Улс дамнан хоригдсон Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Албаны дарга Б.Хурц эх орондоо ирлээ. Түүнийг яг л гадаадын орны төрийн тэргүүн шиг угтан авсан гэнэ. Гадаад хэргийн дэд сайд Б.Болор өөрийн биеэр тосч авсан юм байх.
Б.Хурц яг л Монгол Улсын баатар шиг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд буусан байна. Түүний гэр бүлийнхний хувьд үгээр илэрхийлэшгүй баяр баясал хэдий ч Монгол Улсын хувьд харин тийм биш. Тэрбээр сэтгүүлчийн асуусан асуултанд ийнхүү бардамнан хариулжээ.
-Таны тухай янз бүрээр ярьж байхад санаа тань зовж байсан уу?
-Юм юм л сонсогдсон. Ардаа төртэй, эх оронтой хүн юундаа ч санаа зовхов.
-Та болсон явдлын талаар хоёр өгүүлбэрээр хэлэх боломж байна уу?
-Ах нь төрд үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн цэрэг хүн. Бас хамаагүй ярьж болохгүй зүйл гэж байна шүү дээ, дүү минь. Гэхдээ шаардлага гараад ярь гэвэл зарим зүйлийг ярих болно оо.
-Таныг Ерөнхийлөгчтэй хамт нэг онгоцоор ирлээ гэж сонслоо.
-Тэглээ. 1-тэй хамт ирлээ.
-Та хэзээ ажилдаа орох вэ?
-Дарга намайг шууд ажилдаа ор гэсэн. Уг нь би амраагүй яваа л даа. /Инээв/ Одоо ингээд ажил руугаа очно доо.
-Та Сөүлээс ирэв үү?
-Тэглээ. Бие хаагаа үзүүлчихээд ирлээ… гээд л гавьяа байгуулчихаад ирсэн баатар шиг л хариулжээ.
Түүнд бэргэсэн, эмээсэн шинж огтхон ч алга. Тэрбээр уг нь төрийн тэргүүнийхээ дэлхийд ардчилалаар гайхуулж мандуулж явсан нэрийг нь унагаж, улс орныхоо Үндэсний аюулгүй байдал бат бэх биш болсныг, тагнуулын байгууллага хангалтгүй ажиллаж ирснийг олон улсад тунхагласан эрхэм. Тиймээс Б.Хурцыг хүндлэх хэрэг Монголын төрд байхгүй, Монголын ард түмэнд ч тийм сэтгэл үгүй. Үнэнийг хэлэхэд Та бол Монгол Улсын баатар биш.
Монгол Улсын баатар биш гэж хэлэх үндэслэлүүд олон баримтаар урсаж байна.
Нэгэн зүйл …
Монгол Улсын Тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа Олон улсын хууль журмыг зөрчиж хамт яваа тагнуулчдаа илрүүлж тагнуулч хүнд баймгүй алдаа гаргасан. Ардчиллын эцэг гэдэг С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн эзнээр Дамирангийн Энхбатыг тодруулж түүнийг хоёр гурван улс дамнуулан мэргэжлийн дагуу нууцаар авч ирэх ёстой байсан ч та тэгж чадаагүй.
Үнэндээ түүнийг улс төрийн зорилгоор улс дамнуулан авчирсан ч гэдэг. Хийгээгүй хэргийнх нь төлөө хаа байгаа харийн орноос гэмгүй нэг иргэнийг авч ирэн шоронд хорьж амь насаар нь тоглосон. Түүний өмгөөлөгчийг ч бас ялгаагүй. Үхсэний хойноос үхдэггүй хорвоо болохоор түүний ар гэрийнхэн одоо ч сэтгэлийн ихээхэн хямрал дунд байна.
Өөрийнхөө буруу үйлдлийн төлөө гэр бүлээс нь уучлалт гуйсан байх аа гэж бодож байна.
Хоёрдугаар зүйл ….
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөг багтдаг. Та Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Албаны даргын хувьд төрийн нууцыг амьнаасаа илүү хамгаалах ёстой. Та төрийн гурван өндөрлегийн чимх нууцыг ч мэдэх хүн.
Гэтэл та Англи, Герман гэсэн хоёр улсын шорон дамжин хоригдож байгаад ирлээ. Таныг Монголын төрийн нууцыг задлаагүй гэдэгт хэн итгэх юм. Хэн ч итгэхгүй нь тодорхой. “Би задлаагүй” гэж мянга хашгираад ч нэмэргүй. Ийнхүү хэлэхэд чинь итгэхгүйн учир нь таны дээр өгүүлсэн ярианд чинь байна.
”Ах нь төрд үүрэг хүлээсэн тангараг өргөсөн цэрэг хүн. Бас хамаагүй ярьж болохгүй зүйл гэж байна шүү дээ, дүү минь. Гэхдээ шаардлага гараад ярь гэвэл зарим зүйлийг ярих болноо” гэснээс чинь харахад та төрийн нууцыг задруулчихсан юм байна аа гэдэг нь шууд л харагдаад байгаа юм.
Гутгаар зүйл …
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Албаны дарга хүн өөрийгөө яаж бодохоороо бизнес ангиллын визтэйгээр Англи улс руу явж болно гэж боддог байна аа. Үүний цаана ямар нэгэн зорилго байгаа юу гэсэн хардлага ч бас төрөөд байгаа юм.
Та мэргэжпийн тагнуулч хүн юм чинь ямар ангиллын визтэйгээр хаашаа явах вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Энд тэндэхийн улсын Элчин сайдаас болжээ гэж бусдаас бурууг хайхын оронд өөрөө яагаад энэ ангиллын визээр Англи улс руу явах болсон зорилгоо тайлбарлах хэрэгтэй юм шиг.
Дөтгөөр зүйл…
Б.Хурц та Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Албаны дарга хийхэд тэнцэх хүн биш, шуудхан хэлчихэе. Та зүгээр л наймаачин хүн шиг харагддаг. Учир нь таных гэх нэртэй “Сарнайх” салон, Зайсангийн аман дахь дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, pub гээд дундчуул мань мэтийн нөхдүүдэд баймгүй хөрөнгөтэй нэгэн.
“Саваагүй нохой саранд хуцна” гэгчийн үлгэрээр мэргэжлийн тагнуулч хийж чадахгүй байж хийж чадаж байгаа нэгнийхээ нэр хүндийг хөсөр унагаж байхаар бизнесээ хийгээд явж байвал барав биш үү. Шуудхан хэлье та бизнесээ хөөгөөд л яв л даа.
Тавдугаар зүйл…
Эрхэм Б.Хурц таныг Монголын төр, улс төрийнхөн татвар төлөгч бидний мөнгөнөөс хумсалж танд өмгөөлөгч авч өгсөн. Та тэгж татвар төлөгч бидний мөнгөнөөс хумслан өмгөөлөгч авч өмгөөлүүлэх эрхтэй билүү. Монголын төр юуны учир танд өмгөөлөгч авч өгөн хөл алдаад байна вэ.
Уг нь та дээр хэлсэнчлэн Монгол Улсын төрийн нууцыг задруулсан байх магадлалтай хүн шүү дээ. Нөгөө талаасаа та бусдын буруугаас болоод хилсээр шийтгэгдээд ирсэн нөхөр биш учраас Монголын төр, Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой.
Таныг “ажлаа хий” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхэд дипломат ёсоор уучлалт гуйгаад ажлаа хүлээлгэн өгөх ёстой мэт санагдах юм.
Дээр өгүүлсэн таван зүйлээр таныг Монгол Улсын баатар биш гэдгийг нотолж болмоор байна. Өнөөдөр Монголын төр юуны учир түүнийг үндэсний баатар шиг угтан авав. Улсын нууц задруулсан түүнийг үргэлжүүлэн шалгах ёстой байтал харин Гадаад харилцааны дэд сайдаараа тосуулан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Апбаны дарга гэдэг ажлаа бушуу түргэн хий хэмээн хэлэх нь Монголын төр үнэхээр жижигхэн гэдгээ харуулаад байгаа бус уу.
Үүнээс гадна өнөөдөр манай улсад мэргэжлийн тагнуулч гэдэг зүйл огтхон ч алга болжээ. Жинхэнэ чекистүүд. Учир нь гадаадад тагнуул хийсэн хүн нь ч баригдаад л дотооддоо тагнуул хийсэн хүн нь ч баригдаад байна шүү дээ. Хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн Б.Хурц харийн орны хоёр гурван шорон дамжсан бол харин дотооддоо АТГ-ын дарга нар нэг нэгнээ нууцаар тагнасан хэргээр баригдан ял сонссон.
Хэлэх ч үг алга, юу гэж хэлэх ээ мэдэхгүй байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн та бидний өмнө эрхэм Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын Албаны дарга Б.Хурц та баатар бус балагтай нэгэн болж таараад байгаа юм.
Б.Анар
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )