Д.Сарангэрэл: Иргэндээ баялгаас хүртэх тэгш боломжийг хангаж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр мөрийн хөтөлбөртөө заасан

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлтэй сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардын нам ирэх сонгуульд ард түмэндээ санал болгож буй мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгсөн. Танай намын мөрийн хөтөлбөрийн цөм нь юу юм бэ?
-2012 оны УИХ-ын сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрийн цөм нь хүн. МАН-ыг үүсгэн байгуулагч Солийн Данзан “Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн байдаг. Аливаа улс орны хөгжил ард түмэн, иргэдэд нь мэдрэгдэж байж, түүндээ олон түмэн нь сэтгэл хангалуун, урам зоригтой, ирээдүйдээ итгэлтэй баймааж нь хөгжлийн тухай ярьж болно гэж бодож байна. Түүнээс тэнгэр баганадсан хэдэн барилга, сайхан зам тавьчихаар хөгжил болчихдоггүй юм байна. Улс орны хөгжил, ард түмний амьдралын түвшин зэрэг явж байж л хөгждөгийг амьдрал харуулж байна. Тиймээс ч манай намын сонгуулийн мөрийн хөтөлбөр хүндээ чиглэж байгаа хэрэг.
-Мөрийн хөтөлбөртөө хүнээ яаж оруулж байгаа юм бэ?
-Сонгуулийн мөрийн хөтөлбөр хүн-нийгэм, хүн-эдийн засгийн хөгжил, хүн-байгаль экологи, хүн-шударга ардчилсан засаглал гэсэн дөрвөн үндсэн тулгууртай.  МАН-ын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр улс орондоо хөгжил дэвшил, иргэн болгондоо чинээлэг хангалуун амьдралыг бүрдүү¬лэхэд чиглэсэн, хэрэгжих тооцоо судалгаатай ийм хөтөлбөр. Ганц жишээ татахад хүний амьдралын гол үзүүлэлт болсон цалинг 1,3 саяд хүргэх тухай зорилт олны анхаарлын төвд байна. Арга ч үгүй. Хүн амын дийлэнх нь цалингаараа амьдарч байна. Дундаж цалинг 1.3 саяд хүргэх бодит шаардлага амьдрал дээр байна. Ард түмний хөгжлийн хөтөлбөрт тусгасан энэ зорилтоо ирэх дөрвөн жилд МАН бодитоор хэрэгжүүлье гэж байгаа. Олон хүний сэтгэлд нийцэж байна. Учир нь иддэг хоол нь амт чанартай, авдаг цалин нь ахиу, амьдрах орчин нь аюулгүй байхыг хүн бүр хүсч байна. Энэ нөхцлийг бүрдүүлье л гэж МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн юм.
 Бизнес эрхэлдэг, цалингаас гадуур орлоготой, уул уурхайн лицензтэй, том компанийн хувьцаа эзэмшдэг хүний тухайд цалингийн талаарх яриа сонин биш байж магадгүй. Гэхдээ өнөөдөр манай улсын дийлэнх иргэдэд дээр хэлсэн зүйлүүд алга байна. Тэгэхээр хүний амьдралын гол үзүүлэлт цалин  учраас МАН цалингийн асуудалд анхаарна гээд байгаа.
-Хэдийгээр танай нам мөрийн хөтөл­бөр­төө  дундаж цалинг 1.3 сая төгрөгт хүргэх зорил­-тыг Аудитын газар хүлээж аваагүй ч, Хөгжлийн хөтөлбөр­төө суулгаж өгсөн гэсэн?
-Эсрэгээрээ л дээ. МАН-аас боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн 2012-2016 онд хөгжүүлэх эхний үе шат нь манай намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болж байгаа юм. Хэдийгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрт хуульд зааснаар тоо тавиагүй ч Хөгжлийн хөтөлбөрт зааснаар цалинг нэмэх асуудал МАН-ын бодлогын төвд байна. Учир нь  хүндээ анхаарсан үйл ажиллагаа явуулдаг зүүн төвийн намын үзэл баримтлалтай энэ бодлого таарч байгаа юм.Одоо дундаж цалин 630 мянган төгрөг болсон. Олон улсын валютын сан, Дэлхийн хөгжлийн банкны судалгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 20 хувьд хүрч, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15 мянган ам.долларт хүрэх судалгаа байна.Улс орноо 20 жилд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан манай залуу эрдэмтэд, мэргэжлийн багийн хийсэн тооцоо судалгааны дүн ижил байгаа нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ итгэлтэй санал болгох үндэслэл болж байна. Мөрийн хөтөлбөр маань сонгуулиас сонгууль дамжсан амлалт төдий бус 20 жилийн хөгжлийн эхний шат, улс орныг урт хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөлт юм. Хүний амьдралд хамгийн ойр байдаг зүйлээс нь эхэлж яривал илүү хүлээж авах байх. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их яригддаг. Үүний энгийн жишээ нь өглөө, орой  орцондоо ороход л хүүхдүүд уйлалдаж шуугилдах нь сонсогддог. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагийн л илрэл. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдээ ажиллах бололцоогоор хангахад цэцэрлэг олноороо хэрэгтэй байна. Үүнийг шийднэ л гэж байна. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход энэ мэт асуудал садааны нэг мөн шүү дээ. Монголын бүх хүүхдийг хүлээж авах хүрэлцээтэй цэцэрлэгтэй болох зорилт мөрийн хөтөлбөрт байна. Эмэгтэйчүүдээ сурч, хөдөлмөрлөх, өмчийн болон нийгэм улс төрийн харилцаанд оролцох боломжийг ч мөрийн хөтөлбөр олон заалтаараа бүрдүүлж байгаа. Дунд сур­гуулийн тухайд эхний дугаарт ээлжийг цөөлж аажмаар нэг ээлжээр хичээллэх боломжтой болгохоор төлөвлөж байна. Үүний ач холбогдол нь их. Хүүхдүүд хичээл хийхээс гадна түүнийгээ гүнзгийрүүлэн судлах, авъяас билгээ нээх, секц дугуйланд суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх болом­жийг нээж өгнө.Энэ мэтчилэн мөрийн хөтөлбөрт суусан олон давуу заалтыг нэрлэж болноо.
-Залуучуудад чиглэсэн бодлого ч бий байх. Хамгийн чухлыг нь нэрлээч гэвэл та алийг нь онцлох вэ?
-Залуучууд руу чиглэсэн бодлогын төвд тэднийг ажлын байраар хангаж, байнгын орлоготой болгох  тусгай хөтөлбөр  хэрэгжүүлнэ. Залуу¬чууд-Орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг гэр бүлд 20-44 метр квадрат талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтанд оруулах, гадаадад сурах боломжийг нээлттэй болгох гээд тэдний¬хээ хүсэн хүлээж буй арга хэмжээг авах заалт мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон. Цэргээс халагдаж ирсэн ханхайсан залуучууд ажилгүй гиюүрэх явдал элбэг. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжснээр тэд ажилгүй байх явдал үгүй болох юм.
-Ядуурлын гол шалтгаан нь ажилгүйдэл байдаг. Ажлын байрыг бий болгох талаар мөрийн хөтөлбөрт ямар заалт оров?
-Манай нам 300 мянган ажлын байр бий болгож, ажилгүйдлийг хөгжингүй улс орны түвшинд бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэхдээ цаашдаа 300 мянган ажлын байрны тухай биш, ажиллах хүчний хомсдлын тухай ярих цаг  ирнэ гэдгийг судлаачид хэлж байгааг бид анхааралдаа авах ёстой байх.
