Зоригтнууд ардчиллыг авчирч, зальтнууд ачаар нь тансагласан 20 жил ЯМАР ҮНЭЭР олдсон бэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Цаг хугацаа улиран одохын хэрээр Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүх мартагдан бүдгэрсээр буй энэ үед НАХЯамны мөрдөлт мөшгөлтөн дор амь насаа ч үл хайхран Монголынхоо гэрэлт ирээдүйн төлөө, та бидний өнөөдрийн сайн сайхан амьдралын төлөө зоригтойгоор тэмцэж явсан ардчилсан хувьсгалын анхны партизануудаа эргэн дурсах нь зүйтэй болов уу.

Мянган жилийн өмнөх явдлыг өчигдрийнх юм шиг ярьдаг атлаа хорин жилийн тэртээх түүхийг тэр болгон хүн бүр сайн мэддэг бил үү?

1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталж гаргасан “Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг” 1989 он хүртэл олж хараагүй, хүний эрх гэж юу байдаг, хүнийхээ хувьд бид ямар заяагдмал эрхтэй болохоо огтхон ч мэдээгүй явсан, оюун санааны “харанхуй нүхэнд” амьдарсаар ирсэн ард олондоо түүнийг нь олгуулахын төлөө шургуу тэмцэн өнөөгийн эрх чөлөөг бэлэглэсэн тэдгээр зоригтнууддаа бид энэ цаг мөчид хүндэтгэн мэхийн ёсолцгооё!

Өвлийн хүйтэн жавар тасхийсэн 1989 оны нэгдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө жонхуугаа хөлдөөчихгүйн тулд өвөртөө хийгээд Улаанбаатарын гудамжуудаар ухуулах хуудас нааж, дараа нь НАХЯаманд баривчлагдан байцаагдаж явсан Э.Бат-Үүл, С.Амарсанаа, А.Баясгалан, Д.Амарбаяр, П.Насантогтох, талийгаач С.Цогтсайхан нарыг бид хэзээ ч мартах ёсгүй!

Тухайн үед тэдний наасан ухуулах хуудсыг төрийн эсрэг хэмээн мушгин авч үзвэл цаазлуулах ч ял сонсож мэдэхээр тийм  эрсдэлтэй алхмыг тэдгээр залуус өөрсдийнхөө төлөө бус, харин бид бүхний ирээдүйн сайн сайхны төлөө хийж явсан юм.

Ухуулах хуудсаа Э.Бат-Үүл Богд уулын “Хүрэл тогоотын” оргилд байрладаг ажлынхаа бичгийн машинаар бичиж хэвлэсэн нь тухайн үед НАХЯамны зүгээс Монголын нутаг дэвсгэр дээрх бүх бичгийн машиныг бүртгэж, хэвийг нь авч хадгалдаг хатуу журамтай байсан ч уулын орой дээр байдаг болоод ч тэр үү бичгийн машиных нь хэв ороогүй үлдсэн байсан нь хэргийг илрүүлэхэд нэлээн түвэг удсан бөгөөд Э.Бат-Үүл ажлын байран дээрээ албаны бичгийн машинаар “Шинэ үе” ухуулах хуудсаа машиндсан гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдан ажилгүй болж байжээ.

Уулын орой дээр ухуулах хуудас машиндаж суухдаа Э. Бат-Үүлийн санаанд буусан “Шинэ үе” хэмээх нэрээр бүлгээ нэрлэн хожмоо өргөжсөөр Монголын Ардчилсан Холбоо үүссэн түүхтэй.

1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр МОАХ-г зохион байгуулах хурал хийн  МОАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийг 15 гишүүнтэйгээр баталжээ. Үүнд:

  1. Амарсанаа
  2. Сүхбаатар
  3. Элбэгдорж
  4. Нямсүрэн
  5. Энхээ
  6. Бат-Үүл
  7. Энхбаатар
  8. Бошигт
  9. Зориг
  10. Баасан
  11. Билэгт
  12. Нинж
  13. Сосорбарам
  14. Энхтүвшин
  15. Энхболд    нар байлаа.

1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МОАХолбооны анхны цуглааныг Ц.Элбэгдорж нээн МОАХолбоо байгуулагдсныг мэдэгдэн, дараа нь С.Амарсанаа улс төрийн 13 шаардлага бүхий өргөн барих бичгээ уншиж Монгол оронд Ардчилсан хувьсгал эхлүүлж байгаагаа тунхаглан зарлажээ.

1990 оны гуравдугаар сарын 7-ны хүйтэн хавсаргатай хаврын өдөр МОАХолбооны ЕЗЗөвлөлийн 10 гишүүн болох Э.Бат-Үүл, Д.Батбилэгт, Б.Батцэнгэл, Г.Бошигт, Б.Галсандорж, Д.Дорлигжав, Н.Жавхлант, Д.Нинж, З.Эрдэнэбат, Д.Энхбаатар нар МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг засаг төрөөс тусгаарлах, МАХН-ын онц их хурлыг хуралдуулах , мөн улс төрийн бүх хүчин тэгш эрхтэй оролцсон БНМАУ-ын Үндсэн хууль, сонгуулийн хуулийг баталж, ардын шинэ төрийг ардчилсан сонгуулиар сонгох зэргийг албан ёсоор шаардаж Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж эхэлжээ.

Гуравдугаар сарын 8-ны өдөр Э.Бат-Үүл тэргүүтэй өлсгөлөн зарлагчид тухайн үеийн Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг шаардан амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

Чухам энэ өдөр үйл явдал цагаар биш, хором тутамд өөрчлөгдөн өлсгөлөн зарлагчдыг дэмжсэн олон мянган хүний жагсаал цуглаан өрнөн, чанга яригчаар Ц.Элбэгдоржийн дуу цууриатаж байсныг өнөөдөр ч хүмүүс санаж буй биз ээ. Өлсгөлөн зарлагчдын тоо нэмэгдсээр 32 болж, орой хирд нөхцөл байдал улам хурцдан хяналтаас гарах дөхөж байтал УТТовчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон баярт мэдээ иржээ.

Анхны 15-ын нэг болох Сүхбаатарын Амарсанаагийн түүхэн номондоо өгүүлснээр: “Бид ялав! Хамгийн гол нь цөөхөн Монголчууд бид эвийн замаар, яриа хэлэлцээний үр дүнд ийм эгзэгтэй хурц байдлыг нааштайгаар шийдвэрлэж чадлаа. Одоо бид учрах саад бэрхшээлийг даван туулж, хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал өөд хамтдаа урагшлах болно! Монголчууд бид азтай бас бахархах юмтай улс үндэстэн гэдгээ даян дэлхийд илтгэн харуулав. Олон улс үндэстний түүхэнд гарсан олон олон хувьсгал зорилгодоо хүрэхийн тулд бие биенийхээ бүлээн цусыг урсгаж, гал дөл, уй гашуу, өшөө хорслын гашуун нулимсан дундуур туучдаг байсан эмгэнэлт түүхийг давтахаас зайлсхийж чадав. Энэ улс төрийн өлсгөлөн манай түүхэнд мөнхөд дуурсагдах гавьяа болон үлдэж байна” хэмээн бичжээ.

Үнэхээр ч түүхийн үнэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй!

Их аугаа зүйл энгийн байдаг жамаар Ардчиллын анхны партизануудын олонхи нь түүхэн гавьяагаа үл дурсан, алдар нэр, албан тушаалд үл шунан, эгэл даруухнаар аж төрж яваа ЭНЭ ЦАГИЙН ЭГНЭШГҮЙ БААТРУУД билээ.

Д.Мягмарсүрэн   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top