УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга, Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч, Догсомжавын Балдан-Очиртой ярилцлаа.
-Намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Танай намын мөрийн хөтөлбөр бусад намынхаас юугаараа өөр юм бэ?
-Сонгуулийн мөрийн хөтөлбөр хүн-нийгэм, хүн-эдийн засгийн хөгжил, хүн-байгаль экологи, хүн-шударга ардчилсан засаглал гэсэн дөрвөн үндсэн тулгууртай. МАН-ын 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр улс орондоо хөгжил дэвшил, иргэн болгондоо чинээлэг хангалуун амьдралыг бүрдүү-лэхэд чиглэсэн, хэрэгжих тооцоо судалгаатай ийм хөтөлбөр. Ганц жишээ татахад хүний амьдралын гол үзүүлэлт болсон цалинг 1,3 саяд хүргэх тухай зорилт олны анхаарлын төвд байна. Арга ч үгүй. Хүн амын дийлэнх нь цалингаараа амьдарч байна. Дундаж цалинг 1.3 саяд хүргэх бодит шаардлага амьдрал дээр байна. Ард түмний хөгжлийн хөтөлбөрт тусгасан энэ зорилтоо ирэх дөрвөн жилд МАН бодитоор хэрэгжүүлье гэж байгаа. Олон хүний сэтгэлд нийцэж байна. Учир нь иддэг хоол нь амт чанартай, авдаг цалин нь ахиу, амьдрах орчин нь аюулгүй байхыг хүн бүр хүсч байна. Энэ нөхцлийг бүрдүүлье л гэж МАН мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн юм.
Бизнес эрхэлдэг, цалингаас гадуур орлоготой, уул уурхайн лицензтэй, том компанийн хувьцаа эзэмшдэг хүний тухайд цалингийн талаарх яриа сонин биш байж магадгүй. Гэхдээ өнөөдөр манай улсын дийлэнх иргэдэд дээр хэлсэн зүйлүүд алга байна. Тэгэхээр хүний амьдралын гол үзүүлэлт цалин учраас МАН цалингийн асуудалд анхаарна гээд байгаа.
-Дундаж цалинг 1,3 сая хүргэх боломж бий юу?
- МАН-аас боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн 2012-2016 онд хөгжүүлэх эхний үе шат нь манай намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болж байгаа юм. Хэдийгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрт хуульд зааснаар тоо тавиагүй ч Хөгжлийн хөтөлбөрт зааснаар цалинг нэмэх асуудал МАН-ын бодлогын төвд байна. Учир нь хүндээ анхаарсан үйл ажиллагаа явуулдаг зүүн төвийн намын үзэл баримтлалтай энэ бодлого таарч байгаа юм.Одоо дундаж цалин 630 мянган төгрөг болсон. Олон улсын валютын сан, Дэлхийн хөгжлийн банкны судалгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд 20 хувьд хүрч, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 15 мянган ам.долларт хүрэх судалгаа байна.Улс орноо 20 жилд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулсан манай залуу эрдэмтэд, мэргэжлийн багийн хийсэн тооцоо судалгааны дүн ижил байгаа нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард түмэндээ итгэлтэй санал болгох үндэслэл болж байна. Мөрийн хөтөлбөр маань сонгуулиас сонгууль дамжсан амлалт төдий бус 20 жилийн хөгжлийн эхний шат, улс орныг урт хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөлт юм. Хүний амьдралд хамгийн ойр байдаг зүйлээс нь эхэлж яривал илүү хүлээж авах байх. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал их яригддаг. Үүний энгийн жишээ нь өглөө, орой орцондоо ороход л хүүхдүүд уйлалдаж шуугилдах нь сонсогддог. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагийн л илрэл. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдээ ажиллах бололцоогоор хангахад цэцэрлэг олноороо хэрэгтэй байна. Үүнийг шийднэ л гэж байна. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцоход энэ мэт асуудал садааны нэг мөн шүү дээ. Монголын бүх хүүхдийг хүлээж авах хүрэлцээтэй цэцэрлэгтэй болох зорилт мөрийн хөтөлбөрт байна. Эмэгтэйчүүдээ сурч, хөдөлмөрлөх, өмчийн болон нийгэм улс төрийн харилцаанд оролцох боломжийг ч мөрийн хөтөлбөр олон заалтаараа бүрдүүлж байгаа. Дунд сургуулийн тухайд эхний дугаарт ээлжийг цөөлж аажмаар нэг ээлжээр хичээллэх боломжтой болгохоор төлөвлөж байна. Үүний ач холбогдол нь их. Хүүхдүүд хичээл хийхээс гадна түүнийгээ гүнзгийрүүлэн судлах, авъяас билгээ нээх, секц дугуйланд суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгнө.Энэ мэтчилэн мөрийн хөтөлбөрт суусан олон давуу заалтыг нэрлэж болноо.
-Залуучуудад хандсан бодлого үргэлж хаягдсаар ирсэн. Ялангуяа тэдний нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хэтэрхий хойрго байгаа. Энэ асуудал танай мөрийн хөтөлбөр дээр хэрхэн тусч байгаа бэ?
-Залуучууд руу чиглэсэн бодлогын төвд тэднийг ажлын байраар хангаж, байнгын орлоготой болгох тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Залуу¬чууд-Орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг гэр бүлд 20-44 метр квадрат талбай бүхий орон сууцны хорооллуудыг барьж ашиглалтанд оруулах, гадаадад сурах боломжийг нээлттэй болгох гээд тэдний¬хээ хүсэн хүлээж буй арга хэмжээг авах заалт мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон. Миний хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөдөөгийн тохилог сууц” гэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр удирдлагуудтайгаа ярьж, тооцоо судлагааг нь хийж байна. Завхан аймагт ажлын байр нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрүүд байгуулах бүрэн боломж бий. Энэ үйлдвэрүүд ажлын байр нэмэгдүүлэхээс гадна орон сууцны асуудлыг давхар шийдэж өгөх давуу талтай. Өнөөдөр хоёр өрөө орон сууц Улиастайд 30-40 сая, хотод 70-100 сая төгрөгийн үнэ хүрч байна. Энэ өндөр үнэтэй байрыг худалдаж авах боломж тэр бүр алга. Тиймээс барилгын материалын үйлдвэр дээр суурилж, хямд өртөгтэй, гэрэл цахилгаантай, халуун хүйтэн устай, өөрийн гэсэн эзэмшил газартай тохилог орон сууцнууд барих бүрэн боломж бий.
-Ядуурлын гол шалтгаан нь ажилгүйдэл байдаг. Ажлын байрыг бий болгох талаар мөрийн хөтөлбөрт ямар заалт оров?
-Манай нам 300 мянган ажлын байр бий болгож, ажилгүйдлийг хөгжингүй улс орны түвшинд бууруулах зорилт дэвшүүлсэн. Гэхдээ цаашдаа 300 мянган ажлын байрны тухай биш, ажиллах хүчний хомсдлын тухай ярих цаг ирнэ гэдгийг судлаачид хэлж байгааг бид анхааралдаа авах ёстой байх. Ойрын жилүүдэд их бүтээн байгуулалт эхлэхэд ажиллах хүчнээ бэлтгэх, тэднийг сургах гээд олон тулгамдсан асуудал бий.Тэдгээрийн шийдэл нь мөрийн хөтөлбөрт туссан. Алслагдсан аймгуудад хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд бизнесийн таатай орчин бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахаар төлөвлөж байна. 300,000 ажлын байр мөрийн хөтөлбөрийн хүрээнд Завхан аймагт “Улиастай” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бүрэн боломж бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Монгол мал” хөтөлбөр хэрэгжиж, малын чанар сажирч, тоо толгой нэмэгдсэн. Түүхий эд байна. Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орлоо. Ингэснээр Завхан аймгийн Улиастай хот, бусад сумд эрчим хүчтэй холбогдлоо. Үүнээс гадна Тэлмэн суманд баригдах дулааны цахилгаан станцын шавыг тавьлаа. Ямартай ч Завхан, Говь-Алтай аймгийг найдвартай эрчим хүчтэй болгох цаг ойртлоо. Тэлмэн сумын дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна. Хөвсгөл аймгийн Мөрөнгийн төв дээр байгаа өндөр хүчдлээс 210 км 110вт-ын шугам татах ажил өнгөрсөн оноос хийгдэж эхэлсэн. Энэ шугам 2012 оны эцэс гэхэд ашиглалтад орно. Энэ хавар хамгийн сүүлд Баянтэс сумыг 24 цагийн эрчим хүчтэй болгох асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Одоо бүх сумд 24 цагийн эрчим хүчтэй холбогдсон. Завханчууд гэрэл цахилгаантай болсон. Үүнээс гадна Мянганы замын хэвтээ тэнхлэгийг өөрчилж чадсан. Хамгийн гол нь Мянганы замын хэвтээ тэнхлэг манай Завхан аймгийн төв суурин газрыг дайрахгүйгээр баригдахаар зураг төсөл нь аль дээр 2000 оны үед хийгдсэн байсан. Архангай аймгийн Цахир сумын араар гараад л Булнай нурууны дундуур орж, шууд баруун тийш чиглэсэн, дан эзгүй хээр талд баригдахаар байсан юм. Энэ асуудлыг нэг мөр шийдэх, Завхан аймгийн сумдыг Мянганы замтай холбох гэж мөн ч их хэрүүл тэмцэл хийсэн дээ. Нэгэнт зураг төсөл, хөрөнгө мөнгө нь батлагдчихсан, ажил нь эхэлчихсэн байсан учраас дахин засвар оруулахад хүнд л байсан. Гэхдээ сумдуудыг Мянганы замтай дахиж хатуу хучилттай замаар холбоход хөрөнгө мөнгө их гарна, бөөн ажил болно, эзгүй хээр талд эдийн засгийн хувьд үр ашиггүй зам барих шаардлагагүй гэдэг миний энэ үгийг ямар ч байсан Монголын төр анхаарч сонссон. Засгийн газар, Дэд бүтцийн яамныхантай маш олон удаа уулзаж байж, Мянганы замын шинэ маршрутыг УИХ-ын хаврын чуулганаар дахиж батлууллаа. Үүний үр дүнд Завхан аймгийн хамгийн хүн ам олонтой Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай гэх мэт том сумдыг дайрч Мянганы зам баригдана. Ингэхээр алслагдсан бүс нутаг болох Завхан аймаг гэрэлтэй, цахилгаантай, бас замтай болж байгаа юм. Үүнээс гадна малын гаралтай түүхий эд байна. Энэ нөхцөл бололцоон дээрээ тулгуурлаж “Улиастай” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах боломж бүрдсэн.
- Ажлын байр нэмэгдүүлнэ, жижиг дунд үйлдвэр байгуулна гэж сонгууль болгоноор л ярьдаг. Гэвч үүнийг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй л байна шүү дээ?
- МАН-ын мөрийн хөтөлбөрт 300000 ажлын байрыг шинээр бий болгох заалт орсон. Ажлын байрыг бий болгох гол арга зам нь улс орноо үйлдвэржүүлэх явдал. Аливаа улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын тогтвортой хөгжлийг хангах үндсэн арга зам нь үйлдвэржүүлэлт байдаг. Үйлдвэржүүлэлт гэдэг бол нийгмийн бүх салбарт шинэ мэдлэг, боловсронгуй арга, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эзэмшиж нутагшуулах, хүний нөөцөө сургаж бэлтгэх замаар нийгмээ хөгжүүлэх асар өргөн цар хүрээтэй ойлголт. Манай улсын хувьд, ялангуяа манай аймгийн хувьд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн их хэмжээний нөөц байна. Гэвч бид нөөц баялгаа, түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээж чадалгүйгээр экспортлож байна. Боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил үндэсний хэмжээнд ч, орон нутгийн түвшинд ч сул байна. Манай намын мөрийн хөтөлбөрт 10 мянган үйлдвэрийг шинээр барина гэсэн зорилтыг тавьж байгаа. Энэ бол том зорилт. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч таарна. Миний төсөөлж байгаагаар, Монгол Улс үндэсний болоод бүс, орон нутгийнхаа хөгжлийг хурдасгах, экспортын чадавхи боломжоо нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, түүхий эдийнхээ нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хөнгөн, хүнсний боловсруулах аж үйлдвэрийн кластеруудыг бүсчилэн хөгжүүлэх шаардлагатай. Баруун бүс нутгийн хувьд Завхан аймаг, бүсийн тулгуур төв болох Улиастай хотод хөнгөн, хүнсний боловсруулах аж үйлдвэрийн томоохон цогцолборыг байгуулж, түүнийг тойрсон одоо байгаа болон ирээдүйд бий болох жижиг, дунд үйлдвэрүүдийг кластерын зарчмаар уялдуулан хөгжүүлэх нь хамгийн зөв гарц гэж харж байна. Улиастай хотод ноос, ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, барилгын материал, мах, сүүний чиглэлийн бүс нутгийн хэмжээний аж үйлдвэрийн томоохон цогцолборыг байгуулах бүрэн боломжтой.
- Аж үйлдвэрийн кластер, кластерын зохион байгуулалт гэдгээ тодруулахгүй юу?
- Кластер бол улс орноо үйлдвэржүүлэх хамгийн зөв арга зам гэдгийг дэлхий нийт нэгэнт хүлээн зөвшөөрч практик дээр ихээхэн амжилт олох болсон зохион байгуулалтын хэлбэр гэж товчоор хэлж болно. Манай улсын хувьд аж үйлдвэрийг кластераар хөгжүүлэх тухай ойлголт шинэ гэж ойлгож болно. Энэ талаархи нэгдсэн ойлголт, санал санаачлага, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ аль ч түвшинд эхлэлийн төдий байна. Ер нь кластер бол улс үндэстний болон хот, хөдөөгийн хөгжлийн түвшин, тухайн эдийн засгийн том бага, оролцогч компаниудын олон цөөн, том жижгээс үл хамаардаг, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын алинд нь ч амжилттай хөгжих бололцоотой гэдгийг дэлхийн олон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд санал нэгтэй хүлээн зөвшөөрөх болсон ойлголт юм. Учир нь кластерт хамрагдаж байгаа компани, байгууллага, хувь хүмүүс эдийн засгийн үр ашгийн төлөө шударга, нээлттэй, харилцан үр ашигтай хамтран ажиллах бололцоо нээлттэй байдаг. Мөн кластерыг дэмжин хөгжүүлэх нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах гэсэн Засгийн газрын үндсэн зорилтыг хангах чухал арга хэрэгсэл болж байна. Бусад улс оронд кластерыг хөгжүүлсэн олон жишээг татаж болно л доо. Жишээ нь, Финлянд улс гэхэд л Nokia гар утасны брэнд болон модны үйлдвэрлэлийн техник технологийн, АНУ гэхэд “Цахиурт хөндий” хэмээх компьюьер, электроникийн кластеруудыг байгуулж амжилтад хүрсэн. Nokia гэдэг толгой компанид гар утасны эд ангиудыг нийлүүлдэг мянга гаруй жижиг нийлүүлэгч компаниуд, мөн эдгээрт банк санхүү, судалгаа шинжилгээ, тээвэр, маркетинг, сургалт, сурталчилгаа гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг дахиад маш олон компаниуд хамтран ажиллаж байж дэлхийн брэнд болсон nokia гар утсыг бүтээдэг байх жишээтэй. Манай улсын хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийн салбаруудаа кластерын зохион байгуулалтад оруулан хөгжүүлэх бодлого баримтлах нь төрөөс хэрэгжүүлж буй олон тооны бодлого, хөтөлбөрүүдээ нэгтгэн зангидах, хөрөнгө санхүүгийн нөөцөө оновчтой зарцуулах, салбар хоорондын уялдааг хангахад чухал нөлөө үзүүлэх юм. Өнөөдөр дэлхий олон улс орнууд тэргүүлэх чиглэлийн олон салбараа кластерын хандлагаар хөгжүүлж, төрөлжсөн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр (тухайн улс эсвэл тус улсын аль нэг салбарын үйлдвэрлэгчид бүгд нэгдсэн зохион байгуулалттайгаар) дэлхийг хангах, салбартаа гол тоглогч байхын төлөө өрсөлдөх болсон. Иймд эдийн засгийн хөгжлийн нэгэн чухал арга хэрэгсэл, хэсэг нь хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлж, амжилт олох болсон кластерын зохион байгуулалтад одоо байгаа үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэдээ хамруулж хамтран ажиллах, бизнес, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, шинээр байгуулж бий болгох үйлдвэрүүдийг боловсруулах үйлдвэрүүдийн кластер хэлбэрээр, цогц байдлаар хөгжүүлэх бодлого баримтлах, кластер байгуулах байршлыг оновчтой сонгох, дэд бүтцийг нь бүрдүүлж бий болгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр төр бодлого, зохицуулалтын арга механизмуудаа тодорхой, оновчтой болгох, идэвхтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Завхан аймагт баригдахаар төлөвлөгдөөд байгаа “Улиастай” аж үйлдвэрийн цогцолбор дээр жишээ авч тайлбарлая л даа. Завхан аймаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн томоохон төвтэй аймаг. Энд ажлын байртай болохыг хүсэж байгаа залуучуудыг сургана. Мэргэшсэн ажилчид бэлтгэнэ. Малчид маань ноос ноолуураа бэлтгээд төрөөс өгөх урамшууллаа аваад, түүхий эдээ толгой үйлдвэрт нийлүүлнэ. Толгой үйлдвэр ноос, ноолуурыг боловсруулж, утас ээрч, бүтээгдэхүүнийхээ өнгө дизайныг гаргана. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэгдсэн мэргэшсэн ажилчдад урт хугацааны лизингээр нэхмэлийн машин олгох юм. Мэргэшсэн ажилчид үйлдвэртэй гэрээ байгуулж, утсаа авч, тэдний захиалгаар бараа бүтээгдэхүүнээ сүлжиж бэлтгэнэ. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ толгой үйлдвэрт тушаагаад хөлс мөнгөө аваад дахин түүхий эд авч бүтээгдэхүүн хийнэ. Харин толгой үйлдвэр ажилчдаас авсан бүтээгдэхүүнээ савлаж, зах зээлд гаргаж борлуулах үүрэг хүлээх юм. Ийм байдлаар ажлын байрыг олноор бий болгох боломжтой гэж би үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )