ИХН-ын мөрийн хөтөлбөр

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Төрийн оршин тогтнох суурь үндэс иргэдээс үүсвэртэй бөгөөд төрийн эрх мэдлийн эх сурвалж гагцхүү иргэдийн хүсэл зориг мөн!

 

Төр сонгуулиар иргэнээс эрхээ авдаг!

 

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

 

2012 оны  Улсын Их Хурлын сонгуулийн

Мөрийн Хөтөлбөр

  • Иргэний давуу эрх
  • Эдийн засгийн эрх чөлөө
  • Эзэнтэй нутгийн                        төлөө                               ИХ Нам!                              

Төрийн үйл ажиллагааг үнэлэх нь:

 

Иргэдийн оролцоогүйгээс хөгжлийн төлөвлөлт бодитой биш, улсын төсөв нь үндэслэл муутай, зарцуулалт нь хяналтгүй явсаар эцсийн эцэст амлалт биелэгдэхгүй, ажил хийгдэхгүй, амьдрал сайжрахгүй 20 жил боллоо.

 

Оршил

Төрийн оршин тогтнох суурь үндэс иргэдээс үүсвэртэй бөгөөд төрийн эрх мэдлийн эх сурвалж гагцхүү иргэдийн хүсэл зориг мөн. Энэ үзэл санаа нь Иргэний хөдөлгөөний нам (ИХ Нам)-ын үзэл баримтлалын үндсэн суурь юм.

 

ИХ Нам нь Монголын иргэний нийгэм,  улс төрийн намууд, төрийн  үзэл баримтлал, үйл ажиллагаа болон улс орны өнөөгийн нөхцөл байдалд хийсэн  гадаад, дотоодын эрдэмтдийн дүгнэлт, ард иргэдийн санаа бодлыг үндэслэн боловсруулсан төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрөө сонгогчиддоо  толилуулж байна.

Бидний хөтөлбөр бол энэ удаагийн сонгуульд зориулагдахын зэрэгцээ  Монгол эх орноо  сэргээн хөгжүүлэх, монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөгөө эдэлж улс орныхоо эзэн байх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй урт хугацааны стратегийн суурийг тавьж байгаа юм.

ИХ Нам 2012 оны  УИХ-ын сонгуулиар өнөөгийн Монголын нийгмийн хямралыг гэтлэн давж, нийтлэг эрх ашгийг  дээдлэн үзсэн, одоо болон ирээдүй үеийнхээ айх аюулгүй, чанартай амьдралыг  бүтээн байгуулах их үйлсийг эхлүүлэх зорилго тавьж байна.  Энэ их үйлсийн эцсийн зорилго нь Иргэний дархан эрх, Эдийн засгийн эрх чөлөө, Эзэнтэй нутгийн төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдлийг иргэний төлөөлөл, оролцооны зарчмыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад оршино.

Үүний тулд ИХ Нам нэр дэвшигчдийнхээ 95 хувийг нь иргэний нийгэм, эдийн засаг, нийгмийн бусад  олон  салбарт ажиллаж байгаа мэдлэг,  боловсрол, туршлагатай, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх, шударга ёс , хуулийг дээдлэх ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ухамсар, чадвартай, манлайлагч эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. ИХ намын нийт нэр дэвшигчдийн 95 хувь, намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 100 хувь эмэгтэйчүүд байгаа нь манайд болон дэлхийн аль ч орны түүхэнд өнөө хүртэл байгаагүй үзэгдэл юм.

Эдгээр эмэгтэйчүүдийн тэн хагас нь ардчилал, хүний эрх, байгаль орчны хамгаалал, хөгжлийн олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон мэргэжлийн холбоод зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байгаа нь ИХ Намын итгэл үнэмшлийг илтгэнэ. Нэр дэвшигчид нам бус байгаа нь тэдгээрийг намын хатуу зохион байгуулалт бус харин Монголын ард түмний эх орон гэх сэтгэлийн дуудлага нэгтгэж байна. 

