Өөдлөх амьдрал өмчилсөн газраас

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Иргэн бүрт газар өмчлүүлж буй нь ардчиллын нэг гол баталгаа гэдэгтэй маргах хүн одоо нэгэнт үгүй болсон байх. Манай төр 2005 онд Газрын тухай хууль гаргаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийг олгосон. Яг л өмнө нь малтай иргэдэд малыг нь өгч, орон сууцтай нь сууцаа өмчилж авсантай адилаар. Газар өмчлүүлэх хуульд зааснаар иргэн бүр 0,07 га газрыг өмчлөх эрхтэй юм. Нэг ёсондоо иргэн бүр “газар”-тай болсон гэсэн үг. Тэгвэл иргэд газар өмчлөх эрхтэй болсон хэдий ч тэр эрхээ эдэлж чадахгүй сууна. Наад зах нь газартай болсноо баталгаажуулж чадахгүй байна.

Газар өмчлөлийн ажил улсын хэмжээгээр дөнгөж арав хүрэхгүй хувьтай яваа. Тэгэхээр иргэдийн маань 90 гаруй хувь нь газраа өмчилж аваагүй гэсэн үг. Мэдээж энэ асуудал олон зүйлээс шалтгаалж байгаа байх л даа. Гэхдээ эцсийн дүнд төр, захиргааны байгууллагын урагш муутайгаас ийм байдалд хүрсэн гэхэд хилдэхгүй. Бүр зарим дарга нар зөвхөн өөрсдийгөө бодоод иргэд, олон нийт яах нь хамаагүй гэсэн сэтгэлээр асуудалд хандаад байгаа нь илэрхий. Түүнээс гадна олон жил нэг намын дарагуйлалд байсан төрийн харалган бодлого ч гэж хэлж болно. Учир нь сүүлийн жилүүдэд аль сайхан бүхнээ гадаадынханд найр тавин барьдаг сонин зуршилтай болов. Алт, эрдэнэс, авгай хүүхэн, аль сайхан бүхнээ харийнханд тавиад туучихлаа. Энэ бол эдийн засгийн хувьд гадаадаас хараат болсны нэг жишээ. Муугаа мэдэхгүй байж манайх шиг ингэдэг улс дэлхийн хаана ч байхгүй шүү.  

МАН монголчуудыг 90 жил мангартууллаа. Энэ жилүүдэд хотын төв нь хогоор дүүрч төрийн “тархи” нь авлигаар идээлэв. Одоо энэ бүхнийг цэгцлэх цаг болсон. Хичнээн жил бид хууртаж, хулхидуулж амьдрах юм бэ. Дэлхийн нэртэй эдийн засагчид манай улсад буугаад мордохдоо монголчууд газар өмчлөлөө баталгаажуулж чадаагүйгээс долоон тэрбум ам.долларын хөрөнгө ямар ч бүртгэлгүй, эзэнгүй, үхмэл хөрөнгө болчихоод байна гэж дүгнэсэн байх юм билээ. Ийм их хөрөнгийг бид яагаад ашиглаж чадахгүй сууна вэ. Юунаас, хэнээс болоод монголчууд газраа өмчилж, түүндээ эзэн болж чадахгүй байна вэ? Үүнд хэн саад болж, юу чөдөр тушаа болоод байна вэ?

Үүнийг  төрийн нэгдсэн бодлого боомилж байна. Монголчууд асар их уудам газар нутагтай хэрнээ түүнийгээ ашиглаж хөрөнгө босгох тал дээр нэг ч алхам урагшласангүй.  Энэ нь нэг ёсондоо бүтэн оффисын барилга барьчихаар хашаанд ганц гэрээр амьдарч байгаа “Долоон буудал”-ын Доржийнх оршин суугаа газраа улсдаа бүртгүүлээд, Үл хөдлөх хөрөнгийн баталгаатай болж, түүнийгээ зах зээлд, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажил дутагдаад байгаа нь харагдаж байна. Тэгвэл энэ ажлыг санаачилж эхлүүлсэн хүмүүсийг төрд сонгох хэрэгтэй байна. Үүний тулд баатар Э.Бат-Үүлийн санаачлагыг дэмжиж Батын Батбаатар ажил хэрэг болгох ёстой гэсэн үг. Яагаад гэхээр тэд үүний төлөө л тэмцэж байгаа хүмүүс. Э.Бат-Үүл баатарын яриад байгаа шиг гэр хороолол руу дэд бүтцийг нь тавиад өгчих юм бол айл бүхний амьдрах орчин тодорхой хэмжээгээр дээшлэх нь мэдээжийн хэрэг.  

 Өнөөдөр Эдийн засаг өссөн ч иргэдийн амьжиргаа доройтсон хэвээр байгаа нь баялгаа буруу хуваарилсных. Тэгвэл одоо уул уурхайн баялгийг иргэдийнхээ амины тохилог орон сууц руу чиглүүлэх цаг болжээ. Хотын утааг бууруулах олон янзын ажил хийж буй ч оновчтой болсонгүй. Гэтэл хотын гэр хороолол, хөдөөгийн сумдад цэвэр бохир усны систем буюу инженерийн байгууламжийг нь л шийдээд өгчихвөл бүх зүйл болоод явчих ёстой байв. Э.Бат-Үүлийн тооцоолсноор бол яг ийм зорилт тавиад айл бүрийн хашаанд тохилог сууц барих хөдөлгөөн өрнүүлж, шахуухан ажиллаж чадвал хэдэн жилийн дараа утаа болон бусад асуудлаа бүрэн шийдэх боломжтой юм. Гэтэл өнөөдөр МАН хийгээд түүнээс томилогдсон дүүргийн Засаг дарга нарын хүнд суртлаас болоод иргэд газраа бүрэн өмчилж чадахгүй байна. Тэд уулыг амаар нь, хотын төвийг хороогоор нь шахам худалдаад авчихсан хэрнээ ард түмэндээ газрыг нь яагаад бүрэн өгчихөж чадахгүй байгаа юм бэ. Учир нь тэд иргэний газрыг төрийн нэрээр дээрэмдэж үнэд хүргэдэгт л учир нь байгаа юм.

Уг нь иргэн бүр газраа өмчилж авснаар түүнийгээ санхүүгийн эргэлтэнд оруулж эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус болох учиртай. Жирийн иргэд үүнийг л хүсэж байгаа. Ийм л юмыг санаж сэдэн ажил хэрэг болгохын төлөө УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшиж буй Б.Батбаатар, НИТХ-д АН-ыг манлайлан оролцож байгаа баатар Э.Бат-Үүл нарт талархмаар байна. Арай ядан өмчилж авсан газрыг минь баталгаатай болгох гэж байгаад л даа. Учир нь Улаанбаатар хотын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тэдэнд санхүүгийн хувьд эрх чөлөө хэрэгтэй байна. Ядаж газраа барьцаалаад дэлгүүр ч болтугай ажиллуулъя гэхээр хөрөнгийн баталгаа алга гээд банк буцаахгүй шүү дээ. Төрөөс бэлэн мөнгө харж гэртээ ажилгүй суухгүй л байх. Иргэн надад ийм боломж хэрэгтэй байна. Над шиг бодолтой хүн цөөн биш гэдэгт итгэнэ. Тэгэхээр өөдлөх амьдрал өмчилсөн газраас хамааралтай болох цаг удахгүй биз ээ.

                                                                                                                                                                        П.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top