Ш.Раднаасэд: МАН залуусаа олон талаар дэмжсээр ирсэн

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАН-ын Хэрэг эрхлэх  газрын Намын  байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа. 

-УИХ-ын  ээлжит сонгууль хаяанд  ирлээ. Энэ удаагийн сонгууль  шинэ хуулиар болох  онцлогтой. Та хуульч хүний хувьд Сонгуулийн  шинэ хуулийн  ач холбогдол,  үр  дүнгийг нь хэрхэн харж байна вэ. Сонгуульд  сонгогчид  болон  нам,  эвслүүд  яаж оролцох ёстой талаар  ярилцлагаа эхэлье?

-2012 оны Сонгуулийн хуулийн онцлог  өмнөх сонгуулиудад  гарч байсан  алдаа завхралыг  арилгах, ерөөсөө энэ сонгуулийн шинэчлэл, төгөлдөршлийг зөв зохистой байлгах  үүднээс нэлээн  чанга хууль  болж өгсөн. Аливаа хэлбэрээр санал худалдан авах бүх  үйл  ажиллагаанд  нэр  дэвшигчид, намуудад тавих  шаардлагыг  наривчилж өгснөөрөө онцлогтой.  Хоёрдугаарт МАН-аас 2010 онд санаачлан улс төрийн намуудын дунд  санамж бичиг байгуулан,  уриалга гаргасан  байгаа. Бэлэн мөнгө болон  хэт хавтгайрсан тэтгэвэр, тэтгэмжийг  өгөхгүйгээр сонгуульд  өрсөлдье. Улс орны эдийн  засагт  хүндрэл  учруулахуйц амлаттай сонгуулийн  үр  дүнгийн талаарх гашуун туршлага бидэнд бий. Манай намын  дэвшүүлсэн  энэхүү уриалга Сонгуулийн тухай хуульд  тусгагдаж орсноороо  нэлээн ач холбогдолтой.  Сонгогчдын  саналыг  аливаа хэлбэрээр  худалдаж авах, төрийн  албан  хаагчдыг  сонгуулийн  сурталчилгаанд  ашиглах гэх  мэт  хориглосон  заалтууд  бий.  Түүнээс гадна нэлээн  чухал  заалт  бол нэр  дэвшигчдийн нэрийг эргүүлэн татах тухай юм. Энэ нь  уг  хуулийг мөрдөхөөс  аргагүй байдалд  оруулж байна. Санал  өгөх  хэлбэрийн тухайд  сонгуулийн тогтолцоо  маань өөрөө их  онцлогтой. Урьд  өмнө мажориатар  системээр  санал өгдөг байсан  бол  энэ удаад  холимог  системийг  авлаа. 

   -Хууль  батлагдчихаар  асуудал  шийдэгдээд,  бүх  зүйл  цэгцэрчихнэ гэж ойлгож болохгүй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд юун дээр  илүү  анхаарах  ёстой вэ? 

-Амьдрал  баян.  Амьдралын бүх  зүйлийг  хуулиар  зохицуулах  нь  хэцүү. Гэхдээ Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа үйлдлүүд  энд  тэнд  мэр  сэр  хийгдэж байна. Саяхан  л  гэхэд Ардчилсан  намын  Өвөрхангай аймгийн намын  хорооны дарга нь  нэр  дэвшигчдээ хэрхэн хууль  зөрчиж байгаа талаар мэдээллээ. Энэ мэт хуультай холбоотой зайлшгүй хэрэгжүүлэх  шаардлагууд  байна.  Бүх  улс төрийн намууд  хуулийг  яг  таг  мөрдөхийн төлөө ажиллах  ёстой юм болов уу.  Сүүлийн өдрүүдэд  сонгуулийн  сурталчилгаа идэвхитэй явж байна. Сонгуулийн санал  авахаас  өмнөх  долоо хоногт нэр  дэвшигч болон  сонгогчдын  сэтгэл  хөдлөл  дээд  цэгтээ очно.  Энэ үед аливаа хэлбэрээр хууль  зөрчсөн  үйлдлүүд  гарахвий гэдэг  болгоомжлол байгаа. Манай намын хувьд хуулийн  дагуу, шударга өрсөлдье  гэдэг  уриалгаа гаргаад  бусад  улс төрийн хүчнүүдэд  хүргүүлчихсэн  байна. 

