирсан. Амжилтын гараа маань энэ дуунаас эхэлсэн. Дараа нь “Үнсье чамайгаа” , “Хайрын тавилан”, “Дэндүү их ачтан” гээд маш олон дуунууд маань зэрэг хүмүүст хүрсэн. Одоо сүүлийн үеийн дуучид нэг ганц дуу дуулчихаад тэрийгээ нүдсээр байгаад л хүнд хүргэж өөрийгөө таниулдаг. Миний дуунуудыг энэ ч гоё, тэр ч гоё гээд л сонсдог байсан. Би түүнд нь бүр ч их баярладаг.

- Тэр үед таныг “Кабины бор” гээд л нэрлэдэг байсан биз дээ?

- Тийм. Би тэр үед чинь жоохон ч байж дээ. Хөдөөний, хотжиж үзээгүй. Хотын хүмүүсийн зан араншинг сайн мэдэхгүй. Юмыг яг л байгаагаар нь бодож, байгаагаар нь хүлээж авдаг байсан. Хатуу зарчимтай. Одоо бол цаадах чинь хотжоод, хотын хүүхэн болчихсон ш дээ. Юмыг ойлгоно. Тэр үед дэлгүүр мэлгүүрт орохоор л сонин дээр миний тухай мэдээ гарчихсан байвал “Яанаа” гээд л санаагаар унаад л. “Энхзул тостой жолоочтой явдаг” гээд биччихсэн байсан. Тэгээд л манараад л гэртээ ороод нөхөртөө “Яанаа намайг сонин дээр биччихсэн байна” гэсэн чинь манай нөхөр зөрж гараад л нөгөө сонинг нь аваад ирсэн. Тэгснээ “Үгүй ээ, чи доторхыг нь уншиж бай л даа. Хол замд явдаг жолооч нар  дууг нь сонсоод явдаг гээд л биччихсэн байна шүү дээ” гэж байсан түүх бий.

- Та хөдөө өссөн. Ишиг хурга хариулдаг байв уу?

- Хариулахгүй яах юм бэ. Би чинь бүүр хөдөөний хүүхэд байсан. Одоо өөрийхөө тэр төрхийг хөдөөнөөс олж харах гэхээр бас олддоггүй. Цаг үеэ дагаад хөдөөний айлын хүүхдүүд ч гэсэн урд зүгийн гялгар цалгар хувцсыг өмсөөд л гоё болжээ. Бидний үед энгэр нь саарьтсан бор дээлтэй. Хацар нь саарьтчихсан. Үсээ хоёр салаа самначихсан. Хэзээ ч угаасан юм, хөөрхий нөгөө үсээ. Ийм л байсан. Манайх ямаачин байсан болохоор би ямаа, ишиг их хариулна. Тэр нь миний дуучин болоход их нөлөөлсөн гэж боддог. Яагаад гэхээр нутгийн ууландаа би ямаагаа хариулж явахдаа заримдаа уйлна, заримдаа дуулна. Талаар нэг хашгирна.  Ямаа их адтай амьтан, уулын орой руу авирна. Дийлэхгүй болохоороо аймаар чанга уйлна. Аймаар чанга дуулж байхад уул цааш нь цуурайтуулаад долгиолоод л байдаг.  Ганцаараа малаа дийлэхгүй явахад ийм л байв. Миний бага нас ингэж л өнгөрсөн. Би нэг юманд дургүй. Манайхан “Би хотын унаган хүүхэд, энэ хөдөөнийх” гээд л ярьдаг юм. Манайхан угаасаа л хөдөө ш дээ. Хэдхэн жилийн өмнөх кинон дээрээс хотыг хар л даа. Ерөөсөө л хөдөө байгаа биз дээ. Хөдөөний хүүхэд, хотын унаган ч гэж байх шиг. Би бүүр инээд хүрээд байдаг юм. Бүгдээрээ л агаарт гарах дуртай. Яагаад хот гоё байсан юм бол бүгдээрээ хөдөө зусланд гарах гээд, тэмүүлээд агаар салхинд дурлаад, тэр гоё хөдөө очиж хэвтэх гээд байгаа юм бэ.

- Морь унадаг байсан уу, та?

- Морийг тийм ч сайн унахгүй. Том хүний эмээлтэй морины дөрөөн дээр өвдөглөж гарчихаад л дөрөөнд нь ч хөл хүрэхгүй байхад давхичихдаг байсан. Тэр үед надад бэлдэж өгсөн хүүхдийн эмээл ч гэж байхгүй. Их давхидаг л хүүхэд байлаа.

