Магадгүй нэгэн цагт ам.доллар дэлхийн хамгийн эрэлттэй, найдвартай валют байсан байж болох л юм.Аргагүй л дээ, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагт эргэлдэж буй валют юм чинь.
Харин сүүлийн жилүүдэд мөнөөх итгэлт “анд” ам.доллар итгэл алдрах боллоо. Ам.доллар гэхээсээ илүү АНУ. Тус улс сүүлийн жилүүдэд бий болсон их өрийн хямралаа даахаа байснаас болж дэлхийн эдийн засагт 2008 оны хямрал эргэн ирлээ. Ази, Европын хөрөнгийн зах зээлүүд дээр их уналт ажиглагдаж, томоохон компаниуд хувьцаагаа татаж байна.
Ам.долларын ханш хэт их савлагаантай, тогтворгүй байгаагаас болж хөрөнгө оруулагчид биет металл буюу алтанд мөнгөө өгч байна. үр дүнд нь алтны ханш тэнгэрт хадаж эхэллээ. Товчхондоо өнгөрсөн хугацаанд ам.доллар хийгээд АНУ дэлхийн итгэлийг алдлаа.
АНУ-ын Моргейжийн чанаргүй зээлээс үүдэн 2008 онд дэлхийн эдийн засаг хямарсан. Дараа нь 2009 оны дунд үеэс эхлэн хямрал илааршлаа гэж дэлхий дахин үзэж байсан ч тус улсын Засгийн газрын асар их өр дахиад л хямрал дагуулав. 2008 онд тус улсын иргэдийн зээлээс үүдэн хямрал үүссэн бол энэ удаад тус улсын Засгийн газрын өр дийлдэхээ байжээ.
Өрөө дийлэхээ байсан Засгийн газрынх нь балгаар тус улсын зэрэглэлийг “S&P” агентлаг огцом буурууллаа. Энэ нь тэртээ тэргүй эргэлзээтэй байсан эдийн засгийн хүлээлтийг улам бужигнуулж орхив. Хөрөнгө оруулагчдын ам.долларт итгэх нэгмөсөн алдарч, хувьцаагаа асар ихээр нь зарснаар хөрөнгийн зах зээлүүд “хөмрөх” шахав. Ам.долларийн итгэл алдсан тул энэ өдрүүдэд дэлхий дахин ам.доллараас татгалзаж, түүнийг орлох валютын эрэлд гарчээ. Эхний ээлжинд хятадын юаньд илүү итгэл үзүүлбэл ямар вэ гэх санал гарч байна.
Харин Монголд энэ асуудал огт хөндөгдөхгүй байх шиг. Монголбанкныхан цуглуулсан ам.долларын нөөцөөрөө гайхуулаад л сууна. “Нийтдээ 1.8 их наяд ам.долларын нөөц Монголбанкинд байна” гээд л. Гэтэл тэр их ам.долларын нөөц гэнэтийн ханшийн савлагаанд өртвөл юу болох вэ. Гавьяат эдийн засагч Г.Янсанжав “Бид эдийн засгаа хамгаалахын тулд хамгийн нэгдүгээрт ам.доллараар гадаад худалдаа хийдгээ багасгах хэрэгтэй. Ам.долларыг АНУ-д бол үйлдвэрлэж байна.
Харин гадаад зах зээл дээр долларын ханш юу ч үгүй уначихсан. Ийм валютаар манай улс гүйлгээ хийгээд, валютынхаа нөөцийг хуримтлуулаад байдаг бол буруу. Зохих хэмжээгээр байлгүй л яах вэ, гэхдээ багасгах хэрэгтэй. үүнээс болж валютын ханшийн тэгшитгэл хийх үед валютын алдагдалд ороод, Монгол Улс эдийн засгийн хямралд өртөх эрсдэлтэй” гэж байна.
Yнэхээр ч манай улс нийт гадаад худалдааныхаа 95 хувийг зөвхөн ам.доллараар хийдэг. Хэрвээ энэ мөнгөн тэмдэгтийн ханш гэнэт унавал Монголбанкинд хадгалж буй тэр их валютын үнэ цэнэ буурч, эдийн засгийн хямрал монголыг нөмрөхгүй гэх баталгаа алга. Тэгэхээр ам.доллараар асар их хэмжээний гүйлгээ хийдэг энэ байдлыг багасгавал ямар вэ.
Дэлхий дахин ам.доллараас татгалзаж, юанийг сонгох тал дээр ярилцаж байхад монголчууд “үгүй ээ” гээд байх уу. Уг нь монголчууд ам.доллараар гүйлгээ хийж хаширвал хашрахаар л болсон.
Өнгөрсөн 2008 оны эдийн засгийн хямрал 2009 оны эхээр Монголд нөлөөлж, банкууд дампуурсан. Энэ үед ам.долларын ханш дотооддоо тэнгэрт хадаж, ченжүүдийн гар дээрх нэг ам.долларын ханш 1770 төгрөгт хүрсэн удаатай. Монгол мөнгөн тэмдэгт ам.долларын өмнө хүчин мөхөсдсөн бодит жишээ энэ. Тэр цагаас хойш ам.долларын ханш харьцангуй тогтворжсон л доо. Гэхдээ бас тийм ч найдвартай биш байа.
Дэлхийн улс орнууд, хөрөнгө оруулагчид ам.доллараас алтыг идүүд үзэх болсон. Монголбанк ч бас дэлхийн зах зээл дээр алтны үнэ тэнгэрт хадсан энэ үед алт худалдан авалтаа сайтар нэмэгдүүлж болно шүү дээ. Ханш нь харьцангуй тогтвортой учраас эрсдэл багатай. Гэхдээ ам.долларыг гүйлгээнээс огт хална гэсэн ойлголт байж болохгүй л дээ. Тодорхой хэмжээнд байх л ёстой. Ер нь бол гүйлгээнээс нэг мөр халах боломж ч байхгүй. Гагцхүү тэнцвэржүүлэх асуудал.
Өөрөөр хэлбэл, нэг талд ам.доллараар гүйлгээ хийж байхад нөгөө талд нь бусад мөнгөн тэмдэгтээр хийгдэж байгаа гүйлгээ ч бас тэнцвэртэй байх ёстой. Энэ тал дээр хятадын юань илүү найдвартай валют болсныг дэлхий дахин хүлээн зөвшөөрч эхэлсэн. Саяхан урд хөршийн мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг сүүлийн 17 жилийн дээд амжилт тогтоон чангарсан байгаа. Тэгэхээр юаньд итгэсэн нь дээр юм шиг байна.
Саяхан Монголбанк, Хятадын Төв банкны хооронд своп хэлцэл хийгдсэн. Своп хэлцэл гэдэг нь дотоодын зах зээл дээр юанийн хомсдол үүсч, ханш тогтворгүйжиж эхэлбэл, Хятадын Төв баикнаас юанийг шуурхай нийлүүлнэ гэсэн үг. Ингэснээр хоёр улсын мөнгөн тэмдэгтийн хашнийн зөрүүг тогтвортой байлгах боломжтой юм. Энэ үүднээс нь бодоод үзсэн ч тэр юань илүү найдвартай байңа.
Ам.доллараас татгалзаж, юанийг сонгох өөр ч шалтгаан байна. Эдийн засгийн цаашдын ирээдүйд голлох тоглогчид хэн бэ. БНХАУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Европ, АНУ дэлхийн тэргүүлэгчид байхаа больж, Ази, Өмнөд америкт байр сууриа алдаж байгаа хэрэг. Тэр хэрээр мөнгөн тэмдэгтийнх нь найдвартай байдал ч алдагдах биз. Магадгүй хэдэн жилийн дараа дэлхийн зах зээл дээр хамгийн хүчирхэг валют Хятадын юань ч байх юм бил үү.
Тэгэхээр одооноос ам.долларт хэтэрхий их “дассан” энэхүү байдлаа халж, өөр валютын урсгалд дасах ёстой болов уу. Ер нь тэгээд эдийн засгийн аюулгүй байдлаа бодвол нэг биш хэд хэдэн улстай худалдаа хийнэ гэдэг шүү дээ. Түүнтэй адил гадаад худалдаа, үндэсний мөнгөн тэмтэгтийнхээ эрсдэлгүй, найдвартай байдлыг бодвол зөвхөн ам.доллар бус юань, евро өөр бусад бүхий л валютаар наймаа хийх ёстой гэсэн үг. Тэр нь үндэсний аюлгүй байдалд нийцнэ.
Эх сурвалж: “Монголын мэдээ”
Сэтгэгдэл ( 0 )