-Сонгуулийн тухай хуулиас яг  сонгогчдод  хамаатай мэдээлэл  нь  нэлээн  дутмаг  байна уу даа гэж харагдаж буй. Иргэдийн хувьд  сонгуульд  ямар  байдлаар оролцох  ёстой гэдгийг  тодорхой тайлбарлахгүй юу? 

-Өмнөх  сонгуулиудаар  санал  худалдан  авах  байдал  ил  далд  янз  бүрийн  байдлаар  явагддаг  байсан. Одоо тэр  байдлыг  халах  хөшүүргийн  систем Сонгуулийн тухай хуульд  орж ирсэн.  Энэ аргыг  анх Солонгос,  Япон зэрэг зүүн  өмнөд Азийн орнууд  түгээмэл хэрэглэсэн. Тухайлбал аль нэг  нэр  дэвшигчийн  ухуулагч болон  шадар  туслагчаас  сонгогчдод  мөнгө өгснийг  илчилвэл тэр  мөнгийг  нь арав  дахин  нугалж тухайн  сонгогчдод  өгнө.  Өөрөөр хэлбэл миний саналыг худалдан  авахаар  мөнгө өглөө гэдгийг  илчлэх  юм бол урамшуулал өгнө гэсэн  үг. Харин иргэдэд  урамшуулал  өгсний хохирлыг тухайн нэр  дэвшигч,  эсвэл  намаас  нь  эргэн  төлүүлдэг  систем юм. Ийм  зохицуулалт  Сонгуулийн тухай хуульд  орсон.  Ер нь  бол санал  худалдан  авахтай холбоотой хэд хэдэн  анхаарах  зүйл  бий.  Нэгдүгээрт нэр  дэвшигчдийн явуулж буй үйл  ажиллагаа сонгогчийн гэрт  нь орж ирэхдээ ямар хэлбэрээр  орж ирэв  гэдгийг харах  хэрэгтэй. Мөн  шөнийн 23  цагаас  хойш  нэр  дэвшигчид  чанга яригч хэрэглэхгүй гэдэг  ч юм уу сонгогчид  зайлшгүй мэдэж байх  ёстой асуудлууд  бий.  Дээрээс нь санал  өгөх  процессдоо  Монголын  ард  иргэд  анхааралтай хандах хэрэгтэй.  Яагаад гэвэл  урьд  нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа иргэний бүртгэлийн байгууллага алдаа их  гаргадаг  байсан.  Байхгүй хүнийг  өөр  хүний хаяган  дээр  давхар  бичих  жишээтэй.  Яг  ийм  завхрал  саяхан Хан-Уул  дүүрэг дээр дахин гарлаа.  Иргэний шинэчилсэн  бүртгэл гээд цэгцлээд  байгаа мэт  боловч дүүргийн  иргэний бүртгэл дээр алдаа гарсан  уу,  эсвэл улс төрийн  зорилго агуулсан  уу Хан-Уул  дүүрэг дээр  хоёр ч тохиолдол  гарлаа. Манай намын нэр  дэвшигчийн  аавынх нь  хаяган дээр  нийслэлийн  иргэдийн хуралд  нэр  дэвшиж буй өөр гурван  хүний нэрийг  биччихсэн  байх  жишээтэй.  Тиймээс иргэд  нэрийн  бүртгэлийг  үзэж шалгах  эрхтэй. Тийм  эрх  нь  хуулиар  нээлттэй.  Хоёрдугаарт  сонгогчид нам  болон  нэр  дэвшигчийн төлөө санал  өгнө. Саналын хуудсыг  машинаар  уншина.  өмнө нь  бид  нэр  дэвшигчийн  өмнөх  дугаарыг  дугуйлдаг  байсан  бол энэ удаад  будна. Тиймээс  иргэд  анхааралтай будахгүй бол  машин  унших  уу үгүй юу гэдэг асуудал  бий юм.

-УИХ-ын  сонгуульд зарим нэр  дэвшигчийг бүртгэхээс СЕХ  татгалзсан. Харин  үүнтэй холбоотойгоор улс төрийн  бусад  нам  хүчнүүдийн  захиалгатай үйлдэл  гэсэн мэдэгдлүүд гараад  эхэллээ л  дээ.  Үүн дээр  та ямар  байр суурьтай байгаа вэ? 

-СЕХ гэдэг хараат  бус, бие  даасан  үйл  ажиллагаа явуулдаг  байгууллага. Тиймээс тус байгууллагад  ямар  нэгэн  улс төрийн  хүчин  нөлөөлөх  боломжгүй байх эрх зүйн  орчинтой. Нэр  дэвшигчдэд  тавьж буй шаардлагыг Сонгуулийн тухай хуульд  маш  тодорхой заасан. Наад  зах  нь  цэргийн  алба хаасан  байх  ёстой. Хэрэв Сонгуулийн хууль  батлагдахаас өмнө та 27  нас  хүрээгүй байсан бол   цэргийн  албыг  биеэр хаа, эсвэл мөнгөн  хэлбэрээр  дүйцүүлэн   хаах  үүргээ биелүүлэх ёстой  гэх мэтээр  нэр  дэвшигчдэд  тавих  шаардлагыг  нэг  бүрчлэн  дурьдчихсан   учраас СЕХ  түүнээс бултаж,  зайлах,  өөрчлөх,  эсвэл  хүчээр  тулгах  ойлголт  байхгүй юм. Үүнд  нь намуудын хяналт бий.  СЕХ бүрэн  эрхээ хэрэгжүүлж байгаагийнхаа хувьд хуулийн дагуу үйл  ажиллагаа явуулахаас  өөр  аргагүй. Мэдээж бүх  нэр  дэвшигчид  бие биедээ хяналт  тавьж байгаа. Сая үүссэн  нэг  нөхцөл  бол МАН-аас гараагүй мөртлөө, өөр  намын өмнөөс  нэр  дэвшсэн.  Намуудын  бүртгэл  бүх  шатандаа хийгдээд  явдаг. 

-З.Ойдов  гуайд  СЕХ-ноос тавьсан  үндэслэлийг тайлбарлахгүй юу? 

-Ойдов гуай МАН-аас албан  ёсоор  гараагүй. Манай намын  дүрмээр  хэрвээ намаас гарах  бол  өргөдлөө албан ёсоор  өгөх ёстой. Ойдов гуайн хувьд  албан ёсоор  өргөдлөө өгч,  гараагүй учраас  өөр  намаас нэр  дэвших ямар  ч боломжгүй. 

-Гэвч СЕХ-ны энэхүү  шийдвэрийг  олон  өнцгөөс  тайлбарлаж байна? 

-СЕХ өөрөө бие даасан хуультай байгууллага.  Тэд хуулиас  гадуур,  эсвэл  зохицуулагдаагүй ямар нэгэн харилцааг хийх  нөхцөл  ерөөсөө байхгүй.  Хараат  бус  байдлын тухайд СЕХ-ны гишүүдийн  тэгш  байдлыг хангах үүднээс зайлшгүй байх  ёстой албан тушаалын хүмүүсийг  тогтоогоод  өгчихсөн.  Удирдлагын тухайд дарга,  нарийн  бичгийн дарга гээд  аль  аль  талаасаа хяналт тавих  үүднээс өмнө нь  намын  харьяалалд  байсан  хүмүүсийг  оруулж ирсэн. Тэдгээр  хүмүүс хэн нэгнээсээ салж,  ямар нэгэн  хууль  зөрчсөн  үйл  ажиллагаа явуулна гэдэг нөхцөл   миний харж байгаагаар  их  хомс.

-Сонгуулийн тухай хуульд  орсон нэг  чухал заалт  нь  сонгуулийн зардлын дээд хэмжээг зааж өгсөн  явдал. Танай намын хувьд  хэдий хэмжээний хөрөнгийг сонгуульд зориулан  зарцуулах  гэж байгаа вэ? 

