ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл: Бидний хөтөлбөр эдийн засаг, улс төрийн эрх чөлөөг цогцоор шийдэж, авлигын хөрсийг үгүй болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Шилдэг эдийн засагчдын нэг гэгддэг С.Дэмбэрэл Монголынхоо бизнесийн орчныг сайжруулахын төлөө үе үеийн Засгийн газартай "тулж" явсан нэгэн. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг олон жил тэргүүлж буй түүнтэй энэ удаа ИЗНН-ын даргынх нь хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөр, эдийн засаг, улс төр, өрхийн санхүүгийн эрх чөлөөний талаар ярилцлаа.

-Та ИЗНН-ыг сонгож, улс төрд нэлээд хожуу орж ирлээ. Урьд нь боломж байгаагүй хэрэг үү?

Ер нь зан төлөв маань нилээд чөлөөтэй л дөө. Эрх чөлөөнд илүү дуртай. Социализмын үед төрж өссөн ч гэсэн тухайн үедээ тэрслүүд гэх нь хаашаа юм, гэхдээ өөрийн гэсэн бодолтой нэгэн байсан юм уу даа. 1990 оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжих либераль үзэл санааг олон түмэнд түгээх чиглэлд түлхүү анхаарсан. Либерал үзэл санааны тухай би анх 1990-ээд оны эхэн үед өөрийн бичсэн номдоо тодорхой харуулахыг оролдсон юм. Энэ маань Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч тусгагдаж байлаа. Үүнээс хойш 20-иод жил өнгөрчээ. Либерал үзэл гэдэг бол эрх чөлөөг дээдлэх үзэл шүү дээ. Намайг үүгээр ойлгож болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд үзэл баримтлалд маань жаахан өөрчлөлт орж ногоон хөгжлийн үзэл санааг нэмж өөртөө шингээсэн. Энэ бүхнээ харгалзан үзээд би ИЗНН-ыг сонгосон юм. Би бүр 2005 онд хэлж байсан даа. “Зиндаа” сонины Болороотой  ярилцаж байхдаа “Хэрвээ би нэгэн цагт, аль нэг намыг сонгоход хүрвэл Иргэний зориг намыг сонгоно”гэж.

Өнөөдөр бид эрх чөлөөний үзэл санааг тэнгэрт л байдаг мэтээр төсөөлж болохгүй. Эрх чөлөө гэдэг үг маань бидэнд хамгийн ойрхон байгаа юм шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө гэж одоо ярьцгааж байна. Энэ бол номонд л бичигддэг үг төдий биш. Эрүүл, аюулгүй орчинд, хүнд сурталгүй амьдрал, эдгээр бүх эрх чөлөөг хангахын төлөө бид ажиллаж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө хагас дутуу оронд улс төрийн бүрэн эрх чөлөө байна гэж байхгүй.Улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажсан байх ёстой. Өнөөдөр бидний ярьж хэлэх маань ч бүрэн эрх чөлөөтэй байж чадахгүй байна. Сонгох сонгогдох эрх чөлөө, шударга ёс энэ бүхэн бүрэн хангагдаагүй байна. Эдийн засгийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө нь шударга ёсны цогц ойлголт юм. Эдгээр нь амьдралд наалдаж шингээгүй. Эдийн засгийн өсөлт нь айл өрхийн хаалгаар ороогүй гэж байна. Тэгвэл тэр бүх эрх чөлөөг айл бүрийн хаалгаар оруулах ёстой. Ингэж байж бид ардчилсан нийгэм гэдгийг байгуулна.

-Ардчилсан нийгэм гэдгийг тэгвэл бүрэн утгаар нь яаж ойлгох вэ?

-Томс Жеферсон маш товч бөгөөд энгийн ойлгомжтойгоор хэлсэн шүү дээ. Тэр “Хүмүүсээр овоглосон, хүмүүсийн төлөө, хүмүүс нь өөрсдөө хэрэгжүүлдэг нийгэм, улс төрийн бүтцийг ардчилал гэнэ” гэжээ. Түүний хэлсэн энэ гурван зүйлийг өөрийн орны амьдрал дээр аваад үзье л дээ. Улс төр, бизнесийн, ерөөсөө нийгмийн бүх амьдралд бүрэн утгаараа хэрэгжсэнгүй.

-Та Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг олон жил удирдлаа. Танай Танхимаас Засгийн газарт тодорхой асуудлаар зөвлөмж, санал хүргүүлдэг. Ер нь аль Засгийн газар нь та бүхний тавьсан асуудалд чих зөөлөнтэй хандаж байв?

-Та бид хоёр дахиад нөгөө эдийн засгийн ардчилал руу орохоос аргагүй боллоо. Худалдаа аж үйлдвэрийн танхим бол бизнесийн эрх чөлөө рүү явдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх чөлөөг бизнесийн тааламжтай орчныг бий болгож байж л хангана. Тиймээс бизнес эрхлэгчдээ төр нь сонсдог байх учиртай. Танхимаас Засгийн газарт чихэр, давс аль алийг нь өгч үзсэн. Давс гэдэг нь мэдээж шүүмжлэл юм. Чихэр гэдгийг бизнесийн орчныг хөгжүүлэхэд анхаарч, үр дүнтэй ажилласанд нь урам хайрласан гэж ойлгоно биз. Гэвч таатай орчин бас л бүрдэж өгөхгүй байна. Яагаад гэхээр төр, зах зээл хоёрын харьцаанд гажуудал үүсчихжээ. Өнгөрснийг эргээд харахаар төр нь чухал үүргээ орхигдуулж, зах зээл нь өөрөө зохицуулна биз гэсэн хандлагатайгаар хэсэг явсан байлаа. Тэгээд сүүлдээ зах зээл нь илүү их алдаа гаргадаг юм байна гээд төр бүхнийг шийднэ гэх маягтай болсон. Гэтэл төр нь том толгойтой болж, шалихгүй баян цээж өвчтэй гэдэг шиг юм болоод байна. Тэгвэл бусад улс орнууд төр, зах зээл хоёрын алтан дунджийг олохыг хичээдэг. Манайх шиг төр нь бизнес хийж, төрийн өмчит компани байгуулах, үүнийгээ нийтийн компани гэж нэрлэн төрийн өмчийг дахиж бүрдүүлэх зам руу явдаггүй юм байна. Тиймээс танхимын бол хувийн хэвшлийг дэмжиж, малаар ярих юм бол эдийн засаг, бизнесийн цөм сүргийг бүрдүүлж ирсэн. Үзэл санаа нь дээр хэлсэнчлэн либерал үзэл юм. Гэвч эдийн засгийн эрх чөлөө нь халамжит эцэг төртэй харшилдах боллоо. Яг өнөөгийн байдлыг харах юм бол халамжит эцэг төр л зонхилж байна. Энэ нь эдийн засгийн эрх чөлөөг боогдуулаад байгаа юм. Би хүмүүст арай ойлгомжтой байх үүднээс төр, бизнесийн харилцааг замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэн ярихыг хичээдэг. Зах зээл бол замын хөдөлгөөнийх шиг нэг л дүрэмтэй. Хажуугаар өнгөрч яваа хүн рүүгээ салаавч үзүүлж болохгүй, хориглосон тэмдэг харсаар атлаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй.

-Оюу толгойн гэрээ тун тааруу, ашиг багатай болжээ гэсэн танай танхимын дүгнэлтийг тухайн Засгийн газар хүлээж аваагүй юм уу?

-Энэ төслийн гэрээний талаар манай танхимаас санал, дүгнэлт бүхий ном хүртэл гаргасан юм. Бидэнд гэрээ нь ч олдохгүй, нэг тийм сонин үе байлаа. Алдаа ихтэй гэрээ болсон. Ганцхан жишээ хэлэхэд, хэрвээ арбитрын шүүхэд хандах болвол Лондон руу явахаар УИХ-д илгээсэн. Авч үзсэн эсэхийг бид сайн ойлгохгүй л байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга нь Ц.Баярсайхан байлаа. Энэ хүнд бичгээр санал өгсөн ч хариу нь ирээгүй. Сангийн яам руу бас бичиг илгээсэн. Тэр бүү хэл, бид зөвлөмжөө хэвлэлд хүртэл нийтэлсэн. Ухаандаа ингэж бид томоохон уурхайг ажиллуулахад Олон улсын түвшинд юуг анхаардаг, ямар зарчим баримталдгийг хэлж өгөхийг хичээсэн юм. Энд нэг шог жишээ хэлье л дээ. Би тэр үед Хууль зүй дотоод хэргийн яамны нэг нөхөртэй зөвхөн лицензийн асуудлаар ярилцаж суухдаа хэлж байсан юм, өөрийнхөө өмсч байсан цамцыг нэг найздаа өмс гээд өгсөн чинь тэр өмсөлгүй бусдад худалдчихжээ гэсэн зүйрлэл. Үүнтэй утга ойролцоо юм болоод байна, тэнд. Лицензийг зарж болохгүй шүү дээ. Зарах нөхцөлд өмчлөлийн шинэ нөхцөл үүсч, худалдах, худалдан авах үйл ажиллагаа болж хувирдаг. Тэгвэл лиценз гэсэн цаасаар газрын доорх баялгийг хөрөнгийн бирж дээр гарган үнэд хүргэж байна. Ард түмний мэдэлд байх ёстой баялаг ингэж будлиантаж болохгүй.

-Эдийн засгийн аллага, Голланд өвчин гэж их ярих болжээ. Манайх одоо Голланд өвчний ямар үе шатанд нь яваа вэ?

-Уул уурхайн бус эдийн засагт бид илүү их анхаарах ёстой. Манайх Голланд өвчний хоёр дахь шатанд ороод явж байна. Ажиллах хүчний сөрөг урсгал бий боллоо. Уул уурхайн бус салбараас уул уурхай руу тэмүүлсэн урсгал илүү хурдтай байна. Аль ч компани дээр очиход ажиллах хүчний болон чанарын ямар нэг дутагдалд орсноо хэлж байгаа. Хүмүүсийг буруутгах аргагүй. Тийм учраас тогтвортой, тэнцвэртэй, оролцоотой гэсэн томъёоллоор манай нам мөрийн хөтөлбөртөө нэлээд бодитой зүйлүүдийг тусгасан. Тогтвортой гэдэг нь байгалийн тэнцвэрт харьцааг илэрхийлэх бөгөөд үүн дээр суурилж хөгжих хандлага дэлхий нийтийн үйл хэрэг болжээ. Оролцоотой гэдэг нь иргэд өөрсдөө санаачилгатай, санхүүгийн эрх чөлөөтэй байх нөхцөл юм. Эдийн засаг 17 хувь өссөн гэхэд захын хүн л миний амьдралд ийм өөрчлөлт орсон тул аргагүй юм даа гэсэн итгэлтэй байхыг нь оролцоо гэж бас ойлгож болно. Дундаж давхарга руу хөгжил чиглэнэ гэсэн үг. Ядуу, баяны ялгаа хоёр тийш алслагдахаас сэргийлсэн олон талт аргууд нь тэнцвэртэй хөгжлийг авчирна.

-Зах зээл дэх төрийн зохицуулалтыг эрх зүйн талаас нь улам нарийн хийх хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн хугацаанд бид нэг чухал хуулийг мартсан байна. Энэ нь зах зээл дэх төрийн зохицуулалтын хууль юм. Тиймээс ИЗНН-аас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдгээр зохицуулалтыг тодорхой суулгаж өгсөн. Эхний зохицуулалт бол зах зээлийн өөрийнх нь зохицуулалт юм. Дараа нь бараг зохицуулалтын хязгаар буюу Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын зохицуулалт шаардагдаж байна. Тэдгээр нь ярилцаж байгаад ёс зүйн дүрэм журмаа гаргаж ажилладаг. Ингэж зах зээлийг зохицуулахад оролцдог. Гуравдугаар нь төрийн зохицуулалт. Төрийн хууль тоггоомжоор ийнхүү зохицуулахдаа дээрх хоёрынхоо санаа бодлыг оновчтой тусгах учиртай. Гэтэл өнөөдөр зохицуулалт гэхээр хэдэн яамны хүрээнд яриад байна. Засаглалын өөрийнх нь хийдэг гол зүйл бол зохицуулалт юм. Гэхдээ зах зээлийн операторуудад энэ нь садаа болохгүй байх хэрэгтэй. Хүнд суртал бол авлигын хамгийн шимтэй хөрс. Авлига нь төдийлөн нүдэнд харагддаггүй. Тиймээс манай нам ийм мөрийн хөтөлбөр гаргаснаараа авлигын хөрсийг үгүй болгоно.