- Тэгээд л жаахан том болоод ирэхээр хөдөлмөр зусланд яваад л зуныхаа амралтыг өнгөрөөдөг байсан үе биз дээ?

- Би хөөрхий минь, тэр гоё хөдөлмөр зусланд ерөөсөө амарч үзээгүй гэхэд болно. Манайх ямаатай байсан. Өглөөний таван цагт босоод л ямаагаа тууж аваачиж саалгачихаад, буцаагаад л туугаад явна. Тэгээд л хөдөлмөр зусланд амарч байгаа ангийнхаа хүүхдүүдэд атаархаад л. Тэнд очих юмсан. Ангийнхантайгаа хамт байхсан гэж мөрөөдөөд л явдаг байлаа.

- 10-р ангиа төгсөөд хөдөө гарчихалгүй хот бараадна гэдэг бас их асуудал байсан шүү, тийм ээ?

- Тэгэлгүй яах юм. Би конкурс өгөөд дуулаачийн хуваарь авч чадаагүй. Манай сургуулийн багш нар намайг дуучин бол гээд л байсан. Миний дуулах авъяас чинь бүүр дунд ангид орчихсон хойно илэрсэн юм. Бага ангид байхдаа би чинь хөвгүүдтэй тоглоод л  юун дуулах.  Тоодог ч үгүй байсан. Их дүрсгүй. Эрэгтэй хүүхдүүдтэй тоглоод, том хүний дуу дуулаад явдаг байлаа. Тэр үед цэцэрлэгт явдаггүй болохоор хүүхдийн дуу мэдэхгүй. Том хүмүүс ямар дуу дуулна, тэрийг л сурдаг байлаа. Ямар сайндаа л “Эрүүндээ цагаантай болжмор шувуу үүрийн шөнөдөө жиргээд байна, үйлийн үртэй миний л амраг үглээд суух нь зэвүүхэн байна” гэж орилоод, хашгираад дуулаад явж байхав дээ. Бага ангийн жаахан охин хичээлээ тараад харих замдаа ингэж дуулдаг. Манай ээж түүнд минь их санаа зовдог байсан юм шиг байгаа юм. Ямар сайндаа л “Миний охин наад дуугаа битгий дуул. Хүүхдийн дуу гэж байдаг юм.  Багш чинь зааж өгнө” гэж байхав дээ. 10-р анги төгсөөд сургуульд орж чадаагүй намайг ах маань хөдөө гаргаж ээжид туслуулах гээд л. Би багаасаа мал хариулж, үргэлж мал мал гэсээр байгаад аймаар дургүй. Нүдээ тас аниад л зугтдаг байхад намайг урлагийн гавьяат зүтгэлтэн “Жонон хонгор”-ын Л.Дашням багш маань театрт хөтөлж аваачин дуучин болгож өгсөн юм.

- Хэнтийн чуулгад та хэр удаан дуулсан юм. Тэнд байхдаа  нөхөртэйгөө гэр бүл болсон уу?

- Би дөрвөн жил болсон. Тэнд ерөөсөө шинэ дуу дуулаагүй. Дандаа л хуучны ардын дууг үндэсний хөгжимтэй дуулдаг байлаа. Тэгээд уг нь жилийн дараа хот руу сургуульд явах төлөвлөгөөтэй байсан ч яг сургуульд явах болсон чинь нөхөртэй болоод, жирэмсэлчихсэн. Тэгээд л багш маань намайг “Чи ёстой хэзээ ч суруульд орж чадахгүй, хохь чинь” гэж хэлээд л явж байсан. Би ч нээрээ л өнгөрч байгаа юм байна даа л гэж бодож байлаа. Тэгээд миний муу хүү чинь гарсан, одоо энэ дуулаад байгаа. Эмэгтэй хүн жирэмсэн болоод 21 хоногтойгоос хүүхэдтэйгээ ярьж эхлэх хэрэгтэй байдаг гэнээ.  Ээжийнх нь яриа, байгаа орчин хүүхдэд нь шууд нөлөөлдөг. Тийм болохоор миний урлаг уран сайхны тэр ертөнц хүүд маань нөлөөлж ийм хөөрхөн дуулаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ.

- Нөхөр чинь тухайн үед юу хийдэг байсан юм бэ?