- СЕХ-ноос тогтоож өгсөн мөнгөний хэмжээнд сурталчилгааны ажлаа явуулна.  Сонгуулийн  дараа нэр  дэвшигч болон нам санхүүгийн тайлангаа гаргаж,  СЕХ-нд өгөх хуулийн заалттай. Тиймээс зааж өгсөн хязгаарыг хэтрүүлэх  боломж байхгүй.  СЕХ-ноос зааж өгсөн дээд хэмжээ бий.  Манай намын хэсгийн хороодын зарим нь  энэ хязгаарт  хүрч байгаа бол  хүрэхгүй тохиолдол ч бий.  Бид  өөрсдийн  байгаа нөөц боломж,  цуглуулсан хандивын хэмжээнд  тааруулаад сурталчилгаагаа  хийх төлөвлөгөөтэй байна.  Ер нь  авлигатай тэмцэнэ,  түүнээс ангид байна гэж үзэж байгаа бол сонгуулийн  авлига гэдэг  зүйлийг таслан зогсоох  ёстой юм.  Өмнө  тойрог, хэсгийн  хороод дээр  үүнтэй холбоотой гарч байсан  асар  их  алдааг  бид  мэднэ.  2008 онд УИХ-ын  65 дугаар тойрогт ийм асуудал  гараад  эрүүгийн хариуцлагад  татагдаад  л  явсан.  Хэн хаана мөнгө хаяад УИХ-ын гишүүн болно, тэр  хүн эргээд  зардлаа нөхөж авах  нь  ойлгомжтой.  Тиймээс Сонгуулийн тухай хуулийг  хэлэлцэж байхад сонгуулийн  авлигыг  таслах ёстой гэсэн  ерөнхий зарчмыг  манай нам гаргаж ирсэн. Хоёрдугаарт бэлэн мөнгө, хэт  хавтгайрсан  элдэв  амлалтыг  мөрийн хөтөлбөрт  тусгаж өгөхгүй байхаар  хуульчилсан  нь зөв  шийдэл  байсан.  Хэрвээ ийм байдлыг  тогтоогоогүй бол  хөгжлийн  бодлого маань тодорхой чиглэл  зорилгогүй,  зөвхөн амлалтаа биелүүлэх гэж хамаг нөөц бололцоогоо дайчилдаг байдал руу орно.  Ингэснээр төрийн нэгдсэн  бодлого,  цаашаа явах зам  маань  тодорхой бус балархай байдалд  шилжих  хандлага явж байна.  Тиймээс нэг талдаа улс төрийн  соёл  гэдэг  зүйлийг  оруулж ирэх  цаг  болжээ. Ерөөсөө л  бодлогоороо  өрсөлдье. Нөгөө талдаа сонгогч бүрт  өөрийн өөрийн  гэсэн  зовлон бий.  Тэр  хүндрэлээс гарахын тулд УИХ, Засгийн газар  тодорхой бодлого  чиглэл  гарган  ажиллах  ёстой. Гэхдээ түүнийгээ механик хэлбэрээр,  шууд  л  бэлэн  мөнгө өгөх  аргаар  шийдэх  нь  цогц бодлогыг  үгүй хийж байна. 

-Танай намын мөрийн  хөтөлбөр энэ зарчмыг  хэр  хангав? 

-МАН өнгөрсөн гуравдугаар  сард болсон Бага хурлаараа Монгол Улсыг  2031 он хүртэл хөгжүүлэх  20 жилийн  “Ард түмний хөгжлийн  хөтөлбөр”-ийг баталсан.  Энэ хөгжлийн хөтөлбөрөөс манай намын мөрийн хөтөлбөр  уялдаж гарч ирсэн.  Өөрөөр хэлбэл тодорхой эдийн засгийн түвшинд хүрэх  зорилт, чиглэлээ тэнд  тавьсан. Түүнээс эхний дөрвөн  жилд  аль  нь  наалдаж очих вэ, юуг  эхэлж хийх  ёстойгоо сонгуулийн мөрийн хөтөлбөр  болгон гаргаж ирсэн.

-Сонгуулийг  авлигаас ангид байлгах  бас нэгэн  хөшүүрэг бол  нэр  дэвшигчийн нэрийг  эргүүлэн татах  гэж ойлгоод байна? 

-Ямар нэгэн  аргаар ялсны дараа хэн ч яаж ч чадахгүй гэдэг хандлага өмнө нь  байсан. Тиймээс  энэ сэтгэлгээг халахын тулд  тухайн нэр  дэвшигчид  хууль  зөрчсөн  үйл ажиллагаа байгаа бол тангараг  өргөхөөс чинь өмнө таны нэрийг  эргүүлэн татна гэсэн  улс төрийн  соёлыг хуулиар  шахаж хийж өгсөн. 