  Бичил бизнес эрхлэгчид тэтгэврийн сантай болно

-Танай нам “Амьдрал” хөтөлбөртөө “Таван хорийн” хэмээн томъёолжээ. Үүндээ сэргээгдэх эрчим хүч зэрэг нэлээд зүйлийг оруулсан байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хангамжийг яаж дээшлүүлэх вэ?

-Улс төрийн намууд цөмөөрөө ногоон эдийн засаг, ногоон хөтөлбөр гэж ярьж байгаад нь би их баярлаж байгаа. Ерөөсөө хүн төрөлхтөн ийм ухаарлын үедээ оржээ. Энэ сарын сүүлчээр Бразилд хөгжлийн асуудлаар хуралдах гэж байна. Монгол Улс ч ногоон хөгжлийг ухаарах шат руу авирч эхэллээ. Дэлхийн даац хэтэрч буйг хаа сайгүй ойлгох болж буй тул аргагүй биз. Ядуурал нь зөвхөн хүмүүсийн орлогын ядуурал биш юм. Эрчим хүчний ядуурал, экологийн ядуурал гэж бий. Энэ бүхнийг ухаарах цаг ирлээ. Гэвч бусад намуудын мөрийн хөтөлбөрийг уншаад үзэхээр ногоон хөгжлийн бодлогыг яаж хэрэгжүүлэх механизм нь байхгүй байх юм. ИЗНН төгс төгөлдөр нам биш л дээ. Гэлээ ч гэсэн ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн талаар хамгийн цэгцтэй үзэл баримтлал, хөтөлбөрийг сонгогчиддоо, нийт иргэддээ санал болгож байна. Үйл ажиллагааг нь дэс дараалалд оруулж, яаж хийхийг нь ч тодорхой зааж өгсөн. Эдгээрийн дотор “Таван хорийн хөтөлбөр” байгаа. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн  засагт шилжих үндэсний хөтөлбөрийг бид боловсруулаад дуусч байна. Энэ бол тунхаг юм уу, шоу үзүүлбэр огт биш. Асар их зардалтай, үрэлгэн буюу бидний ярьдаг “хүрэн” эдийн засгийг өөрчилж, хямд зардлаар босох эдийн засгийн хөтөлбөр юм. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр гэж хэдэн жилийн өмнө гаргасан зүйл нь өөрөө сэргээгддэггүй тийм нэг үхмэл маягийн юм болжээ. Үүнийг өөрчилж жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг бид зорьж байна. “Ньюком” зэрэг зарим компани энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгааг дэмжих хэрэгтэй. Нөгөө талаар бид байгаль орчиндоо оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувьд хүргэнэ.

-Уул уурхайн хөрөнгө оруулалтад энэ 20 хувь чинь сөргөөр нөлөөлөхгүй юу?

-Үгүй. Гэхдээ цаашдаа “FFF” буюу “хүмүүс, хүж дэлхий, хүртэх ашиг” гэсэн гурамсан холбоон дээр ажиллах хэрэггэй боллоо. Газрын гүний дулааныг эрчим хүчинд өргөн ашиглах хэрэгтэй байна. Уул уурхайд эрчим хүчээс гадна ус их шаарддаг. Тиймээс экологийн тэнцвэртэй баримжаалал чухал. Өнөөдөр экологийн эвдрэл дээрээ нэмээд эрчим хүчийг хэмнэж чадахгүйн зовлонд унаж байна. Мөн тендер гэж бас нэг “хүрэн” юм бий. Төр энэ бүхнийг зохицуулж чадалгүй өдий хүрлээ. Манай нам эдгээрийг шийдэхийн зэрэгцээ ногоон худалдан авалтыг сайжруулж, 20 хувьд хүргэнэ. Тендер шударга байхаас гадна бусад нийлүүлж байгаа бараа үйлчилгээ нь ногоон бизнесийн зарчмыг агуулсан байх ёстой.

-Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчид татвар, зээлийн хүү зэрэгт дарамтлуулж байна. Яавал дээр вэ?

-Хүмүүст таалагдахын тулд татвар банкны хүү зэргийг тэглэх гэх мэтээр яриад явж болно л доо. Ардын намын мөрийн хөтөлбөрт НӨТ-ын босгыг 200 саяд хүргэнэ гэх зэрэг зүйл харагдаж байна лээ. Харин ИЗНН арай өөрөөр хандаж байгаа. Өнөөдөр Хүний хөгжлийн сан, Үндэсний баялгийн сан ч гэнэ үү, их олон сангууд бий болжээ. Эндээс харахад бусад намуудын хөтөлбөрт дээрээс доошоо чиглэсэн мөнге, эрх ашгийн урсгал яваад байна. Эдгээрээс бид иргэдийн оролцоогүй эдийн засгийг л мэдэрч байна. Тэгвэл иргэдийн оролцоотой эдийн засаг бол амьдрах чадвар сайтай, өгөөж өндөртэй байдаг. Үүний тулд иргэдийнхээ ажил эрхлэлтийг дэмжих зээлийн санг 100 тэрбумаар бий болгох санал бид тавьж байгаа юм. Мөн зээлийн батлан даалтын санг 30 тэрбум төгрөгөөр бүрдүүлэх тооцоог хийж мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Бичил бизнес эрхлэгчид үүн рүү илүү сайн хандаж эхэлнэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бас зөвхөн энэ хүрээнд нь явцууруулалгүйгээр худалдаа зэрэг өргөн хүрээг хамруулж, менежментийг нь сайжруулна.

-Залуус, ялангуяа оюутнуудын бичил бизнес эрхлэхэд таны энэ яриад байгаа зүйлс нэлээд тус дэм үзүүлэх үү?

-Тэдний нэг хэсэг нь бие даан бизнес эрхлэхийг хүсч байгаа. Тиймээс оюутнуудын ажил эрхлэлтийг дэмжих механизмыг бүрдүүлнэ. Оюутны ажил эрхлэлтийг дэмжих зээлийн санг байгуулна. Тэдэнд банкууд зээл өгөхгүй шүү дээ. Барьцаа хөрөнгө гээд олон зүйлээр тэд гачигддаг. Тэгвэл тэд сургуулийнхаа тэрхүү санд хандах болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч манай нам ийм маягаар боломж олгож байна. Тэднийг бид хөгжлийн тэмүүлэлтэй иргэд гэж нэрлэдэг юм. Тэд зээлийн сангаар дамжаад бизнест өөрсдөө чөлөөтэй оролцдог болно. Түүнчлэн буухиа зээлийн сан гэдгийг бид бас байгуулна. Энэ нь гэр хорооллын ч юм уу, ойролцоо амьдардаг айлууд нэгдэж дундын сангаасаа бизнесийн үйл ажиллагаагаа тэтгэнэ гэсэн үг. “Баян Монгол” чуулга хэдэн жилийн өмнө ийм зээлийн санг байгуулаад таван сая төгрөгтэй болоод байна. Энэ сангаасаа ажиллагсад нь 200, эсвэл 300 мянгын зээл авч байгаа. Тэд банк руу явах шаардлагагүй болсон. Архангайн Булганд ч бас тэдний адил дундын сангаасаа зээл авдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Ийм хэлбэр нь хүнд илүү ойр, хямд байдаг юм. Багануур, Төв аймаг зэрэгт ч дундын сангууд байгуулагдаад байгаа. Сангууд нь өөрсдийн хяналттай. Ингэж дороосоо санхүүгийн эрх чөлөөнд хүмүүс өөрсдөө хүрэх бололцоотой юм.

-Тэгвэл бичил бизнес эрхлэгчид тэтгэвэрт гарах үедээ юу ч үгүй суух болоод байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Тийм иргэд нэрийн дансандаа мөнгөтэй болно. Үүний тулд манай намаас бичил бизнес эрхлэгчдийн хувийн тэтгэврийн санг байгуулах санал тавьж байна. Ингэснээр улсын болон хувийн тэтгэврийн сангууд шударгаар өрсөлдөж оршин тогтноно. Хүмүүст ч сонголт ирнэ. Удахгүй бид энэ талаар тодорхой зарлаж үйл ажиллагааг эхлүүлнэ. Эдгээрийн үр дүнд хөрөнгийн бирж ч идэвхжих болно.

