Гэнэт л амттай юм идмээр санагдчихав уу

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 19

-Энэ бол бие организмд ямар нэг юм дутагдаж байгаагийн дохио-

Хэрэв та загас, загасан бүтээгдэхүүн идмээр санагдаад байвал йод дутагдаж буйн шинж.

Йодын дутагдлыг загас болон далайн гаралтай амьтдын махнаас нөхөж болно.

Сүү, сүүн бүтээгдэхүүн л хэрэглэхгүй бол болохгүй байна уу. Тэгвэл энэ нь ходоод, гэдэсний замын өвчний шинж. Тийм үед хүүхдийн будаа идэж, тараг, сүү уу. Ходоод, гэдэсний шарх, хурц цочмог үрэвслийн үед бие организмд зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн л тусалдаг. Мөн мэдрэлийн хэт ядаргаа, булчин татах үед сүүг фосфортой хольж уух нь сайн. Сүүнд хүний сэтгэл санаа, нойрыг зохицуулдаг лизин, лейцин, триптофаны аминхүчлүүд агуулагддаг. Ингэхдээ тослог багатай сүү сонгохыг хичээх нь зүйтэй.

Давстай, хурц, гашуун хоол идмээр байна уу.

Ийм хоолыг ихэвчлэн үндэстэн, гэр бүлийн уламжпал, зан заншилтай холбон тайлбарладаг. Жишээ нь, Дундад Азийн орнуудад халуун ногоо их хэрэглэдэг бөгөөд энэ нь ходоод, гэдэсний янз бүрийн өвчнөөс сэргийлдэг байна. Түүнээс гадна биеийн идэвхтэй, ачаалалтай хөдөлгөөний дараа бодисын солилцоо ихэссэн мөн бамбай булчирхайн идэвхжлийн болон жирэмсэн үед ийм шинж илэрдэг. Давс их хэмжээгээр биеэс алдагдах тохиолдол шээс, бөөрний замын өвчлөлийн үед гардаг. Харин гашуун юманд дурлах нь хордлогын шинжийг давхар агуулдаг. Биед буй их хэмжээний давс артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг. Тиймээс давсархаг гашуун юманд дурлаад байвал байгалийн эрдэсжүүлсэн цэвэр ус уухыг зөвлөдөг. Цагаан гаа хоол боловсруулахад маш тустай. Зөвхөн хүсээд байгаа гашуун зүйлээ идэхээс гадна ус их хэмжээгээр уух нь сайн.

Амтлаг зүйлд хорхойсоод байвал:

Чихэрлэг зүйл мэдрэлийн ядаргаа болон оюуны ачааллын үед дутагддаг. Стрессийн үед хүний биед ялгардаг адреналиныг боловсруулахад глюкоз оролцдог байна. Энэ үед чихрийн оронд хар шоколад идсэн нь дээр. Хар шоколад уур уцаар, стрессээ дарахад нөлөөлдөг бодис агуулдаг учир та идсэний дараа тайвширна гэдэгтээ итгэ.

Ямар нэг исгэлэн, хүчиллэг юм, тодруулбал нимбэг, цангис идмээр байвал ханиад томуугийн шинж. С витамины хэрэгцээ эрс нэмэгдэж буйг илтгэж буй. Мөн ходоодны хүчил багассаны шинж. Энэ үед хүчиллэг гашуун юм өлөн элгэн дээрээ яавч идэж болохгүй. Хоол идсэний дараа л нимбэг, цангисаа амтлаарай.     

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туул(66.181.161.116) 2024 оны 03 сарын 11

2  |  0
Top