Жулиан Ассанж дахиад л дуулианы эзэн боллоо. Энэ удаа харин тэр өөрийн санаачлагаар энэхүү содон үйл явдлаа хөтөлсөнгүй. Харин түүний амьдралын мөн чанарыг гүнээ хүндэтгэсэн олон нийтийн төлөөллүүд мэргэжлийн урлагийн байгууллагад хандсанаар ээлжит шуугиан дэгдлээ. Австралийн дуурийн урлагийн “Opera Australia” компани Жулиан Ассанжийн амьдрал тэмцлээр дуурь бүтээж байна. Мэдээллийн эрх чөлөөний төлөөх түүний үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд үнэхээр дэлхий дахиныг цочроосон юм. Цочроохын хажуугаар бас мэдээллийн эрх чөлөө нь хүмүүст ямар чухал зүйл болохыг бүрэн утгаар нь нээн харуулсан гэж судлаачид үзэж байгаа. Австралийн дуурийн “Opera Australia” компанийн уран сайхны удирдагч Линдон Терракини тус улсын АВС телевизийн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа “Ассанж бол төрөлхийн ер бусын зан чанартай хүн. Тиймээс энэ талыг нь онцолсноороо бид маш сонирхолтой санааг гаргаж тавьж чадлаа” гэжээ. Уг дуурь удахгүй тайцнаа тавигдах гэж байгаа гэнэ. Австралийн жүжгийн нэрт зохиолч Рон Элиса Ассанжийн амьдралаар “Нугаршгүй босогч” жүжгийн зохиолоо бичсэн нь дуурийн “Opera Australia” компаний уран бүтээлчдийг шинэ бүтээл рүү тийнхүү дагуулжээ. Мөн Ассанжийн өөрийнхөө амьдралын талаар бичсэн ном нь тэдэнд тус болсон байна. Гэхдээ Австралийн уран бүтээлчид Ассанжийг анх Их Британид баривчлагдах үеэс эхлэн тууштай дэмжиж байлаа. Мөн түүнийг АНУ болон тус улсын холбоотнуудын эсрэг зоригтой тэмцсэн гэж дэлхийн шударга жирийн иргэд өндөр үнэлж байна. Жулиан Ассанжийн бага насны амьдрал тийм ч гэгээн, аз жаргалтай байгаагүй. Олон сургуульд дамжин суралцсан бөгөөд тэр манайхан шиг хүссэн дээд сургуульдаа бүрэн хэмжээгээр суралцаж чадаагүй гэдэг. Гэхдээ арваадхан наснаасаа бие даан интернетийн сүлжээ, программ хангамжаар хичээллэж байжээ. Өөрийнх нь түгээсэн мэдээллээс болж ээжийг нь баривчилсан цагдаа нарт тэр үнэн голоосоо эгдүүцэж өссөн байна. Магадгүй, түүний амьдрал, үзэл санаанд гэр бүлд нь тохиолдсон иймэрхүү бэрхшээл бүхэн хүчтэй нөлөөлсөн болов уу. Тэрбээр “Wikileaks” сайтаа үүсгэн байгуулж, Америк болон дэлхийн хүчирхэг бусад гүрний удирдагч нарын алдаатай үйл ажиллагааны нууцад нэвтэрч, хүн төрөлхтөний өмнө мэдээллийн эрх чөлөөний гайхамшгийг таниулахаар шийдсэн нь тун саяхан мэт. Ердөө л 2006 оноос эхлэн дэлхийн томчуудын авлигыг илчлэх аяндаа мордсон юм. Ливийн дайныг тэр бараг жил гаруйн өмнөөс дэлхий нийтэд анхааруулж байлаа. Олон улс орны Засгийн газрын нууцад нэвтэрч бас чаджээ. Ассанж Лондонгийн шоронгоос батлан даалтанд гарсныхаа дараахан “Аливаа улс оронд урт хугацааны турш дарсаар ирсэн нууц гэж бий. Энэ нь байх ёстой зүйл ч гэсэн эдгээрт хязгаар гэж байх ёстой. Харин хэвлэл мэдээллийнхэн бол олон нийтийн мэдэх шаардлагатай нууцыг дэлгэх эрхтэй. Хуулиар далимдуулан хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах эрх Америкийн эрх баригчдад байх ёсгүй” гэсэн байна.
Австралийн иргэн тэрбээр ийм л зарчмаар ажиллаж, үүндээ үнэнч, тууштай яваа нь дэлхий бүх хэвлэл мэдээллийнхэнд шинэ үлгэр дууриал боллоо. Түүний үндэслэн байгуулсан “Wikileaks” сайт Нобелийн энх тайвны төлөө шагналд нэр дэвшээд байгаа энэ үеэр тийнхүү дуурийн бүтээл амилж буй нь бүр ч содон үйл явдал хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд өнөөдөр ид шуугиж байна.
Монголын эдийн засаг харийнханы эрхшээлд орох магадлал тун өндөр, авлига хээл хахуулийн гэмт хэрэг улам далд хэлбэртэй болж буй талаар “Wikileaks” сайтынхан удаа дараа мэдээлж байлаа. Тэд Монголд гадаад улс орнуудаас цөмийн хог хаягдлаа булшлах нууц гэрээ хэлэлцээр хийгдэж байсныг болон Авлигатай тэмцэх газрын анхны дарга Дангаасүрэн агсны амь насыг хөнөөсөн гол захиалагч нь хятадууд байсан байж болзошгүйг ч сануулаад авсан юм. Монголын эрх баригчдын нууцад нэвтэрч буй түүнийг дарж авахын тулд зарим улс төрчид өнөөдөр “Wikileaks” сайт дампуурсан гэх мэдээллийг цацаж байгаа нь нууц биш. Иймэрхүү олон сөрөг үзэгдлүүдийн өмнө тэр харин нуруугаа бөхийлгөсөнгүй. Мань эр “Wikileaks” мөхөхгүй, манай сайтыг хүчээр зогсоосон ч дэлхийн хаа нэгтээ дахиад л гараад ирнэ. Энэ бол интернет ертөнцийн гайхамшиг” гээд бардам, өөртөө болоод хамтран зүтгэгчиддээ итгэлтэй алхаж байна. Тиймээс Жулиан Ассанжийг манай хэвлэл мэдээллийн салбарынхан гүнээ хүндэтгэх нь зүйн хэрэг биз ээ.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )