Төрийн албан хаагчдыг, нэр дэвшигчдийг толгой дараалан баривчлах, шалгах кампанит ажилд олон хүмүүс хамрагдав. Авлигын томоохон тул гэгдэх Н.Энхбаяраас эхлээд Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад 3.6 жил, Говьсүмбэрийн Ж.Баянмөнхөд 5.1 жил, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт гурван жилийн хорих ялыг тус тус өгч “аавынд” морилуулав.
Түүнчлэн долдугаар сарын 1-ний үймээний буруутнаар цагдаагийн экс дарга нарыг бие муу, амь тэмцэж байхад нь яллахаар улайрч байна.
Мөн Дорноговь аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ц.Анандбазарыг тодорхой шалтгаан гүйгээр барив чилж хорьсон гээд шүүх эрх мэдлийг гартаа авсан эрхмүүд сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд шалгах, яллах ажлыг тун ч гаргуун хийж байна. Бид ингэхэд ямар гээч нийгэмд амьдраад байна вэ хэмээн өөрөө өөрөөсөө асуухад хүрлээ. Дөрвөн жилд болдог сонгуулийн нүсэр ажилтай хамт дөрөө харшуулж байгаа баривчлах, яллах ажил нь нийт иргэдийн дунд ихээхэн айдас авчирч буй бололтой.
Яллахаас өөр ажилгүй шүүх эрх мэдлийг гартаа авсан нөхдийг ард түмэн хэдийнэ таньж эхэллээ. Тиймдээ ч ирэх сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавих нь дамжиггүй. Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн өмч бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин танил тал, найз нөхдөдөө давуу эрх олгож улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтээр Баянзүрх дүүргийн шүүхээс 3.6 жилийн хорих ял өгч торны цаана суулгаад байв. Тэр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Эл гомдлыг нийслэлийн шүүхэд хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж байсан нь саяхан.
Гэтэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаад хэдхэн хонож байна. Чухам ямар төлөвлөгөөгөөр түүнийг шүүхээс ял оноож, дараа нь цагаатгасан бэ гэдэг нь нууц хэвээр үлдлээ.
Дөрвөн жилд ганц тохиох сонгуулийн үр дүн гэдэг бол ард түмний хувьд тун ч чухал зүйл. Тиймээс шүүх эрх мэдлийг халаасласан нөхдүүд 2012 он гарангуут орон нутгийн удирдлагуудыг яллаж эхэллээ. Энэ нь мэдээж сонгуулийн ид ажлын үеэр маш том нөлөөлөл үзүүлдгийг тэд тооцоолсон хэрэг.
Д.Оюунбатыг ид ажлын үеэр ялласан бол сонгуулийн тойргийн хуваариас эхлээд бүх зүйл тодорхой болсон үед цагаатгаж байгаа нь жирийн хэрэг биш. Э.Цасчихэрийг сонгуулийн энэ дуулианы үеэр мөн л яллаж хорьж байгаа нь ч тохиолдлын хэрэг биш шүү дээ. Говьсүмбэрийн МАН-ын хорооны ажлыг олон жил амжилттай хийж, Ардын намаас нэр дэвшигчдийг өөрийнхөө тойрогт байнга өндөр саналаар авч ирсэн Ж.Баянмөнхийн хувьд ч тэр золиос гээд хэлчихэд хэтийдсэн болохгүй.
Түүнчлэн Дорноговь аймгийн 58 үүрт саналын хол давуутай гарч ирсэн “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг МАН-аас нэр дэвших эрхийн мандатаа авсны маргааш нь баривчлав. Барьж байгаа үндэслэл нь “Ардын эрх” сонинд өгсөн Д.Чинзориг гэгчийн ярилцлага хэмээн шуугисан, чухам үнэн худлыг бүү мэд. Захын нэг иргэний сонинд өгсөн ярилцлагаар баримт нотолгоо хийж баривчилна гэдэг нь өөрөө их том асуудал дагуулсан хэрэг.
Юутай ч зохион байгуулалттай зүйл гэдгийг Ц.Анандбазар торны цаанаас бичсэн захидалдаа тодорхой өгүүлсэн байна лээ. Тиймээс олон зүйлийг нурших хэрэггүй биз ээ. Мөн АМГ-ын дарга асан Д.Батхуяг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, ирэх сонгуульд Хөвсгөлийн тойрогт хүч үзэх байв.
Дөрвөн жилийн турш тус тойрогт ажилласан Д.Батхуягийн хувьд бүх зүйлийг нь үгүй болгож байгааг юу гэж ойлгох вэ. Энэ кампанит ажлын хүрээнд хамрагдаж байгаа нөхдийг харахад бүгд МАН-ынх байгаа нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш. Ардчилсан нэрийн дор сонгууль хийж байгаа эрх мэдэлтнүүдээс ял асуух өдөр тун ч ойрхон байна.
С.УУГАНБАЯР
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )