Нийгэмд шударга ёсыг төр тогтоодог. Аливаа хэрэг маргааны зөв бурууг ялгаж салгах эрх мэдэл зөвхөн төрд, шүүхэд байдаг. Тодруулбал шүүхийн ажилтан болох шүүгчид байдаг. Шүүхэд биш шүүгчид байдаг юм шүү. Шударга ёс гэдэг бол тодорхой цаг хугацаа, орон зайд болсон аливаа үйлийг бодитоор үнэлэхийг ойлгох юм. Шударга гэдэг үг өөрөө хүний зан чанарыг тодорхойлосон тэмдэг нэр юм. Тиймээс шударга ёсыг бид хүнээс хайх ёстой болохоос эзэн биегүй ямар нэгэн байгууллагаас, агуулах савнаас хайх нь утгагүй юм.
Сүүлийн үед шударга ёсыг хайгчид, тогтоогчид олширч эрэл хайгуул хийх болсон ч санаатайгаар буруу газраас хайх, эсвэл санаатайгаар нийгмийн хөгжлийн хэрэгцээ болсон шударга ёсны талаар төөрөгдлийг бий болгох нь хэрээс хэтэрчээ. Тухайлбал Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгэмд үгүйлэгдэж буй шударга ёсыг тогтоох хэрэгцээ, шаардлагыг олж харсан ч хаанаас хайхаа мэдэхгүй будилж, мунгинасаар байна. Эхнээсээ л шүүхийг шударга болгоно гээд амлачихсан учраас шүүхийг шударга болгохоор хууль тогтоомж, цаастай тэмцэлдсээр байна. Хуулийг өөрчилснөөр шударга ёс тогтохгүй ээ. Харин шударга бус хүмүүсийг шүүх байгууллагаас хөөж гаргах цаашлаад шударга бус хүн шүүхэд ажиллаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй тийм хараа хяналттай зөв тогтолцоог бүрдүүлэх арга замыг хайх, олох нь нэн чухал юм. Тиймээс ч бид хулгай гэдэг үгтэй бус хулгайчтай тэмцдэг. Хулгайч яагаад хулгай хийв, хулгай хийх боломжийг хэн бүрдүүлэв гэх мэтчилэн асуултанд оновчтой хариулт олж харуул хамгаалалтыг сайжруулах, дохиолол тавих, хаалга үүдээ бэхлэх гэх мэт аргаар хулгайчийг хулгай хийх боломжийг хязгаарлаж хэрвээ хулгай хийсэн нь тогтоогдвол эрх чөлөөг нь хязгаарлах хуулийг санаачилж, баталж, бас мөрддөг. Шударга бус шүүхтэй тэмцэх бус шударга бус шүүгчтэй тэмцэх нь илүү үр дүнтэй болохыг бид бүхэн ухаарах цаг болсон. Шүүгч хариуцлага алдсан, алдаатай шийдвэр гаргасан нь хуультай огт хамааралгүй байх тохиолдол хэт олон байгаа учраас шүүхийн тухай хуулийг өөрчлөх бус шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хуучинсаг арга барилаар ажилладаг, хуучинсаг үзэлтэй шүүгчдээс салах тэднийг өөрчлөх нь оновчтой ажил болно. Нэгхэн жишээ дурьдахад шийдвэр үйлдэх үедээ Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байсан одоогоор Хан-Уул дүүргийн шүүхэд ажилласаар байгаа С.Оюунчимэг шүүгчийн нэгэн хачирхалтай шийдвэр юм. Ээж охины хоорондох орон сууц хувьчлалын маргааныг гэр бүл цуцлах маргаан болгон шийдвэрлэсэн 1927 тоот захирамж юм. Энэ мэт жишээг маш олныг дурьдаж болох ч эцэст нь миний бие нэг л зүйлийг хэлэхийг хүссэн юм. Шүүгч ийм хариуцлагагүй байж болохгүй. Үүнд хууль ямар хамаа байнаа... Ийм хариуцлагагүй шийдвэр яагаад одоог хүртэл хүчин төгөлдөр байгаад байна вэ? Шүүгчийн шийдвэрт хяналт тавьдаг арга механизм хаа байна? Нэг хэргийг ингэж шийдсэн юм чинь өөр бусад хэргийг ч ийм хайхрамжгүй хариуцлагагүй шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Магадгүй энэ эмэгтэй сайн ээж, сайн хүн байх. Гэхдээ төрийн нэрийн өмнөөс бусдын хувь заяатай холбоотой асуудлыг ингэж хайнга шийдэж болохгүй.
Шүүхийг шинэчлэх амьдралын шаардлага бол шүүгчдийн шударга бус шийдвэр амьдралд үйлчилсээр байгаа явдал бөгөөд алдаатай шүүгчийн шийдвэрээс болж хохирсон хэлмэгдсэн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэгцээ юм.
За энэ номлол ч яахав. Бараг хүн бүхэн иймэрхүү зүйл бичээд яриад байгаа. Харин одоо миний цаашид үргэлжлүүлэн бичих зүйл бүхэлдээ бүтээлч бодит ажлуудыг санал болгох болно. Ард түмнээ сонсох гээд байгаа улс төрчид, улс төрийн намуудад илүү хамаатай шүү гэж хэлмээр байна.
Үүнд:
1. Шүүгч нарыг өөрчлөх шаардлагатай. Ингэхдээ шүүх засаглалын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн үүднээс Улсын Дээд Шүүхийн шүүгчдийг эхний ээлжинд өөрчлөх хэрэгтэй. Үүний дараа шинээр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийг томилж шинээр байгуулагдсан УДШ-ээр дамжуулан шүүгчийн шийдвэрт гомдолтой явдаг иргэдийн гомдлыг барагдуулах, алдаатай шүүгчийн шийдвэрийг зөвтгөх ажлыг эхлүүлэх нь зүйтэй.
2. Шүүхийн шийдвэр Монгол улсын нэрийн өмнөөс гарах бодитой эрх зүйн орчныг бүрдүүлж амьдралд нэвтрүүлж хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл шүүгч шийдвэр гаргахад иргэдийн төлөөлөгчид оролцдог байх эсвэл шүүгч нар дангаараа шийдвэрээ төрийн нэрийн өмнөөс гаргаад тухайн шийдвэрт гомдол гарвал ард түмний шүүхээр хянадаг болох.
3. Ямар ч муу хүн шүүгчээр ажилласан шударга ажиллахаас өөр аргагүй хатуу шалгуур, хяналтыг тогтоож хяналтгүй, хариуцлагагүй үйл ажиллагаатай одоогийн шүүх засаглалын үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Үүний дараа шинээр үйл ажиллагаа явуулах шүүхээр өмнөх шүүгч нарын алдаатай шийдвэрүүдийг зөвтгөх ажлыг нэн даруй зохион байгуулж шүүгчийн алдаатай шийдвэрээс болж эрх нь зөрчигдсөн иргэдийн эрхийг сэргээх ёстой юм.
Эцэст нь хэрвээ шүүгч нар хэрэг маргааныг шударгаар шийдвэрлдэг, төрийн албан хаагчид үнэнч шударгаар ажилладаг бол бидэнд үйл ойлголцол гэх зүйл үгүй билээ. Бидний амьдралд шударга бус зүйл оршин буйг түүнд төрийн албан хаагчид гар бие оролцдогийг батлах гээд байх шаардлага үгүй юм. Тиймээс шударга бус зүйлийн тухай ярихаа зогсоож харин шударга бус зүйлсийг устгахын төлөө бодитой ажлуудыг нэн даруй хийж хүн бүхэн эх орондоо үнэнч шударгаар, сайн сайхан элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлье.
Тийм боломж байна гэдэгт би итгэлтэй байна.
Хуульч, судлаач Х.Бат-Ялалт
Сэтгэгдэл ( 0 )