С.Батболдын Засгийн газар баялгийн шударга хуваарилалтыг хийж чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27


~ Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан, энэ онд улсын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталсан нь онцлох шийдвэр байлаа ~

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд  тус компанийн 1072 хувьцааг 1 сая  төгрөгтэй дүйцүүлэн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тооцохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  хувьцааг баталгаажуулж “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийх юм байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхдээ “Манай Засгийн газар баялгийн шударга хуваарилалтын зарчмыг тодорхойлж, суурийг нь тавилаа” гэж онцолж байлаа.Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар чухал асуудлууд шийдвэрлэлээ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 363 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олгох шийдвэр гаргаад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт энэ ажил жигдэрч эхэллээ. 6 дугаар сард багтаан  бэлэн мөнгөө олгож дуусахаар ажиллаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийт иргэддээ 1,5 сая төгрөгтэй тэнцэх хишиг, хувь олгоно гэж тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрээ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасныг тэмдэглээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  нэг сая төгрөгтэй дүйцэхүйц 1072 хувьцааг “Хүний хөгжил сан”-гийн дэвтэрт бичилт хийж ойрын хугацаанд дуусгана. Ингэснээр хишиг, хувийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр сонголттойгоор олгох шийдвэр хэрэгжих юм гэдгийг онцоллоо.

“Хүний хөгжлийн сан”-гийн дэвтэрт бичилт хийгдсэнээр аж ахуйн нэгжүүд дүйцүүлсэн үнийн хэмжээнд хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авах боломж нээгдэж байгаа гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэллээ. Мөн манай Засгийн газар нийгмийн баялгийн шударга хуваарилалтын үндсэн зарчмыг тодорхойлж, суурийг нь тавьж чадлаа. Нийгмийн баялаг, уул уурхай, түүнээс олж байгаа орлого бол ард түмний баялаг, ард түмэн эзэн нь юм. Баялгаа эзэмших, өмчлөх эрхтэй юм гэдгийг бодитоор хэрэгжүүлэх ажил үүргээр эхэлж байна гэдгийг онцоллоо. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох яам, агентлаг болон Төрийн өмчийн хороонд Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.

СОНГУУЛЬ БОЛДОГООРОО БОЛНО, ЗАСГИЙН АЖИЛ ЦАЛГАРДАХ ЁСГҮЙ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболд  Засгийн газрын гишүүд болон яам, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчдад хандан тодорхой үүрэг, даалгавар  өглөө. УИХ болон НИТХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Засгийн үйл ажиллагаа хэвийн, тогтвортой, хариуцлагатай явах ёстой гэдгийг сануулаад, Засгийн газрын зарим гишүүн  болон дэд сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан яамдын үйл ажиллагааг цалгардуулахгүй, төлөвлөгөөт ажлаа хэвийн явуулахыг үүрэг болголоо.

Салбаруудын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах зохицуулалтаар хангах, 2012 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламж, төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах, яам, агентлагийн ажилтнууд  ажлын байрандаа тогтвортой ажиллах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зэрэг үүрэг өгчээ. Засгийн газрын хуралдаан лхагва гараг бүрт болдогоороо болж цаг үеийн асуудлуудыг түргэн шуурхай шийдэж байх, үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт тавьж байх, түүн дотроо яам, агентлагийн албан тушаалтнууд хариуцлагатай хандахыг сануулсан байна.

ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа зарим тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Энэ дагуу :

  • Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд сард нэг удаа олгох мөнгөн тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд улиралд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг тус бүр 60 мянган төгрөг
  • Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-т жилд нэг удаа 120 мянган төгрөг
  • Ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 4 хүртэл насны 2 ихэр бол хүүхэд бүрт 1 сая, 3 ба түүнээс дээш ихэр бол хүүхэд тус бүрт 5 сая төгрөг
  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон, амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь зориулж нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг 1.5 сая төгрөг
  • Орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлтөд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
  • Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200 мянган төгрөг
  • Төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнээс Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 150 мянган төгрөг
  • Насанд хүрсэн, бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд сар бүр үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөг
  • Нийслэл хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлтийн хэмжээг жилд нэг удаа 200 мянган төгрөг байхаар тогтлоо.

Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, протез, ортопед болон тусгай хэрэгслийн жишиг үнийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнийн өсөлтийг харгалзан өөрчилж байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Мөн хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх”, “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох”, “Тусгай сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэ төлбөргүй сургахыг дэмжих”, “Ахмадын сан байгуулан ажиллуулах”-тай холбоотой журмуудыг баталлаа.

Дээрх журмуудыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

“УРТ НЭРТЭЙ” ГЭГДЭХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ЭРЧИМЖИЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Хууль хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан байна. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоожээ.

Ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хил хязгаарыг эцэслэн батлах бөгөөд үүний дараа лицензүүдийг түдгэлзүүлэх, цуцлах, нөхөн төлбөрийн асуудал яригдана гэж Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар хэллээ.  Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг тогтоосноор “Урт нэртэй” гэгдэх хууль эрчимтэй хэрэгжих боломж бүрдэж байна.

Засгийн газрын хуралдааны үеэр алтны болон шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогдогчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх тухай ч яригдлаа.  

Мөн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газраас бусад талбайг 5 жилийн хугацаагаар улсын нөөцөд авах шийдвэр гаргалаа. Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл олгох бололцоотой байсан 20 орчим хувийг улсын нөөцөд авч байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь улсын нөөцөд багтаж байна. Ингэснээр шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг 5 жилээр зогсоолоо.

Цаашид геологийн судалгааны ажил хийсний үндсэн дээр улс, орон нутаг тухайн талбайг нөөцийн газраас гаргана гэвэл жил бүрийн үндсэн чиглэлд тусган УИХ-аар хэлэлцүүлсний дараа Засгийн газар зөвшөөрөл олгодог байх зарчимд шилжлээ. Энэ нь тусгай зөвшөөрлийг хараа хяналтгүй, их хэмжээгээр олгож байна гэсэн ярианд цэг тавьсан шийдвэр юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

ЭНЭ ОНД 22.8 МЯНГАН ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛНЭ

Энэ онд улсын хэмжээнд 22.8 мянган га газрыг өмчлүүлэхээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал болгосныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 21.8 мянга га газрыг үнэгүй, аж ахуйн зориулалтаар 0.96 мянган га газрыг өмчлүүлэх юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 29917 иргэн 3071.89 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлөөд байна. Өмнөговь, Говьсүмбэр, Дорнод, Төв, Булган аймагт газар өмчлөл эрчимтэй буюу 25 хүртэл хувьтай байгаа бол Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймагт 7.82 хүртэл хувь буюу удаашралтай байгаа судалгаа гарчээ.  

Харин 108 иргэн 18.82 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр, 49 иргэн 1.51 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар, 21 иргэн 10.95 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр тус тус хувьчилж авчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ТОВЧ МЭДЭЭ

  • УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачилсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзлээ. Гишүүн төсөлдөө Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж дээр 65-71 хүртэл настай иргэнд 5 хувийн, 71-85 хүртэл настай иргэнд 10, 85-99 настай иргэнд 20, 100 ба түүнээс дээш настай иргэнд 30 хувийн мөнгөн тусламж авч байх зэргийг тусгасан байна. Наснаас хамааран ялгаатай тэтгэвэр, тэтгэмж олгох нь даатгуулагчийг насаар нь ялгаварласан хэрэг болох бөгөөд энэ нь нийгмийн даатгалын зарчимд нийцэхгүй байна гэж Засгийн газар үзэж, хэд хэдэн саналыг уламжлахаар боллоо.
  • Өндөр хөгжилтэй оронд Төрийн сангийн зээлээр болон Засгийн газрын тэтгэлгээр суралцаж төгсөөд ирсэн хүнд бусад сургууль төгссөн хүнээс давуу эрх олгон, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэн, төрийн албан тушаалд шууд томилон ажиллуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачилсан байна. Энэ нь Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцэхгүй байна хэмээн үзэж төслийг дэмжих боломжгүй гэдгийг уламжлахаар тогтлоо.
  • Засгийн газар өнгөрсөн сард 55 асуудал хэлэлцэн, 19 асуудалтай танилцсан байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан, эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэл, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг олон томоохон ажил хэрэгжүүлжээ. 03 дугаар сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.048.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 117.2 тэрбумаар буюу 10.1 хувиар давсан байна. Энэ нь 2011 оны мөн үеийнхээс 144.1 тэрбумаар буюу 15.9 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдсэн төсвийн зарлагын 53.5 хувийг санхүүжүүлсэн байна.
  • Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах болон иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газарт УАЗ-31512 автомашин нэгийг улсын нөөцөөс олгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байранд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлах, усанд осолдсон хүнийг авран хайх бүлэгт томилогдон албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтан Л.Ган-Одонгийн ар гэрт олгох тэтгэмж зэрэгт зориулан нийт 250 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дархан суманд болон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлахад гаргасан хөрөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх, улсын нөөцөөс олгосон автомашиныг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Гал түймэрт шатсан Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг шинээр барих 1 тэрбум 200 сая, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын сургуулийн дотуур байрыг шинээр барихад шаардагдах 750 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Барилгыг цаг хугацаанд нь чанартай барьж, ашиглалтад оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгалаа.
  • “Хүүхэд насыг хайрлая” 2012 оны зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилгыг идэвхжүүлэх сурталчилгааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр тогтов. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачилсан энэ Олон нийтийн санаачилгад төрийн болон төрийн бус, олон нийтийн гээд 140 гаруй байгууллага нэгдэн хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхдийг эрсдэлд оруулж байгаа нийтлэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө ажиллан, хүүхэд хамгааллын үйлчилгээнд 184 мянган гэр бүлийн 650 мянган хүүхдийг хамруулж, эцэг, эх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх ажил хийжээ.
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн Зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилж, зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг хавсралт ёсоор баталлаа. Бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах үүрэгтэй нэгжийг Зохицуулах зөвлөлийн Ажлын алба болгон өөрчилж, 15 хүртэл орон тоотой байхаар болсон байна.
  • Нийслэл, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, энэ оны төсвийн тухай хэлэлцэн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов. Энэ зөвлөл ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ тарифыг бодит зардалтай нь уялдуулан тогтоож, энэ харилцаанд оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах чиглэлээр ажиллана. Зөвлөл ажилдаа орсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл дээшилнэ гэж Засгийн газар үзлээ. 
  • “Тайшир-Алтай” Ус хангамжийн төслийг төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах талаар хэлэлцэв. Энэ дагуу Концессийн зүйлийн жагсаалтыг боловсруулахдаа энэ төслийг оруулж УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй үзлээ. Энэ төсөл нь Тайширын усан цахилгаан станцын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52.8 км урт, 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан Алтай хотын иргэдийг тасралтгүй, найдвартай хүргэх зорилготой юм.
  • 06 дугаар сард болох “Өнөөгийн монголын гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулахаар тогтож шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
  •  “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн яс Монголоос гаралтай гэдгийг тогтоох ажил үргэлжилж байна. Уг олдвор манай улсаас гаралтай гэдгийг тогтоовол шүүхийн журмаар, эсвэл худалдан авагчтай тохиролцон тодорхой нөхөн төлбөр өгч эргүүлэн авчрах боломжийг судлаж байгаа тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр танилцууллаа.  
  • Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Монгол Улсын баатар, хурандаа генерал Жамьянгийн Лхагвасүрэнгийн, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Шагалын Жадамбын нэрэмжит болголоо. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, Ардын армийг шинэчлэх, хөгжүүлэх болон Батлан хамгаалах салбарын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилгоор Засгийн газар ийм шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top