Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, монголчууд бидний бишрэн хүндэтгэдэг шашны зүтгэлтэн Д.Чойжамц гуай багадаа лам болж тоглодог хүүхэд байсан ажээ. Лам төрхтэй байсан болоод ч тэрүү сургуульд ороод “лам” хочтой болж, улмаар том ангид ороход “лам” хоч нь “маарамба” хочоор солигдсон гэдэг. Амьдралыг өөрийнхөөрөө янз бүрээр төсөөлдөг тул түүх шаштир их сонирхдог байж. Номын хоббитой тэрээр Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний цувралууд болон “Ардыг тэжээх рашааны дусал” тэргүүтэй олон ном худалдан авч уншдаг төдийгүй дэлхийн сонгодог зохиолуудад шимтэж байсан нь нэг талаас ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж эхлэхэд нөлөөлсөн байна. Тэрээр гадаадын олон орноор аялсан боловч тэмдэглэл хийдэггүй байсан болохоор мартчихдаг гэмтэй гэж өөрийгөө тодорхойлсон. Гэхдээ мэдээж сэтгэлд үлдсэн нь байлгүй яахав. Тэр өөрөө бурханы шавь учраас Дармасалад сурч байхдаа анх Энэтхэгийн Бодгаяад очсон нь ихэд таатай санагдаж сэтгэл нь маш их амгалан болоод, хар аяндаа бясалгал үйлдмээр болсон гэдэг. Д.Чойжамц Далай багшаас эхлээд Ромын Пап, Энэтхэгийн улс төрч Соня Гандитай уулзахад их таатай байснаа ярих дуртай. Хамба маань энэ насандаа эхнэр авч байгаагүй. Социализмын үед хүмүүсийг эхнэр авахыг шаарддаг байсан ч хамба бусдаас онцгойдоо эхнэр аваагүй хэрэг биш. Сайн багш, эцэг эхийн журмаар дэгтэй өссөн гэдэг юм билээ. Ард хувцас өмсдөггүй тэрээр, өглөө салхинд гарахдаа л хөнгөн хувцас өмсдөг. Лам хуврагуудын хувцсанд маш их утга учир агуулагдаж байдаг сайхан хувцас учраас энгийн хувцас өмсөх тийм ёс, шаардлага ч байхгүй хэмээдэг юм билээ. Харин хамба Д.Чойжамц гуай эх оронч үзлийн талаар ярихдаа, “Энэ ухагдахууныг би томоор дүрсэлж ойлгомооргүй байна. Их өчүүхэн зүйлээс эхэлнэ. Нэг гишүүн нь архи ууж наргиад явдаг өрх айлын хувийн амьдрал доголддог. Өөрөөс нь эх орон эхэлдэг юм. Бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж ирээдүйгээ цогцлооно. Дор бүрнээ оюун ухаанлаг, хөдөлмөрч байхсан. Энгийн зүйлээс л эх орон эхэлдэгийг мартаж болохгүй. Өөрийгөө энхэрлэн барих нь унал болгоны үүд болдог. Эх болсон хамаг амьтныг энхэрлэн барих нь сайн үрийн суурь болдог юм шүү. Ард түмнийхээ төлөө л үнэн сэтгэлээсээ зүтгэ. Үеийн үед нэр төр, хувь заяа чинь тэгш явна. Хувиа хичээж явах нь тэр үеэ л аргалж өнгөрөөх хэрэг. Дараагийн үед бүдгэрнэ. Аягүй бол хараар ч үлдэж мэднэ. Өөрийн үндэс язгууртаа учруулаад байгаа нүгэл хилэнц гэвэл авах гээхийн ухааныг ялгаж салгаж мэддэг төрөлхийн ухаанаа алдмааргүй байна. Эв нэгдлийг бий болгох ёстой. Түүнчлэн бид болион мэдэлтэй байна. Энэ нь өөрийн хэрээс давсан шунал, хүсэлтэй байхыг хэлдэг. Чадал хүчиндээ тохирсон хүсэлтэй байж, түүнийгээ олж хийж байх нь чухал. Ингэж чадваас нэр алдар, эд таваар, өргөл хүндлэл цэвэр цэмцгэр байдаг. Хэтэрсэн хүсэл хүнийг буруу тийш хөтөлдөг” хэмээснийг хүргэхэд таатай байна.
Д.Сэндэр
Сэтгэгдэл ( 0 )