НХХ-ийн сайд Т.Гандитай намынх нь мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
-Намууд сонгуульд зориулан гаргасан мөрийн хөтөлбөрөө ид танилцуулж байна. Танай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Монгол Ардын намын 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаарх зорилт тавьж байгаа хэсгүүдээ тайлбарлъя. Үндсэндээ манай намын мөрийн хөтөлбөр дөрвөн тулгуур үзэл баримтлалаас бүрдэж байгаа. Энэ тулгуур үзэл баримтлалын хамгийн гол хэсэг нь бол хүний хөгжлийн асуудал. Хүний хөгжлийн бодлогын асуудлыг юугаар тодорхойлж байна гэхээр хүн эх орондоо өөрийн цалингаараа сайхан амьдрах, чанартай амьдралын хэрэгцээг хангах, үр хүүхэдтэйгээ эрүүл энх аж төрж, боловсролын тасралтгүй үйлчилгээнд хамрагдах, тохилог орон сууцанд амьдрах гэх зэргээр үндсэн суурь нөхцлүүд, хүний эрхийн үнэт суурь зарчмыг ханган биелүүлэхэд энэ мөрийн хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм. МАН 2031 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө баталсан. Учир нь НҮБ-аас гишүүн орнууддаа хандаж хамтдаа, хүн төрөлхтөн мянганы хөгжлийн цогц бодлогын асуудлаа тодорхойлж, байгаль орчны эрсдлийн асуудал, экологийн тэнцвэргүй байдлыг арилгах, хүний хүчин зүйлээс үүдэж байгаа экологийн тэнцвэргүй байдлын асуудлыг хэрхэн хамтын хөдөлмөрөөрөө даван туулах тухай тусгасан. Мөн ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөнг бууруулах, хөгжиж буй орны өмнө тулгамдаж байгаа олон олон асуудлыг мянганы зорилтын хүрээнд шийдвэрлэхээр тусгасан байгаа юм. Тэгэхээр МАН НҮБ-аас дэвшүүлэн гаргаж байгаа хүний хөгжлийн бодлогын асуудлын хүрээн дэх цогц бодлогын зорилтот тулгуурласан, удаан хугацааны стратеги бодлогоо 2031 он хүртэл тодорхойлсон.
-Сайхан амлалт, төлөвлөгөө хэрэгжих эсэх дээр иргэд байнга эргэлзэж байдаг.
-2031 он хүртэл энэ хөгжлийн бодлогын эхний хэсэг нь УИХ буюу парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих үнэт сууриа олж авснаар эхэлнэ гэж ойлгож болно. Дараагийн дөрвөн жилд манай намын өмнө буюу Монгол Улсын өмнө ямар ямар тулгамдсан асуудлууд байна вэ гэхээр мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд салбарын бодлогыг орхигдуулалгүйгээр, хүн амын нэг ч бүлгийг орхигдуулалгүйгээр, цаг хугацааны хувьд өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлыг өнгөрсөн туршлага дээрээ суурилан, ирээдүйд тулгарч болох эрсдэл, хөгжлийн бодлогын хандлагуудтайгаа уялдуулсан байдлаар гаргасан. Эдийн засгийн хувьд биелэх магадлалтай, бусад олон салбаруудын бодлогыг уялдуулан хангахад чиглэгдсэн, эрдэмтэн судлаачид, жирийн багш, инженер, малчин, оюутан , гэртээ хүүхдээ хараад сууж байгаа залуу гэрийн эзэгтэйн бүх хүсэл зоригийг шингээсэн байдлаар мөрийн хөтөлбөрөө хийсэн. Хүний хөгжлийн бодлогын гол асуудлуудын хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих бодлого суурилж байгаа. Ирээдүйд өрхийн хөгжлийг ядуурлаас гаргаснаар, ажилгүйдлээс ангижруулснаар , хүнс хоол тэжээлийн хомсдолоос гаргаснаар, мөн тасралтгүй боловсролыг эзэмшүүлснээр өрхийн гишүүн болгоны эрүүл мэндийн суурь үйлчилгээг тэгш хангаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар энэхүү өрхийн хөгжлийг цогцоор нь дэмжинэ гэж үзэж байгаа юм . Мөн 300 мянган хүнийг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьж байгаа. Яагаад 300 мянган хүн гэхээр энэ нь суурь судалгааны үндэслэлтэй. Нийт хөдөлмөрийн чадамжтай, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн бүртгэлд байдаг, тогтмол ажлын байр бий болгодог аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна өөрөө өөртөө улирлын, түр ажлын байр бий болгож байгаа, тодорхой мэргэжил эзэмшээгүй, чадавхи бий болгоогүй, хуримтлал бүрдүүлээгүй 300 мянган ажилгүй иргэн байгаа юм.
-300 мянган хүн хэдий хугацааны дараа ажлын байртай болох вэ?
-Энэ хүмүүсийг жилдээ 60-70 мянган ажлын байр бий болгосноор үндсэндээ бүрэн эрхийн хугацаанд буюу дараагийн дөрвөн жилд ажилгүйдлыг бүрэн устгах зорилт биелнэ гэж үзэж байгаа. Мөрийн хөтөлбөртөө ажилгүйдлыг ямар замаар устгахаар тусгасан бэ гэхээр 10000 жижиг дунд үйлдвэрийг байгуулна гэж тодорхойлсон. Энэ олон үйлдвэрийг нэг бүрэн эрхийн хугацаанд бий болгох вэ, ямар арга замаар үйлдвэрүүдийг барих гэж байна вэ гэсэн асуултуудыг иргэд асууж байна. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 790 мянга гаруй айл өрх байдаг гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд 63-65 мянган аж ахуйн нэгж байгууллагууд байна. Үүнээс үзэхэд өрх болгоныг үйлдвэрлэгч болгоход, дор хаяж долоон өрхийн нэгийг үйлдвэрлэгч болгон өөрөө өөрсдийнхөө хүнсний ногоо, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө тарьж ургуулах, нөөшлөх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хийх гэсэн жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгоход хөхиүлэн дэмжих ёстой. Энэ замаар 10 мянган ажлын байр буюу үйлдвэрүүдийг бий болгоно гэж үзэж байгаа юм. Мэдээж үүн дээр стратегийн шинж чанартай, хөгжлийн хандлагатай, ажлын байрны олон мянган хүний багтаамжтай үйлдвэрүүдийг бүс нутгийн хөгжлийн бодлого , уялдаатай хослуулж бүтээнэ.
-Жишээлбэл?
-Жишээлбэл: Нефть дахин боловсруулах үйлдвэр, арьс шир түүхий эд боловсруулах, махны үйлдвэр, газар тариалангийн томоохон үйлдвэрүүдийг босгох асуудлыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулж хийнэ гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас цалин, тэтгэвэр, тэтгэмжийн асуудал цаг ямагт хүн бүрийн анхаарлын төвд байдаг. Иймээс цалинг үнийн өсөлт, инфляцтай уялдуулан, эрсдлийг сааруулж, цалингийн чанарыг хангах замаар цалинг тогтмол нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Инфляц тодорхой хэмжээгээр өсөхөд цалин чанаргүй болдог, амьдралын чанарт нөлөөлдөг. Үнийн өсөлт мөн тодорхой хэмжээгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжинд нөлөөлж байдаг. Тийм учраас хэрэглээний үнийн индекстэй уялдаад мөн инфляцийн зохих түвшний сөрөг нөлөөллийг арилгах замаар цалин тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллах болно. Тэтгэвэр тэтгэмжийн бодлогын асуудал бол хүн болгоны ирээдүйн нийгмийн хамгааллын чухал асуудал учраас бүх нийтээр сонирхож, анхаарлын төвд байсаар ирсэн. Ирээдүйд тэтгэвэрт гарах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэж явдаг хүмүүсийн хожмын нийгмийн баталгааг хангах зорилгоор МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой оруулж өгсөн байгаа. Энэ нь олон давхаргад тэтгэврийн суурь тогтолцоог хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл уул уурхай, ашигт малтмалын салбараас тодорхой олж байгаа орлогыг тэтгэврийн ирээдүйн эрсдлийн санг бий болгож, төвлөрүүлье. Ингэснээр урьд нь ядуурлыг бууруулахад тодорхой үр дүнгээ өгч байсан, мөн Засгийн газар, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой үе шат бүрт түүхэн үүргээ гүйцэтгэсэн эх орны хишиг, Хүний хөгжлийн санд байрлуулж, хуваарилж байсан мөнгө шиг жижиг хэлбэрээр тараах биш тэтгэвэрт гарч байгаа иргэддээ ирээдүйн эрсдлийг нь сааруулах, ирээдүйн баталгааг нь бий болгох зорилгоор эрсдлийн сан бий болгоё гэж үзэж байгаа. Ингэснээр тэтгэврийн олон шатлалт тогтолцооныхоо үзэл баримтлалтай нийцсэн мөрийн хөтөлбөр болж байгаа юм.
-Тэтгэврийн зөрүүний асуудал байнга яригдаж байдаг. Тэтгэврийн сангийн хэмжээ дээд доод хязгаар ямар байх вэ?
-Бага тэтгэвэр авч байгаа иргэддээ 40-50 мянган төгрөгийн суурь тэтгэврийн сан бий болгох боломжийг өгье. Ингэснээр тэтгэврийн зөрүү ч арилна, тодорхой хэмжээгээр тэтгэврийн шимтгэл нь хүрэхгүй байгаа, нас нь болоогүй хувийн хөдөлмөр эрхлээд шимтгэлээ тогтмол төлж чадаагүй байгаа иргэдэд төр нэг удаа боломж олгож, бүгдийг нь ирээдүйн тэтгэврийн даатгалд хамруулах боломж нөхцлөөр хангаж өгөхөөр манай намын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгасан байгаа. Өөр нэг зүйл бол 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлж амжаагүй, тодорхой хэмжээгээр тэтгэврийн даатгалын харилцаанд орж чадаагүй иргэдэд мөн нэг удаа боломж олгож фонд бүрдүүлж өгье гэсэн байгаа. Энэ нь уул уурхай, ашигт малтмалын салбараас орж ирж байгаа орлогоос иргэддээ удаан хугацааны эдийн засгийн эргэлтэнд орох байдлаар, өөрийнх нь нийгмийн баталгааг удаан жилээр хадгалах байдлаар Монгол хүний хөгжлийн бодлогод оруулж байгаа томоохон хэлбэр буюу уул уурхай, ашигт малтмалын салбарын баялгийг ухаалаг хэлбэрээр хэрэглэх байдлаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Мөн залуучууд, 40-өөс дээш насны шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тодорхой зорилт,бодлогын хүрээнд дэмжинэ гэж намынхаа мөрийн хөтөлбөрт заасан. Шилжин суурьшиснаар тодорхой хэмжээнд ядуурлыг нэмэгдүүлж, хуримтлал бий болгож чадаагүй байгаа иргэдээ эргээд эх орныхоо, нутаг усныхаа, сум орон нутгийнхаа эзэн нь болоход нь , малтай болоход нь, ажил эрхлэхэд нь мөнгөн туслалцааны дэмжлэг үзүүлэх, малжуулах бодлогыг барьж ажиллана гэж үзэж байгаа.
М.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )