76 тэрбумын “төр”…

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Төрийн удирдлага гэж “нэг юм” байдаг гэж би лавтайяа 20 жил үглэж байна. Энэ хооронд манай улс төрчид бараг бүгдээрээ гадаад дотоодод “сураад” доод тал нь “удирдлагын ухааны” мастер, магистр, дээд тал нь доктор, академич болчихож. Тэднийг тоо болон дипломоор нь хэмжвэл Монголыг байтугай, дэлхийг удирдах хэмжээнд аль хэдийнээ хүрчихсэн бололтой юм. Гэхдээ даанч нэг хэрэг алга даа, манай “удирдагчид”. Хэрэв бодит үр дүн гаргахгүй бол Та нарын тэр хар мянган диплом, цол хэргэмээр чинь ямар үхснээ хийхийм ?!
Социализмын үеийн удирдлагын ухааны сурах бичиг, одооны төрийн удирдлага (public administrastion)–ын аль ч ном зохиол, сурах бичгүүдийн лавтайяа 70-80 хувь нь бараг адилхан байдаг. Энэ нь аливаа төрийн удирдлагын язгуур чанар, үндсэн зарчмууд ерөнхийдөө хаана ч адилхан гэсэн үг. Надад үнэмшихгүй бол Та бүхэн өөрсдөө аваад харьцуулаад үзэж болно шүү дээ.
76 тэрбумын хэрүүлийн жишээн дээр манай “төрийн удирдлага”-ыг харуулбал илүү тод харагдах болов уу.

 

Төр биш “төр”
Ямар ч төр, ухаандаа хаант, социалист, капиталист төр засаг удирдлагын хувьд адилхан зарчимтай байдаг. Эрх мэдлийг атгаж шийдвэр гаргана, татвар авна, тэрийгээ хуваарилна. Нийгмийн үйл явцад боломжит хэмжээгээр алсыг харсан тодорхой бодлого, үндэсний эрх ашгийн үүднээс нөлөөлнө, шийднэ, удирдана. Хэн нь их бага авч байгаа нь огт өөр асуудал. Төрийн удирдлагыг салбарын, орон нутгийн гэж хоёр хуваадаг юм. Энд нийгмийн байгуулал бас л огт хамаагүй.

За салбар гэхээр бүгдээрээ мэднэ дээ. Аж үйлдвэр, уул уурхай, хөнгөн хүнс, хөдөө аж ахуй гээд л. Энийг хэрхэн яаж ангилах нь бас л нэг их ач холбогдолтой биш. Ухаандаа үндэсний үйлдэрлэлийг хөгжүүлье гэж хоосон орилж байхынхаа оронд мал аж ахуйгаа ингэе, газар тариалангаа тэгье, үүгээр зам тавъя, тэнд барилга баръя гэж мөнгөө хуваарилсан нь хамаагүй дээр. Иймээс ч салбарын яамдуудыг байгуулдаг. Дорнотод дунд сургууль нь 8 жилтэй, Баян-Өлгийд 10 жилтэй байж огт болохгүй. Эсвэл Өмнөговийн эмнэлэг 5 “эхо”-той, Хөвсгөлд ганц ч байхгүй байж огт болохгүй.
Мөн батлан хамгаалах, төмөр зам, уул уурхай гэх мэтчилэн улс нийгэмд нийтэд нь ашигтай, хэрэгтэй бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болно. Төмөр зам гэхэд л хэд хэдэн аймаг дамнуулан барьдаг учраас орон нутгийн биш, “төр”-ийн асуудал болно. Эсвэл ихээхэн ашигт малтмал нэг л аймагт байх нь гарцаагүй боловч энэ бол монголын ард түмний нийтлэг эрх ашгийн асуудал болно. Иймээс салбараар нь төвлөрүүлж удирддаг юм.
“Аягүй амархан” байгаа биз, төрийн удирдлага чинь. УИХ, яам, агентлагууд шийдвэр гаргаад л, мөнгийг нь хуваарилаад л гүйцээ. “Төв”-ийн засаглалд суугаа манай луйварчид ингэж бодож мөнгө идэж байдаг юм.
Даанч дан ганц салбараар нь төр, нийгмээ удирддаг улс гүрэн гэж энэ дэлхийд байхгүй. Учир нь аль ч улс засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг. Манайд бол нийслэл дүүрэг, хороо, аймаг сум, баг. Гурван шатлал үүсч байгаа биз. Аа бас, Н.Энхбаярын санаачлагаар “бүс” гэсэн нэг шат нэмчихсэн юм байна. Гурван шатлалаар удирдаж чадахгүй хэвтэж дөрвөн шатлалаар удирдах юм гэнэ ээ. Харин бидний аз болоход энэхүү 4 шатат төрийн удирдлага нь “сөнөж” эдүгээ ердөө л хурдан морины уралдааны “бүс” болон хувирсан нь сайн хэрэг.
Салбараар нь удирдлаа ч гэсэн хэрэгжилт нь эдгээр нэгжүүдэд ирж “тусдаг” юм. Энд ч гэсэн бас өөрийн гэсэн асуудал байх бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд нутгийн удирдах ёс гэж байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө, эрх мэдлийн зохистой хуваарилалт хийхийн тулд. Бүр томоор ярих юм бол төвийн болон орон нутгийн эрх мэдэл, удирдлагыг зохистой хослуулах гэж. Тэгвэл эдгээр засаг захиргааны нэгжид мөнгөө хуваагаад л гүйцээ юм биш үү ?! Ингэхийг орон нутгийн феодалууд яасан их хүсч байгаа бол ? Битгий горьд, даанч ингэж болдоггүй юм…
Эрдэнэтийн зэс бол Орхон аймгийн биш, нийт монголчуудын баялаг учраас төрөөс оролцож, ашгийг нь хуваарилах ёстой. Өмнөговийнхон шиг нүүрс бол “манай өмч” гэвэл тэрийг нь зогсоож монгол үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө ашиглах гэж төр улс байдаг юм.
За эндээс л аливаа төрийн удирдлагын мөнхийн бөгөөд хэзээ ч төгс шийдвэрлэж чадахгүй том асуудал үүснэ дээ. Үүнийг томъёолбол “төвийн болон орон нутгийн эрх мэдлийг зохистой хослуулах”, “төвлөрлийг сааруулах”, “төсвийн бодлого, удирдлага, хуваарилалт” гэх мэтчилэн үй олон юм бий…
Энийгээ орвонгоор нь алдчихаар төр нь төр биш болдог юм. Наад 76 тэрбум чинь эндээс л үүсэлтэй…

Төлөвлөгөө хийгээд төсөв
Зөвхөн социализм л төвлөрсөн төлөвлөгөөтэй байдаг, бусдад огт хэрэггүй гэж арай бодмооргүй байлтай. Аливаа нийгмийн систем заавал төлөвлөгөөтэй хөгждөг. Зарим “мэргэн цэцэн” нь хэтийдсэн хүмүүс Чингис хааны үед “төлөвлөгөө” байсан уу ? гэхчлэн асуулт тавьж ч магадгүй. Байлгүй яадаг юм. Эхлээд Хятадыг эзэлье, дараа нь Хорезм, Оросыг гэхчлэн “бодохыг” л би “төлөвлөгөө” гэж нэрлээд байгаа юм.
Тодруулж хэлбэл цаг хугацааны тодорхой хэрчимд улс нийгэм, үндэстнээ ингэж тэгж хөгжүүлнэ гэсэн юмыг л “төлөвлөгөө” гэж ерөнхийд нь нэрлээд байна л даа. Тэр төлөвлөгөөгөө төрийн бодлого, концепци, мянганы хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн цогц бодлого, намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, 2010 оны улсын төсөв гэнэ үү, нэр нь огт хамаагүй. Дээр дурдсан нэр томъёо, ойлголтууд мэдээж ихээхэн ялгаатай, түвшин нь өөр өөр, гэхдээ л бүгдээрээ ямар нэг хэмжээгээр “бодож төлөвлөсөн” зүйл юм. Иймээс би буурах эрэмбээр нь цувуулж бичиж байна.
