Хуучин цагийн лидер хэмээх ойлголтыг төрийн төвшинд, улс төрийн хүрээнд эвдэж чадсан хүн бол С.Батболд. НҮБ-ын дарга болно хэмээн мөрөөдөж чаддаг залуу үеийнхэн өсөн өндийж, шинэ Монголд сэтгэлгээ болоод сэтгэхүйн шинэ он тоолол эхэллээ. Ерөнхий боловсролын сургууль дүүргэж буй хөвгүүд охид маань дэлхий ертөнцийн зүг саравчлан, амьдрал болоод нийгмийн талаар өөр өөрийн нээлтийг хийх болов.
Энэ бол хуучин цагийнхны хувьд эвлэрэхэд хэцүү нээлт. Шинэ үеийн эхлэл. Магадгүй чухам энэ цаг үед С.Батболд ирээдүйн төлөөлөл болон улс төрд орж ирэв. Монголчууд анх удаа гуравдагч хэмээн бидний нэрлэж заншсан Англид боловсрол эзэмшин төлөвшсөн дэлхийн хүнээр удирдуулж байна.
Түүний мэддэг эдийн засаг, түүний мэддэг олон улсын харилцаа олон хүний хувьд үйл ойлгогдох ертөнц. Түүний философи социалист нийгмийн өнөө цагийн бүтээгдэхүүн болсон олонхид маань ойлгомжгүй. Тэгээд ч С.Батболд хүн болгонд таалагдах гэж, бас өмнөх үеийн удирдагчдын хуулбар байх гэж хичээгээгүй. Үүнд л түүний мөн чанар оршдог.
Олон улс төрчөөс өнөөг хүртэл үнэртэж ирсэн ашиг сонирхлын зөрчил энэ залууд үгүй. Биеэ засаад гэрээ засч чадсан бардам бизнесмэн, хувийн хэвшилд зүтгэж, төрийн албанд хатаагдсан хувь хүний үнэ цэнэ түүнээс мэдрэгддэг. Аль ч утгаараа С.Батболдод өнгө мөнгө, өндөр албан тушаалын атаархал болоод барьцаа үгүй. Төрийн албаар дамжуулан эд хөрөнгө, эрх ямбаа бий болгосон олон хүн бий. Тэдний дэргэд С.Батболд өөр хүн. Өөр агаар. Бас өөр хүсэл зорилго.
С.Батболдын улс төрийн замналыг шинэ Монголыг бүтээх гүүр гэж ойлгож болно. Зах зээлийн нийгэмтэй танилцаж ядан байсан Монголын төр Чингис зочид буудалд оруулсан мөнгөө олж авч мэдэхгүй, дутсан хөрөнгийг нь босгож амжихгүй, ёстой л балгас болгон хаяхаас аргагүй байдалд ороод байсныг өнөөдөр олон хүн мартсан байх. Тухайн үеийн хамгийн том бүтээн байгуулалт болох Чингис зочид буудлын ажлыг С.Батболд хариуцан авч, Герман, Унгар, Англи зэрэг орноос мэргэжилтнүүд урин, чухам л дэлхийн стандартаар дээдсийн гэж хэлж болох энэ байгууламжийг барьсан түүхтэй. Улсын томоохон үйлдвэрийн газрууд, төрийн өмчид байсан зочид буудал, барилга байгууламжуудыг хямд төсөр хувьчлан авч завшсан улс төр, бизнесийнхний намтраас эрс өөр сонсогдож буй нь мэдээж. Гэвч С.Батболд төрийн ачаанаас хөнгөлөн, Чингис зочид буудлыг нэр төртэйгээр сүндэрлүүлсэн нь бодит түүх юм. Тухайн үед найз нөхөд нь түүнийг “Чингис зочид” буудлыг барихын тулд “Алтай трейдинг” компаниа хөмрөх нь дутаа юу хэмээн зэмлэж байсан гэдэг. Гэвч гялалзсан бизнесмэн С.Батболд том зориг гарган, их хааны нэртэй зочид буудлыг босгосон. Төрийн эхлүүлээд орхисон ажлыг эцэст нь хүртэл гүйцээх гүүр болж чадав. Яагаад ч юм түүний улс төрийн намтар яг л энэхүү нэгээс нөгөөд хүрэх гүүр адил өрнөв. Ардчилсан нийгмийг сонгосон атлаа монголчууд бид социалист сэтгэлгээ, хэв маягаасаа салж чадахгүй олон жил зууралдсан. Шинэ салхи, шинэ агаар бүхэн социалист сэтгэлгээний хана мөргөн цуцаж байв. Сэтгэл болоод сэтгэлгээний томоохон зөрчил гэж тодотгож болно. Харин энэ зөрчлийг шинэ цагийн иргэд арчиж чадна гэдгийг олж харсан хүн нь С.Батболд байлаа.
