Одри Хепбёрн ба өлсгөлөн, нэр алдар, сайн үйл, эмгэнэлт төгсгөл...

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 15

Их Британи болон Америкийн домогт  жүжигчин, фотомодель, хүмүүнлэгийн үйлсийн нэрт зүтгэлтэн Одри Кэтлин Растон нь 1953 онд “Ром дахь амралт” хэмээх киногоороо “Оскар”-ын шагнал хүртэж, 1954, 1959, 1961, 1967 онуудад нэр дэвшиж байжээ…

 

Эцэг эх...

Одригийн холланд үндэстэн эх Элла ван Хеемстр нь 1900 онд Арнемаас холгүй Вельпе хэмээх гэр бүлийн эдлэндээ төржээ. Эллагийн төрсөн ах дүү нар нь бүгд өв залгамжилсан барон гэх цол хэргэмтэй байв. Эцэг Арнольд ван Хеемстр нь хууль зүйн яамны дээд албан тушаалын түшмэл байгаад хожим нь Арнема хотын захирагч болжээ. Элла хоёр удаа нөхөр гарсан хатагтай. Эзэн хааны албат асан анхны нөхөр Ян ван Уффордтой 20 хүрээгүй байхад гэрлэж хоёр хүүхэдтэй төрүүлсэн байна. Харин ирланд гаралтай хоёр дахь нөхөр Жозеф Виктор Энтони Хепберн-Растон нь Одригийн эцэг ажээ. 1889 онд Лондонд төрсөн эцэг Растон нь 1923—1924 онд Гадаад хэргийн сайд мөн Сумаранг болон Явад хүндэт консулаар ажиллаж байсан гэх бүдэг мэдээлэл байдаг ажээ. Тэрээр Элла бүсгүйтэй Ява арал дээр танилцаж тэндээ бал өнгөрөөж байжээ. 1926.09.07-нд Жакартад хуримаа хийсэн Элла, Жозеф хоёр Европтоо эргэн ирээд Бельгийн Брюссельд төвхнөсөн байна. Гэвч зан аашаа ойлголцохгүй болсон хосууд байнгын хэрүүл маргаанд хэдэн жилийг тэсч өнгөрөөгөөд эцэст нь 1935 онд Растон эхнэр хүүхдээ орхин оджээ. Эцэг нь асрагч бүсгүйтэйгээ хормойн явдалтай байсан нь илэрсэн гэдэг.

1930-аад онд Одригийн эцэг эх нацистуудыг тууштай тэмцэгчид байсан аж. Еврейчүүдийн бизнес наймаа худалдаа, банк санхүүгийн үйл ажиллагааг эрс эсэргүүцэгчид... Британи дахь фашистийг дэмжигч хөдөлгөөнийг дэмжигч байсан эх нь Арнемад нацистуудыг нвтрэн орж ирсэн цагаас тэдний муу булхай бүхнийг нүдээр харж эцэстээ босогчдын талд орж тэмцлээ үргэлжлүүлжээ. Харин Жозеф Лондон дахь нацистийн нууц мэдээллийн албаны тэргүүн болж Рейхэд нууц материал бэлтгэн өгч фашистуудад үнэнчээр зүтгэсээр байжээ. Гэхдээ 1940 онд түүнийг тагнуулынхан баривчилж Ливерпулийн Певерилийн лагерьт 1945 он хүртэл хорьж байгаад Дублин рүү цөлсөн бөгөөд тэндээ 1980 онд нас бартлаа амьдарчээ.

 

Хүүхэд нас...

...Тэр Брюсселийн коммун байсан Иксельд төрсөн бөгөөд Дэлхийн 2-р дайны хөлөөс дайжсан гэр бүлийнхээ хамт хүүхэд насаа Холландын Арнемад өнгөрүүлсэн. Тэндээ балетаар хичээллэж байсан охин 1948 онд Лондонд шилжин ирсэнээр театрын бүжигчин болох гараагаа эхэлжээ...

 

Одри бол Жон Виктор Растон болон Элл ван Хеемстр нарын дундаас төрсөн цорын ганц охин. Ээжийнх нь өмнөх нөхрөөс Александр, Ян ван Уффорд хэмээх хоёр ах нь төрсөн. Хепбёрн Англи болон Холландад хувийн дунд сургуульд сурсан. Эх нь хатуу чанга зантай тул охин багаасаа дөлгөөн ааштай эцэгтээ их ойр дотно байв. Гэвч эцэг нь охиныг балчир байхад хаяж одсон. Харин бүсгүйн хувьд хожим нь аавыгаа ядарч зовж явах үед нь тэтгэж байсан гэдэг. Одри Улаан загалмайн байгууллагын тусламжтайгаар түүнийг Дублинээс олж үхэх хүртэл нь бүхий л талаараа туслаж байсныг хүн болгон сайн мэддэгүй байжээ.

1935 онд эцэг эх нь салсанаар Хепбёрн ээжийнхээ хамт Арнемад нүүн иржээ. Холбоотны цэргүүд бүс нутгаас немецийн армийг үлдэн хөөж газар нутгийг чөлөөлсөн ч ард иргэд хоол хүнсний хомсдолд ор 1944 оны хүйтэн өвлийг арай гэж даван гарсан байдаг. Холландын олон мянган иргэн уух ус, идэх хоолгүй болж зарим нь гудамжинд хөлдөж үхнэ. Одригийн нагац ахыг нь урвагч хэмээн буудан хөнөөв. Нэг ах нь шоронд хоригдож байх тэр үеэр Одри хүнд өвчинд нэрвэгджээ. Гэхдээ охин маш их тэвчээр гарган өлсгөлөнг мартахын тулд зогсолтгүй ном уншиж, хөдөлгөөний дутагдалд орохоос эмээж балетын дасгалаа хийсээр байв. Энэ нь л түүний хүүхэд насны “аз жаргалтай” мөч байсан гэдгээ 1992 онд намтар бүхий номондоо Одри бичжээ.

Одри хүүхэд байхдаа зураг зурах дуртай байж. Тухайн дайны хүнд хэцүү цаг үед гэртээ өлсөж байхдаа зурсан хэд хэдэн бүтээл нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Холланд дайны гамшгаас чөлөөлөгдсөний дараа хүмүүнлэгийн тусламж тус улсыг ихээр зорих болжээ. Хепбёрн тусламжаар ирсэн нэг бүтэн лаазалсан махыг ганцааараа идээд гэнэт шоконд орж үхэх шахсанаа ч ярьдаг. НҮБ түүний хүүхэд насыг авраагүй бол хэмээн баярлаж явдаг бүсгүй 1954 оноос энэ байгууллагын хамгийн нэр хүндтэй элч төлөөлөгч болохоор шийдсэн гэдэг.

 

Эхлэл...

...Европт хэд хэдэн кинонд туслах дүрд тоглосныхоо дараа Колеттийн анхаарлыг татаж Бродвейн "Жижи” хэмээх сонгодог жүжигийн гол дүрийг бүтээлээ. 1952 онд Хепбёрн Америкийн “Ром дахь амралт” хэмээх киноны эмэгтэй гол дүрийг бүтээсэн бөгөөд дараа онд нь “Оскар”, “Алтан бөмбөрцөг” мөн BAFTA-гийн шагналын эзэн болжээ...

 

1945 онд Хепбёрн Арнемагийн консерваторийг төгсөөд Амстердамд ирж ээжийнхээ хамт сувилагчийн ажил хийж эхэлсэн байна. Энэ ажлынхаа зэрэгцээ 1946 он гарахад тэр Сони Гаскеллээс балетийн хичээл заалгадаг болоод байв. Ингээд 1948 онд алдарт балетчин Мари Рамбертын шавь болохоор Лондонд иржээ. Ингэхдээ Хепбёрн багшаасаа балетаар цаашид амжилтанд хүрч чадах талаараа илэн далангуй асуухад Рамперт түүнд боломж байгааг хэлсэн ч биеийн өндрөөсөө /170 см/ шалтгаалаад примадонна болох магадлал бага хэмээжээ. Ингээд хэсэг хугацааны дараа Хепбёрн драмын урлагт өөрийгөө сорьж үзэхээр шийдэж, хамгийн дээд оргилд хүрэхийн тулд шалтгаалах бүхнээ зориулна гэж амлалаа. Хожим нь Одриг дэлхийн хэмжээний од болсон хойно нь Мари Рамберт: -Тэр бол гайхалтай сурагч байсан. Хэрвээ тэр балетаар цаашид хичээлэсэн бол мөн л дэлхийд гайхагдсан балетчин байх байлаа. Гэхдээ тэр зөв замаа сонгосон хэмээж байв.

Тэрээр карьераа эхлүүлсэн эхний он жилүүдэд хэд хэдэн жижиг хэмжээний кино болон жүжигт тоглосон бөгөөд тэдгээр нь кино салбарынханы анхаарлыг татахар хэмжээнд хүрч чадаагүй гэдэг. Харин 1951 онд “The Secret People” хэмээх кинонд балетчин эмэгтэйн тухай анхны томоохон дүрээ бүтээсэн байдаг. 1951.11 сард Бродвейн “Жижи” хэмээх жүжигт тоглосных нь дараа түүнд Грегори Пектэй хамт “Ром дахь амралт” киноны гол дүрийг бүтээх санал ирсэн байна. Ингээд 1953 онд уг дүрээрээ Одри Academy Award for Best Actress шагналыг хүртсэнийх нь дараа түүнийг хамтрагч Пектэй амрагийн холбоотой болсон гэх дуулиан дэгдэж эхэлсэн гэдэг. Үүнд бүсгүй: -Харин ч би хамтрагчаа жаахан ч гэсэн хайрладаг л байж дээ. Хэрвээ танд хайр ирсэн бол та түүнийг мэдрэх л ёстой. Тэгэхгүйгээр дурлана гэж үү. Хөшигний ард дурлалаа нуух шаардлагагүй байх аа хэмээн үгүйсгэсэн мэдэгдэл хийж байлаа.

 

Холливудын “од”...

...Оргил үедээ Одри кино ертөнцийн хамгийн өндөр үнэтэй жүжигчний нэг болоод зогсохгүй түүний хамтрагчид нь алдарт Грегори Пек, Рекс Харрисон, Кэри Грант, Хенри Фонда, Гэри Купер, Уильям Холден, Фред Астер, Питер О’Тул и Альберт Финни нар болоод байв…

 

“Ром дахь амралт”-ын дараа Хамфри Богарт болон Уильям Холден нартай “Сабрина” кинонд тогложээ. Харин Уильям, Одри нарын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн нь энэ удаад олон нийтэд ил болсон юм. Бүсгүй түүнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болно хэмээн мөрөөддөг байж. Гэвч тэдний хамтын амьдрал зохиох хүсэл нь талаар болж Холден бүсгүйгээсээ харьцаагаа таслажээ. 1954 онд Одри тайзнаа буцаж ирсэн даруйдаа дараагийн хайр дурлалтайгаа учирсан бөгөөд хамтран тоглогч Мел Феррертэй гэрлэж жилийн дараа гэхэд хүү Шоныгоо төрүүлсэн билээ. Киноны салбар дахь нэр алдраас нь гадна загварын ертөнцөд ч бүхэл бүтэн “Одри” хэмээх стиль бий болоод зогсохгүй түүний бүтээсэн дүр болгоных нь хувцаслалт тухайн үеийнхээ хүүхнүүдийн дэгжирхэх моод, гангараа болж эхэлжээ. Зартай эрчүүд ч түүнтэй хамт кинонд тоглох, хүлээн авалтанд уригдах, бэлэг өгөх зэргээр хошуурах болж сүүлдээ Одрид зориулсан хайрын захидал, шүлэг ч ихээр төрж байлаа.

Хепбёрний 1961 онд “Өглөөний цайгаа Тиффанитай хамт” кинонд бүтээсэн Холли Гоулайтлигийн дүр нь америкийн ХХ зууны кино урлагт цоо шинэ өнгө төрхийг оруулсан гэж үнэлэгддэг. Хепбёрн ч өөрөө уг дүрээ амьдралынх нь хамгийн этгээд шийдэл болсон гэж үздэг байжээ. Тэрээр –Би ийм бүсгүйн дүрийг бүтээчихлээ гэдэгтээ итгэхгүй байна. Амьдралдаа хийсэн хамгийн хүнд зүйл энэ байлаа. Төрөхөөс ч хэцүү гээд төсөөл дөө хэмээн дуу алдаж байсан удаатай. Зураг авалтанд Одри бариу хар даашинз, шинэ үс засалт, имиж гаргаж ирсэн бөгөөд энэ нь хэсэгтээ дэлхийн загварын ертөнцөд нөлөөлсөөр иржээ. Ингэхдээ стилийн анхны санааг Живанши гаргасан байдаг. Киноноос хойш Одри тэр хоёрын нөхөрлөл удаан хугацаанд үргэлжилсэн бөгөд L`Interdit хэмээх сүрчгээ Одрид зориулан гаргаж байсан гэдэг.

Ингээд кино урлагт 15 жил үнэнчээр тасралтгүй зүтгэсэн бүсгүй 1967 оноос хойш кинонд “зав гарахаараа” л тоглодог болжээ. Нөхөр Мел Феррерээс салсаныхаа дараахан италийн сэтгэл зүйч  Андреа Дотти гэх эртэй гэрлэж Люк хүүгээ төрүүлээд гэр бүлээрээ Италид шилжин иржээ. Төрөхийн хүндрэлээсээ болоод Одри хэсэг хугацаанд хэвтрийн дэглэм сахиж байхад нөхөр нь байнгын асаргаа сувилгаа хийн, дэргэдээс нь огтхон ч холдоогүй гэдэг. Ингээд 70-аад оны эхээр Италид “Улаан арми” хэмээх алан хядах үйл ажиллагаа идэвхтэй газар авах болсоноор Одри Доттигоосоо салж кино урлагтаа эргэн иржээ. 1976 онд Шон Коннеритой хамт тоглосон “Робин ба Мэриан” хэмээх шинэ кино нь дэлгэцнээ гарлаа. Кино нь судлаач, шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан аж. Ширли Мак Лейний дүрийг гайхалтай бүтээсэн гэх түүнд кино ертөнцөд өөрийн нэрийг дахин сануулах, дуурсгах боломжийг олгосон билээ.

1980 онд Одри Холландын жүжигчин Роберт Уолдерстой болзож эхэлсэн бөгөөд тэдний хайр дурлалыг бүсгүйн үхэл л салгасан юм. Хепбёрний дэлгэцнээ бүтээсэн хамгийн сүүлчийн дүр нь Стивен Спилбергийн “Үүрд” /1989/ хэмээх кинонд мөнхөрсөн байдаг. 

 

Өвчин ба үхэл...

…1967 онд “Харанхуйн хүлээлт” кинонд тоглосныхоо дараа тэрээр удаан хугацаагаар кино урлагаа орхин хоёр хүүгийнхээ хүмүүжилд анхаарах болсон гэдэг. Харин Хепбёрний “Робин ба Мэриан” гэх шинэ бүтээл нь 1976 онд дэлгэцнээ гарч түүний араас хэд хэдэн кинонд тоглосон бол хамгийн сүүлчийнх нь Стивен Спилбергийн “Үүрд” /1988/ драм юм…

 

