Германы Дрэсдэн хотод нэрт гэрэл зурагчин, хатагтай Хэрлиндэ Коэблины “Glothes make the man” нэртэй үзэсгэлэн гарч байна. Эдүгээ 72 настай Хэрлиндэ Коэбл нь Германы урдаа барьдаг гэрэл зурагчдын нэг юм. Тэрбээр эх орондоо төдийгүй олон улсад гаргасан “Герман зочны өрөө”, “Эрчүүд”, “Хүчирхэг эмэгтэйчүүд”, “Еврейчүүдийн хөрөг” гэх мэт үзэсгэлэн, хэвлүүлсэн бүтээлүүдээрээ олон нийтэд өөрийгөө таниулж чадсанаас гадна олон улсын нэртэй шагналуудыг хүртсэн гэрэл зурагчин билээ. Тэрээр “Хувцас хүнийг бүтээнэ” үзэсгэлэндээ нийт 70 хүний албан болон энгийн хувцастай хоёр зургийг зэрэгцүүлэн харуулжээ. Албан хувцас нь хөдөлмөрийн тодорхой нэгэн бүлэгт хамрагдах бөгөөд түүнийг өмссөнөөр хүн хэр өөрчлөгдөж байгаа, энгийн хувцастайгаа хувь хүн болж байгааг зурагчин маань харуулахыг зорьсон байна. Хүний эзэмшсэн мэргэжил нийгэмд ямар байр суурь эзэлдэг болохыг албан хувцас бүрээс харж болох бөгөөд энэ нь улс орон бүрт харилцан адилгүй. Жишээ нь: Коэблины авсан зургууд доторх цэргийнхний хувцаснаас энэ бүгдийг төвөггүй харж болно. Коэбл Герман, Schwezard олон улсын зураг авснаас гадна Ази руу анхаарлаа илүү хандуулжээ. Жишээ нь: Японд албан хувцас олон нийтийн дунд маш үүрэг гүйцэтгэдэг, тэнд замын хөдөлгөөн зохицуулагч байна уу, дэлгүүрийн өмнөх дугуйг цэгцэлдэг ч байна уу хамаагүй бүгд албан хувцас өмссөн байдаг. Ихэнх Азийн орнуудад албан хувцсыг байгууллагын өнгө төрх, тэнд ажиллагсдын хамтын сэтгэлгээ, байгууллагад хувь хүний эзлэх байр суурыг илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгодог. Энэ бүхнийг хатагтай Коэбл уран бүтээлээрээ гаргахыг хичээжээ. Үзэсгэлэнд гаргасан 70 хүний гэрэл зураг дунд Монголын зэвсэгт хүчний эмэгтэй офицер Б. Батнасангийн зураг байв. Б.Батнасан нь энхийг сахиулах тусгай хэлтсийн ганц эмэгтэй офицер бөгөөд тэрээр "Би албаныхаа ард талыг хариуцдаг, өөрийнхөө байр суурь мөн цэргийн хувцсаараа их бахархдаг. Манай алба хаана томилогдоно тэнд би ч бас үүргээ гүйцэтгэнэ. Бид чинь заримдаа гадаадад ажиллах тохиолдол гарна. Би эмэгтэй хүн гэлтгүйгээр адилхан эр хүн шиг зүтгэнэ шүү дээ. Бидний дүрэмт хувцас болон мөрдэснөөс зэрэг дэвийг, бас аль албанд харьяалагдахыг төвөггүй мэдэж болно. Манай ээж, аав хоёр хоёулаа цэргийн хүмүүс болоод ч тэр үү би бас энэ албанд зүтгэхээр шийдсэн. Цэргийн хувцсаа өмсөөд явахаар илүү их анхаарал, хүндэтгэл хүлээх шиг болдог. Ажлын бусад цагаараа харин энгийн хувцсаа өмсөөд найз нөхөдтэйгээ чөлөөтэй байж чаддаг” гэжээ.
“Хувцас хүнийг бүтээнэ” үзэсгэлэн Дрэсдэн хотын Deutsches Hygiene-Museum –д энэ оны долоон сарын 29-ныг дуустал гарна. Үзэсгэлэнд тавигдсан зургууд энэ ондоо ном болон хэвлэлтээс гарах юм байна.
З.Бат
Сэтгэгдэл ( 0 )