Сүүлийн үед Говьсүмбэр аймгийн засаг ноён гэж гандан буурахгүй зодоон хийдэг, хийх ч юу байхав өрөөндөө амьтан хүнийг дуудаж авчраад зоддог шинэ цагийн “боевик” болж хувираад байна. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр арав шахам жил суусан сандал ширээгээ алдах дээрээ тулангуут юу ч хийхээс буцахаа байсан бололтой. Ер нь бол Боевик Ж.Баянмөнхийн танхайрсан, өрөө тасалгаандаа хүн барьж авч зоддог үйлдэл нь ганц удаагийнх биш бөгөөд сүүлдээ мэргэших, үндсэн арга барил нь болох төлөвтэй болсон гэж хэлэхэд болохоор болжээ. Хамгийн сүүлд түүнд гэр бүлээрээ “пойлдуулсан” хүмүүс нүдэндээ нулимастай “Өдрийн сонин”-ы редакцид ярилцлага өгөн булайг нь дэлгэжээ. Энэхүү хохирогчийн ярилцлагыг уншигч танд хүргэж байна. Ер нь бол түүнд зодуулж ямар нэг байдлаар дарамтлуулсан хүмүүсийн тоо хэдийнэ хороо цэргийн тооноос даваад байгааг Эрүүгийн хэрэг үүсгэдэг эрх бүхий байгууллагын сонорт хүргэх гэж хичээх үүднээс нийтлэв.
Ц.Сарантуяа: Засаг дарга Ж.Баянмөнх “Уучлаач” гээд өвдөг тэврэн уйлаад байсан
"Засаг дарга Ж.Баянмөнх зангарагтай авлигач уу" гэсэн цуврал нийтлэл гарсны дараагаар Говьсүмбэр аймгийн иргэд манай сонинд нүдэндээ нулимстай хандаж байна. Засаг дарга Ж.Баянмөнх нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрыг зодоод зогсохгүй хилс хэрэгт гүтгэн шоронд хүртэл суулгаж хүүг нь ажлаас халуулжээ. Ингээд ажил амьдралаараа хохирсон, хуульч Ц.Сарантуяатай ярилцлаа.
-Засаг дарга Ж.Баянмөнхтэй юуны учир харгалдах болов?
-Би Говьсүмбэр аймгийн үл хөдлөх хөрөнгийн албаны даргаар ажиллаж байсан юм. 2007 онд Засаг дарга Ж.Баянмөнх иргэдийн хувьчлаад авчихсан Хонхорын 15 байрыг хууль бусаар авчихсан юм. Аймгийн захиргааны дарга нар эзэд нь эзэнгүй байгаа байрыг засаад өөрсдөө орцгоосон. Тэгээд Засаг дарга Ж.Баянмөнх хууль бусаар олж авсан орон сууцнуудыг бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг шаардсан. Би бүртгэх боломжгүй гэж хэлсэн.
-Үүнээс л зөрчил үүсчээ дээ?
-Тийм ээ. Тухайн үед миний хань Г.Ганбаяр Говьсүмбэр аймгийн байгаль орчны албаны даргаар ажиллаж байсан юм. Засаг дарга Ж.Баянмөнх нөхрийг маань өрөөндөө дуудаж оруулаад "Танай эхнэр ганцаараа хуульч юм уу. Чи эхнэрээсээ ганц гэрчилгээ гаргуулж чадахгүй байна уу" гэж загнасан байдаг юм. Манай хүн "Би тэр хүний ажлыг мэдэхгүй" гэж л дээ. Тэгтэл Ж.Баянмөнх багтартлаа уурлаад ширээ тойруулан элдэж байгаад сандлаар цохин унагаад зодсон. Тамгын газрын дарга байсан Санжмятав, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Зандраа хоёр салгасан байдаг юм.
-Уг нь гэрчтэй юм байна?
-Засаг дарга Ж.Баянмөнх манай нөхрийг зодоод уур нь гараагүй. Тэгээд манай нөхрийг ажлаа өг гэж зогсоо зайгүй дарамталж эхэлсэн. Энэ дарамтыг тэсэхээ байсан нөхөр маань "Би ажлаа өгье. Та харин манай эхнэрийг битгий оролдоорой" гэсэн юм. Үүнээс нэг их удалгүй Засаг дарга Ж.Баянмөнх намайг өрөөндөө дуудсан. Яваад ортол "Чи ганцаараа хуульч юм уу. Яахаараа тэр байрыг бүртгэдэггүй новш вэ" гэсэн. Тэгэхээр нь би "Тэр орон сууцыг бүртгэх боломж байхгүй байна. Та ядахдаа "Эдгээр орон сууцны эзэд өмчлөлөөсөө татгалзсан" гэсэн шүүхийн шийдвэр гаргуулаач. Хэрвээ тэгэх юм бол гуравхан минутын дотор гэрчилгээг нь гаргаад өгье" гэж гуйсан. Тэгтэл тас буутал цохиод авсан. Зүгээр нэг цохиод зогсохгүй... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )