Стивен Спилбэрг Чингисийн тухай киног найруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 31

    Спилбэргийг зөвшөөрүүлж чадсан шалтгааныг кино төслийн их хэмжээний мөнгөтэй холбон тайлбарлаж болох юм. ордос хотын намын хорооны дарга нарын идэвхитэй дэмжлэг ч төслийг урагшуулахад нөлөөлсөн байна. тэдний тусламжтайгаар Хятадын Засгийн газраас 300 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг кино төслийнхөн олж чадсан хэмээн тэрээр ярилаа. 2012 оны гуравдугаар сард тус сангийнхан Спилбэргийн Шанхай дахь бие төлөөлөгчтэй Бээжинд уулзаж, эцсийн тохиролцоонд хүрчээ. Киноны нэр, зохиол, зураг авах нутаг орныг одоогоор нууцалж буй. Хаанахын, хэн гэдэг жүжигчдийг тоглуулахаа найруулагч сонгох нь тодорхой. Гэхдээ ордосынхон нийт жүжигчдийн 60 хувь нь монгол жүжигчид байна гэсэн болзол тавьж, зөвшөөрүүлж чадсан сурагтай. Иймд уг төсөлд Өвөр монгол төдийгүй Ар монголын жүжигчид ч тоглох боломж гарч ирсэн гэсэн үг юм. Өвөр монголын ордос аймгийг 2001 онд хуучин Их Зуу аймгийн суурин дээр байгуулсан юм. 2002 оноос тус аймагт их хэмжээний хөрөнгө хаяж, ордос хотоос зүүн урагш 70 км-ийн зайд 5.5 га газарт “Чингисийн онгон” хэмээх нүсэр цогцолборыг сүндэрлүүлсэн. Тэгээд ч энэ цогцолбор олон жуулчны анхаарлыг татаж чадсан. Хятадын Засгийн газраас тус аймгийг их эзэн хааны нэрээр хөгжүүлж, аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилго агуулсан нь тодорхой. Энэхүү зорилгын үүднээс дараагийн том ажил нь тус бүс нутгийг Чингис хааны нэрээр олон улсад таниулсан кино хийх төсөл бололтой. Тийм ч учраас дэмжлэг үзүүлж, олон сая долларын хөрөнгө хаяжээ. Спилбэргийн хийсэн кино хэзээд зарлагаа нөхөөд ашиг олж чаддаг. Түүний найруулга гэхээр дэлхийн нийтээр хошууран үзэхийг дурдах нь илүүц мэт.

    Харин Хятад улс Спилбэрг гэдэг брэндээр төлөөлүүлэн дэлхий дахинд ордос аймаг, “Чингис хааны онгон” цогцолбороо сурталчлан, таниулах, боломж байгааг ийн харж чаджээ. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн зэрэгцээ, олон улсад том сурталчилгаа хийгдэж, зөвхөн Хятадад киногоо үзүүлэхэд л зардлаа нөхөж чадна гэдгийн тэд мэднэ. Чингис хааны тухай сэдэвтэй кино олон. 1928 онд “Чингисийн удам” нэртэй киноноос эхлүүлээд олон арван киног дурдаж болно. Манай улс гэхэд 1992 онд “мөнх тэнгэрийн хүчин дор”, 2008 онд Үхэж үл болно: Чингис хаан гэсэн хоёр ч кино хийж байв. “монгол хүн”-ийг найруулсан С.Бодровыг хөөж явуулаад үхэж болдоггүй Чингисдээ нэг сая 300 мянга орчим ам.доллар зарцуулсан ч тэрхүү “суут” бүтээл нь “Боолын гэрээ”, “Рашаантын 18”-ын хэмжээний ч орлого олоогүй нь нууц биш. Харин хөөгдсөн эрийн “монгол хүн” оскарт нэр дэвшиж, одоогийн байдлаар 6 сая ам.долларын ашиг олоод байна. ордост “Чингисийн онгон” баригдахад монголчууд тун таагүй байдлаар хүлээн авч байлаа. Хятадууд эзэн Чингисийг маань булаах гэж байна хэмээн хардаж байв. Спилбэргийн найруулах кино ч ийм байдал үүсгэх нь дамжиггүй.

С.Содбаатар

 Эх сурвалж: Toimsetguul.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top