- Манай нөхөр дээд сургууль төгсөөд ирсэн мундаг инженер хүн байсан. Офицер хувцастай, гоё залуу. Хадмууд бас урлагийн хүмүүс. Аав нь урлагийн гавъяат зүтгэлтэн Гомбо гэдэг хүн байдаг юм. Бид хоёр гэхдээ бүр аймгийн театрт орохоос өмнө танилцчихсан байсан. Урд нь Өмнөдэлгэр суманд тоглолт үзээд сууж байхад нь би харж байсан юм. Заяаны хань гэдэг чинь бие биенээ олдог юм байна лээ, хаа ч явсан тааралдчихаад байдаг.

- Нөхрийг чинь таны менежер хийдэг гээд байсан. Одоо юу хийж байгаа вэ?

Миний ажилд ерөөсөө оролцдоггүй. Чухал тоглолтонд бол мэдээж ар талыг хариуцна. Ямар ч хүний нөхөр тэгдэг шүү дээ.

- Хүүгээ та албадсаар байгаад дуучин болгочихсон уу?

- Бага байхад нь би хүүгээ дуулуулах гээд л гуйдаг байсан. Миний хүү их хөөрхөн дуулдаг байсан юм. Тэгээд л би тоглолтондоо оруулах гээд л. Албан хүчээр дуулуулах гэлээ гээд бас гэр бүлийн асуудал үүсч байгаа юм чинь. Манай нөхөр хүүхдээ өмөөрөөд л “Чиний тоглолтонд заавал дуулах ёстй юм уу” гээд л, нөгөөх нь уйлаад л. Би дуулуулчих гээд л аав, ээж, хүү гурав чинь бөөн юм болдог байлаа. Тэгээд сүүлд нь намайг одоо хичээл номондоо анхаар гэсэн чинь “Би дуулна” гэж  зөрөөд.  Тэр үед чинь С.Жавхлан дуулж эхлээд л хүүхэд болгон С.Жавхлан шиг дуучин болно гэдэг л үе байлаа.  Миний хүү ямар ч дууг сонсоод л шууд сурдаг байсан. Намайг дуурайж биш С.Жавхланг дуурайж дуулсан юм шүү дээ. Орчин их нөлөөлдөг юм байна лээ. Би хүүгээ заавал дуучин болгох гээд байсан юм байхгүй. Одоо миний хүү МУИС-ийн эдийн засгийн хоёрдугаар дамжааны оюутан.

- МУГЖ Болормаа, С.Эрдэнэцэцэг та гурав эх үрсийн баяраар хамтарч тоглолт хийдэг байсан. Тэрний санааг анх хэн гаргасан юм бэ. Энэ жил тэр тоглолтоо хийх үү?

- Анх би гаргасан. Нэг үеийн дуучид учраас нөгөө хоёртоо санал тавиад хамтарч ажиллаж эхэлсэн. Бид гурав чинь Монгол орноо тойрсон тоглолт хийсэн. Хоёр ч том тоглолт тавьсан. Тэгээд л тус тусдаа уран бүтээлчид болохоор уран бүтээлээ хөөгөөд л явцгаасан. Би өөрийнхөө уран бүтээлийг жил бүр тоглодог байснаа сүүлийн үед хүүтэйгээ хамтраад нэг жил өнжөөд тоглолтоо хийдэг болсон. Хүүгээ дэмжье гэдэг бодол байгаа. Мэргэжлийн чиглэлээр нь суралцуулна. Дуучин хүн заавал мэргэжлийн чиглэлийн үнэр байх хэрэгтэй. Хүү маань одоо дөнгөж 19 нас л хүрч байна. Тиймээс мундаг мэргэжлийн дуучны хэмжээнд миний хүүгээс уран бүтээл нэхэж болохгүй.  Миний хүү бол зүгээр л дуулах дуртай хүн. Өнгөрсөн жил би хүүтэйгээ хамт тоглолтоо хийж байхдаа сандраад л хувцсаа солихдоо хүртэл хүүгийнхээ дуулж байгаа дууг сонсоод л байсан чинь манай хүү орж ирснээ “Ээж та юундаа сандраад байгаа юм бэ, бараг чичрээд л байх юм. Та юундаа айгаад байгаа юм, өчнөөн жил дуулчихаад” гэхээр нь би “Үгүй ээ, би чамаас айгаад байна” гэсэн чинь “Би чадна ш дээ. Тайван байгаач ээ, та” гэсэн. Тоглолт дундаа орж өндөрлөх дөхөөд ирэхэд би хүүгээрээ үнэхээр бахархсан. Миний хүү хэзээний мундаг дуучин шиг тайзан дээр биеэ авч яваад л. Хүнийг татах, хайрлуулах хүч хүүд минь байгааг анзаарсан.

- “Эрдэнэцэцэг, Болормаа, Энхзул гурав гоо сайхандаа анхаарч залуу охид шиг болох зорилго тавьжээ. Эрдэнэцэцэг нь нөгөө хоёрыгоо Япон хоолны дэглэм бариулж байгаа” гэсэн гээд л яригдаад байсан. Нээрээ л та их турсан байна. Их залуухан харагдаж байна ?

Тэр худлаа. Хэзээ ч Эрдэнэцэцэг бид хоёрыг Япон хоолны дэглэм барь гэж хэлж байгаагүй л дээ. Бид олны нүдний өмнө байгаа, Монголын бүсгүйчүүдийн төлөөлөл, олон олон бүсгүйчүүд биднийг харж, дуурайж байгаа. Тийм учраас сайхан байх хэрэгтэй. Нэг хэсэг бид нэлээд их махалсан. Хүүхэд гаргаад л. Тэгээд л урлагийнхан чинь хөдөө гадаа явна. Тэр бүр хоолондоо анхаарал тавиад байж чадахгүй. Хэзээ зав гарна, тэр үед нь хоол иднэ. Хөдөө тоглолтоор их явна. Хөдөө айлд оччихоод ярвайгаад л суугаад байлтай биш. Манай хөдөөнийхөн ямар билээ дээ. Оччихоод л ямар “Би мах идэхгүй” гээд ярвалзаад байлтай биш. Олдсоныг нь л идэж байгаа юм чинь. Эрдэнэцэцэг яаж жингээ барьж байгааг би мэдэхгүй. Манай Болороо бол усанд маш сайн сэлдэг. Би бол ёстой янз янзаар үзэж байж, маш их хөдөлмөр зарж байж турсан. Маш их мөнгө зарна. Олон олон үеийнхэнтэй би хамтарч дуулна гэж бодож байгаа. Хүүгийнхээ үеийнхэнтэй ч би хамтарч дуулна. Тэр хүрээнд багтаж гоё байхын тулд маш олон зүйлээ хорино. Дургүй зүйлээ ч иднэ. Тэгж байж эмэгтэй хүн гоё сайхан байна. Хамгийн их хорих юм гурил будаа байдаг. Ер нь гурил будаа хоёрыг эмэгтэй хүн бүр идэхгүй болчихвол зүгээр. Мах бол хамаагүй ээ, гэхдээ бага идэх хэрэгтэй. Махнаас бол би хэзээ ч гарахгүй ээ. Одоо би яг жиндээ л байгаа. Бас хэтэрхий жаахан охин шиг болчихолтой биш. Гэхдээ л ер нь эмэгтэй хүн араасаа андууруулдаг л байх хэрэгтэй. 18-тай юм шиг. Зөрөөд харахад эгээ л байх ёстой.

- Хувцсанд та хэр их мөнгө зарах уу. Тоглолтын даашинзнууд олон биз?

- Хувцсандаа би маш их мөнгө зардаг. Тайзныхаа хувцсанд их анхаардаг. Дандаа гадаадаас брэндийн хувцас авдаг. Жирийн амьдрал дээрээ зүгээр л энгийн чөлөөтэй хувцаслах дуртай. Тэгэхдээ бас жаахан ориг. Миний тоглолтын даашинзнууд 30 гарчихсан. Яг тоолж үзээгүй юм байна аа. Хүн ерөөсөө амьдралын замыг дандаа өгсөж явдаг байх хэрэгтэй. Нөгөө л таван жилийн өмнө, хоёр жилийн өмнө өмсөж байсан хувцсаа өмсөөд явж байвал тэр хүн байрандаа л байгаад байжээ гэж хүн бодно.

- Үнэт эдлэл цуглуулдаг уу?

- Үнэт эдлэлийг залуу байхдаа сонирхдоггүй байсан. Одоо бас нас ч жаахан явж байна. Хүмүүс ч өмссөн зүүснээр нь дүгнэдэг болчихсон цаг юм. Тийм болохоор жижигхэн, чамин хийцтэй цагаан алт цуглуулдаг. Аймаар том шар алтанд дургүй. Би төмрийн харшилтай. Би нөхөртөө “Миний бие дандаа сайн эдлэл зүүх ёстой, тавилантай болохоор ингэж харшлаад байгаа юм. Дандаа мөнгө, мөнгөнөөс дээш үнэт эдлэл зүүх заяатай” гэж онгирдог юм. Тоглолтын зүүлт ч гэсэн дандаа мөнгө, үнэт чулуу байдаг.

- Та ер нь нөхөртэйгөө муудалцдаг уу?

- Амьдарч эхлээд удаагүй байхдаа... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top