Я.Төмөрбаатар: Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцлийн хамгийн хүнд үед ард түмэн МАН-д итгэл үзүүлдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАН-ын  Ерөнхий нарийн  бичгийн даргын  ахлах  зөвлөх, Улс төр  судлалын  доктор Я.Төмөрбаатартай ярилцлаа.  Тэрбээр УИХ-ын  сонгуульд намын  жагсаалтаар нэр  дэвшиж байгаа юм.  Я.Төмөрбаатар Монгол Улсын  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд,  гэр  бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга,  Кёкүшюзан хөгжил сангийн зөвлөх,  дэд захирал, МАН-ын  Удирдах  зөвлөлийн хэрэг  эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах хэлтсийн дарга,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн  албаны даргаар  тус тус ажиллаж байсан.  2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн  бичгийн даргын  зөвлөх,  ахлах  зөвлөхөөр  ажиллаж байгаа түүнтэй УИХ-ын  сонгуульд  Ардын намын  дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар  ярилцлаа. 
-УИХ-ын сонгуульд  Ардын намын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн  талаар  ярилцлагаа эхэлье?  
-Монгол Ардын  нам  бол  ард  түмнийхээ дунд  байдаг. 2010 онд  МАН-ын XXVI  их хурал  хуралдаад гурван  үндсэн асуудлыг шийдсэн. Юун  түрүүнд намынхаа гол  үзэл  баримтлалыг  шинэчиллээ. Хоёрдугаарт  эцэг  эхээс өгсөн  уугуул  нэр  болох МАН гэсэн  нэрээ сэргээсэн. Эцэст нь Монгол орны нийгэм  эдийн  засгийн  өнгөрсөн  болон ирээдүйд хэрхэн  яаж хөгжүүлэх тухай бодлого  зорилтоо  тодорхойлсон  юм.  Үүний дагуу өнгөрсөн  хоёрдугаар сард хуралдсан МАН-ын Бага хурлаар Ард түмний хөгжлийн хөтөлбөр  буюу 2012-2021 он хүртэл Монгол Улсыг  хөгжүүлэх  20  жилийн  хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хөтөлбөрийн  эхний үе шат  буюу 2012-2016 онд  Монгол орныг  хөгжүүлэх тухай хөтөлбөр  энэ удаагийн сонгуульд  МАН-ын  дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн  гол  цөм  нь  болж байгаа юм.   Өнгөрсөн хоёр  жилийн хугацаанд  бид  Монгол  орны  21  аймаг,  330 сум, есөн  дүүрэг,  нийслэлийн  1252  хороогоор явж Ард  түмнээ сонсъё аяныг  өрнүүлсэн.  Энэ аянд  сая гаруй хүн хамрагдаж,  тэднийхээ үзэл  бодол,  санал санаачилгыг  сонслоо.  Төрийн  албан хаагч,  ЖДҮ-ийн  бизнес эрхлэгч,  багш,  эмч,  ахмад,  оюутан залуус, ажилгүй иргэд гээд нийгмийн давхарга бүрийн  төлөөлөлтэй уулзаад  эх орноо  хөгжүүлэхэд  юу хийх  хэрэгтэй вэ гэдэг  саналыг  нь сонссоны үндсэн  дээр өнгөрсөн  Бага хурлаараа  сонгуулийн  мөрийн  хөтөлбөр  буюу “Миний Монголын хөтөлбөр”-ийг  баталж гаргасан  байгаа. 
-“Миний Монголын хөтөлбөр”  гэж нэрлэх  болсон шалтгаан  нь юу юм бэ?
