Гадаадад суугаа Монголчуудын EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Цахим ертөнцөд шуугиан тариад буй Бид Сонгох Эрхтэй (http://facebook.com/electionMN) клуб нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн хэрэгжилт, иргэдийн идэвхитэй оролцоонд анхаарал тавих зорилгоор анх байгуулагджээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол иргэдээ УИХ-ын сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж Facebook, Twitter, YouTube болон Монгол иргэдийн сурч, ажиллаж, амьдарч буй 10 гаран улсын 30 орчим имэйл сүлжээгээр 100 000 иргэдэд мэдээлэл, видео сурталчилгаа явуулж ЭСЯ, Консулын газаруудын ажилд дэм болсон гэж хэлж болно.

Энэ уриалгын хүрээнд  Вашингтон, Сан-Франциско, Токио, Сөүл, Бүсан, Берлин, Лондон, Чикаго зэрэг 8 хотод амьдардаг Монгол иргэд бие биесээ аль нэгэн намыг дэмжих бус харин сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан байна. (http://youtube.com/electionMN)

Тэдний уриалгыг Монголчууд ихээр төвлөрсөн улс орон дахь Монголчууд идэвхитэй дэмжиж Цахим Өртөө Сүлжээ (www.tsahimurtuu.mn) , АНУ дахь Даяар Монгол сонин (www.dayarmongol.com), Америкын Монголчуудын Худалдаа аж үйлдвэрийн танхим (www.monamerchamber.org ), Австралийн Монголчуудын Холбоо (www.mglaus.com), Японы Монголчуудын Холбоо (www.maj.mn), Их Британийн Монголчуудын Холбоо (www.mongolchuud.co.uk), Германы Монголчуудын Холбоо (www.mongolchuud.de), Дэлхийн Монголчуудын мэдээллийн сүлжээ www.orloo.com, www.SocialNet.mn зэрэг oлон арван сайтууд баннер тавьжээ.

Бид Сонгох Эрхтэй клубээс Монголын түүхэнд анх удаа EXIT POLL санаачлан оролцогч хотуудын дүнг Facebook, Twitter -ээр зарласан нь цахим ертөнцөд багагүй шуугиан тарьж байна. Энэхүү судалгааг явуулахад Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (1999), Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин (2002), Сан Франциско дахь Замдаан сэтгүүл (2002), Вашингтон дахь Монгол Соёлын Төв (2004) болон Англи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоо, нийгэмлэгийн идэвхитэн гишүүд, оюутан залуус идэвхитэй оролцсон байна.

Тус клубынхэн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио зэрэг 5 хотод нийт саналаа өгсөн 711 иргэдийн 249 хүнээс судалгаа авахад

  • Ардчилсан Намд 109 сонгогч (44%), Монгол Ардын Намд 62 сонгогч (25%),
  • Иргэний Зориг Ногоон Намд 32 сонгогч (13%), Монгол Ардын Хувьсгалт Нам
  • МҮАН-ын эвсэлд 30 сонгогч (12%), Бусад нам эвсэлд 16 сонгогч (6%)

тус тус саналаа өгснөө илэрхийлжээ.


"Бид Сонгох Эрхтэй клуб"-ын удирдагч Д.Сайнбаяраас (твиттер хаяг:http://twitter.com/dsainbayar ) тодруулга авлаа:

Exit poll гэж яг юу вэ?

Монголын түүхэнд анх удаа EXIT POLL судалгаа гадаадын улс орнуудад амжилттай явагдсанд бид баяртай байна. АНУ, Их Британи зэрэг олон оронд entrance poll буюу сонгуулийн хороонд саналаа өгөхөөр орохоос өмнө эсвэл exit poll буюу саналаа өгөөд гарч ирсэн даруйд "Та аль намын төлөө, эсвэл хэний төлөө саналаа өгсөн бэ?" гээд хуудас бөглүүлээд битүүмжилсэн хайрцаганд хүлээж авч судалгаа хийдэг. Олон улсад тогтсон энэ түгээмэл соёл манайд одоо л нэвтэрч байна даа. Харин гадаадад байгаа Монголчууд энэ талаар илүү мэдлэг, туршлагатай тул судалгаа хийх явцад хүндрэл гарсангүй.

- Судалгааг хэр бодитой гэж дүгнэж байна?

Xэр бодитой байхыг сонгуулийн албан ёсны дүн гарах үед тодорхой болох биз ээ. Ер нь бол олон улсын туршлагаас харахад тун ойролцоо дүн гардаг. Судалгаанд оролцогчид зөв л бөглөсөн бол бодит байдалтай нийцэх магадлалтай.

- Гадаадад суугаа сонгогчдын онцлог юу вэ?

 Гадаадад буй Монголчууд бол Монголын нийгэм эдийн засагт асар их хэмжээний мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалт хийж ирсэн нийгмийн хамгийн идэвхитэй давхарга. Уул уурхайн орлого нэмэгдэхээс өмнө үндсэндээ энэ 150 000 монголчууд Монгол орныг тэжээж ирсэн шүү дээ.

Бид Сонгох Эрхтэй клубт буй олон гишүүд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн төлөө олон жил тэмцсэн, байгаа улс орнууддаа Монголчуудын холбоодын үйл ажиллагаанд манлайлж оролцож ирсэн нам бус иргэд юм.

Харин энэ удаад консул, ЭСЯ-д зөвхөн биеэр санал өгөх болсонтой холбогдуулж шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 100 гаран мянган иргэдийн зөвхөн 2770 хүн санал өгсөн нь тун бага тоо. Нөгөөтэйгүүр сонгуулийн хууль маш оройтож баталсан, бас дээрх орнууд дахь ЭСЯ, консулын газарууд танин мэдүүлэх сурталчилгаа тун хангалтгүй хийсэнтэй холбоотой. Манай хөдөлгөөн эхлэхээс өмнө зөвхөн 1000 хүн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн. Гэтэл бид 10 хоног сурталчилгаа хийхэд 4276 иргэд бүртгүүлсэн. Бага ч гэсэн нөлөөлсөн гэж бодож байна.

         Энэ дашрамд гадаадад суугаа иргэдийн сонгуулийн эрхийг хуульчилахад Цахим Өртөө Холбоо ТББ болон бусад улс орон дахь холбоодын маш олонидэвхитэй иргэдийн олон жилийн нөр их хөдөлмөр орсныг тэмдэглэхийг хүсч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top