Агаарын бохирдлын талаар амтай болгон ярьсаар байтал дөжирч орхисон юм болов уу, олигтой юм хийлгүй байсаар өвөлтэй золголоо. Утаагүй зуухны сургийг сонссон ч авч амжаагүй айлууд дарга нарынхаа гарыг хараад сууж байна. Хотод түүхий нүүрс түлэхгүй байх хязгаарлалтын бүс тогтоосон боловч сүүлийн өдрүүдэд тэдгээр айлууд нь намрын сэрүүнтэй уралдан түүхий нүүрсээ түлж эхлэв. Нийт 80 мянган айлд ийм зуух тараах ёстойгоос одоогоор талд нь ч ороогүй байна. Хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэрийг гуравдугаар цахилгаан станцын хажууд барьж эхэлсэн ч бүтээгдэхүүнээ барьцалдуулах бэлдмэл нь өндөр үнээр орж ирдэг гэнэ. Тэгээд аргаа барахдаа гурилаар барьцалдуулж, коксжсон нүүрсэн түлшээ бэлтгэх юм байна. Ингэвэл өртөг нь улам өсөх ажээ. Ийнхүү хотын утааг бууруулах үлгэр ярьсаар суутал манай Улаанбаатар хот хамгийн бохир агаартай дэлхийн хотуудаас эхний тавд багтжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ийм судалгаа хийж, Мексекийн Канкун хотноо болсон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын чуулган дээр энэ тухай албан ёсоор зарлажээ. Улаанбаатар хотын агаарт ялгарч байгаа хорт хийн хэмжээ 14 дахин их байгаа юм байна. Харин тэрхүү жагсаалтыг Бээжин хот тэргүүлсэн гэнэ. Бээжингийн агаарын бохирдол хүмүүсийг мансууруулах хэмжээнд хүрсэн гэж үзжээ. Судалгаагаар хамгийн их агаарын бохирдолттой дэлхийн арван хотод амьсгалын замын өвчин, хорт хавдараар өвчлөгсөд хамгийн их байдаг байна. Мөн нүдний төрөл бүрийн эмгэг, ханиалга, багтраа өвчин хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа ажээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )