“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сургалт зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 21

Энэ өдрүүдэд Сүхбаатар  дүүргийн Нийгмийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нарт  “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сургалт зохион байгуулж нийт 43 хүн хамрагдлаа.

Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн халдвар судлаач эмч Д.Эрдэнэчимэг, өсвөр үеийн эмч Н.Туяа, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн М.Чимгээ нар “Дүүргийн хүүхдийн байгууллагын 2011 оны эхний 9 сарын өвчлөлийн байдал, нөлөөлж буй хүчин зүйл түүнд хийсэн дүгнэлт, цаашид авах арга хэмжээ, заавар”-аас танилцуулж, “Цэцэрлэгийн хүүхдийн цус багадалт, түүнийг судалсан байдал, зохистой хооллолт”, “Сурагч, өсвөр үеийнхэнд бөөрний өвчнийг эрт илрүүлэх, сорил хэрэглэх тухай” зөвлөгөө өгч, тест хувиарлан өглөө.

Энэ үеэр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Цэцэгээ “Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг мөрдөн ажиллахыг анхааруулан “МЭДЭГДЭЛ” хүргүүллээ.

Сургууль, цэцэрлэгийн сурагч, хүүхдүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, гар угаах аргад дадлагажуулан сургаж хэвшүүлэн, халдварт өвчнөөс сэргийлэх улмаар гэдэсний халдварт өвчнийг бууруулах зорилгоор 2011-09-20-ноос эхлэн “Цэвэр гар” 2 сарын аяныг зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top