-Манай намын мөрийн хөтөлбөрийн  онцлог  нь  юун  түрүүнд  шинжлэх  ухааны үндэстэй.  Маш  олон  тооцоо  судалгаа хийсэн  учраас биелэх  бодит  үндэслэлтэй юм.  МАН өнгөрсөн  хугацаанд, энд  би 90  жил  гэж ярихаа болъё.  Өнгөрсөн 20, дөрвөн  жилийн хугацаанд МАН санаачлан,  ард түмнийхээ аж амьдралыг  сайжруулах гэсэн,  улс орноо  хөгжүүлэх тухай маш  олон зүйлийг  хийж  хэрэгжүүлсэн. УИХ,  орон  нутгийн  сонгуульд  оролцохдоо  дэвшүүлж байсан  мөрийн хөтөлбөр 96  хувьтай биелэсэн. Өөрөөр хэлбэл манай нам хийж  бүтээсэн  зүйлтэй.  Одоо  түүнийгээ үргэлжлүүлэхээ гол  болгоод  “Миний  Монголын  хөтөлбөр” гэдгийг гаргаж тавьсан. Мөрийн хөтөлбөрт  маань  айлын  хаалгыг  татаад  ороход надад,  иргэн  хүнд,  монгол  хүнд, өрхийн  гишүүн бүрт  халдах “Миний дөрвөн  зүйл”    гэдгийг гаргаж тавьлаа.  Үүнд  нь эхлээд  миний цалин  гэж бий. 2008 онд 290 мянган  төгрөг байсан  монгол хүний дундаж цалин өнөөдөр  630 мянган  төгрөг  болчихсон  байна.  Хоёр дахин өслөө гэсэн  үг. Тэгээд  миний орон сууц,  миний эрүүл мэнд, миний боловсрол гэсэн  асуудлуудыг  мөрийн хөтөлбөртөө багц болгож орууллаа. 
-Тэгвэл  Монголын  дөрвөн  асуудал  нь  юу байх  юм бол? 
-Монголын  хүнс,  Монголын  үйлдвэржилт,  Монголын дэд  бүтэц, Монголын байгаль  бол  бидний баялаг  гэсэн  дөрвөн  асуудал  бий. Энэ бүхэн  нийлээд  4х4  буюу Миний Монголын  дөрвөн   асуудал гэсэн  нэрийг  өгсөн юм.  4х4  хэд  байдаг  билээ,  16.  Манай нам  энэ бүхнийхээ дүнгийг  2016  онд  тавиулъя гэж байгаа юм.  Нөгөө талаараа манай намын  мөрийн хөтөлбөрийн  танилцуулгын  нэг  талын хуудсан дээр дандаа өнгөрсөн  дөрвөн  жилд  хийж  хэрэгжүүлсэн  ажлын  тайлан бий.  Харин нөгөө талд  нь  ирэх  дөрвөн  жилд  хийх гэж буй гол зорилтууд  байгаа юм.  Манай нам  хийж хэрэгжүүлсэн  зүйлтэй,  түүнийгээ цааш  нь  үргэлжлүүлье  гэдэг  үүднээс 4х4 буюу Миний Монголын  дөрвөн зүйл гэсэн  хөтөлбөрийг  дэвшүүлж байгаа.
-Яагаад заавал дөрвийн  тоог ингэж бэлэгшээсэн  юм бэ.  Сонгуулийн цикль дөрвөн  жил байдаг  болохоор  уу? 
-Дөрвийн  тоо өөрөө их  утга учиртай.  Тооны бэлэгдлээр нь   манай хэл зүйн  ухааны доктор  Ш.Дулам  гуай хэлсэн байдаг. Дөрвийн  тоо  Монголчуудын  их бэлэгддэг  тоо. Эвтэй дөрвөн  амьтан, дөрвөн  бэрх, Улаанбаатарчууд дөрвөн  их хайрхны дунд  оршдог.  Мөн  дөрвийн  тоо  бат  бэхийн суурь  тулгуур.  4х4 гэдэг  энэ хэллэг олон улсын хэмжээнд нэгэн  брэндийн  илэрхийлэл.  Дөрвөн  дугуй нь  мааждаг, алсыг  туулахаар  бүтээгдсэн, бартаа саадыг давдаг, ачаа их  даадаг машины бэлэгдэл  байгаа юм. Тэр утгаараа МАН-ын  хөтөлбөр  “4х4 буюу Миний Монголын хөтөлбөр” гэж томъёолж байгаа юм. 
