Бид байгаа учраас “Амьдрал” хөтөлбөрийг өрх гэрт хүртэл хэрэгжүүлж чадна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

УИХ-ын 2012 оны сонгуульд ИЗНН “Амьдрал”  мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байна. Иргэдийнхээ дунд  үргэлж байдаг намын хувьд хамгийн хэрэгжих боломжтой, амьдралд ойр хөтөлбөрийг боловсруулсан байна. “Амьдрал”  хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн З.Алтай, ИЗНН-ын дарга, Монголын Үндэсний худалдаа  аж үйлдвэрийн танхимын тэргүүн С.Дэмбэрэл  нартай ярилцлаа.

-ИЗНН-ын мөрийн хөтөлбөр  нэрнээсээ л иргэдийн амьдралд шууд нөлөөлж өөрчлөлтийг мэдрүүлэх нь  гэж ойлгож байна.  Энэ бодол зөв үү?

С.Дэмбэрэл: Манай намын мөрийн хөтөлбөр “Амьдрал” нэртэй. Хувь хүний амьдрал , хотын амьдрал, өрх гэрийн амьдрал, хөдөөгийн амьдрал, нийгмийн амьдрал  гээд эгэл жирийн амьдралын бодитой тоо баримтыг түшиглэн зорилгоо  багтаасан. Яагаад “Амьдрал” гэж  нэрлэсэн гэхээр  өнөөдрийн амьдралыг бид зүрх сэтгэлээрээ ойлгож байж дараа дараагийн жилийнхээ ажлуудаа төлөвлөж,  мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Иргэдийнхээ  дунд байнга байж чаддаг намын хувьд   “Амьдрал” мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцож байгаа юм.  Энэ мөрийн хөтөлбөрийг боловсруулахад иргэд өөрсдөө оролцсон. Жижиг дунд бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон ээж, ахмад настан,  малчин гээд нийгмийн бүхий л давхаргынхны санаа оноо, шийдэл орсон. Үүгээрээ бид нийгмийн аль ч давхаргад  хамгийн их яригддаг ч амьдрал дээр дорвитой  хэрэгждэггүй асуудлуудын шийдлийг гаргахыг хичээсэн. Өнгөрсөн 20 жил иргэдийг төрийн халамжинд  байлгаж, төр бүхнийг шийднэ гэж байсан бол “Амьдрал” хөтөлбөрийн утга учир нь иргэд өөрсдийнхөө хүч хөдөлмөр, санаачлагаар  энэ амьдралаа өөд татаж болно гэдгийг л тусгасан.  Мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцсон иргэдийн бодит амьдралд түшиглэн  амьдралд хэрэгжих хамгийн боломжийн  мөрийн хөтөлбөр болсон гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Мөрийн хөтөлбөрийн Эдийн засгийн салбарын  хэсгийг боловсруулахад миний бие гар бие оролцсон. 20,30 жил Монгол Улсынхаа эдийн засгийг судалсан. Ингэхдээ хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор асуудлыг шийдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ дээрээс нь доошоо бус доороос нь дээшээ гэсэн зохион байгуулалттайгаар бодитой, хүмүүсийн оролцоотой, шударга,  үр шимийг иргэдэд хүргэхийн тулд төрөл бүрийн сангуудаар дамжуулан шийдэлд хүрдэг, ажлаа хэрэгжүүлдэг байхыг илүүд үзсэн.

З.Алтай: Ард түмэн их юм хүсдэггүй. Төрд ороод та бидний амьдралыг хэрхэн сайжруулах вэ л гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилд МАНАН-гийнхан   засаг барихдаа  ард түмнийхээ  амьдралыг сайжруулж чадсангүй.   Засгийн газар, эрх баригчид эдийн засгийн 17 хувийн өсөлттэй хөгжлөө гэж  мэдэгдсэн. Дэлхийд байхгүй энэ их өсөлт иргэдийн толгойг эргүүлж орхисон шүү. Тэр тоог ямар идэх биш. Энэ тооны цаана иргэн миний хэтэвчин дэх мөнгө, манай гэр бүлийн хөргөгчин дэх хүнс тэр их гэрлийн хурдаар нэмэгдэв үү гэдэгт байгаа юм. Энэ хэмжүүрээр эрх баригчдын ажлын үр дүнг дүгнэдэг болохоос хоосон тоо идэж амьдарна гэсэн асуудал байхгүй. Иргэдийн бодит амьдралд мэдэгдэхээр өөрчлөлт гарч, овоо ш дээ гэж дүгнэгдэх гол амлалтаа  тэд биелүүлж чадсангүй. Өнгөрсөн дөрвөн жилд МАНАН-гийн хийсэн гол ажил нь эргэж эрх мэдэлд хүрэхийн тулд амласан утга учиргүй, тооцоо судалгаагүй бэлэн мөнгөө яаж олж өгөх вэ? гэдгийг л бодсон. Мөнгө тараах нийгмийн халамжийн ажлыг л хийсэн. Бэлнээр тараасан тэр их мөнгөөр  хэчнээн хүний амьдралыг өөрчлөх ажлын байрыг нэмэгдүүлж болох байсан.

Хэчнээн сургууль, эмнэлгийн байрыг барьж болох байсан гээд хүнд болон нийгэмд хэрэгтэй маш олон асуудлыг шийдэж болох байлаа.

Үнэндээ сонгуулиас сонгуулийн хооронд бэлэн мөнгө тарааж өвлийн өтгөний ажил хийсээр  дөрвөн жилийг өнгөрүүллээ. Хоосон юм амладаг, хийсвэр сэтгэдэг, тооцоо судалгаагүйгээр бэлэн мөнгө тарааж, халамжийг хавтгайруулж иргэдийн амьдрал, ахуйг дампууруулдаг нөхдүүдтэй хэд хоногийн дараа иргэд  тооцоо бодох ёстой гэж бодож байна.  “Амьдрал” мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал  зүйл нь иргэдийн амьдралд хүрсэн, айл гэр бүлийн гэрт орсон, иргэд нь өөрсдөө амьдралынхаа төлөө зүтгэдэг, сэтгэдэг, боломжийг ашигладаг, хамтдаа зүтгэдэг бодит иргэний засаглалыг бий болгож  байж өнөөдөр эх орондоо эзэн сууж, хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа бүтээх, их зүйлийг хийх, хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд  ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат бид гурав олон суурь хууль дээр сууж, өргөн бариад байгаа. Тухайлбал,  улстөрийн нам эвсэл дагаж талцдаг, хуваагддаг, ууж иддэг, авлигын сүлжээ, аалзны торыг задлахын тулд  улстөрийн намуудад хатуу гишүүнчлэл байж болохгүй  гэдгийг зохицуулах хуулийн төслийг  өргөн барьсан. Мөн намуудыг  мөнгөний  машин болгосон, бохир мөнгө эргэлдүүлдэг улстөрийн том хүчнүүдийг задлая гэсэн юм.

Улстөрийн намуудын санхүүжилтээр эргэлдэж байгаа хэдэн тэрбум төгрөгийг бид өөрсдөө хянадаг болъё. Ямар хэмжээний бохир мөнгийг намын нэрээр энэ  хэдэн нөхдүүд хувааж  идэж байгааг ил тодоор хардаг, хянадаг болъё, нөгөө асуудал нь улстөрийн намууд ард иргэдэдээ эрх чөлөөг нь өгөөчээ.  

Засаг даргаа өөрсдөө томилдог, сонгодог больё. Мөнгөө өөрсдөө зарцуулдаг больё, хяналтаа өөрсдөө тавьдаг больё гэх гурван үндсэн гол санааг бид мөрийн хөтөлбөртөө оруулсан. Ингээд бидэнд итгэл өгөөд сонгох юм бол өргөн барьсан  намын хатуу гишүүнчлэлгүй, улстөржилтийг зогсоох  хуулиасаа ажлаа эхэлнэ.