Одри Хепбёрн киноноос хөндийрсөнөөсөө хойш НҮБ-ын элч гэдэг утгаараа олон жил тасралтгүй улс орноор айлчилж, сайн үйлсийн төлөө цаг алгасалгүй ажиллаж байхад бие нь илт суларч байсан гэдэг. 1992.09.19-24-нд тэр хамгийн сүүлчийн удаа Сомали, Кенид зочилжээ. Тухайн үед түүний хэвлий орчмоор хүчтэй өвдөж байлаа. Африкийн эмч нар шинжилгээ хийж чадаж байсан эмчилгээний бэлдмэл, багаж төхөөрөмж ч дутмаг байсан гэдэг. Ингээд уг ажлыг зогсоож хойшлуулахыг хатагтайд санал болгосон ч Одри өөрөө зөвшөөрөөгүй байна. Тэрхүү төслийн ажлыг тэсвэрлэж дуусгасан Ордри есөн сарын дундаар Уолдерсийн хамтаар Лос-Анжелест үзүүлэхээр иржээ...  1992.11 сард түүнд хугацаа алдалгүй хагалгаа хийжээ. Эмч нар ч хугацаа алдсан бол хүндрэх байсан гэдгийг ч хэлэв. Гэтэл хагалгаанаас хойш гурван долоо хоногийн дараа хэвлийгээр маш хүчтэй өвдөлт өгчээ.

Бүдүүн болон шулуун гэдэсний архаг үрэвсэл... Хэдхэн сарын нас үлдсэн гэдгийг мэдсэн ах дүү, ойр дотныхон нь түүн дэр бүгд иржээ... Ингээд ямар ч найдваргүй болсон гэх түүнийг Лос-Анжелесээс Толошеназад авчирлаа... Одри сүүлчийн зул сарын баяраа хоёр хүү болон Уолдерсынхоо хамт тэмдэглэн өнгөрүүлжээ... Хатагтай тэрхүү өдрийг -Хорвоогийн хамгийн сайхан зул сарын баяр байлаа хэмээн нэрлэв... Одри Хепбёрн нь 1993.01.20-ны өдөр 63 насандаа хорвоог орхижээ.

 

НҮБ ба Одри:

  • Хамгийн сүүлчийн кинондоо тоглоод Одри НҮБ-ын тусгай элч болсон
  • Нацистийн тамлалаас амьд гарч чадсан тэрээр амьдралынхаа сүүлийн мөчийг хүүхдийн төлөөх сайн үйлсэд зориулахаар шийджээ
  • Энэ ажилд нь Хепбёрний хэлний мэдлэг их тус болсон гэдэг. Тэр франц, англи, испани, итали, холланд хэлээр чөлөөтэй ярьдаг байв
  • НҮБ-тэй 1954 оноос холбоотой болсон. Тухайн радиогийн нэвтрүүлэгт нь оролцдог байв
  • НҮБ-аас авсан хамгийн анхны даалгавар нь 1988 оны Эфиопын томилолт. Тэр удаад 500 хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн хүргэж өгчээ
  • 1988 онд Туркт очсон...
  • Тэр оныхоо 10 сард Венесуэль, Эквадорт ажилласан. Бас хүүхдийн сайн санааны үйлс санаачилсан
  • 1989 онд Төв Америкийн орнуудаар аялаж Гондурас, Сальвадор, Гватемалын тэргүүнүүдтэй уулзсан
  • Тэр оныхоо 10 сард нь нөхөр Уолдерсийн хамт Бангладеш очсон
  • 1990.10 сард Вьетнамд... Ундны ус төслөө хэрэгжүүлсэн
  • Нас барахаасаа дөрвөн сарын өмнө буюу 1992.09 сард Хепбёрн Сомалид ажиллажээ.
  • 1992 онд түүнийг ерөнхийлөгчийн одонгоор шагнасан.
  • Мөн Америкийн кино академи Жан Хершолтын нэрэмжит Хүмүүнлэгийн үйлстэн шагналаа гардуулсаныг нас барсаных нь дараа хүүхэд нь олгожээ.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top