Д.Дэмбэрэл: Өрхийн орлого 2.2 дахин нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27

УИХ-ын 2012 оны хаврын чуулганыг түр завсарлуулж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


      Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,


УИХ-ын ээлжит сонгуульд оролцохын өмнөхөн УИХ-ын нэгдсэн чуулганыг завсарлуулах шаардлагатай боллоо. Энэ мөчид ажил үйлсийнхээ талаар гишүүд та бүхэнд хандаж хэдэн зүйл хэлье.

Өнгөрч байгаа он жилүүд амар, хялбар байгаагүй, хүнд хэцүү зүйл, бэрхшээл олон тулгарлаа. Ажилгүйдлийн түвшин өндөр, хүн амын нэг хэсгийн амьжиргаа доогуур, 2009-2010 онд зудаар 10 сая мал хорогдож, санхүү эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь сонгогч олон, ард түмэнд ч бас амар хялбар байгаагүй. Үүнийг бид давж туулсан. Шийдэл болгонд УИХ-ын гишүүд өөрийн гэсэн жинтэй хувь нэмрээ орууллаа. Иймээс ч чамлахааргүй амжилтад хүрсэн.  
   
Нэг. Улс орны нүүр царай эдийн засгийн амжилтад суурилдаг аа. Энэ үүднээс авч үзвэл, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирээдүйтэй суурийг манай парламент тавьж чадлаа.

Эдийн засгийн хурдацтай өсөлт өнгөрсөн онд 17 хувь болсон бол ирэх жил 19 хувьд хүрч хурдаа нэмэх нь. Улсын нэгдсэн төсөв 7.5 их наяд төгрөг болно. Энэ тоо дөрвөн жилийн өмнө 2.1 их наяд төгрөг байв. 2013 оны төсвийн хүрээ, 2014-2015 оны төсөөллийг саяхан бид ингэж батлав.

Бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд УИХ эдийн засаг, төсөв, мөнгөний зөв бодлого явуулсныг ажлын үр дүн харуулж байна. Эдийн засгийн өндөр өсөлт, түүний дүнг урьдчилан харж төлөвлөснийг дутуу ойлгосноос үүдэлтэй олон янзын шүүмжлэл, таамаглал гарч байлаа. “Төсвийн тэлэлт”, “эдийн засгийн халалт”, үнэ, инфляцийн хөөрөгдлөөр далайлгаж байсан шиг нөхцөл байдал манай оронд үүсээгүй юм. Энэ талаархи манай эдийн засагчид, судлаачид, олон улсын байгууллагын мэргэжилтний сэрэмжлүүлэг, санал бодлыг бид анхааран үзэж эдийн засаг, мөнгө, санхүү, зээлийн бодлогод тусгаж байлаа. 


Хоёр.
Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлыг өрнөлттэй явууллаа. Дөрвөн жилд  3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. 1486 км засмал зам барьж, 1456 км замыг эхлэн тавьж байна. Мөн эрчим хүчний 120 дэд станц бүхий 5634 км өндөр хүчдлийн шугамыг барьжээ. Оюутолгой, Таван толгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулав. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндсийг бодитой тавив. Энэ бүх амжилт нь эрх зүйн болон санхүүгийн таатай орчин бүрдүүлсэний үр дүн юм.  

   

Гурав. Өнгөрч байгаа жилүүдэд манай орны иргэдийн амьдрал ахуйд тодорхой ахиц өөрчлөлт гарсан. Зах зээлийн харилцааны нөхцөлд эдийн засгийн урамшууллыг чадамгай ашиглалаа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний урамшуулалд сүүлийн 3 жилд 40 тэрбум, газар тариаланчдын урамшуулалд 50 шахам тэрбум төгрөг олгогджээ. Үр дүн нь ямар байна гэвэл энэ оны төлийг нь оролцуулаад 50 сая мал малчдын хотонд байна. Үр тариа, төмс, хүнсний ногооны ургацаар улс орон өөрийгөө хангах боллоо.

