Өлсгөлөнгийн мөрөөр: Үйлдэхүй, эс үйлдэхүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

            ОХУ-ын веб хуудсуудыг тойруулж байтал, Оросын сөрөг хүчний төлөөлөгч Сергей Удальцов эмч нарын зөвлөсний дагуу хуурай өлсгөлнгөө зогсоосон тухай мэдээ гарчээ. Үүнтэй холбогдуулан эмч нарын зөвлөсөөр байхад өлсгөлөнгөө зогсоогоогүй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарласан өлсөгөлөнтэй холбоотой нөхцөл байдлыг нягтлан үзэхийг эрмэлзэн хуульчидтай санал солилцож төрсөн сэтгэгдэлээ хуваалцахаар зорилоо.

 

            Хуульчдын үзэж байгаагаар, өлсгөлөнтэй холбоотойгоор нийгэмд бий болсон иргэдийн эрс тэс байр суурь нь жирийн иргэдийн эрх зүйн ухамсар мэдлэгийн түвшингээс шууд шалтгаалж байжээ. Хэрэв иргэд өлсгөлөн гэдэг энэ ойлголтыг зөв ухамсарлан ойлгосон байсан бол хүний амь эрсдэх гэж байгаа мэт сэтгэгдэл нийгэмд төрөх ёсгүй байсан байна. Учир нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хүн өлсгөлөн зарлах эрхтэй. Харин өлсгөлөн зарлахтай холбоотой үйл ажиллагаа нь хууль, заавар журмаар зохицуулагдсан байдаг юм байна.

 

            Иргэн Н.Энхбаяраас гадна, хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэд эрхийн дагуу өлсгөлөн зарлаж байдаг байна. Мэдээж хэрэг энэ өлсгөлөн нь тогтоосон журам зааврын дагуу явагддаг.

 

            Өлсгөлөн зарлагч шаардлага тавих эрхтэй, гэхдээ хууль хяналтын байгууллага шаардлагыг заавал хүлээж авах үүрэг хүлээдэггүй бөгөөд иргэн төрийн байгууллагаас гомдол санал шийдвэрлэх журмын дагуу гомдлоо бичгээр гаргаж шийдвэрлүүлдэг журамтай. Харин иргэн Н.Энхбаярын хувьд заавал шаардлагыг хүлээж авах ёстой гэсэн утгаар зүтгэж байгаа нь өөртөө хэт анхаарал шаардсан байдлыг харуулж байна.

 

            Заавар журмыг нягталж үзвэл, өлсгөлөн зарлагч хоригдож буй газрын удирдлагад энэ тухай бичгээр мэдэгдэж, хорих  газрын удирдлага тусгай өрөө гаргаж өгсөнөөр өлсгөлөн эхэлдэг байна. Өлсгөлөн хорих байгууллага болон эмчийн хяналтан дор явагддаг бөгөөд хэрэв өлсгөлөн зарлагчийн амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хорих газрын удирдлага болон эмч нар өлсгөлөнг зогсоохыг шаардаж, шаардлагатай нөхцөлд албадан эмчилгээнд оруулдаг байна.

 

            Албадан эмчилгээнд оруулж буй шалтгаан нь Монгол Улс иргэддээ өөрийгөө үхүүлэхийг хуулиар зөвшөөрөөгүй байдаг, төр хуулийн дагуу хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байдагтай холбоотой гэнэ.

 

Тэгэхээр манай улсад өлсгөлөн зарласан иргэний амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлж байгаа нөхцөлд, өлсгөлөн зарлагч сайн дураар өлсгөлнгөө зогсоогоогүй бол албаадан эмчилгээнд оруулах хуулийн зохицуулалт байдаг бөгөөд түүнийг үхэлд хүргүүлэхгүйн төлөө зохих алхамуудыг хийдэг тул иргэн Н.Энхбаярын амь нас, эрүүл мэнд хуулиар хамгаалагдсан байжээ.

