Жүжигчин Аглуу “хошин урлагийн ханхүү”-ээр өргөмжлөгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 29

Монголын хошин урлагийн чансаатай хамтлагуудын нэг “Х-ТҮЦ” продакшны  авьяаслаг жүжигчин Аглуу саяхан гавьяатын найраа “Улаанбаатар” ресторанд хийсэн билээ. Мэргэжил нэгтнүүд нь хүртэл төрмөл  авьяастай гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг түүний найранд Монголын хошин урлагийнхан, найз нөхөд нийлсэн 450 гаруй хүн цугласан байна. Энэ найрнаас өмнө Аглуу найз нөхдийнхөө дунд соёолон морины уралдаан зохион байгуулсан нь  гавьяатын найрын оршил байсан гэхэд болно. Гавьяатын мялаалга болгон зохион байгуулсан Соёолон насны морьдын уралдаанд Аглуу гавьяатын ойр дотны найз нөхөд, ах дүүс болон танил уяачдын 30 гаруй соёолон тоосоо өргөж, түрүү магнайд найз н.Сугарынх нь хурдан хүлэг давхисан байна. Аглуу гавьяатын өөрийнх нь соёолон аман хүзүүдэж, эзнийгээ баярлуулсан бол жүжигчин Б.Баатархүүгийн соёолон айргийн тавд хурдалсан юм. “Х-ТҮЦ” продакшныхан өмнө нь И.Одончимэгийн гавъяатын найрыг аквариумтай загас, тарваганы боодгоор мялааж байсан бол энэ удаа хошин урлагийн  мэргэжил нэгт нөхөд нь жүжигчин Аглууг “Хошин урлагийн ханхүү”-ээр өргөмжилж Ханхүүгийн титэм өмсгөсөн нь гавьяатын найрны өрнөл  төдийгүй жинхэнэ сюрприз байлаа.  Олон жилийн өмнө МУГЖ Б.Батзаяа “хошин урлагийн хаан”-аар өргөмжлөгдөж байсан бол Монголын хошин урлагийн угсаа залгамжлах ханхүү ийн тодорлоо.

Б.Эрдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top