Энд намайг олон эдийн засагч, улс төрч, хуульч нар хаа хамаагүй олон ойлголт, тодорхойлолт холилоо гэж загнаж магадгүй л юм. Би хялбаршуулах үүднээс цаасан дээр “хольж” байна. Харин Та нар бол хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас эхлээд төрийн болон эдийн засгийн удирдлага, алба хийгээд амь гээд гээд монголын хамаг юмыг амьдрал практик дээр “хольж” байна. Ингээд Та нар Монгол Улсыг хөнөөж байна.
Одоо бид уншсан “ном”, үзсэн “юм”-аа эргүүлээд яриад байдаг “магнитофон” хэв маягийн сэтгэлгээтэй хүмүүсээс шийдвэртэй салах цаг болсон…
“Төрийн болон төсвийн удирдлага” бол “тодорхойгүй” ойлголт гэж хэлнэ байх. Эхлээд заавал тодорхойлолт өгч байж хийдэг ажил гэж хаана ч байхгүй. Та нарыг “тодорхойлсоор” байтал хамаг ажил сөнөж гүйцэж байна. Тийм сүрхий юм бол Та нар “нар”, “хүн” гэсэн ойлголтод тодорхойлолт өгөөд үз л дээ…
Манай “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д нэгэн “гайхамшигтай тодорхойлолт” бий. Энд “хүн” гэдгийг оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр гэж “тодорхойлсон” юмдаг. Гачлантай нь “бие” нь байдаггүй ээ. Үүнийг би бол “толгойгүй хүмүүс”-ийн хийсэн ажил л гэнэ…
Өөр жишээ авъя. Авилгын тухай ярих гэхээр “дэлхий даяараа авилгын яг таг тодорхойлолт байхгүй” гэсэн оршил хэлж аваад эмч, багш нарын чихрийн набор яриад хадуураад явчихна. Энэ чинь авилгатай тэмцэхгүй л гэсэн хэрэг байхгүй юу даа. Одоо төсөв төлөвлөгөө ярихаар өөдөөс “эрх зүйн орчин боловсронгуй биш” гэсэн моодонд ороод байгаа ганц үгээр ам таглах гэж оролдоно биз.
Одоо хэн нэгэн эрх мэдэлтэн “эрх зүйн орчин” гээд л эхлэх юм бол хууль нь “болохгүй” учраас хулгай хийх гэж байна гэж шууд “орчуулж” болно. Ер нь ингэхэд бид чинь тэднийг хуулиа тогтоо гэж сонгоо биз дээ. Иймээс ч хууль тогтоогч гэж нэрлэдэг. Тэгсэн чинь юу вэ, хуулиа тогтоож чадахгүй болохоороо төсөв захиран зарцуулагч болчихдог байна ш дээ…
Олон жилийн цаадахыг харахаа аль хэдийнээ больсон гэдгийг чинь би сайн мэдэж байна. Тэгвэл улсын төсвийг нэг жилд 2-3 дахин “тодотгож” байгааг юу гэж тайлбарлахав ? Энэ чинь нэг улирлын буюу 3 сарын цаадахыг харж чадахгүй арчаагаа алдсаны орсны тод жишээ биш гэж үү ?!
Улирал тутам “тодотгодог” төсвийг ямар ч утгаар төсөл гэхгүй. Энэ нь төрийн бодлого хэмээх зүйл оргүй алга боллоо гэсэн хэрэг юм. Ядахдаа Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт “хийнэ” гэж амласан зүйлээ 4 жилдээ “хуваачихаж” чадахгүй бол энэ бол мөн чанараараа төр биш юм.
Огт бодлогогүй, төлөвлөгөө, төсөвгүй болохоор төр нь өөрөө хэдэн дээрэмчдийн дураараа дургих шимтэй хөрс болдог юм. Энд жишээ авах нь илүүц явдал болно.
Н.С. Хрущев ба монголын эрх баригчид
ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.С.Хрущев гэж “нөхөр” байлаа. Тэрээр зөвлөлт засгийг дан ганц салбараар удирдана гээд орон нутгийн намын хороодыг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн гээд хоёр хуваачихав. Тухайн үед нам бол удирдлагын үндсэн субъект байсан юм. Тэгээд Оросын эдийн засгийг сүйрлийн ирмэгц авчирсан юм. Энэ алдааг 1965 онд зассанаас гадна “төлөвлөлт урамшууллын шинэ систем” гэсэн социализм дотроо бол овоо зах зээлийг элемент оруулж байж байдлыг арай тогтворжуулсан юм. Энд гол алдаа нь салбарын болон орон нутгийн удирдлагын аль нэгийг дагнан хүчээр хэрэгжүүлснээс болжээ. Өөрөөр хэлбэл хоёр удирдлагын аль нэгийг дагнаж болдоггүй номтой.
Манайх бол тэгж чадаж байна аа. Н.С. Хрущевээс “хамаагүй илүү” гарч сонгуулийн тойргоор төрийг удирдах “шинэ аргыг” дэлхийд анх удаа нэвтрүүлэв. Ингээд УИХ-ын гишүүн бүр 76 тэрбум төгрөг аваад хармаалчихав. Энэ балай явдал Н.Энхбаярын үеэс эхлээд 10 саяас эхлэн нэмэгдсээр одоо тэрбум болсон нь энэ л дээ. Тэгээд УИХ-ын гишүүд тойрогтоо юу юу хийхээ өөрсдөө шийднэ гэнэ дээ.
Нэртэйгээр нь салбарын болон нутгийн удирдлагын бүх байгууллагыг устгачих л даа. Нэг бодлын санаа амар ч юм уу ?! УИХ гэсэн “ганцхан төртэй” байхад л болох нь байна ш дээ. Ингэвэл засаг захиргааны хуваараа өөрчлөөд 76 аймагтай болохгүй юу даа. Ингээд “засаглал хуваах” дэлхийн жишиг онол болон практикийг ор тас үгүйсгэв.
Одоо манай “аваргууд” яаж байна, “өөрийнхөө” тэрбумыг хэрхэн яаж зарцуулах талаар яамдтай “гэрээ” хийнэ. Одоо бүр байчихаад парламентын гишүүд нь Засгийн Газрын агентлагтай “гэрээ хийх” шинэ арга гарч ирж байна. Нэг биш, 76 гэрээ болно биз дээ. Орон нутгийн феодалуудтайгаа хуйвалдана. Тэд нар нь хотод орж ирээд хуралдаж муралдаж нөгөө тэрбумаас нь авах гэж сүйд болж байна.
Тэгээд эргүүтэж эргүүтэж ямар нэг санамсаргүй “юм” барихчаа болно л доо. Ухаандаа хамгийн боловсролтой Х.Тэмүүжин “мөнгөөрөө” эмнэлэг барина гэж мэдэгдсэн. Жижиг эмнэлэг байлаа ч гэсэн зураг төсөл, ус цахилгаан зэрэг асар олон зүйлийг тооцож байж барьдаг баймаар. Ингэхэд тэр эмнэлэгт чинь УИХ-ын гишүүд биш, эмч, сувилагч нар ажиллана биз дээ. Тэгвэл тэдний цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, дулаан, цахилгаан, урсгал зардал гэхчлэн маш олон хүчин зүйлийг тооцох ёстой.
Энийг бодож тооцоогүй бол өөрсдөө очиж тэндээ “эмч” хийнэ биз, амиа хорлох гэсэн хүн монголд жигтэйхэн олон байдаг тухай судалгааны материал Та нарт өгч болно шүү. Энд надад уурлахгүйгээр нь ганц Х.Тэмүүжингийн “эмнэлгээр” жишээ авч байна.
2012 оны сонгуульд зориулж XXI зуунд “ТҮЦ” барих аргаар мөнгө асгаж байгаагаа УИХ-ын гишүүд “төрийн удирдлага” гэж ТВ-ээр “ойлгуулах” гэж “онол монол” яриад жигтэйхэн. Миний бодлоор ийм тэнэг “шийдвэр”-ийг зогсоох, чингэсэн хүмүүсийг халах, зайлуулахыг харин “төрийн удирдлага” гэж нэрлэж бүрнээ болно…
Эсвэл энэ балайнууд бүгдээрээ эмнэлэг барихаар “төлөвлөвөл” яахав. Энэ жил 76 эмнэлэг, дараа жил 76 сургууль барих уу ? Эдгээр талын нэг тарсан жижиг жижиг эмнэлэг, сургуулиудыг хэрхэн яаж боловсон хүчнээр хангахав, яаж цалинжуулахав ? Энэ бүх асуудал төсөвт огт суугаагүй. Суулгах ч боломж байхгүй. Зарим нь жорлон барина гэж “сэтгэвэл” яах юм ? Ингээд төрийн бодлого модлого чинь сөнөж байна даа…

Дэлхийг эзлэх “төлөвлөгөө”
76 тэрбум бол төсвийн өчүүхэн хэсэг, бид хөрөнгө оруулалт зэрэг төсвийн бусад зүйлийг жигтэйхэн сайхан “төлөвлөчихсөн”, “төсөвлөчихсөн” гэж хэлэх гээд бэлтгээд байгаа биз. Үгүй шүү, наад 76 тэрбумаас үүдэлтэй “хөрөнгө оруулалт” чинь Монгол Улсыг хөнөөхөд хангалттай хүрэлцэнэ.

76 тэрбумаа шийдэж чадахгүй “хэвтэж” ашигт малтмал дээр “төрийн удирдлага” хэрэгжүүлнэ гэх ч ёстой дэмий л байна. Зөвхөн ашигт малтмалаа “зарж идэх” хувилбарууд дээр хэрэлдэхийг “төрийн удирдлага” гэдэггүй юм ш дээ…
Энэ бол манай эрх баригчид төрийн удирдлагын феодалист, социалист, капиталист бүх зарчмыг зөрчиж, ердөө л “сонгуулийн улс төр” хийх гэж байгаа арчаагүй оролдлогоос өөр зүйл огт биш.
Асуудал мөнгөнийхөө тоонд байгаа юм биш, харин төрийн удирдлагын бүхий л зарчим, хэм хэмжээг дэндүү бүдүүлэг аргаар зөрчиж, төрөө өөрсдөө сөнөөж буй явдал болно. Энэ явдал аль дээр үеэс эхлэж одоо “оргил үе”-дээ орж байх шиг.
Энэ задрал, дампуурлыг зогсоох ямар ч боломж байхгүй (?!) бөгөөд харин жинхэнэ төр, төрийн удирдлага бий болгож байж л даван туулна. Харамсалтай нь Та нарын хоосон толгой, арчаагүй үйлдэлд “ийм төлөвлөгөө” ор тас байхгүй. Харин монголд бол бий шүү…
Төрийг ингэж “удирдах” гэвэл би Та нарт дэлхийг бүхэлд нь эзлэх, сүйрүүлэх “төлөвлөгөө” санал болгож байна.
Энэ ёстой “амархан” ш дээ. АНУ-ын конгресс, сенат, Оросын Госдума, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн хурал, аа бас Европарламентад яаж ийж чардайж байгаад Та нарыг “оруулчихъя”. Эрхбиш, улс байна даа, энэ чинь…
Тэгэхэд тэр “муу сайн”- ууд “сөнөхгүй” хаачдаг юм ?! Чингис хаан “ердөө” л дэлхийн талыг эзэлсэн бол Та нарт бүх дэлхийг эзлэх “янзтай сайхан” боломж бэлэн байна ш дээ. Гэхдээ монголын төр ердөө л 76 тэрбум төгрөгийн “үнэтэй” болчихгүй бол шүү дээ…

Судлаач Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top