Өрхийн сарын дундаж орлого 2008 оныхоос 2.2 дахин нэмэгджээ. Малчдын амьжиргааны үндэс болсон малын үнэ бараг 3 дахин өсч, гурилын үнэ 4 жилийн өмнөхөөс кг нь 100 төгрөгөөр буурчээ. Ер нь төрөөс авсан арга хэмжээний үр дүнд малчин, тариаланчид сэтгэл өег байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Улсын хэмжээгээр 2008 онд дундаж цалин 250 мянган төгрөг байсан бол 500 мянган төгрөг болж 2 дахин нэмэгджээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын цалин 300 мянган төгрөгөөс 630 мянган төгрөгт хүрлээ. Ахмадын тэтгэвэр 2.2 дахин өсч доод хэмжээ  нь 2008 онд 80 мянган төгрөг байснаа 180 мянган төгрөг боллоо. Оюутнууд сар тутам 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй суралцаж байна. Иргэдэд 1.5 сая төгрөг олгох амлалт биеллээ олж байна. 250 мянган хүн шинээр ажлын байртай боллоо. 

Дөрөв. Нийгэмд шударга ёс тогтоох гэсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын санал, шаардлагад тулгуурлан Улсын Их Хурал энэ талаар ёс зүйн дүрэм, сонирхлын зөрчил зэрэг хэд хэдэн чухал хууль, шийдвэр гаргасан юм. Ёс зүйтэй, соёлтой төр л иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, түүнийг нь баталгаажуулдаг аа.

Хээл хахууль, авилгатай шийдвэртэй тэмцэл явууллаа. Энэ талаархи эрх зүйн орчинг чамбай бүрдүүлсэн. Төрийн албан хаагчид ёс зүйтэй, зүрх сэтгэлийн дуудлагаар ажилладаг байх, тэднийг мөнгө, сонирхолд хөтлөгдөхөөс салгахыг бид хүсэж, тэр зорилгодоо хүрэх өндөр шаардлага тавьж ажилласан. 


Тав. Улсын Их Хурал Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор бүрэн хангаж өгсөн. Хамтарсан засгийн газар байгуулж ажиллуулсан нь алдсанаасаа оносон нь хавьгүй их гэж үзэж байна. Энэ явцад бид улс төрийн тогтвортой байдлыг хангаж хамтарч ажиллах улс төрийн менежерүүд болж чадсан. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, түүний танхимын гишүүдийн идэвхи зүтгэл чамлахааргүй байсныг тэмдэглэж байна. Банк, статистик, санхүүгийн зохицуулах хороо болон аудитын байгууллагын ажиллагаа жигд сайн байлаа.


Зургаа. Улсын Их Хурал дотооддоо хяналтгүй гэсэн эргэлзээ иргэдэд байсан, одоо ч байгаа байх. Үүний хариуд УИХ-ын үйл ажиллагааг бид нээлттэй болгож, чухамдаа сонгогч иргэд хяналт тавих эрхийг нь хангасан билээ.
   
УИХ-ын гишүүд бид өөрсдөө сонгогчдын өмнө ил тод байлаа. 32 телевиз, 3 радио, 33 сонин, 16 цахим хуудас, мэдээллийн 8 агентлагийн сурвалжлагч нар УИХ-ын үйл ажиллагааг байнга сурвалжилж байв. Сонгогчид бидний алдаа оноог дэнсэлж, зонхилох тохиолдолд хатуугаар шүүмжлэн шаардлагаа тавьж байсан нь үлэмжхэн ач холбогдолтой байв. УИХ-ын гишүүд бидний хийсэн бүтээсэн нь иргэд сонгогчид та бүхэнтэй хамтдаа хийж бүтээсэн зүйл юм шүү.

Улсын Их Хурал бол ард түмний төлөөлөл, ард түмний тусгал. Улсын Их Хуралд гарч байгаа бэрхшээл, ололттой бүхэн энэ утгаараа ард түмэнд хамаатай юм. УИХ бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд бие даасан 111 хуулийг гаргаж, 484 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 тогтоол, 35 бодлогын баримт бичиг, 59 олон улсын гэрээ хэлэлцээрийг баталжээ. Хууль баталсан тоо хэмжээгээр бид чамлалтгүй амжилт тогтоов. Гэхдээ хуулийг чандлан хэрэгжүүлэх чадамж, зохион байгуулах арга ажиллагаандаа ахиц гаргах шаардлагатай байна. 