Бүсийн захирагч нарыг сайдын хэмжээнд ажиллуулна

-Таван толгойн хувьцаагаа иргэд маань Засгийн газарт буцаагаад худалдах боллоо. Энэ нь өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараас ялгаагүй болж байгаа юм биш үү. Та юу гэж үзэж байна?

-Иргэд бэлэн мөнгө авахыг хүсэх нь зүйн хэрэг. Хувьцаагаа зарах уу гэсэн санал асуулга явуулах нь үнэндээ илүүц зүйл юм. Хувьцаа олгохыг Таван толгойгоор хязгаарлачихсан. Ер нь энэ хэдэн стратегийн ордыг түшиглээд нийтийн өмчит хувьцаат компани бий болгосон нь их нарийн бодож боловсруулсан бохир технологи юм шүү дээ. Ж.Батзандан яалаа, санаж байгаа биз. Тэр хүн уг компанийн ТУЗ-д байж байгаад өргөдлөө өгөөд гарсан. Хяналт тогтоох гээд барсангүй. Хоёр сая хүнээ оруулчихвал компанийн сайн засаглал тогтоно гэж бодсон бол тэр нь эндүүрэл юм. Дэлхийн том компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах гээд чадахгүй л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, зарчмын хувьд буруу яваад байна. Та бидний хүсэл эрмэлзлэлийг тэр компани чинь нийтээр нь асуугаагүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг өгнө л гэнэ. Тэгвэл яагаад тэр 30 тэрбум төгрөгөөр нь “Тэмүүлэл” гэдэг сан байгуулаагүй юм. Байгуулж болох л байсан.

-Танай намын мөрийн хөтөлбөрөөс Швед маягийн шууд ардчиллын элемент цухалзаад байх шиг санагдсан. Энэ хэр бодитой вэ?

-Тийм ээ. Бид үүнийг зорьж байгаа. Жишээ нь Таван толгой дээр аваад үзье л дээ. Иргэдээс нэг сая төгрөг авах уу гэж асуугаагүй. Иргэд тэр үед өөр зүйл бодож, хүсч байсан байх. Эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн иргэд таатай бус хандсан ч гэсэн эцэст нь тэд Ардын нам бидэнд амласан юм чинь гээд авахаар шийдсэн, үүнийгээ ч шаардсан байхгүй юу. Өөрөөр хэлбэл, иргэн хүнд нэгэнт амласан зүйлийг авч байж салах ёс суртахууны эрх нь байгаа юм. Тараасан мөнгөөр нь цэцэрлэг барьсан бол хамаагүй дээр байх байлаа. Иргэд ч үүнийг бас хүсч байсан. Манай нам бэлэн мөнгө тараах бодлогыг анхнаас нь дэмжээгүй. Харин иргэддээ санхүүгийн эрх чөлөөг нь итгээд өгчихье л гэж байсан шүү дээ, Шууд ардчиллын зарчмыг эдийн засагтаа хэрэгжүүлэхийг бид хүссэн юм. Энэ талаар би дээр цухас дурдсан.

-Орон нутгийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө шууд сонгох нь улс төрийн эрх чөлөөний бас нэг гол хэсэг үү?

-Тэгэлгүй яахав, Арваад жил бүс нутгийн хөлжлийн тухай ярилаа. Орон нутагг эрх мэдэл өгнө гээд л яриад байсан. Яахав, эдийн засгийн таван бүстэй болсон. Тэгвэл ИЗНН тэдгээрт тус бүрд нь бүсийн захирагч томилно гэсэн санал тавьж байгаа. Тэд сайдын эрхтэй байх юм. Бүс нутгийнхаа асуудлыг Засгийн газрын түвшинд хариуцна. Үүний тулд иргэдтэйгээ ярилцана шүү дээ, бүсийн дарга нар маань. Санхүүгээ бүгдийг тэд мэднэ. Эдийн засгийн эрх чөлөө нь улс төрийн эрх чөлөөтэй ингэж холбогдоно. Сумд нь ч сайн дураараа нэгдэн нийлэх процессоор явах ёстой. Засаг даргаа иргэд нь шууд сонгоно. Дээр өгүүлсэн тоггвортой хөгжил маань бас нэг талаар ийнхүү зохицуулагдана.

Ярилцсан Б.ОТГОНБАЯР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top