Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ цагдаа, тусгайгийнхны дэмжлэгтэйгээр өнгөрсөн дөрөвдүгээр 12-ны өдрийн үүрээр гэрээс нь хүч түрэмгийлэн баривчилж, харгис хэрцгийгээрээ Монголдоо цуутай Төв аймгийн шоронд аваачиж хорьсон билээ. Нэгэн цагт Монголын төрийн гурван өндөр албан тушаал болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан түүнтэй шоронгийнхон болон хууль хяналтынхан дэндүү догшин ширүүн харилцаж, хүний мөс жудаггүй ааш авир гаргаж байсан нь шоронгоос бичсэн өөрийнх нь захидал, өмгөөлөгч, эмч,гэр бүлийнхнийх нь ярианаас тодорхой болсон юм. Түүнийг хууль бусаар ийнхүү баривчилснаас гадна шоронгийн алба хаагчид элдвээр дарамтлах, айлган сүрдүүлэх, доромжлох зэргээр бах таваа хангаж байжээ. Чухам энэ мэтийн дарамтыг тэсч тэвчихэд үнэхээр хэцүү болсон учраас Н.Энхбаяр арга буюу улс төрийн өлсгөлөн зарласан байна.
Эрх чөлөөгөө бусдын хүч шахалтаар хасуулсан, гартаа ямар ч зэвсэггүй хүний хамгийн эцэст хэрэглэдэг тэмцлийн арга бол өлсгөлөн. Н.Энхбаяр зүгээр нэг өлсгөлөн зарласангүй. Өлсгөлөнгийн хамгийн хүнд хурц хэлбэр болох улс төрийн хуурай өлсгөлөнг сонгосон юм. Хуурай өлсгөлөнгийн үед юу ч идэхгүй, балга ус ч амсахгүй. Нэг үгээр хэлбэл, амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг. Эмч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хуурай өлсгөлөн зарласан хүн сайндаа л 72 цаг буюу гурав хоног тэсч амьд байх магадлалтай гэх. Н.Энхбаяр улс төрийн өлсгөлөн зарласныг хүмүүс янз бүрээр цэгнэж, элдвээр тайлбарладаг. Шоронгоос гарах гэж шоу хийж, жүжиглэж байгаа юм гэх нэгэн байхад гэм буруугүй гэдгээ нотолж, хууль хяналтынхны хууль бус үйлдлийн эсрэг эцсийн аргаа сонгон тэмцэж байгаа юм гэх хүн ч олон байсан билээ. Чухам ямар байр суурь, аль ч өнцгөөс дүгнэж цэгнэсэн энэхүү улс төрийн өлсгөлөнгийн мөн чанар угтаа нэг л юм шүү дээ.
Н.Энхбаяр яах гэж улс төрийн өлсгөлөн зарласан юм бэ. Бусад хүмүүс шиг шоронд байж байгаад шүүхээр хэргээ шийдүүлээд үнэн мөнөө олох боломж түүнд байсан юм биш үү. Түүнийг баривчилснаас хойш өрнөж буй үйл явдал, нөхцөл байдлаас үзвэл, тийм боломж түүнд үнэхээр байгаагүй. Чухам үүнийг бие, сэтгэлээрээ хамгийн сайн мэдэрсэн болохоор улс төрийн хуурай өлсгөлөн гэх хамгийн хатуу “тоглоом”-ыг тэрээр сонгохоос өөр хувилбар түүнд байгаагүй л болов уу. Түүнийг гэр орноос нь хүч түрэмгийлэн баривчилснаас хойшхи болсон бүх үйл явдал энэ сонголтын зөвийг баталдаг юм. Өнөөгийн өндөрлөгөөс үзэхэд энэхүү улс төрийн өлсгөлөн бол өөрийгөө хэргээс мултлах гэсэн, хар толгойгоо эсэн мэнд салгахыг бодсон, амин хувиа хичээсэн хувийн явцуу оролдлого биш байсан нь улам бүр тодорхой болж байх шиг. Энэ бол үнэн хэрэгтээ Монголд орж ирж байгаа гадаадын эдийн засгийн алуурчдын эсрэг, тэдэнтэй хүзүү сээрээрээ холбогдсон улс төр-эдийн засгийн бүлэглэлийн эсрэг, Монголын төр, засгийн толгойд гарч дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа олигархиудын эсрэг, Монголын төрийн жолоог атгаж буй МАНАН хэмээх нам хоорондын эрх ашгаараа нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн эсрэг хийж буй шийдвэртэй эсэргүүцэл, зоримог алхам биш үү. Нөгөө талаар энэ бол жинхэнэ хурц хэлбэрийн, тэмцлийн эцсийн шатны өлсгөлөн байв.
