Д.Уламбаяр: Нийгмийг өөрчлөхөд зөвхөн боловсрол биш, эр зориг хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

УИХ-ын сонгуулийн 24 тойрог Чингэлтэй дүүрэгт ИЗНН-аас нэр дэвшигч

 

 Үндэсний хүсэл эрмэлзэл, үндэсний  эрхэм зорилго, үндэсний их санаархалыг бид төлөвшүүлж  бий болгохгүй бол болохгүй нь.

 

 

-Сонгуулийн тухай хуулийг шинэ хүмүүст халгаатай болсон гэж шүүмжилдэг. Энэ талаар таны байр суурь юу вэ, хууль эрх зүйн тухайд шинэ хүмүүст тэгш боломж байна уу?

-Дөрвөн жилийн турш олон нийтэд танигдчихсан улстөрчидтэй зэрэгцээд 21 хоногийн дотор хүмүүст өөрийгөө, үзэл бодлоо танилцуулах хэцүү. Гэхдээ олон нийт өөрчлөлтийг хүлээж, гарц хайж буйд найдвар тавьж байгаа юм. Бидэнд мөнгө санхүү, цаг хугацааны хувьд хязгаар их байгаа ч үзэл бодлоо, өөрийгөө таниулахын тулд чадах бүхнээ л хийнэ.

-Та өмнө нь Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан. Одоо Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байна. Тэнд өрсөлдөөн хэр байна вэ?

-Энэ тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн дунд улс төрд эл дол болчихсон нь алга. Адилхан л хийж бүтээхийн төлөө яваа, нэг үеийн залуус байна. Тиймээс тэдний хэнийг ч надаас илүү гэж бодохгүй. Эрх мэдэлд хутгалдаж үзээгүй, “бялуу”-наас гэр рүүгээ зөөж байгаагүйгээрээ бид ялгаатай байх. Үнэндээ “бялуу”-наас хүртэх сонирхол байсан бол өнгөрсөн хугацаанд “ах” намуудад элсчих байсан шүү дээ. Тэгээгүй учраас л гуравдагч хүчин буюу жижиг намуудыг сонгож байгаа юм.

-Таныг Улс төр, менежментийн академийн захирал гэдгээр нь тодорхой хүрээнд мэдэх байх. Гэвч массын хэмжээнд та шинэ хүн. Үзэл бодол, зорилгын хувьд бусдаас юугаараа ялгардаг бол?

-Би Завхан аймгаас гаралтай хүн. ХААИС төгссөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж, нийгмийн даатгалын хэлтэст ажилласан. Ер нь иргэний нийгмийн салбарыг сонгож, “Завханы мэдээ” гээд анхны орон нутгийн чөлөөт хэвлэлийг эрхлэн гаргаж байлаа. Дараа нь Монголын залуучуудын холбооны Завхан дахь салбарын удирдагч хийж байсан. Ингэж яваад л 1998 онд Эх орон нам байгуулагдахад хувь заяагаа холбосон юм. Ингэж анх улс төртэй холбогдсон, мөн хувийн бизнес эрхэлж, 2002 онд нийслэлд шилжиж ирсэн. 2006 онд ашгийн бус, сургалт судалгааны Улс төр, менежментийн академиа байгуулсан.

Төрийн албан хаагчдыг төр өөрөө Удирдлагын академиараа дамжуулан сургаж боловсруулж болоод  байхад ажил амьдралаа өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй  залуучуудад зориулсан  төрийн бус өмчийн ийм сургалтын байгууллага яагаад байж болохгүй гэж бодож УТМА-ийг байгуулах санаа төрсөн. Одоо бид 14 аймагт салбартай болж, өнгөрсөн таван жилд 1000 гаруй залуу төгсгөсөн байна. Төгсөгчидийн маань бараг ажилтай болсон. Мөн манайхыг төгссөн 100 гаруй залуу компаниа байгуулж ажиллаж байна. Юмыг арай өөрөөр хийж болдог юм байна гэдгийг эндээс ойлгож авсан. Улс төр, менежментийн академи гэж буй боловч хичээлийн маань хөтөлбөрт улс төр бараг байхгүй, бүх хүнд ижил үйлчилдэг. Улс, төр гэдэг утгаар салгаж ойлговол хүмүүст улс үндэстнийхээ төлөө зүтгэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх хүчтэй үг.

Монголчууд 2000-3000 жилийн төрт ёсны түүхэн уламжлалтай улс.  Бид дэлхийг 2-3 удаа эзэлж, эзэнт гүрнээ байгуулж явсан. Тиймээс удирдахуйн ухааны асар их баялаг, туршлага бидэнд бий. Үүнийг орчин үеийн удирдахуйн ухаан, менежмент, маркетинг, PR-тай уялдуулах замаар шинэ үеийн удирдахуйн ухаан, арга барилыг гаргаж ирэхээр хайгуул хийж байна.  Дэлхий өнөөдөр хаашаа явахаа мэдэхээ болиод мухардчихаад байна. Гарцаа манай уламжлал, түүх, удирдах арга барил, ёс заншилаас хайж байна шүү дээ. Бид маш их овсгоотой, мэдрэмжтэй ажиллаж дэлхийтэй өрсөлдөнө гэж өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй байна.

-Улс төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн шүүмж лэл гардаг. Танайх энэ чиглэлээр судалгаа хийж байв уу?

-Нийгмийн ерөнхий төлөвийг судлаад үзэхэд хүн амын 70-80 хувь нь улс төрийн намуудаас залхсан байна. Тэд өөрчлөлтийг хүсэж байна шүү дээ. Олон нийтийн хүсэл ийм байгаа атал намуудын гишүүнчлэл нэмэгдээд буйн шалтгаан нь  иргэдийн амьдралд улс төр хэт гүн холбогдсоноос болж буй юм. Ямар нэг намын гишүүн байж л албан тушаал ахидаг гэх мэтээр эд эс нь болчихсон учир хүмүүс намаас залхсан, дургүй байгаа хэрнээ хамт яваад байгаа юм. Ерөнхийлөгч намуудыг татан буулгах санаачилга дэвшүүлсэн нь зөв. Магадгүй шинэ УИХ-ын хамгийн түрүүнд хийх ажил нь энэ байж ч болох юм.

-Шинэ хүмүүс юуг өөрчилж чадах юм бэ?

-Туршлагатай, олон хэл мэддэг, мөнгөтэй хүмүүсийг өнгөрсөн жилүүдэд сонгож ирсэн. Гэвч мөнгөтэй хүмүүс улам их мөнгөтэй болохын төлөө явдаг юм байна. Гадаадад боловсрол эзэмшсэн хүмүүсийн дунд гаднын аль нэг байгууллагаар төлбөрөө даалгасан, улмаар түүнийхээ гар хөл болох хандлага ч гардаг. Гаднын байгууллагууд тэдний төлбөрийг төлөөд ашиг сонирхлынхоо төлөө бэлтгэчихсэн юм биш биз гэж хардахад хүргэж байна. Үнэндээ нийгмийг өөрчлөхөд зөвхөн боловсрол биш, эр зориг хэрэгтэй. 1917-1918 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг Богд хаан, Сайн ноён хан Намнансүрэн, 1921 оны хувьсгалыг Д.Сүхбаатар, Д.Бодоо, С.Данзан нар, ардчилсан хувьсгалыг Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын 25-30 гаруй насны залуус хийсэн байдаг. Энэ насанд хувийн эрх ашгаас илүү улс үндэстнээ гэх сэтгэл их байдаг юм байна. Харин 40 гараад ирэхээр хувийн амьдралдаа илүү санаа тавьж, эрсдэлээс айдаг болж эхэлдэг. Тиймээс нам хамаарахгүйгээр 25-30 гаруй насныхныг сонгох хэрэгтэй.

-Улс төрд цус сэлбэх хэрэгтэй гээд шууд залуусыг сонгох нь бас өрөөсгөл юм биш үү. Тэр “шинэ үе”- ийнхэн дотор чинь хувийн ашиг сонирхлоо хөөсөн залуус байгааг та сая хэллээ. Тэгэхээр сонгогчид тэднийг яаж ялгах вэ?

-Хоёр том намд ийм байдал анзаарагдаад байгаа юм л даа. Гадаадад хэд хэдэн дээд сургууль төгссөн,  хэлтэй, мөнгөтэй, нэр хүндтэй, өндөр албан тушаалтай эцэг эхтэйгээрээ биднээс тэд давуу байгаа. Тэд энэ давуу талаа ашиглаад нийгмийн аль нэг салбарыг хөгжүүлээд явахын оронд яагаад улс төр рүү тэмүүлээд байна вэ. Намын ген гэж нэг юм байх шиг. Намуудын дараа үеийнхэн хортой ургамал долоочихсон мэт санагддаг. Эрх баригч намуудад таньдаг мэддэг  найз нөхөр олон. Гэхдээ тэдний яриад буй зүйл биднийхээс нэг л  өөр. ТҮЦ-ний дэргэд ширхгийн тамхи татаж явсан хүн төрд ороод 2-3 жилийн дараа жийп унаад, хэрэглээ нь эрс өөрчлөгдөөд ирж байна.

Одоо тэд автобусны буудал хаана байдгийг мэдэхгүй гэж байна шүү дээ. Тэнд зогсохоосоо ичиж байна. Хэн нэг хүний далбаан дор явж, хэдэн жил цүнхийг нь бариад, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж гүйсэн хүн дараа нь ямар нэг “юмтай” үлддэг гэсэн ойлголттой болчихсон. Тийм сонирхолтой залуус эрх баригч намууд руу ороод буй нь анзаарагддаг. Улстөрчид залуусыг өмчилж байна. Яагаад залуус хэнд ч өмчлөгдөхгүйгээр алдахдаа алдаад, онохдоо оноод явж болдоггүй юм бэ. Мэдлэг, боловсролоо буруу зүйлд биш сайн бүхэнд зориулаасай гэж хүсдэг. Мэдээж аль ч намд эрүүл сэтгэлгээтэй хүмүүс бий. Үндэсний хүсэл эрмэлзэл, үндэсний  эрхэм зорилго, үндэсний их санаархалыг төлөвшүүлж  бид бий болгохгүй бол болохгүй нь. Ард түмэнээ  манай улс төрчид  гувшаа хурга шиг гар дагуулаад хардаг болгочихож. Энэ бол маш эмэгнэлтэй зүйлрүү ороход бэлэн болж магадгүй дохио.

-Үндэсний их санаархал, хүсэл эрмэл зэл, зорилго гэдгээ тодруулахгүй юу?

-Манайхны бэлэнчлэх сэт гэлгээ их хөгжиж байна. Ямар нэг юм болбол л төр рүү бурууг нь чихдэг. Өөрийнхөө амьдралыг бүтээхийн төлөө тэмцэх хүсэлгүй хүн олширч байна. Дахиад 20 жил ийм байдалтай явбал хүн амын тал хувь нь архинд орно. Гэтэл бид дэлхийг эзэлж явсан үндэстэн. Байгалийн баялаг, өвөг дээдсийн уламжлал, ухаанаа хөгжүүлээд сайхан амьдрах боломж бидэнд бий. Гадаадад очиход “Монголчууд ирлээ” гэж хүндэтгэн “улаан хивсээ” дэвсээд угтдаг болох ёстой. Нам дамжсан цөөхөн хэдэн хүнд үйлчлэхийн оронд нийтээрээ баян, хангалуун амьдарч болно. Энэ бүхнийг бүтээхийн тулд иргэдэд үндэсний хэмжээний аархал, хүсэл, зорилгыг бүрдүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд би 17-18 аймаг, 200 гаруй байгууллагаар явж, 30-40 мянган хүнд лекц уншсан. Тиймээс одоо нийгэмд юу дутагдаж байна, хүмүүсийн тэмүүллийг ямар чиглэлээр асаах ёстойг ойлгож авсан. Үүнд улстөрчид манлайлж оролцох учиртай. Цаашид энэ чиглэлээр ажиллана гэдгээ сонгуульд нэр дэвшиж хүмүүст ойлгуулж байгаа юм.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд зардал их гарна. Та зөвхөн цаашид хийх ажлаа таниулахын тулд УИХ-д нэр дэвшиж зардал гаргахын оронд тэр мөнгөө хүмүүст лекц унших, сургалт хийхэд зарцуулсан нь дээр юм биш үү?

-Нэг зүйл анзаарсан. Үнэхээр юм хийе, хүмүүстэй уулзъя гэж байгаа бол том тэмцэлд оролцох ёстой юм билээ. Анх намайг лекц уншихад цөөхөн хүн цугладаг байсан бол одоо тоо нь нэмэгдсэн. УИХ-ын гишүүн болчихвол илүү далайцтай, өргөн хүрээнд ажиллах бололцоотой болно гэж итгэж байгаа. Сонгуулийн ажил бол  өөртөө хийж буй хөрөнгө оруулалт учраас би харамсахгүй. Аль болох олон хүнтэй уулзаж, өөрийгөө ойлгуулахыг хичээнэ. Ялагдсан ч гэсэн би зогсохгүй. Сонгуулийн дараа 1,0 сая хүнтэй уулзах,  улс үндэстнийхээ  эрхэмлэн дээдлэх, бахархах зүйлийн төлөө ярилцах урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж унана  гэж сонгуульд оролцохгүй.

-Шинэ гарч ирсэн хувьсгалчид “хортой ургамал долоохгүй” гэх баталгаа байхгүй биз дээ?

