Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.
Гэхдээ энэ талаар ярихын өмнө цагаан хоолтон гэдэг үгний цаадах утгын талаар тодруулга хийе. Бидний хувьд мах идэхээс татгалзлаа гэхэд хүнсний ногоо тариалж, хүнсэндээ өргөнөөр хэрэглэж заншилгүй явсаар 20-р зуунтай золгосон болохоор сүү, цагаан идээнээс өөр сонголт байгаагүй болохоор мах иддэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэх болсон.
Харин Европчуудын хувьд олон зөвхөн махнаас татгалзаад зогсохгүй сүү, өндөг зэрэг амьтны гаралтай бүрх л зүйлээс татгалзах үзлийг Энэтхэгээс авчран моодонд оруулж, латин хэлний “vegetus” буюу эрүүл, өөдрөг гэсэн утгатай вегетариан хөдөлгөөн гэж нэрлэсэн түүхтэй. Гэхдээ энэ латин үг нь англи хэлний “vegetable” хүнсний ногоо гэсэн үгтэй адил сонсогдож байгаа болохоор европ зүгийн цагаан хоолтнуудыг “ногоон хоолтон” гэвэл илүү оновчтой болох бизээ.
Гэхдээ мах, махан бүтээгдэхүүнээс татгалзах энэ хөдөлгөөнийг яаж ч нэрлэлээ гэсэн ард нь махны хор, эсвэл ашиг тусын талаарх маргаан үлдэх нь гарцаагүй. Иймд эхлээд хоёр тал хүний бие махбодийн онцлогийн талаарх хэрхэн маргадаг тухай нь сонирхуулъя.
Махчин уу, өвсөн тэжээлтэн үү?
Цагаан, ногоон хоолтнууд нь хүний хоол боловсруулах систем нь мах боловсруулахад огт тохирохгүй гэдэг. Жишээлэхэд, махчин амьтад олзоо тасдах хурц соёо, савартай байхад хүний соёо нь гүйцэд хөгжөөгүй, саварны оронд хумстай. Махыг сайн боловсруулахын тулд хүчиллэг ихтэй ходоодны шүүс шаардлагатай байтал хүний ходоодны шүүсний хүчиллэг араатнуудынхаас бага. Араатнуудад ургамлын гаралтай хоол боловсруулахад шаардлагатай байдаг урт гэдэс дотор ямар ч хэрэггүй болохоор гэдэс нь хүнийхээс ахар. Энэ мэт олон шалтгааны улмаас хүн байгалиас заяагдсан зөн билгээ дагаа махаар хооллох ёсгүй гэнэ.
Тэгвэл нөгөө талынхан нь хүнийг өвсөн тэжээлтэн амьтадтай харьцуулвал ижил төстэй зүйл бүр ч бага байдаг гэцгээдэг. Жишээлэхэд, өвсөн тэжээлтэн амьтадын үүдэн шүд болон араа нь паалангүй, хавтгай зажлуурын гадаргуутай байдаг. Хатуу ширүүн өвсөн хоол иддэгээс араа нь амархан элэгддэг тул өвсөн тэжээлтэн амьтдын араа нь байнга ургаж байхаар зохицуулагдсан. /Таны үүдэн шүд, араа хоёр чинь зогсолтгүй ургадаг болчихлоо гээд төсөөлөөд үз дээ/ Их хэмжээний өвс исэлдэхэд зохицсон өвсөн тэжээлтнүүдийн ходоод нь хүнийхээс тэс өөр. Гэдэс дотор нь ч өөр байдаг. Наад захын жишээ нь гэвэл биенээсээ 20 дахин урт гэдэстэй үхэр, туулай хоёр. Харин хүний гэдэс биенээсээ “ердөө” найм дахин урт. Энэ бүхнээс үүдээс дан ургамлын гаралтай хоол хүнд яавч тохирохгүй болж таардаг.
Эндээс үзвэл хүнийг өвсөн тэжээлтэнд ч, араатан амьтанд ч хамааруулж болохгүй гэсэн ганц л дүгнэлт хийж болохоор байна. Магадгүй хувьслын явцад анхандаа өвсөн тэжээлтэн байсан хүн яваандаа нөхцөл байдлын эрхээр махыг хүнсэндээ хэрэглэхээс өөр аргагүй болсон биз. Гэвч энэ бол хүн судлаач эрдэмтэдийн сонирхох ёстой сэдэв болохоор олон зүйл нурших нь илүүц биз. Иймд дараагийн сонирхох ёстой асуудал махны ашиг ба хор.
Хор уу, тэжээл үү?
Эрдэмтэд мах, амьтны гаралтай өөх тосонд агуулагддаг холестерин нь зүрхний судасны өвчин үүсэх гол шалтгаануудын нэг болж байна гэдгийг нотолсон. Энэ мэдээ нь цагаан, ногоон хоолтнуудыг ихэд баярлуулсан нь ойлгомжтой. Цаашилбал, мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүмүүсийн дотор хорт хавдраар өвдөх тохиолдол илүү өндөр гэдгийг эмч нарын олон жилийн судалгаагаар тогтоосон байдаг. Ингээд бодохоор хорвоогийн тоосыг хэд гурван жил илүү хөдөлгөмөөр байгаа бол шууд л ногооноо байг гэхэд цагаан хоолтон болмоор санагдаж магадгүй.
Гэтэл ургамлын гаралтай уургийг хүний бие муу шингэдгээс гадна В2, В12, Д амин дэмүүд, амин хүчлүүд, төмөр, кальци, цайр гээд хүний эрүүл явахад зайлшгүй хэрэгтэй бичил элементүүд ургамлын гаралтай хоол хүнсэнд дутмаг байдаг болохыг судлаачид тогтоочихсон байдаг /сүү, сүүн бүтээгдэхүүнд бол байдаг/. Тэгвэл энэ бүх дутагдаад байгаа зүйлс нь мах, махан бүтээгдэхүүд л байдаг.
Тиймээс мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглээнд бус харин хэтрүүлэн хэрэглэхэд асуудлын гол байдаг гэхэд болно. Эртний Хятдад дан махаар хооллосоор дотроос үмхийрүүлж алдаг шийтгэл байсан гэдэг нь үүний нэг тод жишээ. Ургамлын гаралтай хоол хүнсээ дагнадаг хүмүүс ч мөн адил бөгөөд эмийн сангаас дутагдаж байгаа амин дэм, эрдэс бодисоо худалдан авч давхар хэрэглэхгүй бол яс хэврэгших, цус багадах, бэлгийн чадавх буурах зэрэг асуудалтай тулгарах нь гарцаагүй.
Эцэст нь хэлэхэд дийлэнх эмч нар нь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийг хүнсэндээ хэрэглэх боломж олгодог цагаан хоолоор дагнах арга нь хамгийн ухаалаг бөгөөд зохистой шийдэл гэж үзсэн байдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )