Сонгуулийн хууль шинэчлэгдснээс хамааран энэ жилийн сонгуулийн дүр төрх эгэл даруухан энгийн байдалтай болж өөрчлөгджээ. Гудамжаар хадаатай байгаа billboard-н элдэв зургуудыг эс тооцвол сонгууль ойртож байгаа гэх сэдэлжүүлэг төрүүлэхүйц зүйл бараг алга. Өөр харж нүд хужирлах зүйлс ховор болохоор янз бүрийн поза, стильтэй, зарим нь гар гараасаа атгалцан авахуулсан тэр хэдэн зурагнуудыг хүмүүс их сайн харж байх шиг байнаа. Сонгинохайрхан дүүрэгт нэг ламын зураг байгаа нь дандаа гонжоом, зангиатай зураг хараад дассан бидний нүдэнд нэг л этгээд тусаад байх жишээний.
Өмнө сонгуулиудын үед энд тэндгүй бүтээн байгуулалт өрнөн, зам засаж, хог ачицгаан, энд тэндгүй хүүхдийн тоглоомын талбай байгуулан хэрэндээ л нэр дэвшигч бүр эрвийх дэрвийхээрээ хөдлөн, тоогдохыг хичээж, яг л шинэхэн хүргэн хадамдаа нэр нүүр олохын тулд гүрийдэг шиг зүйл болдог байж билээ. Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд хааяа бас үгүйлэгдээд байнаа нөгөөх нь, хэдий буруу гэдгийг нь мэдсэн хэрнээ.
Урлаг уран сайхны үзүүлбэр, дуу хуур үгүй болохоор нэр дэвшигчдийн уулзалт хүртэл яг нэг давсгүй хоол шиг, нэг л амтгүй. Сонгогчдын сэтгэл зүйд нөлөөлөх элдэв рекламны пауз байхгүй болохоор, хэн сайн ярьж чаддаг нь “амны фигурээ” ашиглахаас өөр гарцгүй. Ярихыг бус хийж бүтээхийг дадал зуршлаа болгосон хүмүүст харин жаахан бэрхшээл учирч болохоор.
Сурталчилгааны материал гэж баахан болсон болоогүй сонин сэтгүүл,плакат айлуудаар тараагаад эхэлчихэж. Урьд өмнө нь дор хаяж хоол цайгаа идэж уучихаар аяга, таваг, ханандаа өлгөчихөөр цаг хүртэл авч байсан хүмүүс энэ баахан “цаасны хогонд” нь дургүй гэж жигтэйхэн. Зарим нь бүр наадхийг чинь авахгүй ээ, авахгүй гээд хаалгаа тас хаах маягийн.
Тэрхүү баахан цаасан сурталчилгааг нь тоож уншиж байгаа ч хүн алга. Хамгийн улс төрийн идэвх сайтайгаараа тэтгэврийн хэдэн хөгшчүүд л нөгөөдүүлийг нь гарчиглаад сууж харагдах.
Увс аймгийн Хяргас сум биш дээ, Улаанбаатарчуудын хувьд бол цаасан гэхээсээ цахим сурталчилгаа хамаагүй илүү өгөөжтэй баймаар. Нийгмийн хамгийн олонхи, идэвхтэй хэсэг болох залуучуудын хувьд өнөөдөр интернетгүйгээр бараг амьсгалахад бэрх болсон гэхэд хилсдэхгүй. Тэдний тэр ном сонин унших дургүй болсныг ээ. Одоо оюутан сурагчид амарцгаачихсан, бүгд л гэр орондоо нет ухаж, сайт хэсээд л өнжиж байна.
Нэр дэвшигчдийн PR менежер хэмээх нөхдийг хараад байхад тэр хүн ялна уу үгүй юү огтхон ч падлийгүй, яавал хэдэн төгрөг дундаас нь тоншчих бол гэсэн өлөн сэтгэлгээгээр хандаж байгаа нь илт мэдрэгдэхээр. Менежер хүн бол орон нутаг,хүн ам, дүүргийн оршин суугчдынхаа нөхцөл байдлыг нэг бүрчлэн тооцоолж чаддаг байх ёстой. Улаанбаатарын хэмжээнд гэхэд дүүрэг, дүүргээрээ оршин суугчдын нөхцөл байдал, амьжиргааны хэв маяг өөр байх жишээний. Гэтэл сурталчилгааны хэлбэр нь яг адил байгаад байвал мэдээж энэ зохистой менежмент биш болох нь хэнд ч ойлгомжтой.
Ямартаа ч энэ жилийн сонгууль маань нэг иймэрхүү, нүд баясгах эрээн мяраан чимэглэлгүй, сэтгэл хөгжөөх дуу хөгжимгүй, элдэв бүтээн байгуулалтгүй, нэр дэвшигчдийн мөнгөнд маш хэмнэлттэй, хэрэв сонгосон нөхөр нь өмнөхөөс дээрдэх юмгүй бол ядаж ганц аяга ч авч үлдэж чадалгүй “шатах” тийм л шинэлэг зүйл болохнээ.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )