Экологийн хохирлыг эзэнтэй болгов

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Монгол хүн бүр өнөөдөр дор бүрнээ “Монгол Монголоороо үлдэх үү” хэмээн сэрвэлзэж байгаа нь үнэн. Хүүхэд ахуйдаа сэлж тоглодог байсан голынх нь хайрга харлаж, энд гол байсан гэдгийг илэрхийлэх  хатсан эрэг харагдах болсон нь та бидний ийн эмзэглэх болсны үндсэн шалтгаан. Энэхүү эмгэнэлт дүр зураг иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь ч үнэн. Тэгвэл Монголын төр, тэр дундаа Монголын Засгийн газар иргэний хөдөлгөөний үүрэг хүлээх болсон нь өнгөрсөн жилээс эхтэй юм. Байгалийн баялгаа олборлож, ашиг олохтой зэрэгцэн уул, усаа хамгаалах иргэний идэвх сэргэсэн болохоор арга ч үгүй. Төр засаг иргэнийхээ эмзэглэлийг сонсохгүй бол амжилт олохгүй нь тодорхой. Иймд Засгийн газар УИХ-аас баталсан Гол, мөрний урсац бүхий эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан аж. Тийм ч учраас уг хуулийн хүрээнд гол мөрний эх, усан болон ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй 236 компанийн экологид учруулсан хохирлыг тогтоож. Улмаар тэрхүү хохирлынх нь хэмжээг тогтоон, нхөн төлбөр оногдуулж эхэлсэн байна. Энэ бол амжилт. Цаашлаад иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс төр засгаас нэхэж ирсэн хамгийн том бодит ажил. Тэдний зүгээс өнгөрсөн хугацаанд “Уул уурхайн компаниудын учруулсан экологийн хохирлыг төр тооцож. Нөхөн төлүүлэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол энэ нь Монголын газар нутгаар гараа угаагчидтай үгсэн хуйвалдсаны илрэл юм” гэх хатуу шүүмжлэлийг өрнүүлсэн нь бий. Харин Засгийн газар энэ ажлыг эхлүүлснээрээ байгалийн баялгийг ор мөргүй сорж олборлодог атлаа, экологийн сүйрлийг урин дууддаг тэрхүү уул уурхайн компаниудтай үгсэн хуйвалдаагүй гэдгээ нотолсон юм. Үр дүн нь гэвэл эхний удаад алтны 243 тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийхийг бүрэн утгаар нь хориглож, үйл ажиллагааг нь дахин эхлүүлэхгүй гэсэн хатуу шийдвэртэйгээр зогсоосон байна. Дээрх тусгай зөвшөөрлийн цаана нуугдаж байсан байгаль экологид учруулсан хохирол нь гурван их наядаар хэмжигдэж байгаа. Хэрэв тэрхүү хохирлыг эхний ээлжинд нөхөөн сэргээнэ гэвэл нэг их наяд төгрөг зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн бүх аймгийн 314 суманд гол мөрний эх, усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоон, хилийн зааг гаргаж ашигт малтмал олборлохыг хориглоод байгаа. Үүгээр ч зогсохгүй 19 аймгийн 212 сум, Улаанбаатарын зургаан дүүргийн нутаг дахь ойн сан бүхий газарт хил тогтоож амжсан. Энэхүү хил тогтоосны гол ач холбогдол нь дахиж хилийн дотоод бүсэд лицэнз олгохгүй гэсэн үг. Голын гольдролыг өөрчилж, уурхай руугаа урсгах боломжгүй гэсэн үг. Ой модыг сүйтгэх замаар алт угааж, ашиг олох эрхгүй гэсэн үг. Уулыг ухсан нүх болгон хувиргэж, урсгал усыг ширгэсэн хайрга төдийгөөр үлдээдэг муу зуршил дахин өндийх боломжгүй гэсэн үг. Энэ бол амжилт. Хамгийн сүүлд гэхэд Байгаль, орчин, аялалт жуулчлалын сайд Б.Цогтбаатар Богд уулын дархан цаазат газарт ямар нэгэн байдлаар газрын зөвшөөрөл олгохыг хориглосон. Залуу хүн гэхэд олон том эрх ашгийн өөдөөс зогсч чадснаараа тэр зоригтой, ирээдүйтэй улстөрчдийн тоонд орж буй. Иргэд түүнд “Итгэж болох нь” хэмээн найдаж байгаа. Үүний нэгэн адил Ардын намын Засгийн газар уул уурхайн компаниадыг гурван их наяд төгрөгийн хохирлыг ил тодоор зарлаж, нөхөн сэргээх үүргийг тулгаж байгаа нь ирээдүйд итгэж болохын илэрхийлэл юм. Тэд зоригтой байж чадлаа. Экологийн хохирлыг эзэнтэй болгож, эзнээс нь хариуцлага нэхнэ гэдэг хялбар ажил биш байсан гэдэг нь ойлгомжтой. Гэсэн ч Ардын намын дарга С.Батболдоор ахлуулсан Ардын намын Засгийн газар экологийн хохирлыг эзэнтэй болгож, эзнээс нь хариуцлага нэхэж чадлаа. Энэ бүхний ард ус, ойг хамгаалж, газрын шархыг анагаах эр зориг нуугдаж буй нь гарцаагүй ээ.
Ардын нам газрыг гагнана
Засгийн газар ус, ойг хамгаалж, газрын шархыг анагаахын төлөө ажиллаж байна. Гэхдээ яаж. Яаж үр дүнд хүрэх вэ. Зорилго тавих, зорилгодоо хүрэх хоёрын хооронд асар их зөрүү бий. Энэ утгаараа Засгийн газрын эхлүүлсэн санаачилга цаашид хэрхэн хэрэгжих нь монгол хүн бүрт юу, юунаас ч илүү чухал санагдаж буй. Хэрхэн хамгаалж, хэрхэн анагаах вэ... Ардын намын УИХ-ын сонгуульд гол чиг шугамаа болгон баримтлаж байгаа “Миний Монголын хөтөлбөр”-өөс харахад дараах зорилго дэвшүүлсэн аж. Юун түрүүнд онцлох зорилт нь “Байгалийн нөөцийн хомсдол, бохирдол, доройтлыг зогсоож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангана” гэх амлалт. Мөн “Байгаль орчныг бохирдуулсны нөхөн төлбөр, экологийн татвар, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Байгальд ээлтэй экологийн цэвэр технологийг дэмжинэ. Томоохон хот, суурин газрын болон уул уурхайн үйлдвэлэлийн бохир усыг цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах дэвшилтэд технологи нэвтрүүлнэ” гэсэн амлалт ч бий. Товчхондоо “Эвдэрч орхигдсон газрыг нөхөн сэргээнэ” гэсэн үндсэн зорилгод дээрх амлалтууд багтаж буй. Гол нь энэхүү амлалтуудыг хэрэгжих боломжтой гэдэгт тодорхой баталгаа бас бий. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2008-2012 оны хооронд 1142 га талбайд газрын нөхөн сэргээлт хийлгэж чадсан аж. Энэ нь амлалтыг зурагтаар олон удаа ярьснаар, олны өмнө уран гоё тайлбарласнаар, сонгууль дөхөхтэй зэрэгцэн улстөржүүлж баяжуулснаар илэрхийлдэггүйн баталгаа. Тийм ч учраас Ардын нам ирэх дөрвөн жил төдийгүй ирээдүй цагт дээрх зорилгыг тавьж, тэрхүү зорилгоо биелүүлж чадна гэдгийнх нь нотолгоо нь дээрх 1142 га талбайд газрын нөхөн сэргээлт хийлгэсэн явдал юм. Гэхдээ мэдээж энэ хэмжээний газрыг нөхөн сэргээсэн гэдэг нь олон хүнд чамлалттай санагдах нь тодорхой. “Илүү ихийг хийлгэж болох байсан” гэдэг талаас нь харвал шүү дээ. Тэгвэл тэд үүнээс ч илүү ихийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд дээрх амлалтыг өгч байгаа юм.
Мөн асуудлыг томоос нь бус жижгээс нь эхэлж шийдэхээ ч тодотгосон. “Баг, сум бүр гол, горхи, булаг шандны эх, ундаргыг хамгаалж, хатаж, ширгэхээс сэргийлнэ” гэсэн амлалт нь дээрх тодорхойлолтын жишээ. .Гол бүрийн, горхи бүрийн, булаг бүрийн эх ундаргыг хамгаална”. Энэ бол яах аргагүй таатай зорилт. “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, дэвшилтэд технологи нэвтрүүлэн доройтсон, бохирдсон, орчны нөхөн сэргээлтийг стандартын дагуу иж бүрэн хийлгэж, тухайн газрыг суурьшлын бүс, бэлчээрийн зориулалтаар ашиглах нөхцлийг бүрдүүлнэ” гэх амлалт нь гэхэд Гол, мөрний урсац бүхий эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх үндсэн зорилгынх нь нэг хэсэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайн чиглэлийн 236 компанийн экологид учруулсан хохирлыг тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож чадсан шигээ  ирэх дөрвөн жилд ч тэгж ажиллана гэсэн үг. “Байгалийн эрчим хүч, нөөцийг ашиглан сүүлийн үеийн шилдэг техник, технологийнг нэвтрүүлнэ” гэдэг зорилго нь ч мөн л адилхан. Гол нь Ардын намын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн тодорхой байна. Энэ удаад зорилго нь улам бүр тодорч байна. Иймд “Газрыг гагнах” том зорилго нь жижиг эрх ашигт хөтлөгдөхгүй гэдэгт итгэхэд буруудахгүй юм. Учир нь тэд “Бүтээснээсээ ихийг бүтээнэ” гэх эрхэм зорилго дор нэгдсэн улс төрийн хүчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top