 

            Өлсгөлөн өрнөсөн байдлыг товчилж үзвэл: Н.Энхбаяр нь өлсгөлөн зарлах эрхээ хэрэгжүүлсэн. Өлсгөлөн удаан хугацаагаар үргэлжилж амь нас, эрүүл мэндэд нь аюул учраад байхад тэрээр өлсгөлөнгөө зогсоогоогүй. Хууль хяналтын байгууллагаас албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан. Харин эмнэлгийн байгууллагаас бид нарт албадан эмчлэх эрх байхгүй тул хууль хяналтын байгууллагаас иргэн Н.Энхбаяарыг батлан даалтад гаргавал эмчилж эхлэх боломжтой гэж мэдэгдсэн. Шүүхээс иргэн Н.Энхбаярыг батлан даалтад гаргаснаар өлсгөлөн зогссоныг бид мэднэ.

 

            Өлсгөлөнгийн үед иргэн Н.Энхбаярын амь нас эрүүл мэндэд аюул бий болоход албадан эмчлэх шийдвэр гаргасан хууль хяналтын байгууллагынхан хуулийн дагуу ажиллажээ.

 

            Харин хууль, журам зааврын дагуу шаардлагатай нөхцөлд албадан эмчилгээ хийх үүрэг хүлээсэн эмнэлгийн байгууллагын эмчилгээ хийлгүй хараад сууж байсан нь ойлгомжгүй явдал болсон. Хэвлэлийн бага хурал хийлгэж буй эрүүл мэндийн салбарын хүмүүс ажил үүргийнхээ дагуу ийм журам байдгийг мэдэх ёстой юм байна.

 

            Хуулийн хэллэгээр энэ байдлыг, амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд эмчилгээ хийлгүйгээр орхисон ЭС ҮЙЛДЭХҮЙ гэж тодорхойлдог бөгөөд хэрэв тухайн хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учирвал хариуцлагыг эрүүл мэндийн байгууллага хүлээхээр байжээ.

 

            Хуульчдын ярьж байгаагаар, Монгол Улсад хорих газар олон хүн өлсгөлөн зарладаг, зарим тохиолдолд албадан эмчилгээг хийдэг байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн байгууллага хүний амь нас, эрүүл мэндэд аюул учираад байхад эмчилгээ хийхээс татгалзан нөхцөл тавьж суудаггүй байна.

 

            Үүнтэй холбоотойгоор цаашид эмнэлгийн байгууллагынхан хууль тогтоомжоо судалж, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг эрмэлзэх ёстой гэж санагдана.

 

Энэ бүх үйл явдлын хажуугаар улс төр өрнөсөн. МАХН намынхаа даргыг хамгаалах нэрийн дор улс төрийн тоглолт хийж байсан явдал юм.

 

Хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байхад эмчилгээ хийхгүй байгаа эмнэлгийн байгууллагад шаардлага тавихын оронд улс төрийн мэдэгдэл хийж, хууль хяналтын байгууллага руу “дайрч давшилж” улс төрийн оноо авах арга хэрэгсэл болгож ашиглаж байгаа нь хариуцлагагүй, хүмүүнлэг бус явдал болсон гэж үзэхээс аргагүй юм.

 

МАХН дотор төрөөс тогтоосон заавар журам байдагийг мэддэг хүмүүс байсан л байж таараа, гэхдээ тэд тодорхой шалтгаанаар намынхаа нөхдийг зогсоож зөв гольдролд оруулаагүй нь харамсалтай. Энэхүү идэвхтэй ҮЙЛДЭХҮЙ нь намын даргыг  хамгаалах нэрийн дор улс төр нийгмийг үймүүлж улс төр хийж байгаа явдал гэж хэлэхээс аргагүй юм.

 

Тэгэхээр дайн дээрээс дажин гэгчээр, санаатай юу, болгоомжгүй юу, мэдлэгтэйгээс үү мэдлэггүйгээс үү иргэн Н.Энхбаярын амь нас, эрүүл мэнд дээр улс төрийн тоглолт хийж нийгмийг хагаралдуулахыг зорьж МАХН-ын зүгээс хийсэн алхамууд нь зөвтгөх боломжгүй юм.

 

Намынхаа даргын амь нас, эрүүл мэндийг нам нь мэддэг, түүнийг улс төрийн тоглоомдоо ашиглах хууль манай улсад лав байхгүй бизээ.

 

            Эцэст нь хэлэхэд иргэд бид эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх хэмжээгээр биднийг утсан хүүхэлдэй гэж ойлгодог улс төрчдийн хандлага ч өөрчлөгдөх боломжтой гэдгийг сэтгэлийн үзүүрт тунгаана бизээ.

 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top