 

Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлал                                                    

 

Нутгийн унаган давуу талд үндэслэн хоршин нэгдэх жам ёсны үйл явцад тулгуурласан бүсчилсэн хөгжлийг хангана. Улсын хөгжил, хамгааллын бодлогыг хязгаар нутаг руу чиглүүлнэ. Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсыг бодитойгоор хэрэгжүүлж бүс нутгийн худалдаа интегралчлалд оролцон эдийн засаг, банк санхүүгийн шинэчлэлийг хийж хөгжих бодит бололцоо байна. Энэ бололцоог ашиглан Монгол Улсыг оюуны болон эд баялгийг тээгч Торгоны замын уламжлалаа даяаршлын нөхцөлд шинэ арга ухаанаар сэргээн тээвэрлэгч дамжуулагч орон болгоно. Төр нь бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээс өөрөөр хувь хүн, бүл хамтлаг өөрсдөө шийдэж чадах нийгэм-эдийн засгийн асуудалд оролцохгүй. 

 

Монгол төр нь цэвэр ариун нэр төрийг эрхэмлэх, хууль ёсыг сахих, бусдыг хайрлаж туслах, үр, хойч үеэ дээдлэх үнэт зүйлсийг нийгмийн сэтгэлгээнд хэвшүүлэхээр ажиллана. Үндэсний  соёл уламжлалаа өвөлсөн, өндөр ёс суртахуунтай, эх оронч сэтгэлтэй,  ардчилсан үзэлтэй, боловсрол мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай иргэнийг  төлөвшүүлэх нь Монгол төрийн зорилго байх бөгөөд үүнд гэр бүл, боловсролын бүх шатны байгууллагын үүргийг өндөржүүлнэ.

Хөгжлийн бодлогын зарчмууд:

Ядуурлыг бууруулах нь хөрөнгө нөөцийн асуудал бус харин улс төрийн хүсэл зоригийн асуудал мөн гэдгийг ухамсарлан, эдийн засгийн өсөлт нэмэгдсэнээр ядуурал арилна гэх үзэл санаанаас татгалзаж ядуурлыг төрийн тусгай зорилтот бодлогоор бууруулах зарчмыг баримтлана. Төрийн үйл ажиллагааг ядуурлын түвшинг бууруулснаар үнэлнэ.

Хөгжлийн бодлогыг хүний эрхэд суурилуулж хэрэгжүүлнэ. Өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай, алслагдсан бүс нутгийн иргэд, цөөнхүүд  зэрэг аливаа онцлог шинж чанараараа эмзэг болох бүлгүүдийн эрх ашиг  нь төрийн бодлогын төвд байна.

Төрийг ашиг сонирхолын зөрчил, авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдлаас ангид байлгана. Аливаа бодлого, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагаа иргэдийн оролцоотой байна. Эдийн засгийн үйл ажиллагааг байгаль орчны хамгаалалттай зохистой хослуулж тогтвортой хөгжлийн стратеги баримтална. Эрдэс баялгийн орлогыг олон тулгуурт эдийн засаг бий болгоход зарцуулна. Монгол хүн өрсөлдөх чадвартай, ажлын байр нь хүнийг эрүүл, боловсролтой, гэр оронтой байх үндсэн хэрэгцээг хангахуйц байлгахад чиглэсэн нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ. Хот, хөдөө дэх нийгмийн үйлчилгээний хэт ялгааг арилгана. Монголын үндэсний соёлын өв санг хамгаалж, соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангана. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай болон холбогдох бусад гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний хууль тогтоомжийн дагуу цацраг идэвхит бодисын хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх, түр байршуулах, хадгалахаас үүрд татгалзана.

Авах арга хэмжээ:

Үндсэн хууль, улс төрийн нам, сонгууль, төсөв, төрийн албаны тухай хууль зэрэг төрийн тогтолцоог бүрдүүлэн зохицуулдаг хууль тогтоомжийг ард нийтийн өргөн хэлэлцүүлгийн үндсэн дээр боловсронгуй болгож, парламентын тогтолцоог жинхэнэ утгаар нь төлөвшүүлнэ.

Ардчилал, шударга ёс, эрх тэгш  байдлыг тогтоох хүний эрхэд суурилсан  бодлогыг  улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд хэрэгжүүлснээр бүх шатанд бугшсан авлига, хүнд суртал,  хариуцлагагүй байдлыг халан өөрчлөх явдал бидний улс төрийн  зорилго мөн.

Ажлын байрны тоо нэмэгддэггүй, ашиг орлого өсдөггүй, ядуурал буурдаггүй гажуудлыг арилгана. Уул уурхай нь ажлын байр төдийлөн нэмэгдүүлдэггүйг санаж хөдөлмөрийн хамгийн өндөр оролцоотой салбаруудыг хөгжүүлнэ. Ажил эрхлэлт, түүний дотор чанартай ажлын байрыг  байнга тууштай нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах гол арга зам гэж үзнэ. 

Эмзэг бүлэгт үйлчлэх нийгмийн эв санааны зарчмыг хадгалсан хамгаалал, халамжийн тогтолцоог хөгжүүлнэ. Нийгмийн хамгаалал, халамжийн чанарыг сайжруулж, хавтгайруулахгүйгээр хүргэх ёстой хүндээ хүргэнэ. Төрөөс халамжийн үйлчилгээ хүргэх, хүртээмжтэй орон сууцны бодлого хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэг ашгийн төлөө бус байгууллагуудын оролцоог эрс нэмэгдүүлж чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна. Хөдөлмөрийн чадвартай хүмүүст хаанахын ч хөдөлмөрийн зах зээл дээр гологдохгүй боловсрол, мэргэжлийн ур чадвар эзэмших нөхцөлийг хангана. Ажлын байрыг олноор бий болгож, хүмүүс олсон цалингаараа орон байртай болох, улмаар  амьдралын шударга, тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.

1.Иргэний давуу эрх

Төр иргэний нийгмийг захирах бус,  тэгш эрхтэйгээр түншлэн ажиллах эрх зүйт тогтолцоог бүрдүүлнэ.

 

Иргэдийн идэвх санаачилга, авьяас билэг, хүч чадал нь шавхагдашгүй нөөц бөгөөд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нь ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн шударга ёс тогтоох, нийгмийн баялгийг бүтээх, улс орноо хөгжүүлэн эх орон, үндэсний тусгаар тогтнолоо мандуулан чиглүүлэгч хүч юм.

Иргэний засаглалыг хөгжүүлнэ

 

  • Барьцаалагдсан улс төрч төвтэй өнөөгийн улс төрийн гажуудсан тогтолцоог халж, иргэд байгуулсан, иргэд засагласан, иргэдийн төлөө парламентат ёсны тогтолцоог бүрдүүлнэ. Үүнд:

-        Эрх мэдэл хуваарилах, хянах, тэнцвэржүүлэх зарчмыг сэргээн бэхжүүлж бодитойгоор хэрэгжүүлэх ба УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний албыг давхар хашдаг практикийг өөрчилнө.

-        Олигархи нөлөөллөөс ангижирч, сонгогч бүрийг төлөөлөхдөө ард түмэн, улсын эрх ашгийг хамгаалсан хөгжлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, нийгмийн өргөн төлөөлөл бүхий парламентыг сонгодог утгаар нь бүрдүүлнэ.

-        УИХ-ын гишүүдэд тойрогт зарцуулах төсөв хуваарилж УИХ, Засгийн газрын чиг үүргийг хольж хутгадаг практикийг  хална.

-        Төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг хянах хариуцлагыг тодорхой болгоно.

-        Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч, сонгуульт бусад албан тушаалтныг эгүүлэн татдаг болно.

-        Засгийн газрыг Парламентаас гаргасан хууль шийдвэрүүдийг  зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд, хараат бусаар, шуурхай хэрэгжүүлж, ард түмэндээ үйлчилдэг байгууллага болгоно.

-        Улс төрийн намын тогтолцоог төлөвшүүлнэ, намын бодлого тодорхойлох чадавхийг хөгжүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлж эрх мэдэлтэй хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлсэн шийдвэр гаргадаг практикийг зогсоох,  санхүүжилтийг боловсронгуй болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Иргэний эрхийг баталгаажуулж,  эрх зүйт ёсыг бэхжүүлнэ:

  • Бодлого, хууль тогтоомж, төсвийг иргэний оролцоотой боловсруулдаг, хянадаг  шаардлагатай тогтолцоог бүрдүүлнэ:

-        Иргэнийг мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрхтэй болгож, эдгээр эрх зөрчигдсөн тохиолдолд шүүхээр хамгаалах эрх зүйн орчинг бий болгоно.

-        Улсын болон орон нутгийн хөгжлийн тэргүүлэх асуудал, хэрэгжүүлэх арга зам түүний дотор гадаадын зээл тусламж авах шийдвэр гаргах, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг хянах, үнэлэхэд иргэдийн оролцооны механизмыг орон нутаг, үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.

-        Төрийн удирдлагад оролцох иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих  бодлого хэрэгжүүлнэ.

-        Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, төр иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хариуцлагын асуудлаар ажилладаг тогтолцоог УИХ, Засгийн газар болон орон нутгийн бүх түвшинд бүрдүүлнэ.

-        Ард нийтийн санал асуулга, нийгмийн бүлгүүдийн санал бодлыг тандах тогтолцоог боловсронгуй болгож өргөн ашиглана.

  • Хүний эрх, эрх чөлөөг  хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлж тэгш эрхийг хангах, ялгаварлан гардуурхлаас ангид байх зарчмыг бодитой хэрэгжүүлнэ:

-        Хүний эрхийн үндэсний комиссийн хараат бус байдлыг жинхэнэ ёсоор хангах эрх зүй, санхүүжилтийн орчинг бүрдүүлнэ.

-        УИХ-ын Хүний эрхийн дэд хороог Байнгын хороо болгоно.

-        УИХ-аас гарах хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдэд хүний эрхийн  хяналт хийдэг болно.

-        УИХ-аас баталж байгаа хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг хүний эрхэд суурилсан хандлагаар боловсруулах журам мөрдүүлж, хэрэгжүүлэх мэдлэг чадавхийг бүрдүүлнэ.

-        Нийтийн эрх ашгийг өмгөөлөх эрх зүйн орчинг бий болгоно. Хүний эрх, нийтийн эрх ашгийг хамгаалахад төрийн бус байгууллагад нэхэмжлэл гаргах эрх олгоно.

-        Эмзэг бүлэг, нийтийн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгч, өмгөөлөгчдийн байгууллагыг дэмжих, урамшуулах бодлого хэрэгжүүлнэ.

-        Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхэд үзүүлдэг улс төрийн нөлөөллийг арилгаж, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын хэрэгжилтийг хангана.

-        Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулна. Үүнийг хүний улс төр, иргэний, эдийн засаг, нийгэм, соёлын эрх хангагдахын чухал нөхцөл гэж үзнэ.

-        Хууль эрхзүйн сургалтын хөтөлбөрийг эрхзүйн философи, хүний эрхийн агуулгыг түлхүү тусгах замаар боловсронгуй болгоно.

 

  • Төрийн үйлчилгээг сайжруулна:

 

-        Төрийн үйлчилгээний журам, стандартыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг нь хангана.

-        Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэдэг хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна нэн ялангуяа нийтэд үйлчлэх чиг үүргийг тодорхой болгож үйл ажиллагааг нь сайжруулна.

-        Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй, хөнгөн шуурхай болгох зорилгоор төрийн үйлчилгээг Интернетээр авах нөхцөлийг  бүрдүүлнэ.

 

  • Жендэрийн тэгш эрх, охид эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангахад бодитой өөрчлөлт хийнэ:

-           Жендэрийн эрх тэгш байдлын тухай үзэл баримтлалыг үндэсний хөгжлийн бодлогод тусгаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын эрх мэдэл бүхий бүтцийг Засгийн газарт бий болгоно.

-          Хүн амаа өсгөх бодлогыг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйгээр дахин боловсруулж нөхөн үржихүйн эрхийг бодлого, хуулиар хамгаална.

-          Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг баталгаажуулж,  хэрэгжилтийг хангах бүх арга хэмжээ авна.

-          Олон хүүхэдтэй эхчүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг нэн тэргүүн ажлын байраар хангах  арга хэмжээ авна.

-          Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээг иргэний нийгмийн оролцоотой авч хэрэгжүүлнэ.  

-           Эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, насжилтыг тодорхой бодлогоор дэмжинэ.

 

      Соёл боловсрол

Боловсролын хүртээмж,  чанар жигд бус,  сургуулийн орчинд ялгаварлан гадуурхал,  хүчирхийлэл байгааг арилгана.

  • Хот суурин газарт сургууль шинээр байгуулж анги дүүргэлтийг хэвийн хэмжээнд хүргэнэ. (давхардсан  байна.) Сургуулийн орчныг хүүхдийн хөгжилд ээлтэй, аюулгүй орчин болгох стандартыг хэрэгжүүлнэ.
  • Хөдөөгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангана.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах ба ердийн сургуульд сургах бодлого баримтална. Сургуулийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээнд нийцүүлнэ.
  • Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг гадаад орнуудын тэргүүний стандартад нийцүүлэх нэрийдлээр өөрчилж, хэсэгчлэн нэвтрүүлж нийгмийн тэгш бус байдлыг гүйнзгийрүүлэх, уг ажлыг улсын зээлээр хийдэг  практикийг хална.
  • Сургалтын хөтөлбөрийг сайжруулах ажлыг бодлого, төлөвлөлтийн үндсэн дээр хийж, улсын сургуулийн чанарыг дээшлүүлэхэд гоц анхаарна.  
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийн тогтолцоог боловсронгуй болгоно. 
  • Техник, технологийн судалгааг дэмжиж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбоно.
    • Дээд боловсролыг үндэсний хөгжилд шаардагдах хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулж тусгай бодлогын үндсэн дээр хөгжүүлнэ. 
    • Дээд боловсролын салбарт шударга өрсөлдөөний зарчмыг нэвтрүүлнэ. Төрийн өмчийн сургуулиудын удирдлага, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож сургалтын чанарыг дээшлүүлнэ.
  • Монголчуудын түүх, соёлын өвийн санг бүрдүүлэх, хамгаалах  эрх зүйн зохицуулалт, хангамжийг сайжруулж нийтийн хараа хяналтыг нэвтрүүлнэ.
  • Монголын үндэсний соёл урлаг хөгжих эрх зүй, санхүү-эдийн засгийн нөхцөлийг сайжруулна.
  • Нүүдэлчдийн их хаадын археологийн судалгааны их нээлтийг түшиглэн түүхийн аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.

    Эрүүл мэнд                                  

  • Хүн амыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч нөхөн сэргээх, чийрэгжүүлэх төвүүдийг дэмжин олшруулах бодлого баримтална.
  • Улаанбаатар, хот суурин газруудын хүн амд, түүний дотор хүн амын тодорхой бүлгүүдэд хүрэлцэхүйцээр нэгдсэн болон төрөлжсөн эмнэлэг, орны тоог нэмэгдүүлнэ
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх боловсролын тогтолцоог сайжруулна.
  • Хорт хавдрын судалгаа, оношлогоо, эмчилгээ, өвчтөний асаргааны тогтолцоог онцгой анхаарч сайжруулна. Зайлшгүй шаардлагатай эм тариагаар улсаас үнэ төлбөргүй хангана.
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангана. 
  • Эм хангамжийг үндэсний аюулгүй байдлын асуудлын түвшинд авч үзнэ. Улсын эмийн нөөц бүрдүүлэх эрхзүйн зохицуулалтыг хийнэ.

    Хүмүүнлэг хөгжил

  • Хүн амын өсөлт, гэр бүлийг дэмжих зарчмыг баримтлахдаа ясли, цэцэрлэг, бага сургуулийн насны хүүхдийг өдөр өнжүүлэх бүлэгт хамруулах үйл ажиллагааг дэмжиж эцэг, эхчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
  • Эмэгтэйчүүдийн гэр бүлдээ эрхэлдэг хөлсгүй хөдөлмөрийг зохистойгоор үнэлэх бодлого боловсруулна. 
  • Нийгмийн халамжаас хүртэх ёстой хүн амын бүлэг хэсгүүдийг бодитой тодорхойлж чанартай үйлчилгээ үзүүлнэ.
  • Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын сангуудыг төрийн сангаас тусгаарлан бие даалгаж, үйлчилгээний стандарт, олон нийтийн хяналтын систем нэвтрүүлнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх бодлого, эрхзүйн орчинг сайжруулна:

-        Хөгжлийн бүрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төрөл хэлбэрийг олшруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх ба хөдөлмөр эрхлэлтэд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулна.

-        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах, боловсрол, мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлнэ.

-        Барилга, хот байгуулалт, нийтийн тээврийн  стандартыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн үүднээс хянан үзэж, боловсронгуй болгож хэрэгжилтийг хангах, хариуцлага тооцох тогтолцоог бий болгоно.

  • Хөдөөгийн иргэдийн орлого олох, чанартай сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх арга замыг орон нутгийн ард иргэдтэй хамтран тодорхойлж хэрэгжүүлнэ.
  • Хөдөөгийн иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгоно.
  • Ядуу айл өрхийг хамтын аж ахуй эрхлэх боломжоор ханган хөдөлмөр эрхлэн  амьдрах арга барилд сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

Орон сууц

 

  • Орлого багатай иргэдийг орон сууцаар хангах өөрийн болон олон улсын шалгарсан туршлагыг нэвтрүүлнэ. Орон сууцны бохир хүйтэн ус, цахилгаан, холбооны дэд бүтцийг төрөөс байгуулна.
  • Орон сууцны барилгын чанар, стандарыг хангуулах  хяналтын системийг боловсронгуй болгох 

 

    Иргэний мэдэх эрх 

 

  • Төрийн нууцлалыг иргэний мэдэх эрхэнд харшлахгүй байхаар боловсронгуй болгоно.
  • Хөгжлийн сэтгүүл зүйн үндсийг тавьж эрэн сурвалжлах сэтгэл зүйг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

     Сонгууль

  • Сонгуулийн тогтолцоог парламентын төлөөллийн зарчим, сонгогчийн санал гарздахгүй байх зарчимд нийцүүлэн өөрчлөнө.
  • Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт болох эмэгтэйчүүдийн парламент дахь тэгш төлөөллийг хангах зорилгоор суудал хадгалах квотыг нэвтрүүлнэ. 
  • Сонгуулийн сурталчилгааны үрэлгэн байдлыг халж, шударга тэгш өрсөлдөөний зарчмыг баримтлах зорилгоор санхүүжилтийг нь төрөөс даана.  
  • Сонгогчийн боловсрол олгох үйл явцыг ардчилсан улс төрийн соёлыг хэвшүүлэх төрийн үйл ажиллагааны чухал чиглэл болгоно.

2. Эдийн засгийн эрх чөлөө

  • Орос, Хятад улсыг холбосон эрчим хүч дамжуулах өндөр хүчдэлийн шугам, газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн ажлыг эхлүүлж, цахилгаан дамжуулах шугамыг  ашиглалтанд оруулан, ахуйн хэрэглээний цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлж үнийг бууруулна.
  • Төрийн уламжлалт залгамж бодлогыг дэмжиж Азийн хөндлөн хурдны авто зам, төмөр зам, Ази, Европ, Хойд Америкийн агаарын тээврийн зангилаа болох Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал зэрэг өмнөх парламентийн хугацаанд биелэгдээгүй ажлуудыг дуусгана.
  • Монгол Улс шатахуунаа 100 хувь, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хүнс ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 хувийг гаднаас авдаг бөгөөд улсын төсвийн орлого нь алт, зэсийн олон улсын зах зээлийн үнээс хамааралтай байна. Байгалийн нөөцөөс өөр юм гаргаж чаддаггүй түүхий эдийн хавсарга улс болжээ. Үндэсний аюулгүй байдалд учирч буй аюул занал, эдийн засгийн эрсдлийг сааруулах зорилгоор стратегийн барааны импортын эх үүсвэрийг олшруулан төрөлжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж импорт орлуулах бодлого хэрэгжүүлнэ.
  • Хөрөнгө оруулагч, хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандарт, хэрэглэгчийн хяналтаар зохицуулагдаг зах зээлийг бий болгоно. Иргэн хүний бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, түүнээс аж ахуйн үйл ажиллагааг үр ашигтай эрхлэхэд нь шаардлагтай  боловсрол, мэдээлэл, хөрөнгө оруулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ. 

-        Ажилчид, малчдын цалин болон малаа барьцаалсан зээл, орон сууцны зээл, хүүгийн дарамтаас чөлөөлөх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхдээ банкуудад эрсдэл учруулахгүйгээр хамтран ажиллаж, иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгоно.

-        Бизнест дарамт учруулж буй хууль тогтоомж, журмыг өөрчилж зах зээлд төрийн хэт оролцоог хязгаарлана. Бизнесийн лиценз олголт, мэргэжлийн хяналтын үүргийг бизнесийн өөрөө удирдах зарчмаар ажиллах салбарын холбоодод шилжүүлнэ.

  • Татварын тогтолцооны шинэтгэлийг бодит судалгаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ. Татварын шинэтгэлийг хэрэгжүүлэх хүртэл НӨТ-ыг тэглэнэ.

Үйлдвэрлэл,  хөдөө аж ахуй, банк санхүү

  • Экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс тусгайлан дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Монголын нутаг дэвсгэр дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгж, хувь хүмүүс  ашиг орлогоо монголын банкинд байршуулах эрхзүйн орчин бүрдүүлнэ.
  • Банкууд хадгаламжийн хүүгээрээ уралддаг тогтолцоог таслан зогсоож харилцагчийнхаа мөнгийг хадгалж нэмэлт үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шимтгэл авдаг дэлхий нийтийн жишгийг нэвтрүүлж хямд санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж зээлийн хүүг бууруулна.
  • Хөдөө аж ахуйг хамгаалан өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлнэ. Салбарын хөрөнгө оруулалтын эх үүсвэр, дэвшилтэт техник технологи, мэдлэг мэдээллийн хүртээмжийг мөнгөний бодлого, импортын зохицуулалт зэргээр сайжруулна.
  • Хүн амыг баталгаатай, аюулгүй хүнсээр хангах цогц бодлогыг тууштай баримтлана.
  • Үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, хувийн аж ахуйг дэмжих замаар ажлын байрыг шинээр бий болгоно. Үндэсний үйлдвэрлэллийг  дэмжих, урамшуулах бодлогыг тууштай баримтлана. Үйлдвэрлэлд жилийн 2-3 хувийн хүүтэй банкны зээлийг нэвтрүүлнэ.  
  • Жижиг дунд бизнесийг дэмжиж төрийн худалдан авалтын 20 доошгүй хувийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээр хэрэгжүүлэх журам тогтооно.
  • Малчин өрх бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, суурин газрын хэрэглэгчид орон нутгийн, чанартай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх боломж бүрдүүлж, мах, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг хэт өсгөдөг монополь тогтолцоог арилгана.

3. Эзэнтэй нутаг

Нутгийн өөрөө удирдах ёс

 

  • Төвлөрлийг сааруулж иргэд нутаг орондоо эзэн байж амьдрал ахуйгаа бие даан шийдвэрлэх боломж бүхий нутгийн өөрийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • ИТХ-ын эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлж, орон нутгийн татварын тогтолцоог боловсронгүй болгоно.
  • Нутгийн унаган давуу талд үндэслэн хоршин нэгдэх жам ёсны үйл явцад туулгуурласан бүс нутгийн хөгжлийг хангана.

 

Байгаль орчин, экологи

 

  • Эдийн засгийн үйл ажиллагаа, түүний дотор уул уурхайгаас  байгаль орчин, нийгэмд  үзүүлж буй сөрөг үр дагаварыг бууруулах, арилгах, байгалийн нөөцийг ариг гамтай, хойч үедээ хүртээмжтэй ашиглах, эдийн засгийн оновчтой төрөлжүүлэлт хийх бодлого хэрэгжүүлнэ. Байгаль орчныг хамгаалах олон улсын гэрээ, хөгжлийн зорилтуудын хүрээнд хүлээсэн үүргийн биелэлтийг хангана.
  • Уламжлалт мал аж ахуйд суурилсан монгол төрх, эмзэг байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, цаг уураас хамааралтай малчдын амьжиргааг хамгаалах бодлого баримтална.

Уур амьсгалын өөрчлөлтийг тооцон, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, химийн хорт ба аюултай бодисын сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр техник технологи, зохион байгуулалтын арга хэмжээ авч өнөөгийн экологийн сүйрлийг зогсоож,Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. , Байгаль орчны удирдлага

  • Бодлого, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хянах тогтолцоог эрс сайжруулна. Мэргэжлийн болон аудитын хяналт хийх нөөцийг нэмэгдүүлнэ. Экологийн хөдөлгөөнт цагдаагийн албыг байгуулна.
  • Тусгай хамгаалалттай газрын тухай хууль тогтоомжийг чангаж,, хэрэгжилтийг нь хангана. Нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтанд авах Мянганы хөгжлийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөг нь буруулах талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж байгаль орчны удирдлагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангана.
  • Хүний үйл ажиллагаанд сүйдсэн газар нутаг, хохирлын цар хэмжээг тогтоож, нөхөн сэргээх, хор уршгийг арилгуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 
  • Байгалийн гамшиг, байгаль орчны доройтлоос үүдэлтэй эрсдэлээс нэн ялангуяа хүн амын эмзэг бүлгийг хамгаалах бодлого баримтална.
  • Усны нөөцийн удирдлага, зохицуулалтыг сайжруулах, чанарын стандартыг хангах, усны нөөцийг ашиглах хэмнэлттэй аргыг чухалчлан үзэж, үйлдвэрлэл, эрчим хүч, тариаланд усыг зохистой ашиглах,  “Гол, мөрний сав газрын нэгдсэн менежмент”-ийн зарчмыг хэрэгжүүлнэ.
  • Байгалийн баялгийн үнэлгээ, ашиглалтын өнөөгийн тогтолцоог бүрэн өөрчилж, экологийн урамшуулал, татвар, аудит, торгууль, стандартын эрх зүйн шинэ орчинг бий болгоно.
  • ·       “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ.

Эрдэс баялагийн ашиглалт

  • Эрдэс баялаг нь нөхөн сэргээгдэхгүй нөөц болохыг ямагт санан зайлшгүй ашиглах хэрэгцээтэй тохиолдолд орон нутаг, үндэсний хэмжээний ард иргэдийн хэлэлцүүлэгт тулгуурлан үүсч болох эерэг, сөрөг үр дагавар, эдийн засгийн хөгжлийг хангах бодит боломж байгаа эсэхийг дэнслэн шийддэг эрх зүйн орчин, механизмыг бүрдүүлнэ.
  • Уул уурхайн олборлолт, эрдэс баялгийн салбарт дахин шинэчлэлт, хуваарилалт хийж, эх орны эрдэс баялгийг  иргэдийн мэдэлд, хуулийн хамгаалалтанд авна.
  • Ашигт малтмал эрдэс баялгийн төв бирж байгуулж, түүхий эд, бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнээр  экспортлох бодлого баримтлана.
  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулах  үйлдвэрлэлийг дэмжиж бүс нутгийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

Эрүүл төр, эрүүл амьдрал, эрүүл нутгийнхаа төлөө

хамтдаа зүтгэе.

Зоригтой, сэтгэлтэй шинэ хүчний төлөө саналаа өгөөрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top