Шинэ цагийн иргэдийг хэрхэн бий болгох вэ? Тархинд нь программ суулгаж, компьютер адил социализмын вирусээс цэвэрлэж болохгүй. Ийм тохиолдолд яах вэ?
Монгол залууст гадаад ертөнцийг таниулж, гадаадад боловсрол эзэмших, сурч ажиллах боломж олгох нь хамгаас чухал байв. Хэлтэй, хөлтэй, боловсролтой, юм үзэж нүд тайлсан, өөрийн гэсэн зорилготой, өвөртөө хүсэл тэмүүлэлтэй, мөнгөтэй өнгөтэй иргэдийг бий болгохын тулд Монголын нийгмийн өмнө олон олон шинэ хаалга нээх хэрэгтэй.
Ардчилсан нийгмийг аль хэдийнэ сонгочихсон атлаа хаалгаа нээж, салхиваа онгойлгох зориг дутсан Монгол Улсыг эрхэмсэг гадаад ертөнц гар тосон хүлээж аваагүй нь ч бас үнэ юм.
Олон олон хаалттай хаалга, том хар цоож Төв Азийн монголчуудын өмнө хөндөлсөж угтав. Улс гүрэн дамжин зорчих визний асуудлаас эхлээд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд нийлүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлүүд шилжилтийн үеийн монголчуудын хамгийн хүнд ачаа, давахад хэцүү даваа байлаа.
Гэвч чухам юу дутагдаад байгааг олж хардаг, мэдэрдэг хүн цөөн. Тэр тусмаа үүнийг өөрчлөх гэж зүтгэх зоригтон бүр ч цөөн байсан нь үнэн юм. Харин өнөөх л өөрөөр амьдарч, өөрөөр амьсгалж, өөрөөр мөрөөддөг “өөр” С.Батболд олон олон хүнд хаалганы олон олон хар цоожтой ноцолдож эхлэв. Түлхүүрийн эрэлд гарав. Түүнийгээ ч олсон. Сүхбаатарын хүү өөрийнхөө замналаар шинэ цагийн монгол залуусыг алхуулах эхний боломжуудын эрэлд хатав. Эгэл жирийн монгол айлд төрж өссөн хүн бүрт боломж ямагт нээлттэй байх ёстой гэж тэр үзэв. Тиймээс ч Гадаад харилцааны дэд сайд байхдаа АНУ-д Монгол хүн 10 жилийн визтэйгээр сурч, амьдарч, зорчиж болох эхний гэрээг үзэглэлээ. Эхний хаалгыг нээсэн нь энэ. Европ бол Монголын их хаадын мөрөөдлийн тив, мөр гаргаж чадсан эх газар билээ. Харин С.Батболд Монголд үйлдвэрлэсэн барааг Европын хэрэглэгчдэд хүргэх торгоны замыг шинээр нээв. Энэ нь Европын орнуудад татваргүй бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэлэлцээр байлаа. Үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаад ертөнцтэй холбосон эл хаалгыг тэрбээр ҮХ-ны сайд байхдаа дэлгэв. Татваргүй бараа гэж юу байдаг юм бэ хэмээн асуудаг байсан Монгол хүнд эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлж, зах зээлээ өргөтгөх шаардлага тулгарав.
Түүний нээсэн хаалга бүхэн тийм ч амархан эргэлтэнд ороогүй. С.Батболдын авчирсан боломжид хүрэхийн тулд хэлтэй байхыг залуус эрмэлзэх болов. Бараа бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлэн үйлдвэрлэхийг үйлдвэрлэгчид хичээж эхлэв. “Монголд үйлдвэрлэв” хэмээх эрхэм шошго бүхий бараа бүтээгдэхүүн, ийм хаягтай дэлгүүр бүтэн арван өнгөрөхөд олноороо нэмэгдэв. Тухайн улсын шаардлагыг бүх талаараа ханган, 10 жилийн виз өвөрлөн, сурч, ажиллахаар морддог залуусын тоо нэгэн арван өнгөрөхөд эрс өсөв. С.Батболдын нээсэн хаалга болгон шинэ шинэ хүсэл мөрөөдөл, шинэ эрмэлзэл, түүндээ хүрэх түлхүүрийг монгол залуусын сэтгэлд авчирсан нь сайхан. “10 жилийн визээр яах юм, ямар хэрэгтэй гэж” хэмээн асуудаг байсан үе ард үлдэв. Тэгэхээр Сүхбаатарын хүү бүтэн арваныг алгасан харж, хөгжлийн чиг хандлагыг өөрийнхөөрөө тодорхойлж чадсан байх нь. Хаалганаас хаалганд хүрэх гүүр болох үүрэг улстөрч С.Батболдын хувь тавилан гэлтэй.
Монголын заяа түшин, Тавантолгойн лицензийг С.Батболд авч хямгадсан байдаг. Тэр үед Тавантолгой гэж юу юм, ямар нөөцтэй, ямар үнэлэмжтэй орд газар юм гэдгийг мэддэг хүн байсангүй. Мэдлээ гэхэд ухаарсан нь юу л бол? Харин С.Батболд Тавантолгой Монголдоо үлдэх ёстой гэсэн тууштай сэтгэлээр энэхүү орд газарт хандсаар ирсэн. Хожим Тавантолгойг Монголын төрд иргэн хүний эх оронч сэтгэл, төрийн хүний ухаанаар хүлээлгэн өгсөн нь үнэхээр тууштай алхам гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ удаа С.Батболд мөн л Тавантолгойгоос илүү монгол толгой үнэтэй гэдгийг тунхаглав. Уул уурхайн зүг уурга сунган хурдалсан монголчуудад энэ үг, энэ ухаарал үнэн бөгөөд хүчтэй сонсогдсон.
Төрийн албаны арвин туршлагатай албан хаагч, хувийн хэвшлийн шантаршгүй бизнесмэний чанарыг агуулсан тэрбээр улс төрд ч бас өөрийн гэсэн содон мөртэй нэгэн. Москва, Лондонд суралцан, хоёр өөр нийгмийн дундаас сувд шүүрдсэн С.Батболд гуравдагч оронд магистрийн зэрэг хамгаалсан анхны монгол оюутан.
Гадаад харилцааны дэд сайд, ҮХ-ний сайд байх үедээ өөрийгөө таниулж, төрийн ажилд шинэ агаар авчирсан С.Батболд 2010 оноос Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллах болсон. Тухайн үед өндөр нэр хүндтэй С.Баярын албыг хүлээн авах нь хэн хүний зориглох ажил биш байв. Гэвч С.Батболд Ерөнхий сайд болсноор нэгэнт гараанаас гарсан галт тэрэг хүчээ авах нөхцөл бүрдсэн билээ. Олон улсын харилцаа, бизнес, эдийн засгийн мэргэжилтэй, энэ чиглэлээр хилийн чанадад доктор, магистр хамгаалсан С.Батболд Монгол Улсын эдийн засгийн зах зээлийн чиг баримжааг дэлхийн жишигт нийцүүлэн тогтоов.
Ийнхүү С.Батболдын үе эхлэв. Монгол Улсын хөгжлийн шинэ хаалга нээгдэв. Хөрөнгийн зах зээлийг Монголд хөгжүүлж, олон улсын жишгээр замнуулах ажлыг тэрбээр зоригтой эхэлсэн. Москва ч ингэж зориглоогүй байхад Монгол Улсын Ерөнхий сайд Улаанбаатарыг Төв Азийн санхүүгийн төв болгох гүүрийг барьж буй. Боловсролын салбарт олон жил яригдсан шинэчлэлийн эхний үрийг мөн л С.Батболд тарив. Кембрижийн стандартыг Монголд авчирсан түүний зүтгэлээр эхний сургуулиуд хаалгаа нээн сурагчдаа угтаж байна.
Евростандартыг Монголд нутагшуулах Ерөнхий сайдын санаачлага эхний үр дүнгээ авчирлаа. Магадгүй, түүний хийж буй ажил, дэвшилтэд санаачлагуудыг өнөөдөр ойлгохгүй, үнэлэхгүй байж болно. Гэвч дээр дурдсанчлан дахин нэгэн арван өнгөрөхөд С.Батболдын тариалсан мод бүхэн үр жимсээ өгөх болно. Түүний тавьсан гүүр болгоноор монгол залуус дэлхийн зүг, дээлтэй хөгжлийн зүг алхан орно. Үүнд л Ерөнхий сайд С.Батболдын холч сэтгэлгээ, алсын хараа нуугдаж буй. 26 дахь Ерөнхий сайдын үед улсын эдийн засаг 17 хувиар өсч, хөгжилд хүрэх гол ажлуудын эхлэлийг тавилаа. Өнөөдөр түүний зорилго, тэмүүллийг ойлгохгүй байж болно. Гэвч хэдэн жилийн дараа хойч үеийнхэн маань С.Батболдын эдүгээ засч буй замаар алхаж, түүний нээсэн салхивчаар ажил, амьдралаа харах болно. Тэр хаалганаас хаалганд хүрэх гүүрийг бүтээж, олон олон цоожийг түлхүүртэй болгов. Сүүлийн 20 жилд монголчууд анх удаа ирээдүйдээ итгэх итгэлийг мэдэрч, амталж байна.
Тэр бол багийн хүн. Хэзээ ч ганцаарчилсан тоглолт хийдэггүй. Хамтран зүтгэгчиддээ боломж олгож, эрх мэдэл, эрх чөлөөг нь өгч чаддаг удирдагч. Хамтдаа хийж бүтээн, сурч хөгжин, хамтдаа урагшлах нь илүү амттай гэдгийг С.Батболд мэднэ. Түүнээс олон хүн хуучны удирдагчдын хатуу араншин, захиран тушаадаг хэлбэрийг үгүйлэн хайж, санан хүлээдэг байж болох.
Гэвч энэ бол С.Батболдын араншин биш. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэж үг бий. Том байх тусмаа тод байх гэж хичээдэггүй нь энэ залуугийн мөн чанар. Өрөөлд боломж олгохыг өөрийн эрхэм үүрэг гэж үздэг С.Батболд удирдлагадаа ажиллаж буй хамтран зүтгэгчиддээ сэтгэлгээ болоод сэтгэлийн эрх чөлөөг олгож чаддаг ховор чанартай. Үүнийг нь түүний Засгийн газрын сайдууд ч, удирдаж буй МАН-ын залуус ч үнэлэн хүндэлдэг юм билээ. С.Батболдын удирдлаган дор МАН-д олон жил хүлээсэн өөрчлөлт шинэчлэл ирэв. Анхны нэрээ авч, үзэл бодлынхоо зүг чигийг шинээр тодорхойлон, залуусын өмнө хаалгаа харамгүй нээлээ.
С.Батболд нэгэнтээ “Гэргий маань миний амьдралын best сонголт” хэмээн ам алдсан нь бий. Эдүгээ таван хүүхэдтэй өнөр гэр бүлийн эзэн тэрбээр амьдрал эгэл жирийн бүхнээс эхэлдэг гэдгийг мэднэ. Тиймээс ч сайн нөхөр, сайн аав байж чаддаг хэмээн ханийнхаа тухай “Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяа дурдсан удаатай.
Эх орон эгэл жирийн бүхнээс эхэлдэг.
Энэ бүхнийг олж харж, хайрлаж чаддаг агуу их хайр нь С.Батболдод урагшаа алхах зориг, цуцашгүй их хүч чадал, итгэл найдвар өгдөг. Эгэл жирийн бүхнийг олж харж, мэдэрч, хайрлаж, энэ бүхнээс эх орон эхэлдгийг ухаарч чаддаг С.Батболдын зүрхэн дээр өнөөдрийн Монгол маргаашийн зүг тэмүүлэн хөгжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )