Б. Хүдэр-Ян: Би хувийн ашиг сонирхол харж улс төрд ороогүй

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Таны нэр их содон юм аа. Та өөртэйгээ ижил нэртэй хүнтэй таарч байсан уу? Таны нэрийг хэн өгсөн юм бэ?

Миний нэрийг аав маань өгсөн. Өөртэйгөө ижил нэртэй хүнтэй таарч байгаагүй юм байна шүү. Миний нэрийг хүмүүс казак, хятад нэр гээд л байдаг юм. Хүдэр гэдэг нь хүдэр чийрэг гэсэн үг. Харин Ян гэдэг нь мөнх цаст уул гэсэн үг шүү дээ.

Бага насны дурсамж хүний сэтгэлээс гардаггүй шүү дээ. Та бага насныхаа тэр нандин дурсамжаасаа хуваалцаач?

Би багаас аав ээжийн нутагт Онон голын хөвөөнөө тоглож өссөн нэгэн. Миний бага нас Биндэр сумын нутаг Дэлгэрнуга, Өлзийт тасагтай салшгүй холбоотой. Өвөл хавартаа баавай, ижий хоёртойгоо Дэлгэрнугадаа очиж өвөлжөөд зун намартаа Өлзийт тасагт ирж зусдагсан.

Миний өвөө Даш баавай Биндэр сумын сүүний тасгийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Хааяа баавайнхаа оронд тасгийн айлуудын сүүг хүлээж авахдаа өөрийгөө их л том болсонд тооцдогсон. Зундаа Хурхын голоо өдөржин өгсөж уруудан загас жараахай эргүүлцгээж, зөөхийтэй талх, гогодтой хуушуураа идэхэд мөн ч сайхан байдаг байж билээ.

Нийслэлийн 1-р арван жилийн сургуульд орсноор зөвхөн зуныхаа амралтаар л хөдөө явах эрхтэй болж, амралт эхлэхийг тэсэн ядан хүлээдэг байв. Хичээл дуусмагц л хоёр бакалаа тосолж аваад, тааралдсан унаанд сууж, хөдөө нутаг руугаа яардаг байж билээ. Тэр үе хамгийн жаргалтай хэзээ ч мартагдахгүй дурсамж болон үлдэж дээ.

Та ах дүү хэдүүлээ вэ?

Бид ижий ааваасаа зургуулаа. Би айлын ууган хүү. Манайх гэдэг хүүхэд шуугилдаж томчууд чуулсан хөл ихтэй айл байсан. Одоо ч тийм хэвээрээ. Сургуульд байхдаа аавтай уулзахаар ирдэг байсан Ерөнхий сайд асан П.Жасрай, Ерөнхийлөгч асан П.Очирбат, СНЗ-ийн дарга Содном гуай, гавъяат хуульч Чимэд гуай, Геологийн Яамны сайд асан Хурц гуай нарын буурлуудынхаа сургааль үгийг өөрсдөөс нь сонсож, үйлсийг нь дэргэдээс нь ажиглаж өссөн минь намайг эх оронч, монголоо гэсэн сэтгэлтэй, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэлтэй, улсынхаа тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө санаа зовнигч нэгэн болоход нөлөөлсөн болов уу гэж санадаг.

Хүүхэд бүр том болоод тийм мэргэжилтэй болно гэж мөрөөддөг шүү дээ. Та мөрөөдлийнхөө мэргэжлийг сонгож чадсан уу?

Би багадаа эдийн засагч болно гэж боддог байсан. Тоо их боддог хүүхэд байлаа. Тоонд их дуртай. Сүүлдээ инженер болно гэж хувираад харин тэрэндээ хүрсэн шүү. 1987 онд нийслэлийн 1-р 10 жилийн лаборатори дунд сургуулийг дүүргээд Москва хотын Эрчим Хүчний Их сургуульд элсэн орж, Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн ангид элсэн орж байлаа. Сургуульдаа 1990 оныг хүртэл сурч байгаад тухайн үед Орос орны задрал, Перестройкийн үед Монгол улсынхаа Техникийн Их Сургуульд шилжин суралцаж дулааны инженер мэргэжлээр төгссөн. Оюутны байранд орос, гадаад оюутнуудтай өөрчлөлт шинэчлэлийн тухай санал бодлоо уралдуулж, эргэцүүүлдэг байсан минь ардчилал хүний эрх чөлөөг эрхэмлэх үзэл санаа төлөвшихөд их нэмэр болсон гэж боддог.

