“Үндэсний мэдээ” хоёр хувилбарт өдөр тутмын шинэ сонин Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд мэндлээд удаагүй байгаа энэ цаг үед тус сонины маркетинг сурталчилгааны албаны дарга Т.Оргилтой ярилцлаа.
-“Үндэсний мэдээ” хэмээх өдөр тутмын шинэ сонин мэндлээд удаагүй байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Монголын сонины зах зээлд нэгэн шинэ сонин шинээр орж ирж байна. “Үндэсний мэдээ” сонин нь албан ёсоор 9-р сарын 21-нд Сүхбаатарын талбай дээр бүх оддын гала тоглолтоор нээлтээ хийж байна. Factnews.mn сайтын 3 жилийн ой энэ үеэр мөн давхцаж хамтарсан цэнгүүнийг зохион байгуулж байгаа юм. Манай сонин бол нийтлэлийн бодлогын хувьд ч, маркетингийн хувьд ч тэр бусад сонинуудаас илт ялгаатай, давуу байдлаар гарч ирж байгаа. Ерөөсөө Монгол улсын түүхэнд анх удаагаа 25 машиныг уншигч, захиалагчиддаа нэгэн зэрэг өгөхөөр бэлдээд байна. Энэ маань цаашдаа давтагдах ч үгүй байх. Аймаг болгонд нэг нэг, Улаанбаатарт 4 машин, нийт 25 машиныг супер дээд хонжвортоо өгнө. Энэ нь орон нутгийн уншигчид маань хонжвор хожих, сугалаанд оролцох боломж нь нэмэгдэж байгаа гэсэн үг.
-Захиалсан хүн болгон 25 машины төлөө азаа үзэх боломжтой юу?
-Манай сонины тойм дугаарын захиалга нь 6900 төгрөг. Өдөр тутмын дугаарын захиалга нь 15900 төгрөгний үнэтэй. Аль ч хувилбараар нь захиалсан сугалаанд нэг эрхтэйгээр оролцоно. Тодруулбал тойм дугаарыг хямдхан захиалаад сугалаанд оролцохгүй гэсэн төөрөгдөл байгаа. Энэ бол тийм бишээ, бүгдээрээ адилхан сугалаанд оролцоно гэдгийг сануулъя. Дараагийн нэг мэдэж авах ёстой зүйл бол зөвхөн гуравдугаар улирлын захиалгаас эхлээд 2012 оны гуравдугаар улирал хүртэл, дөрвөн улирал дараалан захиалсан захиалагчид 25 машины сугалаанд оролцоно. Уншигчид хонжворт оролцохын тулд энэ улирлаас эхэлж захиалах ёстой юм.
Сонин захиалахад захиалгын хуудас бөглөдөг. Тэрний оронд манайх шуудангийн болон захиалга авч байгаа бүх салбаруудаар анхны захиалагчийн үнэмлэхийг тараасан байгаа. Захиалагч маань анхны захиалагчийн үнэмлэхийг аваад 4 улирал дараалан захиалж тухайн шуудангийнхаа салбарын тамга даруулсны дараа сугалаа маань хүчин төгөлдөр болно.
“Үндэсний мэдээ” сонин нь өдөр тутмын сонингуудаас анх удаа хоёр хувилбарт сонин гэж гарч ирж байгаа. Энэ талаараа тодруулахгүй юу?
-“Үндэсний мэдээ” сонин өдөр тутмаас гадна тойм дугаар гэж гарч байгаа. Өдөр тутмын сонин нь улиралд 75 дугаар, долоо хоногт зургаан дугаар гарна. Тойм дугаар долоо хоногт 2 удаа, Улиралд 24 дугаар гарна. Улаанбаатар хотын иргэд өдөр тутмын сониноос өглөө бүр шинэ мэдээллээ авч болдог. Орон нутгийн захиалагчид өдөр тутмын сонин захиаллаа ч гэсэн газар нутгийн хол ойроос шалтгаалан хоёр гурван хоногийн дараа очдог. Тэр мэдээлэл маань аль хэдийн телевиз, радиогоор мэдээлээд хоцрогдсон байдаг. Манай тойм дугаар маань Даваа, Пүрэв гаригуудад гарна. Тойм дугаар нь өдөр тутмын дугаараасаа зөвхөн цаг үеийн мэдээллийг багцалж, тоймлон нийтэлснээрээ ялгаатай. Бусад нийтлэлүүд буюу хуучирдаггүй, хэзээд үнэ цэнэтэй мэдээллүүд нь нэгэн адил багтана. Үндсэндээ энэ хоёр хувилбарын агуулга ижил гэсэн үг.
-Тойм дугаар хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулагдсан гэсэн үг үү?
-Ерөөсөө тойм дугаарыг захиалья гэсэн хүн бүр захиалж болно. Хот хөдөө гэж ялгах шаардлагагүй. Хүмүүсийн амьдралын хэв маяг, хувийн зохион байгуулалтаас шалтгаалаад өдөр тутмын сонин уншаад гарчиглаад байх завгүй ч хүн байдаг. “Үндэсний мэдээ” сонин эхний гурав хоногт ийм мэдээлэл, дараагийн гурав хоног нь ийм мэдээлэлтэй явж байгаа юм байна гэсэн иймэрхүү маягаар мэдээллээ авч болно. Дээрээс нь цаг үеийн мэдээллийн гол агуулгыг маш товч тодорхой авч буйгаараа онцлогтой.
-Үндсэн болон тойм захиалгын үнэ ямар байна? Хаагуур захилж болох вэ?
-Үндсэн захиалгын үнэ 15900, нэмэлт захиалгаар орох юм бол 10900, тойм захиалга 6900, нэмэлт захиалгаар ороход 4900 төгрөгний үнэтэй. Захиалга Монгол шуудан компанийн бүх салбарууд, Түгээмэл шуурхай шуудан компани, Улаанбаатар шуудан компани, Скай пост компани гэсэн хувийн гурван компани, төрийн өмчит компани гээд шуудангийн бүх салбаруудаар авч байгаа. Томоохон албан байгууллагын ажилтан, албан хаагчид байгуулагын хайрцаг эсвэл байгууллага хамт олноороо захиалж болно. Манай захиалгын менежерүүд нэгдсэн журмаар дүүрэг дүүргээ хариуцаад албан байгууллагуудад санал хүргүүлж байгаа. Мөн манай редакц дээр хүрч ирээд захиалгаа өгч болно.
-Хэд хоногийн өмнө” Үндэсний мэдээ” гэсэн бичигтэй машинууд Сүхбаатарын талбай дээрээс бүх аймаг руу хөдөлсөн. Энэ талаар сонирхож байгаа хүмүүс цөөнгүй байгаа байх?
-Анхны захиалгын нээлтэндээ зориулаад, анхны захиалагчдынхаа оюуны чадамж, мэлмийг мялааж бид орон нутаг руу “Монголын төлөө” цогц сурвалжлагын 21 баг гаргаж байгаа. Энэ 21 баг маань менежер, сурвалжлагч, урлагийн алдартнуудаас бүрдэж байгаа юм. Энэ баг маань Монголын 21 аймгийн бүх сумдаар нь тойрч сурвалжлага хийнэ. Ард түмнийхээ дуу хоолойг сонсож сониныхоо бодлогыг танилцуулна. Захиалгаа авна бас ард түмэндээ ая дууны мялаалга өргөнө. Монгол улсын 334 сумаар нэгэн зэрэг манай багууд гарч байгаа. Энэ бол бас л Монгол улсын түүхэнд анх удаа сонины редакци ийм өргөн хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тэмдэглэлт зүйл юмаа.
-“Үндэсний мэдээ” сонин ” Иргэн бүр сэтгүүлч байя. Монголын төлөө бичнэ” гэсэн уриатай байгаа. Энэ талаар?
-“Үндэсний мэдээ”-гийн маань гол уриа нь тэр шүү дээ. Тэгэхээр үндсэндээ өдөр тутмын хэвлэлүүдэд орон нутгийн мэдээ мэдээлэл их дутмаг харагддаг. Бид нар долоо хоног бүр нэг бүтэн нүүрийг аймаг бүрт хуваарилаж өгч байна. Тухайн орон нутгийн иргэд долоон хоногийн турш болсон орон нутгийн талаарх шинэ мэдээ мэдээллээ цаг тухай бүрт нь манай сониноос авах боломжтой болж байна. Манайх 21 аймагт 21 гэрээт сэтгүүлчидтэй боллоо. Мөн иргэдээс ирүүлж байгаа мэдээ мэдээлэл, нийтлэл үнэхээр хууль зөрчөөгүй, садар самуун сурталчлаагүй, үнэн бодитой байвал манай сонин шууд нийтлэнэ. Үнэхээр таны мэдээ мэдээллийг нийтлэхгүй, хууль зөрчөөгүй мэдээ мэдээллийг чинь дарагдуулбал бид уншигчын өмнө, тухайн хүний өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Тийм учраас манай сонинд хэн ч мэдээ мэдээлэл, нийтлэлээ бичиж ирүүлж болно.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Г.Оюун