-Нийгмийн халамж улстөрийн намуудын хамгийн ярьдаг сэдвийн нэг болж. ИЗНН мөрийн хөтөлбөртөө  халамжийн асуудлыг яаж зохицуулахаар оруулсан бэ?

Мөрийн хөтөлбөрийг уншихаар зарим намынх шиг 2020, 2030 онд ийм болно, ийм ажил хийнэ гээгүй  байх юм,  яагаад?

С.Оюун: Халамж хавтгайрлаа гэж ярьж байгаа боловч үнэхээр харж хандах, халамж зорилтод бүлгийн иргэдээ орхигдуулаад байдаг. “Амьдрал”  мөрийн хөтөлбөрт ажиллаж чадах, хөдөлмөрийн насныхан ажлаа хийнэ. Иргэдээ ажилтай байлгахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгаа бодитоор хөгжүүлнэ. Ажил хөдөлмөртэй иргэдийн цалин амьдрал нь хүрэлцэхүйц, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой. Харин зайлшгүй  төрийн халамжинд байх шаардлагатай нийгмийн эмзэг бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эх, харж хандах хүнгүй өндөр настны халамжийн мөнгийг одоогийнхоос хэд дахин нэмж олгох хэрэгтэй. Халамжийг нийгмийн ялгааг үл харгалзан хавтгайруулахгүйгээр зорилтод бүлэгтээ  халамжийг үзүүлэх хэрэгтэй.  Ийм тохиолдолд халамж  нэмлээ ч  одоогийнхоос маш бага мөнгө шаардлагатай. Энэ бодлогыг “Амьдрал”  хөтөлбөртөө оруулсан.

- С.Дэмбэрэл: ИЗНН-ын мөрийн хөтөлбөр  алсын хараагүйдээ 2016 онд дуусч байгаа юм биш. Хамгийн гол нь нийгэмд бугшаад байгаа асуудлыг шийдэж байж ирэх 2020,2030 онд  тулгарах бэрхшээл, асуудалтай учирахгүй, учирсан ч хохирол багатай даван туулах хэтийг харсан байгаа.

Хүний амьдралд байгаа асуудлыг хамгийн түрүүнд шийдэх, өнөөгийн бүх бэрхшээл, асуудлыг шийдэхгүйгээр маргаашийг бүтээж чадахгүй. Харин ихийг бүтээх хүмүүст  маш том боломж олгож өгч байгаа юм.

С.Оюун. Эмэгтэй хүн, ИЗНН-ын даргын хувьд нэг зүйлд  маш их санаа зовж байгаа. Хүүхдийн асуудлыг хаа хаанаа  орхигдуулсан. Тиймээс мөрийн хөтөлбөртөө  хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг сайжруулах талаар  нэлээд түлхүү оруулсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд төрөлт даруй 50 хувиар нэмэгдсэн. 2007 онд 47 мянган эх төрсөн бол 2011 онд 70 болж өссөн. Гэтэл  нэг ч шинэ төрөх байгуулагдаагүйгээс  төрөхүүд ачааллаа дийлэхээ байлаа. Төрөлтийн энэ давалгаа  одоо цэцэрлэг, бага анги руу орж ирж байна. Цэцэрлэгийн нэг ангид 50-60 хүүхэд орж байх жишээтэй. Сургуулийн бага ангид анги дүүргэлт 40 хол давж байна. Тэгэхээр төрөхийн тоог нэмж тэнд ажиллаж байгаа эмч сувилагч, асрагч нарын цалинг нэмэх хэрэгтэй. Цэцэрлэгүүдийн тоог яавал оновчтой, зардал багатайгаар нэмж болохыг ч тооцсон. Тухайлбал, хувийн хэвшлийг  оролцуулж болно. Нэг, хоёр давхар цэцэрлэгийн давхрын тоог нэмэх аргаар нэмэгдүүлж болох хамгийн энгийг шийдлийг олж харсан.

-Уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт ИЗНН-ын анхааралд байнга  байгаа байх. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр мөрийн хөтөлбөртөө ямар ямар шинэ бодлого, санааг оруулсан бэ?

З.Алтай: Уул уурхайн асуудлыг шийдэх эрх мэдлийг  орон нутагт нь өгье гэсэн байгаа.  Миний  нутагт ирээд миний нутгийн газар шороог ухах гэж байгаа бол бидний дээр байгаа засгийн газар мэддэггүй юм . Энэ нутгийн уугуул иргэд биднээс асуу, ашиглуулах эсэхийг бид мэднэ гэдэг зарчмыг бий болгохоор болсон. Энэ бол дэлхийд байдаг сонгодог зарчим. Нутаг ус минь  сүйдэх үү сүйдэхгүй юу, эндээс бидэнд  ямар өгөөж  ирэх вэ? гэдгийг нутгийн иргэд иргэдийн хурлаараа хэлэлцэж байгаа “NO”,  “YES” гэдэг товчлуурыг  дарна. Түүнээс биш Улаанбаатарт  саарал байшинд суудаг  хүн шийдэхгүй, нутгийн иргэдэд эрх мэдлийг олгосон  эрх зүйн орчныг бий болгох ёстой. Ингэж байж иргэн   уул ус, нутаг орноо хайрлана, хяналтаа тавина. Нутаг орноо хөгжүүлэх, тогтвортой  суурьшин амьдрах  болно. Түүнээс хотод саарал байшинд сууж байгаа нөхдүүд шийдэхгүй. Ийм байж л иргэн хүн нутаг усаа хайрлана, хяналтаа тавина, хөгжүүлнэ гэсэн  бололцоо ирээдүйд байгаа.

С.Оюун:  Байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах ажил  “Амьдрал” хөтөлбөрийн нэн тэргүүний бодлого болгосон.  Өнөөдөр иргэдийн хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл нь байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлт. Уул уурхайгаас болж их хэмжээний газар нутаг сүйдэж, нөхөн сэргээгддэггүй, үүнд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог тогтолцоо нь сул, байхгүй. Аж ахуйн нэгжүүд олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд  ямар нэг найраа байхгүй шүү. Нөхөн сэргээж чадахгүй, байгаль орчинд халтай, ус гол горхи ширгээж, татруулж байгаа бол өршөөлгээр  хаалгаа барьдаг тогтолцоо руу оруулна.

Д.Энхбат, З.Алтай гишүүн бид гурав байгаль орчныг нөхөн сэргээх тухай хуулийн төслийг  өргөн барьсан. Хэдийгээр хагас жилийн өмнө өргөн барьсан ч  парламент сонгуулийн хуулиа хэлэлцэж  улстөржсөөр байгаад хэлэлцсэнгүй. Дараагийн парламентад манай намаас  сонгогдон орох төлөөлөл байгаль орчны асуудал болон, бидний өргөн барьсан хуулийг батлуулахын төлөө ажиллана, батлуулна. Нөхөн сэргээлт, ойжуулалтад зайлшгүй хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй. Ногоон хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлогын хүрээнд  үйлдвэрлэл байгальд халгүй байхыг  мөрийн хөтөлбөртөө нэн тэргүүний бодлого болгосон .

-ИЗНН  авлигатай  тэмцдэг гэх имижийг иргэдийнхээ дунд бүрдүүлж чадсан. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрт авлига, төрийн хүнд сурталыг ямар  замаар бууруулахаар тооцоолсон бэ?

З.Алтай: Бас нэг асуудал нь засаглалын монопол эрхийг халъя гэж байгаа юм. Мөнгө, хөрөнгө, бүтээн байгуулалт, хөгжлийн гээд бүхий л асуудлыг дан ганц засаг барьж  байгаа хэдэн нөхөд, засгийн хэдэн түшмэдийн гарын аясаар шийдэгддэг, бүх эрх мэдэлд тэдэнд төвлөрдгийг задлах ёстой гэж  үзэж байгаа.

Төсөв хөрөнгө хуваарилалт,  ажлын гүйцэтгэлийн хяналт, зарцуулалт,  олон сангууд  засаг барьсан түшмэдийн гарт байдаг. Хэнд өгөх, хэнд өгөхгүй, хэдэн хувиар олгох гэдгийг асуудлыг дээрээс биш доороос шийдэхийн тулд иргэд рүү эрх мэдлийг өгье гэж байгаа юм. Энэ нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод  эрхийг нь өгөх юм. Тэд хэлэлцээд, хяналтаа тавиад зөвлөгөөгөө өгөөд асуудлыг өөрсдөө шийддэг байдал руу шилжихгүй бол авлига, хүнд суртал, цаг нар уур уцаар болсон засаглалын хүнд дарамтаас салж байж иргэд өөрсдөө хүсэл зорилгынхоо дагуу асуудлыг шийддэг хэлбэр рүү  орохгүй бол болохгүй болжээ. Тэгэхээр сүүлийн 20 гаруй жилд бий болсон улстөрийн намын намчирхсан тогтолцоог задлахаас өөр арга байхгүй.

С.Дэмбэрэл: Урьд өмнө одоо ч өөр аль ч нам гаргаж тавиагүй төрийн зохицуулалтыг бид мөрийн хөтөлбөртөө оруулсан. Төрийн эрх мэдэл их байгаагаас данхайсан төр, туранхай  хувийн хэвшлийнхэн, хар бор амьдралтай ард иргэд болчихоод байна.

Иргэдийн оролцоо бизнесийн оролцоо гэдгийг нэмэгдүүлэхийг мөрийн хөтөлбөртөө түлхүү оруулсан. Би  20,30 жил жижиг дунд бизнесийн орчинг сайжруулах, яавал өөрчилж болох талаар бодож, ярьж ирсэн. Төрийн зохицуулалтыг тодорхой болгож байж л өөрчлөлт ирнэ.

-Хөдөө орон нутаг руу хандсан,  малчид, иргэдэд “Амьдрал”  хөтөлбөр юу өгөх вэ?

З.Алтай: Улс орны хэмжээнд хэлэлцэж нэн даруй  задалж залруулах зүйл нь бүсчилсэн хөгжлийн хэлбэр. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг 330 сум, суурин руу тарааж байхаар улс орныхоо хөгжлийг газар нутгийнхаа байршил, онцлогт тохируулсан багцаар нь  төсөвлөх хэрэгтэй болж.

ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр Монгол Улсын хөгжлийг таван бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх бодлогыг багтаасан. Бүсчилсэн томоохон хотуудыг бий болгоё. Энэ таван бүсэд хуваарилалтыг хийж  хөгжүүлж сайн сайхан амьдралыг бий болгоё гэж байгаа юм.  Сайдын  эрх мэдэлтэй таван бүсийн захирагч Засгийн газрын хуралдаанд сууж бүсийнхээ асуудлыг шийддэг байх юм.

С.Дэмбэрэл: Таван бүсийн захирагч сайдын зиндаанд гэхээр энэ нам  албан тушаалтны орон тоог нэмэгдүүлэх нь юу болж байна гэж  харах хэрэггүй. Таван бүс бий болгосноор зах зээлээ дагаад  захирагч  нар өөрийн эрх мэдэлтэй байна. Бүсийнхээ хэмжээнд байгаль орчин, эрүүл мэнд, тогтвортой  байдал, нийгмийн асуудлаа шийддэг байна гэсэн үг. Ингэснээр төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутаг руу чиглэсэн асуудлууд шийдэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин сайжирна гэж манай намын мөрийн хөтөлбөрт тусгасан.