Монголын шинэ үеийн түүхэнд ийм жинхэнэ улс төрийн өлсгөлөн урьд өмнө огт гарч байсангүй. Янз бүрийн учир шалтгаан, зорилгоор өлсгөлөн зарлаж байсан цөөн тохиолдол бий л дээ. Оршихын Цэдэндорж гэдэг хүн 1982 онд тагнуулын хэргээр баривчлагдаж шоронд хоригджээ. Тэрээр Оросын гар хөл болсон, тэр үеийн Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын талаар янз бүрийн баримт цуглуулж, түүнийгээ Хятадын тагнуулын байгууллагынханд дамжуулдаг байжээ. Баабарын нотолсноор тэр бичсэн зүйлээ Улаанбаатар дахь Хятадын ЭСЯ-ны хашаа давуулан шиддэг байсан гэх. Өөрийнхөө хийж буй үйлдлээ аюултай гэдгийг сайтар мэдэрч, гар бичмэлээ үлдээдэггүй байв. Түүнийг НАХЯ-ныхан баривчилж, Ганц худагт хорьсны дараа тэрээр шоронд улс төрийн өлсгөлөн зарласан байна. Хэдийгээр тэр өөрийгөө Монголд хэрэгжүүлж байгаа харь орны улс төр, нийгмийн бодлогын эсрэг тэмцсэн гэж хэлж байсан ч өөрийгөө хамгаалах, зургаан жилийн ял сонссон учраас шоронгоос хурдан гарч эрх чөлөөтэй болох л чин хүсэлтэй байснаас ийнхүү улс төрийн өлсгөлөн зарлажээ. Тухайн үеийн НАХЯ-ны мөрдөн байцаах хэлтсийн дарга Цэрэнхүү, ахлах мөрдөн байцаагч Ванхүү нар О.Цэдэндоржид зүйл бүрээр хэлж ойлгуулснаар тэр өлсгөлөнгөө зогсоосон аж. Хожим нь тэрээр “Үхлийн ирмэгийг сөрсөн нь” ч бил үү нэртэй жижигхэн товхимол бичиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан тагнуулын байгууллагынхныг баахан муулсан байдаг юм.
Удаахь өлсгөлөн нь хэдийгээр зарлахаар нэгэнт шийдсэн байсан боловч бодит байдал болоогүй аж. Хожим нь төрийн шагнал хүртсэн, нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар 1989 оны сүүлчээр улс төрийн өлсгөлөн зарлахаар санаа зориг шулууджээ. Тэр үед МАХН-ын төв хорооны V бүгд хурал болох гээд олон нийт намын дээд удирдлгад олон жил болж, нас өтөлсөн, хоцрогдсон зарим хүнийг сольж, боловсон хүчний болон улс төр, нийгмийн өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсэмжилж байсан боловч бүгд хурал тэр хүлээлтийг биелүүлж чадаагүй. Ямар ч өөрчлөлт шинэчлэл болсонгүй. Чухам энэ байдлыг эсэргүүцэж, О.Дашбалбар улс төрийн өлсгөлөн зарлахаар шийдсэн байна. Тэрээр өлсгөлөнгийнхөө гол зорилгыг МАХН-ын төв хорооны улс төрийн товчоог огцруулах хэмээн тодорхойлж байв. Тэр үед ийм зүйл сэдэх нь хэтэрхий эрсдэлтэй алхам байсан нь мэдээж. Тэгээд биеэ бэлтгэж, өлсгөлөнгөө эхлэхэд бэлэн болоод байв. Хамгийн сонирхолтой нь, түүний хэвлэлийн төлөөлөгчөөр МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтсийн дарга, МАХН-ын гишүүн Н.Энхбаяр ажиллахаар тохиролцоод байжээ. Хожим О.Дашбалбар найрагчийг нас барсны дараа түүнийг өлсгөлөн зарлах гэж байхад хэлж ухааруулж болиулсан гэж олон хүн дурссан байдаг аж. Гэвч тэр нөхдийн “дурсамж” бодит байдлаас хэтэрхий зөрүүтэй, нэг ёсондоо худал үг байлаа. Учир гэвэл, НАХЯ-ны ажилтнууд “тэмцлийн ийм хурц хэлбэрийг энэ удаа хэрэглээд хэрэггүй, ийм шаардлага байхгүй” гэдгийг омголон зантай яруу найрагчид учирлан ойлгуулснаар тэрээр өлсгөлөн зарлах шийдвэрээсээ татгалзсан байна. Хэдийгээр улс орон, нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийхийн чухлыг хүсч байсан боловч тэр өлсгөлөн болоогүй нь ийм учиртай.
Монголын түүхэнд шинэ үеийг авчирсан ардчилсан хувьсгалын эхэн үед олныг хамарсан улс төрийн өлсгөлөн болсон билээ. Тэр нь мөн л МАХН-ын улс төрийн товчоог огцруулах зорилготой байв. Баримтаас үзвэл, 1990 оны хавар Д.Сүхбаатарын талбайд болсон энэ өлсгөлөнд анх МоАХ-ны гишүүн Д.Энхбаатар, И.Батбилэгт, Д.Дорлигжав, И.Жавхлант, Б.Галсандорж, Э.Бат-Үүл, Х.Цэгмид, Д.Нинж, Г.Бошигт, Б.Батцэнгэл, Г.Ганболд, М.Оюунбилэгт, дараа нь С.Соёмбобаатар, З.Эрдэнэбат, Ш.Нина нар оролцсон байна. Хамгийн ахмад нь Г.Бошигт, залуу нь 19 настай оюутан С.Соёмбобаатар, ганц эмэгтэй нь Ш.Нина байж. Өлсгөлөн гурван өдөр, хоёр шөнийн турш үргэлжлэхэд оролцогчдын тоо нэмэгдсээр 33-т хүрч, эргэн тойронд нь олон мянган хүн цугларч тэднийг дэмжиж байв. Энэ үед МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлийн зарим гишүүн цэрэг, цагдаагийн хүчээр улс оронд онц байдал тогтоох, өлсгөлөнг хүч хэрэглэн тараах тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх гэсэн боловч МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, НАХЯ-ны сайд генерал А.Жамсранжав нарын дэвшилтэт үзэлтэй төрийн зүтгэлтнүүд үүнийг эрс эсэргүүцсэн байна. “Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалыг нэг ч хүний хамраас цус гаргалгүй хийсэн” хэмээн МоАХ-ны нөхөд одоо болтол бахархалтайгаар хэлдэг юм. Мэдээж, улс төрийн өлсгөлөн зарлаж, тухайн үеийн нам, төрийн удирдлагыг огцруулж, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг авчирсан тэд гавьяатай байлгүй яахав. Гэхдээ тэр үеийн улс төр, нийгмийн бодит байдал, бусад нөхцөл, зарим баримтаас үзвэл, МоАХ-ныхны тэр бахархлыг төрүүлсэн өөр хүчин зүйл цөөнгүй байсан нь анзаарагддаг юм.
Хэрвээ цэрэг, цагдаа зэрэг хүчний байгууллага хатуу чанга байр суурьтай, хүч хэрэглэх нь илэрхий байсан бол МоАХ-ны нөхөд өлсгөлөн зарлаж, нам, төрийн удирдлагыг огцруулах талаар зоригтой тэмцэх боломж харьцангуй бага байсан болов уу. Юу гэвэл, МоАХ-ны нөхөд тэр үеийн Дээд шүүхийн дарга Л.Ринчин, НАХЯ-ны сайд А.Жамсранжав, орлогч сайд Б.Цийрэгзэн нарын зэрэг улс төрийн зүтгэлтэн, хүчний болон хууль хяналтын байгууллагын зарим удирдлагатай уулзаж, өөрсдөдөө хамгаалалт олж авсан байдаг. Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг Дарь.Сүхбаатар “бид Дээд шүүхийн дарга Л.Ринчинтэй уулзаад ийм шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлэн жагсаал цуглаан хийх гэж байна. Өнөөдрийн үйлчилж байгаа хуультай харшлах зүйл байна уу гэж асуусан. Тэрээр сонсч байгаад хуульд харшлах юм байхгүй, өөрчлөн байгуулалтыг залуучууд та нар хийх ёстой гэж хэлэв. Энэ үг биднийг баривчлахгүй, хүч хэрэглэхгүй байхад нэмэр болсон, тэгэх ч гэж уулзсан” гэж хожим ярьсан байдаг билээ. Э.Бат-Үүл нар өлсгөлөн зарлахаасаа өмнө А.Жамсранжав сайдыг эмнэлэгт хэвтэж байхад нь мөн уулзаж, зөвлөгөөг нь сонсч, хамгаалалт авсан нь тодорхой байдаг. А.Жамсранжав сайд нийтийн эмх замбараагүй байдал гаргахгүй, хүний эрхийг зөрчихгүй байх зэргийг тэдэнд сануулан хэлж байсан гэх. Түүгээр ч барахгүй, тэрээр Ж.Батмөнх даргад нөлөөлж, хүч хэрэглэхийг болиулсан гэдэг. Дарь.Сүхбаатарын хэлснээс үзвэл, ардчилсан хөдөлгөөнийг дарах шийдвэрт улс төрийн товчооны олонхи гишүүн гарын үсэг зурчихаад АИХ-ын зарлиг гаргуулахаар Ж.Батмөнх гуайн өрөөнд оржээ. Тэгэхэд А.Жамсранжав генералыг дуудаад “НАХЯ-ны сайдын хувьд энэ талаархи чиний саналыг сонсъё гэхэд тэрээр “Би НАХЯ-ны сайд байсан цагтаа үүнийг зөвшөөрөхгүй шүү” гэж хэлээд гарчээ.
Энэ мэт баримт бол ардчилсан хувьсгалын ялалтад МоАХ-ныхноос гадна НАХЯ, Дээд шүүх зэрэг хууль, хүчний байгууллага, түүний удирдлагын оролцоо, байр суурь ихээхэн нөлөө, үүрэгтэй байсны нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, цагаан морин жилийн хувьсгалыг дан ганц ардчилсан хувьсгалчдын тэмцлийн үр дүн гэж үзэх нь зарим талаар учир дутагдалтай, өрөөсгөл дүгнэлт болно гэсэн үг. Нөгөө талаар МоАХ-ныхны зарласан тэр өлсгөлөн бол амь насаараа дэнчин тавьж, түүнийгээ золиослоход бэлэн алхам байсан гэхээсээ илүү энэ үйлдлийнхээ төлөө дараа нь хэрэг төвөгт орж, хэлмэгдэхгүй гэх баталгааг урьдчилж авсан үйл явдал байжээ гэж үзэх үндэслэл байгаа юм. Дээр нэгэнт дурдсан ардчиллын анхны алтан хараацай Дарь.Сүхбаатарын хэлсэн үг ч иймэрхүү дүгнэлтийг улам баталгаажуулж байгааг зориуд цохон тэмдэглэе. Гэхдээ энэхүү үйл явдал алсран холдож хуучрахаас өмнө, түүнд оролцсон хүмүүс, гэрчүүд амьд сэрүүн байгаа үед л судлаачид, түүхчид нарийвчлан судалж, түүхэн үнэнийг тогтоон баталгаажуулах учиртай. Ингэх нь хожмын үйл хэрэгт үнэлж баршгүй тустай.
Хожим хадгаламж, зээлийн хоршоодын хохирогчид, газар шорооны төлөө хөдөлгөөнийхөн гээд эдийн засгийн зорилготой, олон цөөн хоногийн өлсгөлөн зарлаж байсан билээ. Эдгээрт улс төрийн ямар нэгэн зорилго байгаагүй, зөвхөн мөнгөн хохирлоо нөхөн төлүүлэх гэх мэт ганцхан зорилготой л байв.
Шинэ цагийн Монголын түүхэн дэх хамгийн сүүлчийн, амиа золиослохоос буцахгүй, нэг ёсондоо шийдсэн, хурц хэлбэрийн өлсгөлөн нь Н.Энхбаярынх болж байна. Хувь заяаны эрхээр нэгэн цагт М.Горькийн сургуулийн анд, яруу найрагч О.Дашбалбарыг өлсгөлөн зарлах гэж байхад нь хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллахаар санаа зориг шулуудаж явсан Н.Энхбаяр энэ удаа өөрөө амь насаараа дэнчин тавьж, улс төрийн өлсгөлөн зарласнаар өлсгөлөнгийн монгол хувилбарын тоог нэмж, түүхийг зузаатгалаа. Хүмүүний хувь тавилан гэж ийм л хачин сонин байдаг ажээ. Монголын төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан, дотоодод төдийгүй дэлхий дахинаа ихээхэн нэр хүндтэй төрийн зүтгэлтний энэ шийдэмгий алхмыг олон талаас нь нягтлан үзэж, үнэн бодитой дүгнэлт гаргах нь Монгол улсын ирээдүйн хөгжилд нэн тустай байж таарна. Нэг талаас үзвэл, энэ үйл явдлыг авлигатай тэмцэх нэрийдлээр улс төрийн өрсөлдөгчөө үгүй хийх гэсэн далд санаа зорилготой, зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа гэж дүгнэж болох юм. Английн нэрт өмгөөлөгч Голдсмит, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ тэр дэлхий дахинд нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийн Н.Энхбаярын өлсгөлөнгийн талаар хэлж ярьсан зүйл, шаардлага, зөвлөмжийг дуртай ч дургүй ч анхаарч үзэхээс аргагүй.
Хэн хэрхэн үнэлж цэгнэхээс үл хамааран амь нас, гэр бүл, энэ насныхаа амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүйг ч золиослохоос буцахгүйгээр шийдсэн, жинхэнэ улс төрийн хурц хэлбэрийн өлсгөлөнг Монгол төрийн тэргүүн, парламентын спикер, гүйцэтгэх засаглалыг толгойлж байсан улс төрийн зүтгэлтэн Н.Энхбаяр өөрийн биеэр олон түмэнд харууллаа. Энэ өлсгөлөн улс орны ирээдүй, монголчуудын аж амьдрал, Н.Энхбаяр гэдэг хүний хэтийн хувь заяанд ямраар нөлөөлөхийг ирэх улирлын өнгө аяс, урсан одох цаг хугацаа эрхбиш харуулах буй за.
Б.Билгээ
Сэтгэгдэл ( 0 )