-МАН бусад  улс төрийн  хүчнүүдэд хандан  хуулийн хүрээнд, шударгаар  өрсөлдөх  уриалга гаргасан. Гэвч энэ уриалга ажил  хэрэг  болохдоо ямар  байгаа бол? 

-Сонгууль гэдэг  улс төрийн хамгийн  том тэмцэл.  Дөрвөн жил бэлдээд, сүүлийн  40  хоногт гол өрсөлдөөн  явагддаг. Мэдээж хууль  зөрчихгүй байхын тулд бүх  намууд  хүсэл зоригтой байх хэрэгтэй юм.  Харин  энэ хүсэл  зориг  дээр  нь  бид айдас гэдэг  зүйлийг  хийж өгөөд  байна. “Хэрвээ та хууль зөрчих  юм бол тангараг  өргүүлэхгүй,  эргүүлэн татна шүү” гэдэг  айдас тухайн  нэр  дэвшигчийг хууль  зөрчүүлэхгүй байх  нөхцөл рүү  чирж оруулж байна. 

-Намуудын мөрийн хөтөлбөрийг харьцуулахад бүгд л зүүн төвийн  үзэл  баримтлалтай болчихсон  юм болов уу хэмээн харагдаж байна.  Бүх  улс төрийн намууд зүүн  талдаа гарчихсан  энэ үед  түүнийгээ хэрхэн  хэрэгжүүлэх  гэж байгаа нь сонгогчдод  чухал  байх? 

 

-МАН-ын мөрийн хөтөлбөр  бусад  намуудыг бодвол харьцангуй өргөн  хүрээг  хамарсан.  Монголын төр,  Засгийн газраас хүрч болох бүх  өнцөг  чиглэл,  ард иргэдээс гаргасан санал  санаачилга дээр  туссан  учраас нэлээн  онцлогтой.  Түүнээс гадна ирэх дөрвөн  жилийн хугацаанд  энэ ажлыг зайлшгүй хийх ёстой, тэгэхдээ ийм  аргаар  хэрэгжүүлнэ гэдгийг нарийн  судалгаагаар  гаргаж ирлээ.  Мөрөөдлийн жагсаалт биш, хийж болох амин чухал  асуудлыг  шийдэхийн төлөө байгаа нь манай намын  мөрийн хөтөлбөрийг бусдаас ялгаж байна.

-Ахмадууд,  тэр  дундаа хөдөө орон  нутгийнхан МАН,  МАХН гэдэг  хоёр  улс төрийн  хүчнийг ялгахгүй,  хольж ойлгох байдал  байна л даа. Үүнтэй  холбогдуулаад сонгуулийн санал  хуваагдахвий гэсэн  болгоомжлол  бий байх.  Үүн дээр та ямар  байр суурьтай байгаа вэ?  

-Ахмадуудын хувьд тиймэрхүү  зүйл  ажиглагдаж байгаа нь үнэн. Гэхдээ МАН гэдэг  1921 оны гуравдугаар сарын  1-нд  байгуулагдсан  улс төрийн  ууган  хүчин.  УДШ-ийн  бүртгэл  дээр  ч тийм зүйл бий.  Бид намын нэрийг өөрчлөх  асуудал  яригдаж байхад  намынхаа дүрмэнд  “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл  бөгөөд  үргэлжлэл” гээд  заачихсан. Шинэ байгуулагдсан 19 дэх  улс төрийн  нам  МАХН гэж бүртгэгдсэн. Яг  үнэндээ тухайн үед УДШ улс төрийн  шийдвэр  гаргаж, улс төрийн  намын тухай хуулийг  зөрчиж бүртгэсэн.  Тухайн үеэс л  сонгуулийн санал хуваах гэсэн  зорилго бий болсон.  Манай нам  нэрээ сольсноос хойш хоёр  жил  болох  гэж байна.  Энэ хугацаанд гишүүд маань  намынхаа бат илэрхийлэхийг  шинэчлээд,  аль  намын гишүүн бэ гэдгээ ялгаад  авчихлаа.  Тиймээс санал  хуваагдахгүй байх  гэж тооцож байгаа.    

                                                                                                                                     Б.Энхжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top