С.Оюун: Дэмбэрэл даргын хэлдгээр хөдөө орон нутгийг илүү бие даасан, шийдвэрээ өөрсдөө гаргадаг,  асуудлаа өөрсдөө шийддэг тогтолцоо руу шилжүүлэхээр  мөрийн хөтөлбөртөө оруулсан. Үйлдвэрлэл, уул уурхайгаас  авч байгаа татварын орлогын дийлэнх нь улсын төсөвт  ордог. Аймаг орон нутагтаа наалдах, үр ашигтай ашиглах юм байдаггүй.  Тэгэхээр  татварын 40-өөс доошгүй хувь нь орон нутагтаа үлдэж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтад зарцуулагддаг байх ёстой. Мөн иргэдийн дэмжлэгийг авсан, итгэл даасан үйлдвэрлэл, уурхай тухайн бүс нутагт үйл ажиллагаагаа эрхэлж орон нутагтаа үр ашгаа өгдөг байх болно. Иргэдийн оролцоогүйгээр ямар ч асуудал шийдэгдэхгүй, дэмжигдэхгүй болох тогтолцоо руу шилжих болсон.

С.Дэмбэрэл: Өнөөдөр монголын малчдын амьдралын хэвшилийг харахаар  нийгэмд байгаа баян ядуугийн ялгаа бий болсон. Мал аж ахуй байгалиасаа хараат. Нийт малчдын сүргийн цөм бүтэц  нөхөх үржих чадваргүй болтлоо  тоо толгой нь буурсан   байна. Төрийн зүгээс мал сүргийн бодлого, бэлчээрийн талхлалтаас сэргийлэх ажлыг бодлогоор зохицуулах ёстой.

Өнөөдөр бэлчээр  талхлагдсан, дээр нь  бэлчээрийн дайн хийх хэмжээнд хүрэхүйц болсон байна. Малчдад хүрэх санхүүгийн үйл ажиллагаа  арилжааны банкаар дамжиж байгаа. Тиймээс малчдад санхүүгийн үйлчилгээг хамгийн найдвартай,  уян хатан байдлаар хүргэх  сонголтыг хийх боломжийг олгоно.

-Улстөрийн намууд ногоон улстөр, эдийн засаг гэж их ярих болж. Сонгуульд  өрсөлдөж байгаа намууд энэ талаар мөрийн хөтөлбөртөө оруулсан байна лээ. Тэднээс ИЗНН юугаараа ялгарах вэ?

С.Дэмбэрэл: Улстөрийн бүх намуудын мөрийн хөтөлбөртөө  ногоон хөгжил, ногоон эдийн засаг гэсэн нэр томъёо орсон байна лээ. Гэхдээ хоолны даруулга байдлаар  бус намын бодлогын эн тэргүүний зорилго байх. Манай Оюун даргын хэлж байгаа шиг  эн тэргүүний зорилго Ногоон эдийн засаг гэдгийг амьдралд хэвшүүлэх. Хүний хөгжлийн болон эдийн засаг гэдэг зүйл өөрөө бидний амьдралын хэв шинж болох ёстой. Байгаль орчин, ногоон хөгжил, эдийн засаг гэдэг ганц Байгаль орчин аялал жуулчлалын  сайдын асуудал биш. Бүхий л салбарт эн тэргүүнд тавьж байж цогцоор нь шийдвэл  ногоон эдийн засаг хөгжинө. ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт энэ бүхнийг биелүүлэх зорилго хамгийн цогцоор , нэн тэргүүний болж орсон.  Энд  ярьж амжаагүй маш олон санал, санаачлага манай намын хөтөлбөр орсон байгаа. Энэ хөтөлбөрөө хэрэгжих хамгийн боломжтой, амьдралд ойрхон  болж чадсан, бид байгаа учраас “Амьдрал” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадна гэдгийг бардам хэлж чадна.   

Ц.Ургамал



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top