1990 оны 3 сарын 07-нд эх орондоо шилжин суралцахаар галт тэрэгнээс буухад Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнийхэн өлсгөлөн зарлаад 1 хонож байлаа. Тухайн үеийн ардчилсан хувьсгалын үйл явдал миний залуу насны амьдралын нэгээхэн үед хүчтэй нөлөөлсөн нь хожим үзэл бодол, байр сууриа эргэлт буцалтгүйгээр тодорхойлох шалтгаан болсон.

1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн жинхэнэ утгаараа ардчилал, шударга ёсны төлөөх тэмцэл байсан гэж би хувьдаа боддог. Тухайн үеийнхэн, засгийн газрын гишүүд, улстөрчид байнга шахуу манайд ирж аавтай санаа бодлоо солилцож, зөвлөлдөнө. Залуу хүний хувьд би ч хажууд нь байж яриа, үзэл бодлыг нь сонирхон сонсдог байлаа.

Та ажил амьдралынхаа гарааг Эрдэнэтээс эхэлсэн гэдэг байхаа...

Тийм ээ. Эрдэнэт хотын Дулааны станцад ангийн хоёр хүүхдийн хамт илгээлт аван очиж ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Биднийг сургууль төгссөн шинэхэн инженерүүд гэсэн том хүсэл мөрөөдөлтэй том хүмүүс очтол Дулааны станцын дарга Батчулуун гуай, ерөнхий инженерийн хамт хүлээж аваад инженер болохоор ирсэн бол дороос нь эхэлнээ гээд үнсчиний туслах, үнсчин, насосны жижүүр гэх мэтээр мэргэжил болгон дээр 14-өөс 21 хоног ажиллан шалгалт өгсөөр 18 мэргэжил дамжиж байж ээлжийн мастер болсон юм. Энэ бол Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг дулаанаар тасралтгүй хангах үүрэгтэй, нэн хатуу сахилга, хариуцлагатай ажил байлаа. Тэр үед Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг дулааны цахилгаан станц болгож шинэчлэх, Эрдэнэтийн үйлдвэрлэлийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажилд гар бие оролцож явсанаараа би бахархах дуртай. Үнэхээр хүнийг жинхэнэ ажилд сургадаг, хүн болгодог их сайхан хамт олон шүү. Одоо ингэж хүнийг мэргэжүүлэхийн тулд багаас нь эхэлж сургадаг нь бараг үгүй болж дээ.

Та ингэхэд яаж яваад газрын тосны салбар уруу яваад орчихвоо?

1995 онд нэг өдөр бид хамт олноороо ярьж байгаад Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бизнес бол газрын тосны хайгуул юм байна гэж ярилцаад энэ салбар руу оръе гэж шийдсэн юм. Тэгээд 1995 оны өвөл техник тоног төхөөрөмж олж ирэхээр ганцаараа 10 мянган доллар өвөртлөөд Якут хүртэл явсан. Ингэж явж байхдаа Орост 27 ширхэг хийгдсэн станцыг 27 дахийг нь Монголдоо авчирч байлаа. Ингэж л 26 настайдаа газрын тосны салбарт ажиллаж эхэлсэн дээ. Үүнээс хойш “Хэт” ХХК-д Газрын тосны хайгуул, уул уурхайн салбарыг хариуцан ажиллаж, 1995-1996 онд хувийн хэвшлийн Газрын тосны хайгуулын анхны ангийг зохион байгуулж, Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тосон Уулын XXI талбайд хайгуул хийсэн маань үр дүнтэй болж Ерөнхийлөгч П.Очирбатын дээлээ мялаадаг цооногийг илрүүлсэн нь тус сав газрын тосны олборлолтын эрин үеийг эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 4 жилийн дотор Монгол орныхоо 10 гаруй аймгийн нутаг дэвсгэр дээр газрын тосны хайгуулын ажлыг хийсэн минь бүгд одоо л үр дүнгээ өгч эхэлж байна. Одоо Дорнод аймгийн Булган сумын нутагт баригдах жилд 120.000 тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэрийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулж Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар хоёр жилийн дотор зүүн бүсийн аймгуудын шатахуун нефтийн хэрэгцээг хангах боломжтой болох юм.

Та өнгөрсөн хугацаанд үргэлж бизнесийн салбарт ажилласан, хүчээ сорьсон гэж ойлгож болох уу?

Үгүй ээ. Яалаа гэж. Би төрд нь ч хувийн салбарт аль алинд нь ажилласан. 1999-2000 онд Улаанбаатар хотын захирагчийн албанд Багахангай дүүрэгт “ Үйлдвэрлэл технологийн чөлөөт бүс” байгуулах ажлыг санаачилж, ажлын хэсэгт төслийн ахлагчаар ажилласан. Монгол улсад тэргүүн зэргийн ач холбогдолтой үйлдвэрүүдийн шаардлагатай технологийг авчирч нутагшуулах нь бидний гол зорилго байлаа. Уг төслөөр Багахангай дүүргийг Монгол улсын үйлдвэрлэлийн томоохон төв болгон хөгжүүлж, технологи шууд орж ирж нутагших боломжийн судалгаа, нөхцлийг бүрдүүлж тухайн үеийн засгийн газарт хүлээлгэн өгсөн.

Мөн 2002-2006 оны хооронд МИАТ ХК-ийн охин компани болох МИАТ Агросервис ХХК-д маркетингийн менежер, захирлын үүрэг гүйцэтгэгч, захиралаар тус тус ажиллаж байлаа. Төрийн өмчийн МИАТ агросервис компани 30 ширхэг Ан-2 агаарын хөлөгтэй, 50 гаруй нисэгч, инженер техникийн бүрэлдэхүүнтэй, Монгол орны 18 аймаг сумдад газар тариалан, бэлчээр, ойн хортон мэрэгчидтэй тэмцэх, ачаа тээвэр, аялал жуулчлалын болон бусад хэрэгцээтэй нислэг үйлддэг, эвсэг хамт олонтой гар нийлэн ажиллаж байлаа. Тэднээсээ би ихийг сурсан даа.

Харин 2007 оноос хойш өнөөг хүртэл Хэт ХХК-д дэд захирлаар ажиллаж байна. Энэ хугацаанд Чойбалсан-Баруун Урт-Сайншанд-Тавантолгойн чиглэлийн “Хөгжлийн төмөр зам”ын ажлыг Чойбалсан хотоос эхлүүллээ. Энэ төмөр зам нь Монголын эрдэс баялгийг дэлхийн зах зээлийн үнээр гуравдагч улсуудад хүргэх боломжийг нээх юм. Ухаа худагаас Гашуун сухайт хүртэл Монголын нүүрсийг Хятадад хямд өртөгөөр зарах төмөр замыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэрийг Монгол Улсын ЗГ гаргалаа. Монгол орны эрх ашигт нийцэх сонголтыг эрхбиш эргэж харах биз ээ.

Хоёулаа ажил албаны талаар чамгүй ярилцлаа. Хэрвээ дургүйцэхгүй бол гэр бүлтэй чинь танилцаж болох уу?

Бололгүй яаж вэ, Нуугаад байх юм юу байх вэ (инээв). Манай гэр бүлийн хүнийг Цоодолын Лхагвадулам гэдэг. Бид хоёр ханилаад 17 жил болж байна даа. Бид хоёр 2 охин, нэг хүүтэй. Хань маань химич, технологич мэргэжилтэй.

Бизнесийн салбарт ажиллаж байсан хүн яагаад гэнэтхэн улс төр рүү орох болов?

Яагаад бизнесийн салбарт ажиллаж байсан хүн улстөржөөд байна, намын үүр байгуулаад намд элсээд явж байна вэ гэж хүмүүс их сонирхдог л доо. Ер нь бол бизнесийн салбарт ажиллахад хүндрэл мундахгүй. Танил талгүй, аль нэг улс төрийн бүлэглэлд ашиггүй бол хавчиж гадуурхах үзэгдэл газар авчээ. Нэг жишээ дурдая. Би газрын тосны боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулахаар 2000 оноос хойш хөөцөлдөн ажиллаж байна. Зөвшөөрлөө авч чадалгүй арваад жил болчихлоо. Монголд энэ газрын тосны үйлдвэр хэрэггүй биш, амин чухал хэрэгтэй. Монголын эдийн засгийн суурь үнийг тогтоож байгаа бүтээгдэхүүн бол шатахуун шүү дээ. Үүнийг дотоодын хэрэглээндээ тохируулаад өөрийнхөө гаргаж байгаа газрын тосыг ашиглаж, боловсруулбал Монголд суурь үнэ хямдрах, бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хямд үнээр хүрэх, эдийн засгийн гаднаас хараат байдлаас гарах гэх мэтийн олон талын ашигтай. Үндэсний аюулгүй байдлын талдаа ч гэсэн энэ бол маш чухал үйлдвэр болох ёстой. Бид түүхий эд гаргаад байх нь гол биш, аль болох боловсруулж, монгол хүний хөдөлмөрийг шингээж үнэтэй экспортлох нь Монголд хэрэгтэй. Монгол улс дотооддоо бүтэээгдэхүүнээ боловсруулахгүй байна гэдэг бол гадныхны л сонирхол. Бид одоо эдийн засгийн амин чухал хэрэгцээтэй асуудлаа яаралтай шийдэж, эдийн засгаа бие даалгах, хэрэгтэй байна. Гэтэл манай төр засаг зөвшөөрөхгүй 10 гаруй жил сунжруулаад удаад байна гэдэг нь нөгөө бизнесийн бүлэглэлүүдийн улс төрд нөлөөлж байгаа нөлөөллөөс хамааралтай.

Тэгээд ч сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийг харахад ер нь Монголд уул уурхайн салбарыг их хэмжээний мөнгө, хөрөнгө оруулалт дагаж байна. Үүнийг дагаад улсын эдийн засаг тэлж байгаа ч хүмүүсийн амьдрал өөдөлдөггүй ээ. Өнөөдөр монголын эдийн засаг 17,6 хувиар өслөө гэж мэдэгдэж байгаа боловч инфляци 40 хувьд хүрчихлээ. Үндсэндээ нийт иргэдийн маань 80-с илүү хувь нь ядуу, 40-с илүү хувь нь нэн ядуу гэсэн ангилалд амьдарч байна. Энэ бол уул уурхайн баялгийг тэнцвэргүйгээр хэдхэн гэр бүл, хэдхэн хүмүүсийн хооронд шилжиж байгаа баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой.

Дээрээс нь улс хөгжөөд байхад иргэд яагаад хөгждөггүй юм. Бид яагаад өнөөдөр 21000 төгрөгөөр өдрийнхөө хоолоо дөнгөн данган залгуулж амьдрах ёстой юм бэ? Манай улс эдийн засгийн үзүүлэлтээрээ, өсөлтийн хурдаараа, баялагаараа дэлхийд 10-т ороод эхэллээ л гэдэг. Тийм том улсын ийм цөөхөн иргэд өнөөдөр 40 гаран сая малтай, хязгааргүй баялагтай атлаа яагаад ядуу амьдарч байна вэ?

Энэ бол өмнө төрд байсан, одоо төрд гарсан хүмүүсийн явуулсан бодлого, хийсэн үйлдлийн үр дүн юм. Өнөөдөр Монгол улсад хууль, шударга ёс байдал алга болсон. Хэн илүү булхай хийнэ, хэн илүү луйвар хийнэ тэр дээшээ гардаг болсон ийм цаг үед бид амьдарч байна. Тэгэхээр үүнийг засахыг, энэ байдлаас гарахыг Монгол хүн бүр хүсэж байгаа. Би ч гэсэн хүсэж байна. Тийм учраас энэ өөрчлөлтөд миний ч гэсэн үүрэг оролцоо хэрэгтэй юм байна гэж бодож улс төрд орохоор шийдсэн.

 Та яагаад Иргэний Зориг Ногоон намыг сонгосон юм бэ? Амьдрал ахуйгаа дээшлүүлье, бизнесээ хөгжүүлье гэвэл МАН, АН-ыг сонгодог юм биш үү?

Би сая хэллээ. Би хувийн ашиг сонирхол харж улс төрд ороогүй ээ. Үнэхээр энэ байдлаараа ахиад арван жил амьдарвал Монгол Монголоороо үлдэхэд үнэхээр хэцүү болсон байна.Цаашдаа ямар нэг улсын эдийн засгийн колони орон болох, бид өөрийнхөө нутаг дээр харийн хүн шиг амьдрах тийм цаг үе ирэх гээд байна. Ийм учраас би ер нь улс төрд ороод энэ үүссэн нөхцөл байдлыг засаж залруулахын төлөө ажиллая гэж бодсон.

Яагаад намайг Иргэний зориг ногоон намыг сонговоо гэж олон хүн асууж байсан. Иргэний Зориг Ногоон Нам идэж уугаагүй, авилгалын асуудалд оролцоогүй хамгийн цэвэр улс төрийн хүчин гэж би харсан. УИХ-д суудалтай, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн цэвэр шударга нам. Иргэний Зориг Ногоон Нам иргэний эрх чөлөөг дээдэлсэн, ногоон үзлийг тэргүүлэх чиглэлээ болгосон үзэл баримтлалтай. Энэ нь миний өөрийн үзэл баримтлалтай яв цав нийлсэн. Тийм учраас би улс төрийн сонголтоо хийж Иргэний зориг Ногоон намыг гишүүн болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top