-4х4 буюу Миний Монголын хөтөлбөр  гэж нэрлэх  болсон шалтгааныг  ойлголоо. Тухай бүрээр  нь та мэдээлэл  өгөхгүй юу.  Жишээлбэл  ирэх  дөрвөн  жилд  Монголчууд хэдэн  төгрөгийн цалин  авах  вэ? 
-Бид  мөрийн  хөтөлбөрөө боловсруулахдаа асар  их  судалгаа хийсэн.  Мөн  ард  түмнээ сонсоод явж байхад  хүмүүс “Эдийн засаг  өсч байна. Энэ өсөлт  хүндээ яаж очих  юм бэ” гэж асууж байна. 2008 онд  290 мянган төгрөг  байсан төрийн  албан хаагчийн дундаж цалин өнөөдөр  630 мянган төгрөг  болчихсон  байна. Сонгуулийн тухай хуульд  улс төрийн  намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа янз бүрийн  амлалт  өгөхийг  хориглочихсон  байгаа.  Бидний тооцсоноор  2016 онд  монголын  нэг  хүнд ногдох  ДНБ-ий хэмжээ 12 мянган  ам.долларт  хүрнэ.  Үүнийгээ хуваагаад  үзэхээр өнгөрсөн хугацаанд  манай нам цалинг  хоёр дахин нэмсэн  шигээ ирэх  дөрвөн  жилд  ч гэсэн нэмэх  бололцоо  байгаа юм.  Тийм  эдийн засгийн  нөөц, боломж судалгаа байгаа гэсэн  үг. Төрийн  албан  хаагчдын  дундаж цалин  1.3  сая төгрөг  болно  гэж  шууд хэлж болохгүй.  Яагаад гэхээр энэ нь  хуулиар  хориотой. Гэхдээ ийм хэмжээнд  хүргэх  эдийн  засаг,  санхүүгийн  тооцоо,  улс орны нөөц боломж байна.  Цалинг  нэмэхтэй холбоотой чухал  зорилтууд  манай мөрийн хөтөлбөрт  бий.  Тухайлбал  гол  нэрийн  хүнсний бараануудын үнийг төрийн зохицуулалттай тогтоож байя гэж байгаа. Дээрээс нь цалингийн хэмжээг  жил бүр  нэмж байна, харин тэр нэмэгдэл  нь  үнийн  өсөлтийг  бүрэн нөхөж байна гэсэн зорилтыг  тавина.  Цалин нэмэх сургаар  бараа бүтээгдэхүүний үнэ  түрүүлээд  өсчихдөг тогтолцоо  өнөөдөр байна. Харин  үүнийг  халж,  цалингийн нэмэгдэл, үнийн  өсөлтийг нөхөж байх гэдэг зарчмыг  гаргаж байгаа юм. 
-Тэгвэл  орон  сууцны тухайд юу хэлэх  үү? 
-40 мянга,  100 мянган  айл  орон сууц хөтөлбөрүүдийг манай нам  санаачлан  хэрэгжүүлээд  явж байгаа.  Тэгвэл ирэх  дөрвөн  жилд хөтөлбөрийнхөө хүрээнд баригдах  орон сууцны тоог 200 мянга болгоё гэж байгаа юм.  Үүнийгээ  орон сууцны асуудал хамгийн  их  тулгардаг  залуу гэр  бүлийнхэндээ зориулна.  Тиймээс тусгай хөтөлбөр  боловсруулаад  нэг  өрхөд  20-40 мянган метр квадрат талбайтай, боломжийн  үнэтэй орон сууцыг  барих  зорилтыг  манай нам  мөрийн  хөтөлбөртөө оруулж байна. Харин  “Миний эрүүл  мэнд”-ийн  тухайд  ярих юм бол МАН эрүүл мэндийн салбарыг  монгол  оронд хөгжүүлж,  дэвшүүлсэн. 1921 онд  Монгол  хүний дундаж наслалт  35  байсан  бол  өнөөдөр  70-руу дөхөж байна. Нөгөө талаараа монголын  хүн амын тоо  450-хан  мянга байсан  бол өнөөдөр  2.8 сая болчихсон  байх  жишээтэй.  Өөрөөр  хэлбэл монголын  хүн амыг  долоо  дахин  өсгөж, ард  түмнээ эрүүл  саруул болгож  чадсан нь  МАН. Тэр  үүднээсээ өнгөрсөн дөрвөн  жилд  их  зүйлийг  хийсэн.  Харин  ирэх  дөрвөн  жилд  эмч,  сувилагч өвчтөний харьцааг  1х20  болгоё гэж байгаа юм.  Жил бүр  300 эмч,  сувилагчийг  гадаадын  өндөр хөгжилтэй оронд бэлтгэе гэсэн  зорилтыг  тавьж байна.  Мөн  эх орондоо  өндөр  мэргэжлийн  оношлогооны төвийг  байгуулж,  энэ асуудлаар  гадаад  руу чиглэж байгаа мөнгөний   урсгалыг  зогсооно. Мөн 0-5, 0-18 насны хүүхдүүдэд  зориулсан  “Эрүүл монгол хүүхэд” хөтөлбөрөө үргэлжлүүлж,  бүх  аймгийн төвүүдийг эрүүл мэндийн төвтэй болгоно. Эмнэлгийн  орчныг  сайжруулна гэхээр  хана таазаа будаж, шавар  шохой түрхэхийг  хэлэх  биш,  эмнэлгийн  тоног төхөөрөмж, боловсон  хүчнээ сайжруулъя гэдэг  тодорхой зорилтууд  тавигдаж байна.  Тухайлаад  ярих юм бол 0-5  хүртэлх  насны хүүхдийн  шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас  нь  хариуцлаг  болох  юм. Түүнээс гадна өнөөдөр  Монголд  хүүхдийн эмч ховордсон.  Хүүхдийн  эмч нарынхаа тоог бодлогоор  нэмж, хүүхдийнхээ эрүүл мэндэд  анхаарал  тавьж байж  монголын  ирээдүйн  хөгжил дэвшлийг  ярих ёстой юм байна. Энэ бүх  зорилтуудыг  тавьснаар  монголчууд  өвдсөнийхөө дараа эмчид хандах  биш,  өвдөхөөсөө өмнө урьдчилан  сэргийлдэг  болох юм. 
-“Миний боловсрол”-ын  талаар  мэдээлэл  өгөхгүй юу? 
-Өнгөрсөн хугацаанд  чанаргүй олон  их  дээд  сургуулийнхаа тоог  цөөрүүлсэн  байгаа.  Түүнчлэн ЕБС-д  кембрижийн  хөтөлбөрийг  нэвтрүүлье,  үдийн цайг үдийн  хоол  болгоё гэсэн зорилтууд  хэрэгжээд явж байна.  Манай нам  сургуулийн насны хүүхдүүдийг  бүгдийг  нь цэцэрлэгт хамруулах үүднээс цэцэрлэгийн  хүртээмжийг  нэмэгдүүлье гэж байгаа.  Мөн  гурван  ээлжээр  хичээллэж байгаа сургуулиудыг  хоёр, хоёрыг  нь  нэг  болгохоор  мөрийн хөтөлбөртөө тусгасан.  Саяхан  Багшийн хөгжлийн  ордон нээлтээ хийсэн.  Үүн шиг  багшийн ордныг  аймаг  бүрт  байгуулна.  Нийгмийн хэрэгцээ шаардлагаас  нь үндэслэн  жил бүр  15  мянган  мэргэжилтэй ажилтныг  бэлтгэнэ.  Мөн мэргэжилтэй ажилтныг 30х70  гэсэн  харьцаатай байх юм.  Нийт  төгсөгчдийн  30 хувь дээд  мэргэжлийн  хүн байх  бол  70 хувь  мэргэжилтэй ажилтан  байна.  Ийм  харьцаагаар  зах  зээлийнхээ эрэлт  хэрэгцээг  ханган  боловсролдоо  хандан, хүмүүсээ бэлтгэнэ.  Тэгэхгүйгээр  нэг  их  олон хуульч,  орчуулагч, эдийн засагч бэлтгээд  хэрэг нь  гарахгүй байна шүү дээ. 
-Энэ удаагийн сонгуульд  дэвшүүлж буй намуудын мөрийн хөтөлбөр  хоорондоо  их төстэй болжээ гэсэн  зүйлийг  хэлж байгаа?
-Монголд бүх  юм хөгжиж байна.  Улс төрийн намуудын  төлөвшил явагдаж байна. Энэ утгаараа өнөөдөр  сонгуульд  нэг  нэгийгээ харлуулж муулдаг  байдал  алга болжээ.  Монголын  бүх  л  муу муухай хүмүүсийг  намууд  дэвшүүлж байгаа юм шиг байдлаар  харлуулдаг  байснаа больжээ.  Сонгуулийн  сурталчилгаа ч гэсэн  аядуу явагдаж байгааг харж байгаа байх.  Сонгуулийн тухай хууль  их аятайхан  гарсан. Энэ утгаараа мөрийн хөтөлбөртөө улс орны эдийн  засаг  дааж давшгүй их амлалтыг  өгөөгүй байна.  Нөгөө талдаа намуудын мөрийн хөтөлбөрт  ойролцоо  зүйлүүд олон.  Гэхдээ манай намын мөрийн хөтөлбөрийг  үнэхээр давуу болж,  нийгмийн  олон салбарыг  хамарсан  байна гэдгийг  олон хүн хэлж байгаа.  Залуучууд,  эмэгтэйчүүд, ахмадууд,  нийгмийн  салбарын, байгаль  экологийн  гээд  олон салбарыг хамарсан.  Бусад  намын мөрийн хөтөлбөрийг  судлахад  нийгмийн  салбарын  асуудлууд  их  тавигдсан  байна. Барууны үзэлтэй намууд, тухайлбал  Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт  зүүн  төвийн намуудын  тавьдаг  зорилтууд  нэлээн суусан  байна билээ.  Ингээд үзэхээр  улс төрийн намуудын  маш  жижигхэн харьцуулалт  дээр  сонгогчид маань  сонголтоо  хийх  нь. Бүх   намууд улс орноо  хөгжүүлье гэж байгаа.  Хөгжүүлэхдээ яг  ямар  арга замаар,  аль салбарыг  нь  түрүүлж хөгжүүлэх вэ гэдэг гол  ялгаа тэнд байгаа учраас  иргэд  маань  тэр  харьцуулалтаа сайн  анзаарах  хэрэгтэй.  Гэхдээ бид  нэг  зүйл  дээр их  итгэлтэй байгаа. Улс орны эдийн засаг,  улс төрийн нөхцөл  байдлын хамгийн  хүнд үед МАН-д ард  түмэн  итгэл  үзүүлж сонгодог. Энэ удаад ч гэсэн  тэгэх  байх  гэж бодож байна.  Яагаад  гэхээр монгол орны хувьд  улс төр,  эдийн  засгийн  шилжилт ард  хоцорчээ.  Монголчууд  хоорондоо  хэрэлдэж,  хоосон  улс төржиж, уриа лоозон ярихаасаа илүү  хийж  бүтээсэн зүйлтэй,  цаашид хийх  бүтээх намаа сонгоно  байх гэдэгт  эргэлзэхгүй байгаа. Энэ үүднээсээ аваад  үзэхээр  зүүн төвийн  үзэл  баримтлалтай намын хувьд манай мөрийн хөтөлбөрт нийгмийн  халамж яг  шаардлагатай байгаа хэсэгтээ л  хүргэе,  хавтгайрсан  халамжаас татгалзъя гэдэг  зарчмаа нийгмийн  бодлогодоо оруулсан. 
- Тэгэхээр  танай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх  аргаараа ялгарна гэж ойлгож болох уу?  
-Тийм.  Тавьж байгаа зорилт  нь  хүртэл маш  энгийн  зүйл  дээр  ялгарна.  Цаашдаа болох 2016, 2020  оны сонгуулиудыг  аваад  үзвэл  намууд  хийх  хоосон  амлалтаар  биш,  хийж  бүтээсэн  ажил, цаашид хийх  зорилтоороо  уралдаж, түүнийг  нь  ард  түмэн  харьцуулж байж  сонголтоо  хийдэг  болно.  Энэ нь  улс орон хөгжиж,  сонгогчдын  боловсрол  дээшилж байгаагийн  нэг  илрэл. 
-МАН-аас  УИХ болон  НИТХ-ын  сонгуульд  нэр  дэвшигчдийн талаар  ямар  бодолтой байгаа вэ. Ардын нам  ямар  хүмүүсийг ард  түмэнд  санал  болгож илгээв?
-Ардын  нам  боловсон  хүчний арвин  их  нөөцтэй.  Сүүлийн  хоёр  жилийн хугацаанд асар  их  судалгаа хийж, тавдугаар  сард  намынхаа хэмжээнд  том хэлэлцүүлгийг  хийсэн.  УИХ-ын сонгуульд  нэр  дэвшин,  олон түмнээ төрд төлөөлөх  хүмүүсийн   талаар  судалгааг  хийхэд  намын  анхан  шатны нэгжүүдээс  1200 гаруй хүний нэрийг  давшүүлсэн.  Эдгээр  хүмүүсээ шат шатандаа хэлэлцээд  26  пропорциональ,  48  мажоритар тойрог дээр  нэр дэвших  хүмүүсээ тодрууллаа.  Манай нам  ардаараа овоглосон  ард  түмний нам  учраас  бүх  ард  түмнийхээ төлөөллийг  багтааж чадсан.  МАН бусад  намуудыг  бодоход  залуучуудаа их  олноор  нь  дэвшүүлсэн.  Нийт  нэр  дэвшигчдийн  50  хувь  нь  цоо  шинэ хүмүүс.  Гэтэл Ардчилсан нам тийм  биш.  Нөгөө талаараа нийт  нэр  дэвшигчдийн  25  хувь  нь туршлагатай,  ахмад  парламентчид  байгаа бол дунд  үеийнхэн  мөн 25  хувийг  эзэлнэ.  Харин  25  хувь  нь гадаадын  өндөр  хөгжилтэй оронд боловсрол  эзэмшсэн  шинэ давалгаа, залуу үеийнхэн. Үлдсэн 25  хувь  нь  эмэгтэйчүүд байгаа.  Ингээд  4х25-ын  зарчим  гарч ирж байгаа юм.  Мэдлэг  боловсролынх нь  хувьд  аваад  үзвэл  манай намын  нэр  дэвшигчид  дотор  арав гаруй хуульч, 20 гаруй инженер байх  жишээтэй.  Хамгийн  залуу нь  32  настай нэр  дэвшигч байгаа бол  ахмад  нь 71  настай байна.  Нийгмийн  бүх  давхарга, төлөөллийг  хамарсан  нэр  цэвэр  хүмүүсээ бид  дэвшүүлсэн.       

                                                                                                                                                                                                                   Б.Энхжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top