Шүлэг: Чаймайг үзье /А.Лхагва/

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 01


Аюурбуньяагийн Лхагва

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. “Соёолон морьдын тоос” найргийн номоо 1994 онд хэвлүүлснээс гадна “Нутгийн хийморь”, “Хурд хургасан уяа”, “Өндөр газар”, “Тост Боржигон”, “Монгол өргөө”, “Тэнгэрийн хишигтэй Зэлтэр”, “Гал хайрласан бурхад”, “Манлай уяач”, “Миний Дундговийнхон” зэрэг нийтлэл, хөрөг найрууллын ном бүтээжээ.

Чамайг үзье

Сарны дор чамайгаа

Сархад мэт залгилж цангаагаа тайлъя

Хатаж үхэхээс наахнуур явсан сэтгэлийн

Хаана нь эхэлж гэгээ тусахыг харъя

Хар галтай нүдэнд чинь ямар од гэрэлтэхийг

Хаш цагаан шүдэнд чинь сарны гэрэл бүдгэрэхийг

Хаврын цэцэг намрын салхинд дурлахыг

Хаахна тэгээд үрээ унагаж хийсгэхийг

Зургар хөмсөгт хөөрхөн ааштад дурлуулж

Зургаараа зургий минь зурсан тэнгэрийн дор чамайг үзье

Хархан сормуус нь зүрх рүү яаж хатгахыг

Хатгуулсан зүрх өөрийг нь яаж өвтгөхийг үзье

Аньсан нүд аньсган цаанаа юу нуухыг

Ангайх ам, жимийх уруулыг үсэглэе

Гэзэг үс чинь өвс ногоотой ширэлдэхийг ацаглая

Гиншин чарлахдаа чиний тасадсан навчны судсыг барья

Ассан гал дээр ахиж гал асаан бадамлая

Алдалж хэвтсэн газрын чийгтэй ормыг тамгалъя

Хөхний чинь товчинд өндөгний хээ бүдрэхийг мэдэрье

Хөнжил биш, тэнгэр нөмөрснөө тийчиж сэрүүцье

Сул салхан хөлний чинь завсраар

Суман хээр өвс ганхан гунхан хөлчихийг харъя

Шилбэн дээгүүр чинь гүйсэн эр шоргоолжны баярыг

Шимийн юманд согтуурсан өндөр дэрстэй аргадъя

Зуны салхинаас өвлийн жаврыг үнэрлэе

Зуу наслах биш, энэхэн хормыг мөнхөлье

Тэнгэрт шинэ хүн олдох тэр л алтан агшинд

Газар дээр ганцхан чамтайгаа үхье

 

Аргагүй амрагийн нулимс

Гэнэт хажууд ирж

Гэгээн гуниг хөвсөлзүүлж

Гэргийн өрдсөн гал дундаас ч

Халуун хайраар цоргихдоо

Уйлна гэдгээ мэдээгүй

Хөх үүрээр зүүд эргэж

Хөнжлийн сэжүүрт алтан үрэл зангидаж

Хүнийх гэдгийг минь мэдсээр байж

Хүүхэд шиг эрхэлж дасахдаа

Уйлна гэдгээ мэдээгүй

Бүжин сарны гэрлийг сүлж

Бүсээн тайлсан тэр үдэш

Буйд хангайн тэрээхэн чөлөөнд

Бугын зуулт шиг өвс өндөлзөн байж урамдахад

Уйлна гэдгээ мэдээгүй

Буугаад мордохын хооронд

Бууриа сольсоор бодогдуулсан

Нуухын аргагүй нүгэлтэй ч

Нуух л нүгэлгүй амраг минь

Нуурлаад байгаа нулимсаа

Нуугаад ч яах юм билээ

Уйлаад ч яах юм билээ

Ээнэгшиж дассан ч гэлээ

Дагуулаад мордож болдоггүй

Элдүүр хатуу хорвоогийн

Хатуу хүтүү зөөлрөх биш

Нуурлаад байгаа нулимсаа

Нуугаад ч яах юм билээ

Уйлаад ч яах юм билээ

Өндгийг минь хайрсан нулимс нь

Өрцөн цаагуур үерлэн

Аргагүй амрагийн нулимс

Алганы минь хонхорт нуурлан

Судал бүхэнд нь нэвчиж

Судас бүхнээр минь цалгилж

Тэнгэрийн алтан төөрөгтэй

Тэрсэж, тэрслэн давалгаалж

Амьдралын минь төөргийг арилжин

Алганы минь хээг өөрчлөх нь ээ

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top