Б.Баярмагнай: Монголын ирээдүй шороон дээр биш зүлгэн дээр тоглож өсөх ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Томилогдоод нэг жил гаруйхан болж байгаа ч их зүйлийг амжуулсан гэж Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Монгол Ардын Намын хорооны дарга Б.Баярмагнайд дүүргийн иргэд нь ам сайтай байдаг.  Хэлсэн бол хийдэг, амалсандаа хүрдэг зоримог хэрнээ даруухан, нуруутай залуу нэр дэвшигчийн яриаг танд хүргэж байна.



Сүхбаатар дүүрэг бол Монгол Улсын хоймор. Эх орны нүүр царай болсон энэ дүүргийн Засаг даргын хувьд танай дүүргийн онцлог?

Манай дүүрэг бол оюунлаг дүүрэг. Боловсролтой, мэдлэгтэй, сэтгэлтэй олон хүмүүс энэ дүүргээс төрсөн. Сайхан дүүргээ улам сайхан болгох ёстой. Энэ үүргийг бид хүлээсэн. Ажлаа авснаас хойшхи нэг жил гаруй хугацаанд чамгүй ажлыг хийж бүтээхийг зорьсон. Тодорхой үр дүнд хүрч байна.

Хотын төвийн дүүргийн өнгө төрх нь тухайн улсын хөгжлийн нүүр царай нь болдог. Манай улс төвийн дүүрэгтээ арай илүү төсөв хөрөнгө оруулалтыг хийж чаддаг уу?

Манай улсын эдийн засгийн өсөлт бидний санасан хэмжээнд хараахан хүрээгүй байна. Хүмүүсийн амьдрал ч бас бодсон хэмжээнд сайжраагүй л байна. Багахан төсвөө бүгдэд хүртээх гэж гал унтраах маягаар ажиллаж, олон асуудлыг цогцоор нь шийдэж чадаагүй өдийг хүрсэн. Одоо эдийн засгийн чадавхи сайжирч байна. Тиймээс асуудлыг эхнээс нь цогцоор чанартай хийгээд явах цаг ирсэн. Бүтээн байгуулалт, тохижилтын ажил төвөөсөө эхлээд цэгцрээд явах ёстой юм. Тэгж байж хотын өнгө төрх засарна.

Жишээлбэл?

Ер нь өдөр тутам үргэлж л яригдаж байдаг нөгөө л лифт, дээврийн асуудлыг жил бүр яриад суумааргүй байна. Тулга тойрсон дуусдаггүй ажлуудаа нэг мөсөн дуусгаад цаашид иргэний хүсэн хүлээсэн, тэдгээрийн шаардлагад нийцсэн томоохон, бодитой бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлмээр байна. Тухайлбал иргэд аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хүсч байна. Дахин төлөвлөлт хийх шаардлага байгаа, хэрэгцээ байна.

Дөч, тавин мянгатын барилгууд ашиглалтын хугацаа нь дуусаж байна. Орчин үеийн шинэ, сайхан барилга байгууламжийг бий болгох хэрэгцээ байна. Хотын төв маань шороо бургисан хэвээрээ байхад ногоон байгууламжийг улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Асуудлуудыг цогцоор нь шийдэж эхэлсэн.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар юу хийж байна?

Төвийн дүүргийн хувьд бид үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж үздэг. Одоогоор 30 гаруй бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна. Ер нь нэг удаа зүлэг суулгаж, мод тарих биш харин түүнийгээ арчлаад өөд нь татаад явах чиглэлээр түлхүү ажиллах ёстой. Арчилдаг, ургуулдаг систем бүрдүүлнэ. Сайн байгааг нь урамшуулдаг бол, саар байгаад нь хариуцлага тооцдог эрүүл тогтолцоо хэрэгтэй шүү дээ.

Хариуцлага тооцож чаддаггүй болохоор ийм байдал байсаар байгаа юм биш үү?

Ажлаа муу хийсэн аж ахуйн нэгжүүдэд дахин ажил олгохгүй байх зарчмыг баримтлан ажилласан. Энэ нь бусаддаа анхааруулга, хариуцлагатай ажиллах шаардлагыг бий болгож байна.

Цаашид нүд хуурсан ажил хийдэг байдал алга болно. Ер нь улсын, татвар төлөгчдийн хөрөнгөд хүнийрхүү хандддаг хандлага бага багаар арилж байна. Бүтээсэн бүхнээ хайрлан хамгаалж, арчаатайхан шиг байхгүй бол энэ дүүрэг өөдтэй өнгөтэй байж чадахгүй. Дүүргийн удирдлага иргэнийхээ хүсэл зоригт нийцсэн бодлоор, иргэний сэтгэлээр ажиллахад дүүргийн өнгө төрх сайжирна гэдэгт би эргэлздэггүй. Манай дүүргийн өнгө төрх нь ирэх намар гэхэд нилээд өөрчлөгдөнө. Бидний бүтээн байгуулалтын иргэнийхээ төлөө хийсэн ажлуудын үр дүн хэдийнээ гарч эхлээд байгаа.

Ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, хариуцлага алдсанаас иргэдийг бухимдуулах асуудал байсан. Бид энэ дутагдалыг арилгаж үндсэндээ чадсан. Энэ бол нэг дэвшил.

Дүүргийн Засаг дарга болоод өөрөөр чинь овоглохуйц гардаж хийсэн дорвитой ажил юу вэ?

Би аливаа ажлыг өөрөөрөө овоглохыг хүсдэггүй. Харин иргэн хүний хувьд иргэний өнцгөөс асуудлыг харж, болгож бүтээх сэтгэлээр ажлаа эхлүүлсэн.

Өнөөдөр иргэн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, хотын хувьд иргэний ундны усны асуудал хамгаас чухал байна.
Хоймор дүүргийн судас, тэжээл нь болсон Сэлбэ гол маань иргэн бидний нүдэн дээр аврал ирсээр байна. Сэлбэ голоо сэлбэж урсацыг нь сайжруулах, орчныг нь тохижуулан ая тухтай, таатай орчин бүрдүүлэхийг эрмэлзсэн.

Сэлбэ голын урсац сайжирч, орчин нь хог шороогүй болдог юм байна гэдгийг иргэд нүдээрээ хараасай гэж хүссэн. Монгол Улсын Ерөнхий сайд, хотын удирдлага, дүүргийн хамт олон хамтраад Сэлбэ голыг сэргээх ажлыг зориглон эхлүүллээ.

Ер нь 20 жилийн өмнөөс л яригддаг өмнөх даргын ярьж байсныг дараагийн дарга нь яриад сууж байхгүй нөхцөлийг бий болгохын тулд асуудлыг цогцоор нь шийдээд явах юмсан гэж боддог. Овоо цэгцэрч байгаа. Хэлсэн бол хийдэг, хийсэн бол үр дүнг нь заавал гаргана гэж зүтгэж байна.

Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Дүүргийн зүрх нь болсон ажлын албаны захиргааны байшин нь 1946 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд шаардлага хангахгүй болжээ. Татварын хэлтэс бараг л жил бүр түрээсийн байр солиод нүүж байна.

Халамж, даатгал, замын цагдаагийн хэлтсүүд шаардлага хангахгүй байранд ажиллаж байна. Төрийн ажил хоорондоо уялдаатай байдаг болохоор иргэдийг бөмбөг шиг ийш тийш нь гүйлгэж бухимдуулдаг. Өөрсдөө навсайчаад асуудлаа шийдээгүй байж яаж бусдын асуудлыг шийдэх вэ дээ. Тиймээс дүүргийнхээ захиргааны шинэ барилгын ажлыг эхлүүллээ. Намар ашиглалтанд өгнө. Дүүргийн үйлчилгээ нэг цэгт төвлөрүүлэн төрийн үйлчилгээний сайн менежентийг нэвтрүүлнэ.

Сүхбаатар дүүрэгт ажилгүйдэл хэр байгаа вэ?
Мэдээж байгаа. Иргэд ажил хийж байж ядуурлаас гарна. Гэтэл яг үнэндээ ажлын байр байхгүй биш байгаа. Манай дүүрэгт 2000 гаруй ажлын байрны захиалга байхад ажиллах хүн олдохгүй байна. Бүгдээрээ л оффисын ажил хийх сонирхолтой болсон юм шиг. Хог их байна гээд ярьдаг. Гэтэл хогын машины жолооч, ачигч хийх хүн олдохгүй л байна шүү дээ.

Үнэхээр ажлыг голохгүй ажил хийгээд амьдаръя гэсэн хүнд үүгээр тогтохгүй олон ажлууд байдаг. Хог ачигч өнөөдөр 450-500 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл хүн олддоггүй. Бас нарийн мэргэжлийг залуус эзэмших шаардлагатай байна.

Залуусын идэвхи сул байна. Таяг тулсан ахмад настан орж ирээд “Миний хүүд ажил олж өгөөч гэж” хүсдэг. Тэд өөрсдөө яагаад ирдэггүй юм бэ? Ээж ааваараа өдий хүртэл өсгүүлээд сургууль соёлд төлбөрөө төлүүлж сурчихна. Тэгээд бас ажил олуулах гээд гэртээ сууж байхаасаа ичих ёстой. Ахмадуудаа өмнөө түлхчихээд бэлэн юм хүлээгээд сууж байгаа залуус юу хийж чаддагаа харуулах хэрэгтэй.

Улаанбаатарын утааны асуудлыг хэрхэн шийдэхийг асуухаас ч залхмаар санагдах болж?

Хотын утааг шийдэх 2-3 гарц байгаа гэж хардаг. 1. Орон сууцжуулах. Энэ салбарт газар чөлөөлөөд иргэдээ эхнээс нь орон сууцанд хамруулж байна. Нөгөө талд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгож, цахилгаанаар халдаг халаалтын ситемийг өргөнөөр нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ч ашиглах ёстой.
Ер нь янданг бас нэг яндангаар солиод утааны асуудлыг шийдэхгүй л дээ. Өнгөрсөн онд Дөлгөөн нуур орчимд газар чөлөөлж, айлуудыг шинэ байранд шилжүүлснээр 500 яндан алга боллоо. Утааны асуудал өргөс авах мэт хурдан шийдэгдэхгүй ээ. Гэхдээ нааштай алхамуудыг хурдасгах ёстой гэж үзэж байгаа. Мөн иргэд ногоон байгууламж байгуулж өөрсдийн хэмжээнд ч утаатай тэмцэх ёстой. Бидний уушиг бүгд утаагаар амьсгалж, бид бүгдээрээ хордож байгаа шүү дээ.

Хороодын ажлыг сайжруулах талаар юу хийж байгаа вэ?

Нэг үеэ бодвол хороодын ажиллах орчин нөхцөл сайжирч байна. Бид зургаан хороог шинэ байранд оруулах ажил эхлэж байна. Хороон дээр төрийн үйлчилгээг сэтгэлээсээ хийх мэргэшсэн хүмүүсийг ажиллуулахыг зорьж байна. Би хороодын дарга нар, хэлтэс албадынханаасаа намайг битгий зүгээр суулгаарай. Хаана ямар асуудал байна тэр бүгдийгээ аль болох ил тод байлгаж мэдээллээр сайн хангаарай гэж хэлдэг. Төрийн албан хаагчид бие биедээ шаардлага тавьж, сэтгэлгээ болон арга барилын хувьд аажим аажмаар өөрчлөгдөж байна.

Дүүргийн хөгжлийг хэрхэн харж байна вэ?

Ямар ч хөгжил хүнээс л шалтгаална. Хамгийн үнэтэй баялаг бол хүн. Уул уурхай ч, их мөнгө ч үнэт зүйл биш. Боловсролтой сэтгэлтэй хүн л хөгжлийг авчирна. Их бүтээн байгуулалт, баялагийг зөвхөн хүн л бүтээнэ. Хурдацтай хөгжил ярих гэж байгаа бол хүнээ хөгжүүлэх, сургах талаар эхлээд бодох ёстой. Энэ чиглэлд олон сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй аюулгүй, эрүүл, ногоон орчин болгон цэгцэлж байна. Монголын ирээдүй шороон дээр биш зүлгэн дээр тоглож өсөх ёстой.

Манай дүүрэгт Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын гол цөм нь байдаг. Энэ дүүрэг оюуны үрийг тарьж байна. Тиймээс энэ дүүргийг удирдаж байгаагийн хувьд олон сургууль цэцэрлэгийн орчныг сайжруулах, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарыг хөгжих боломжоор хангахыг хичээж байна.

Ажилдаа хэр түүртэж байна. Залхмаар өдөр байх юм уу?

Ер нь ажилдаа түүртэнэ ч гэж юу байхав дээ. Хийлгэж гүйцэтгүүлж байгаа ажлыг нь чанаргүй нүд хуурсан сэтгэлд таарахгүй хийхээр нь газар дээр нь очоод л бухимддаг. Гэтэл өөрсдөө хийхгүй санаачлахгүй мөртлөө юм хийхээр шүүмжлээд, хуруу нэмэхгүй мөртлөө хошуу нэмэрлэдэг хүмүүс олон. Нэг нэгнээ дэмжиж баг болж ажиллах чадвар манайханд дутаад байна уу даа. Буруу зүйлийг засаж залахын төлөө, санаа авахуйц шүүмжлэлийг бол хэдийд ч хүлээж авахад бэлэн байна.

Харин зөвхөн муулах өөлөхийн төлөө, муухай харагдуулахын төлөө атгаг санаагаар шүүмжилдэг байж таарахгүй. Гэхдээ бас надад урам, хүч өгдөг хүмүүс олон бий. Тэдний итгэлийг даахын тулд л зүтгэж байна. Ийм бухимдалтай нийгмийг үр хүүхдүүдээ үлдээхгүйн тулд ажиллах ёстой гээд хичээж байна.

Г.Цэвээнгэрэл

"Монголын Үнэн"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top