МАН бол Монголын эрх баригч хамгийн том нам. 1992 оноос хойш нэг өнжсөнийг эс тооцвол сонгуулийн гурван давтамжаар бүхэл бүтэн нэгэн үе буюу 12 жил төр, засгийн эрхийг барьсан. Энэ намын мөрийн хөтөлбөрөөс ирэх дөрвөн жилийн бидний ирээдүй тодорхой хэмжээгээр шалтгаална. Тиймээс мөрийн хөтөлбөрийг нь хамгийн түрүүнд сонирхов. Тэр тусмаа байгаль орчны ирээдүйг хэрхэн төсөөлж буй юм бол.
Өнгөрсөн дөрвөн жилд уул уурхайн салбарын үйл ажиллагаа эрс эрчимжсэн. Уул уурхай хөгжиж, ухаж төнхөхийн хэрээр байгаль орчин, газар нутаг маань эвдэж сүйдсэн. Геологийн салбарын өнгөрсөн 80 жилийн түүхийг харахад өнөөдрийнх шиг эмх замбараагүй ухаж байсангүй. Олж нээж илрүүлсэн баялагаа төлөвлөгөөтэй, дэс дараалалтай ашиглаж байв. Харин одоо баялаг илэрсэн л бол лиценз эзэмшигч хэн бүхэн дуртай газраа ухаж төнхөөд, баялгийг нь аваад хоосон хаяад явдаг болсон. Заамарын алт, Хөвсгөлийн Улаантайг гээд ухаж төнхөгдөөд үлдсэн байгалийн эмгэнэл одоо ч бидний нүднээ ил бий. Дэлхийд хориглосон химийн хортой бодисыг Монголын уул уурхайд л ашиглаж байна. Үүнээс үүдсэн Хонгорын эмгэлэн өнөөдөр ч гэсэн үр хүүхдэд нь илэрсээр байгаа. Экологийн эсрэг, монгол хүний эрүүл, аюул амьдрах эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэн ганц ч хүн үүний төлөө хариуцлага хүлээгээгүй л байгаа.
Дэлхий даяар ундны цэвэр усны нөөц хомсдож буй. Харин монголчууд бид л цэвэр усыг уул уурхайн компаниудад нэг тонныг нь 15 төгрөгөөр ашиглуулж ирлээ. Тэрбайтугай ирээдүйн нөөц болсон гүнийхээ цэвэр усаар уур уурхайн өрмийг ажиллуулж буй. Энэ бүхэн Монголд байгалийн нөөц тэр тусмаа цэвэр усны үнэ цэнэ алт, зэснээс дорд үнэлэгдэж буйг илтгэнэ.
“Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс” гэж их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн үг бий. Харин эрүүл байхын тулд эрүүл, аюулгүй орчин, нөхцөлд бид амьдрах эрхтэй.
Энэ бүхийг МАН хэрхэн шийдэх бол. Мөрийн хөтөлбөрт нь тусгаснаар тэд ирэх дөрвөн жилд үүнд цэг тавихаар амлаж байна.
Тэд мөрийн хөтөлбөрийнхөө бүхэл бүтэн нэг хэсгийг хүн, байгаль, экологид зориулжээ. МАН байгальдаа ээлтэй хөгжил, иргэддээ таатай орчин бүрдүүлэх амлалтыг бидэнд санал болгож байна.
Үүний тулд тэд ийм ажил хийх юм байна. Байгалийн нөөцийн хомсдол, бохирдол, доройтлыг зогсоож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангана. Байгаль орчныг бохирдуулсны нөхөн төлбөр, экологийн татвар, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ. Браво. Дэлхийн олон улс орон экологийн татвартай. Байгаль орчинтой хамааралтай үйл ажиллагаа явуулж буй хэн буйгай ч ийм татвар төлөх ёстой. Харин манайд экологийн татвар байтугай хураамж ч төлдөггүй. Роялти буюу байгалийн нөөц ашигласны гэх татвар л авдаг. Энэ бол газрын доорх баялгийг маань авч байгаагийнхаа төлөө өгч буй хэдхэн цаас. Харин МАН экологийн татвартай болгож, хяналтын тогтолцоог бүрдүүлнэ гэжээ. Ийм татварыг бий болгосноор ногоон хөгжил, ногоон технологи, ногоон эдий засгийг бий болгох юм байна. Хэрэв үнэхээр амласандаа хүрч чадвал Монгол орны ирээдүйн төлөө юугаар ч үнэлэгдэмгүй хөрөнгө оруулалт болно. Зөвхөн энэ амлалтынх нь төлөө МАН-д дахиад дөрвөн жил эрх барих итгэлийг хүлээлгэж яагаад болохгүй гэж. Харин АН юу амлав.
Сэтгэгдэл ( 0 )