-Нэг хүнийг хоёроос илүү бүү сонгооч гэж ард түмэнд уриалмаар байгаа юм. Тухайлбал, нэг цэцэрлэгийн эрхлэгчээр гурван жил ажилласан хүн өөрийнхөө багийг бүрдүүлж, ашиг сонирхолдоо нийцүүлж эхэлдэг жишиг бий. Тиймээс л сонгуулийг дөрвөн жилээр явуулдаг шүү дээ. Дөрвөн жилд бодсоноо хийж чадвал чад, үгүй бол халаагаа өгөөд л явах ёстой. Солих ёстой гэдгийг олон нийтэд ойлгуулчихвал болно. Ямар ч бурхан шиг хүн байсан сольж байх ёстой.

-Нэр дэвшиж буй хүмүүсээс яагаад улс төрд орж буйг нь асуухад “Би биеэ, гэрээ засчихсан. Одоо төрөө засах цаг бол жээ” гэж хариулдаг л даа. Таны хувьд улс төрд орох гэж буй шалтгаан чинь юу вэ?

-Биеэ засна гэдэг бол сэтгэл засахын нэр. Сэтгэлээ засаж байж үг, үйлдэл нь зөв болдог. Гэвч биеэ засна гэдгийг үнэтэй жийп унаж, брэндийн хослол өмсөх мэтээр материаллаг талаас нь манай залуус ойлгоод байна. Гэтэл сэтгэлд нь гэм буруу, ашиг сонирхол хэвээр байна. Мөнгөгүй байж болно. Гэр бүлийн хамтын сайхан амьдралыг цогцлоож чадсан бол гэрээ зассан гэж хэлж болох юм. Хүүхдүүдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, эхнэр, нөхөр нэгнээ хүндэлдэг, итгэдэг байх ёстой. Гэтэл бараг арав хорин  өрөөтэй том байшиндаа нэгэнтэйгээ уулзахгүй “төөрч”  түүндээ хэрүүл уруултай амьдардаг,  мөнгөнөөс хар нүдээ худалдахас буцахгүй  хүн олон байна. Үүний оронд дөрвөн ханатай умгар гэртээ жаахан өлсгөлөн ч гэсэн багтаж ядсан  инээд хөөр цалгиасан халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн хүнийг би гэрээ зассан гэж хэлнэ. Үнэтэй жип унаж Зайсанд  амьдардаг боллоо одоо төрөө засна  гэж буй хүмүүсийг төрөөс мөнгө хулгайлах  байх даа гэж “ харддаг”.

-Тэгвэл та энэ бүх шалгуурыг хангаж, сэтгэлээ, гэрээ зассан хүн байж чадах уу?

-Өглөө босохдоо би миний бие, оюун ухаан саруул, эрүүл байгаасай, манай академийг зорьж ирж буй залуусын ажил үйлс бүтээсэй гэж залбирдаг. Манайх “Хөгжлийн төлөө тэмүүлсэн монгол хүн бүрийг хайрлаж, дэмжинэ” гэсэн уриатай. Та нарын мөнгөөр би амьдарч буй учраас сайн сур, хичээ, өөрийгөө хөгжүүлэх ёстой гэж шавь нартаа хэлдэг. Том супермаркетаар би бараг үйлчлүүлдэггүй, аль болох жижиг наймаа хийж буй хүмүүсээс авч, энэ мөнгө минь тэр хүний амьдралд нэмэр болоосой гэж дотроо ерөөдөг. Үүнийгээ би сэтгэлээ засаж явна гэж боддог. Манайд үнэтэй машин, том хаус байхгүй. Гэхдээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Энэ бүхэн бол миний аз жаргалын нэг хэсэг. Гэртээ аль болохоор  ажил, мөнгө  ярьдаггүй, хэрүүл хийдэггүй,  нэгнээ хүндэлсэн, хайрласан уур амьсгалыг төлөвшүүлж яваа. Үүнийгээ би гэрээ засаж байна гэж ойлгодог.

Төрөө засахын тухайд албан хаагчдад хэний мөнгөөр амьдарч буйг нь ойлгуулахаас эхэлнэ. Гудамжны архичны авсан архинд ч НӨАТ шингэсэн байдаг. Тэгэхээр төрийн албан хаагчдыг эгэл иргэд тэжээж байна. Тэнд ажиллагчдад мэргэжлийн шалгуур гэхээсээ илүү иргэдээ хайрлаж, энэрэх ёс зүй хэрэгтэй. Энэ утгаар нь бие, гэрээ засаж чадсан зөв хүмүүсийг л төрд сонгох ёстой.

С.ТУУЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top