Би энд бүх ажлыг тайлагнан хэлэх гээгүй байна. Тийм зорилго ч тавиагүй. Харин УИХ-ын гишүүд та бүхэн сонгогчиддоо ажлынхаа ололт амжилт, бэрхшээл дутагдлын талаар  дэлгэрүүлэн тайлагнах биз ээ. Аймаг, сум, бүс нутаг хөгжил дэвшилд тэмүүлж байна. Хүмүүс сэтгэл тайван амьдралыг хүсч байна. Улс оронд дэг журам, сахилга, зохион байгуулалтыг өндөржүүлэх шаардлага бий. Улсын Их Хурлын гишүүд Та бид бүрэн эрхийн хугацаанд үүргээ биелүүлсэн эсэхэд ард түмэн дүнгээ тавих биз ээ.


Долоо.
Ардчилсан сонголтын ололтыг алдахгүй байхын үнэ цэнэ юугаар ч хэмжишгүй их ээ. Монголын ард түмэн энэ ололтыг зөв ашиглахад суралцаж байна. Улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагууд, нийт сонгогчдын анхаарал УИХ-ын болон Нийслэлйн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд төвлөрөх боллоо. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн ажлын явцтай танилцан сонгууль шударга явагдана гэдэгт итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн юм. 


Сонгууль шударга болдогийг бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйцаар УИХ-ын энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй байна. Нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн хүрээнд хэр хариуцлагатай явагдахаас эцсийн үр дүн шалтгаална. Ард түмний сонголтыг хэн нэг этгээд өөртөө ашигтайгаар өөрчлөх хууль бус оролдлого гаргуулахгүй байх ёстой. 

Нэр дэвшигч болон нэр дэвшүүлэгч намууд хэн боловч сонгогчдыг эд бараа, мөнгө төгрөг, бэлэг сэлт, үндэслэлгүй хоосон амлалтаар өөртөө татах боломжгүйг Улсын Их Хурлын сонгуулийн хуулиас тодорхой харж болно. 

Иргэний нийгмийн байгууллагууд сонгуульд хяналт шинжилгээ хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, тэдний эрхээ хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн оролцох хуулийн эрхээр хангагдсан нь сонгуулийг урьд урьдынхаас амжилттай явуулах бас нэг үндэс гэж үзэж байна.


 Найм. Монгол улс 13 оронтой дипломат харилцаа шинээр тогтоосноор дэлхийн 163 улстай дипломат харилцаатай боллоо. Их хөршүүдээс гадна олон оронтой түншлэлийн харилцаа тогтоосон. Монголын ардчиллыг дэмжиж, манай орны хөгжил дэвшилд тусласан улс орнууд болон олон улсын байгууллага, мэргэжилтнүүдэд УИХ талархаж байна.

Гадаад ертөнцөд сонгуультай холбон цуурхаж байгаа мэдээллийг өдөр тутмын зарим хэвлэл болон интернэтийн сайтуудаас бид харж байна. Тэнд УИХ-ын сонгуулийг “будлиантай болно”, “улс төрийн тогтворгүй байдал монголд үүснэ” гэсэн билэггүй мэдээлэл цөөнгүй гарах болсонд харамсаж байна. Алив улс орны дотоодын ялих ялихгүй зөрчлийг ашиглан ялангуяа сонгуулийн үед тэр орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь нэн зохисгүй зүйл ээ.

Энэ цаг үед монгол хүн бүр эв эеийг хичээж, улс орон, үндэснийхээ эрх ашгийг дээдлэн нэгдмэл байдлыг хангахын төлөө чармайх хэрэгтэй. Хүчээ нэгтгэвэл бид бэрхшээлтэй бүхнийг давж чадна. 6 дугаар сарын 28-ны ажлын өдрийг амралтын өдөр болгон иргэд сонгуульд оролцох эрхээ эдлэх боломжоор хангаж байна. Сонгуульд иргэн бүрийн оролцоо санаачлага нэн чухал. Сонгогчдын шийдвэр мэргэн болно гэдэгт итгэж байна.

Эрхэм гишүүд ээ,  

Улсын Их Хурлын энэ удаагийн хаврын чуулган төлөвлөсөн бүх асуудлаа шийдвэрлэлээд байна.

Сонгуулийг товлон зарлаж, нэр дэвшихтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулахаар шийдвэр гаргаж байгаагаа гишүүддээ мэдэгдэе.

Та нарынхаа сонгуулийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top