Ойрын жилүүдэд их бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчнээ бэлтгэх, тэднийг сургах гээд олон тулгамдсан асуудал бий.Тэдгээрийн шийдэл нь мөрийн хөтөлбөрт туссан. Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахаар төлөвлөж байна. 40-өөс дээш насныхан ажлын байр олддоггүй талаар байнга гомдоллодог. Тэгвэл тэдэнд  ажилтай болох боломж бүрдэх нь.
-Цалинг 1.3 сая төгрөгт хүргэнэ гэж хэлээд меха¬никаар шууд нэмчихгүй байх. Цалингийн дундаж хэмжээг ийм түвшинд хүргэх эдийн засгийн боломж нь юу байгаа вэ?
-Улс орны хөгжлийн гол суурь гээд байгаа уул уурхайн салбараа эдийн засгийн эргэлтэнд оруулаад явж байна. Мал жилээс жилд өсч, газар тариалангийн салбар дотоодоо хангаад зогсохгүй гадагшаа илүүчлэх боломжтой боллоо.Энэ мэтчилэн хөгжилд хөтлөх бааз суурь их байна, цалинг энэ байтугай нэмэх боломж байгаа гэж би хардаг. Гол нь эх үүсвэрийг бүрдүүлэх тал дээр л ажиллах хэрэгтэй. Аль салбарт түшиглэх эсэх дээр анхаарал хандуулах ёстой гэж боддог. Цалинг нэмэх боломжгүй гэдэгтэй санал нийлдэггүй. Боломжгүй, бүтэхгүй гэж байхын оронд яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр оюун ухаанаа уралдуулах учиртай гэж бодож байна. Өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өрх гэр, үр хүүхдийнх хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад 1,3 сая төгрөгийн цалин ч хангалтгүй. Бид хөгжилтэй орны түвшинд хүрэхийн төлөө байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орны ард иргэдийн авдаг цалинг монголчууд авдаг болох тэр оргил өөд л хүрэхийн төлөө ажиллах учиртай.
-СЕХ-нд мөрийн хөтөл­бөрөө өгснийхөө дараа МАН-ын дарга С.Батболд манай намын мөрийн хөтөлбөр бүхэлдээ нийгмийн шударга ёс гэж хэлсэн. Нийгмийн шударга ёс гэдэгт баялгийн хуваарилалтыг ард түмэндээ хэрхэн хүртээх тухай асуудал ч орох байх. Ер нь ирэх дөрвөн жилд уул уурхайн баялгаасаа Монголын ард түмэн юу хүртэх вэ?
-Манай нам иргэндээ баялгаас хүртэх тэгш боломжийг хангаж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр мөрийн хөтөлбөртөө заасан. Баялгийн хуваарилалт тэгш бус байснаас улс оронд аливаа хямрал, зөрчилдөөн гарч байгааг та бид хэвлэл,мэдээллийн хэрэгслээр бэлээхэн харж байна. Хамгийн ойрын жишээ гэхэд, АНУ-д өрнөсөн Уолл стрийтийг чөлөөлөх хөдөлгөөнийг хэлж болно. Цөөн тооны гэр бүл нийгмийн баялгийн эзэд болоод байгаа нь жирийн иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн хэрэг. Тэгш бус хуваарилалтын уршиг нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэх хортой. МАН нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын төлөө байгаа төдийгүй үүний тулд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байгааг би дээр хэлсэн. Үндэсний баялгийн хуримтлалын сан бий болгож, Хүний хөгжил сангийн бодлогыг зүүн төвийн намын хувьд зохистой үргэлжлүүлнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, болзошгүй эрсдлийг давах болон ирээдүйдээ нөөцлөх эх үүсвэрийг бүрдүүлэхээр зорьж байна. Байгалийн баялгаас олсон орлогыг хэрхэн зарцуулахыг ард түмнээсээ асууж байж шийдэхээр үзэл баримтлалаа мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан ард түмэндээ мэдэгдэл хийж байгаа юм.
Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top