-Та Дарханд бие дааж нэр дэвшиж байгаа. Тодорхой улс төрийн том намууд, иргэний хөдөлгөөнийхний хажуугаар бие даан нэр дэвшихэд нөлөөлсөн зүйл нь юу вэ?
-Өмнө нь би УИХ-ын сонгуульд оролцож байсан. 2000 оны сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж АН-аас нэр дэвшсэн хүмүүс хоосон хоцорсон л доо. Түүнээс хойш УИХ-ын сонгуульд оролцох бодол тээсээр ирсэн. Миний хувьд Дархан-Уул аймгийн АН-ын идэвхтэй гишүүдийн нэг л дээ. Аймагтаа 30 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Гэхдээ зүгээр ч нэг амьдарсангүй, үр бүтээлтэй ажиллаж амьдарч байгаа гэж боддог. Тиймээс өөрийнхөө хуримтлуулсан туршлага дээр тулгуурлаж УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшиж байна. Би амин хувийнхаа эрх ашгийг хөөсөн бол элдэв зүйлд санаа зовохгүй тайван амьдарч болох юм. Хувийнхаа бизнесийг хийгээд амин хувийн жаргалаа хөөгөөд амьдрах боломж надад бүрэн дүүрэн бий. Энэ нийгмийн идэвхтэй гишүүний хувьд УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Бид бүгд л ярьж чаддаг. Монголчууд байгаа бололцооноосоо доогуур амьдарч байна гэж. Үүнээс илүү амьдрах бүрэн боломжтой. Хэрвээ би гишүүнээр сонгогдвол хэлэх үг байна, хийх ажил ч байна. Мөн үр хүүхдийнхээ төлөө, олон түмнийхээ төлөө бас санаа зовж байгаа учраас би энэ шийдвэрийг зориглон гаргасан, зорилгодоо ч хүрнэ гэж бодож байна.
-Та Ардчилсан намын идэвхтэй гишүүдийн нэг гэж ярилаа. Мөн Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан хүн яагаад намаасаа биш бие даах болов гэдэгт иргэд гайхаж магадгүй?
-Намын ажил бол тєрийн ажил. Бид намаар дамжиж төр барьдаг хуулийн тогтолцоотой үед амьдарч байна. Би энэ тал дээр үргэлж асуудал дэвшүүлдэг.Хүний өөрийнгүй бүх намууд төлөвших хэрэгтэй, цэвэрших хэрэгтэй. Намын дотоод ардчилал бэхжих хэрэгтэй, үйл ажиллагаа нь дүрмийн дагуу зарчимтай явагддаг байх ёстой, тэгж байж л төр цэвэршинэ. Яагаад гэвэл энэ чинь хэсэг бүлэг хүмүүсийн хувийн асуудал биш. Монголын ард түмэнд нийтэд нь хамаатай асуудал. Тэгэхээр би намын ажлыг төрийн ажил гэж байгаа юм. Өнөөдөр манай аймгийн АН-ын үйл ажиллагаа болохгүй байна. Намын ажил ийм маягаар явах учиргүй гэж бодож байгаа. АН-ынхаа нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд оролцох боломжийг олон удаа алдлаа. Энэ нь намын удирдлагуудтай холбоотой. Ямар ч үндэслэлгүйгээр сонгуульд оролцох боломжийг хааж нэг үгээр хэлбэл энэ аймгийн АН-д Мөнхтөр гэдэг хүн хэрэггүй гэсэн шийдвэр удаа дараа гаргасан. Намаас гарах өргөдлөө дүрмийнх нь дагуу удирдлагуудад өгсөн, хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна лээ. Гэхдээ намд юм уу, хэн нэгэн хүнд гомдох шаардлага байхгүй. Ардчилсан үзэл баримтлалдаа үнэн ч гэдгээ би байнга илэрхийлж байгаа. 2004, 2008 оны сонгуульд ч гэсэн энэ жилийнх шиг байдал аймгийн АН-ынхан тухайн үед гаргаж байсан. Анх АН-д элсэхдээ сонгуульд нэр дэвшинэ гэж бодож байсангүй. Ардчилсан хөдөлгөөний үзэл баримтлалыг анхнаас нь дэмжсэн хүний хувьд өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байх үүднээс намд элссэн. Үндсэндээ 20 жил АН-ын гишүүн байсан байна.
-Аль ч аймгийн иргэд нэр дэвшигчдэд “нутгийн хүн” гэсэн сэтгэлээр хандаад байх шиг. Та Дархан-Уул аймгийн унаган иргэн мөн үү?
-Би Дархан-Уул аймгийн унаган иргэн.. Манай аймгийн тухайд өмнө нь Сэлэнгэ аймгийн Дархан сум гэсэн статустай байж байгаад, Дархан хот, тэгээд Дархан-Уул аймаг болсон. Би Сэлэнгэ аймгийн Дархан сумын 5-р баг буюу одоогоор Дархан-Уул аймгийн Орхон сумынх. Тэгэхээр аргагүй л уугуулын уугуул иргэн. Сурталчилгааны явцад ч гэсэн үүнийгээ хэлж ярьж байгаа. Манай Дарханд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс байгаа. Дарханд амьдарч байгаа бүх хүн өөрсдийгөө Дарханыхан гэж ярьдаг. Тэгэхээр манай Дарханыханд нутгархах шаардлага байна. Нэгэнт л бид нэг хонхорт амьдарч байгаа учраас бид л Дарханыхаа төлөө сэтгэл тавих ёстой. Бид нараас илүү энэ аймагт сэтгэл тавих хүн байхгүй. Дарханы асуудлыг Дарханыхан л тодорхойлж, Дарханыхан л мэдэхээс өөр хэн ч мэдэхгүй. Энд тэндээс ирж нэр дэвшиж байгаа хүмүүсийг би “нүүдлийн шувууд” гэж нэрлээд байгаа. Санал хураалтын дүн гарахаар энд гурван хүн үлдэнэ. Дарханд Гэр орон ажил төрөл нь байдаг учраас Мөнхтөр, Хаянхярваа, Гантулга гурав л үлдэнэ. Магадгүй энэ 3 сонгогдохгүй байлаа гэхэд санал хураалтын дараа бусад 12 хүнээс хоёр хүн үлдэнэ. Нөгөө нүүдлийн шувууд ирсэн газар луугаа буцмаар байдаг. Гэтэл сурталчилгааны 21 хоногт баахан хүмүүсийг ажиллуулчихсан учраас нэрэлхээд явж чадахгүй ганц нэг хоног дайллага цайллага хийж байгаад өөрийнхөө амьдардаг газар луугаа яваад ирэх дөрвөн жил өнгөрнө. Тэгэхээр нүүдлийн шувуудыг сонгомооргүй байгаа юм. Би ийм л бодолтой болоод байгаа. Нутгийнхаа хүнийг сонгооч гэдэг хүсэлтийг Дарханчууддаа тавьж байгаа. 1996 оноос хойш олон хүн Дарханаас УИХ-д сонгогдсон байдаг. Харин нэг нь ч эргэж ирж энэ нутагт амьдраагүй байдаг юм билээ. Дарханыхнаар дөрөөлж гишүүн болоод тэр чигээрээ алга болсон. Одоо ч иймэрхүү хүмүүс байж л байгаа Дарханыхан түүнд гишүүн болоход нь л хэрэгтэй болохоос бусдаар огт хамааралгүй. Өөрийн гэсэн нутаг орон амьдарч байгаа газартай юм чинь тэндээ л амьдарна шүү дээ. Эргэж ирэх шаардлага байхгүй.
-Дархан-Уул аймгийн уугуул иргэний хувьд єнгєрсєн хугацаанд үр бүтээлтэй ажилласан гэж дээр та хэлж байсан энэ талаараа жаахан тодруулаач. Таныг “Монгол алт” гээд хувийн компанитай гэж сонссон юм байна?
-Миний аз түшихэд сайхан хамт олны дунд сайхан байгууллагад ажиллаж байсан байна. Манай өнөөгийн “Монгол алт” хувьцаат компани намайг сургууль төгсөж ирэхэд Дарханы алтны экспедиц, Дархан дахь геологи хайгуулын экспедиц гэдэг нэртэй байлаа. Энэ хамт олны хийсэн бүтээснийг эргээд харахад их зүйлийг хийсэн байна. Хойд Хэнтийн алтны хүдэржилтийн бүс гэж мэргэжлийн ойлголт байдаг. Түүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Бугант, Бүхлэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Сэлэнгийн Баянгол, Мандал сумын нутаг дээр алтны олон ордуудын нөөцийг тогтоож Монгол Улсынхаа эрдэнэсийн санд хүлээлгэж өгсөн. Манай байгууллага хамт олны хийсэн нэг томоохон ажил бол Заамарын районы алтны хайгуулын судалгаа юм. Энэ хамт олны маань хөдөлмөрийн үр шимийг сүүлийн 22 жилд улс эх орон маань үнэхээр бүрэн дүүрэн ашигласан. Энэ зурвасхан хугацаанд бидний улс эх орондоо оруулсан хувь нэмрийг бүх нийтээрээ хүртлээ. Энэ бол яах аргагүй бахархал, ийм байгууллагад ажиллаж байсан нь миний аз гэж би боддог. “Монгол алт” компани ид үедээ 700 гаруй ажиллагсадтай байлаа. Дархан-Уул аймгийн томоохон аж ахуй нэгжүүдийн нэг байсан одоо ч байгаа. Єнөөдөр хэдийгээр геологийн судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулахаа больж үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн ч ажиллаж байгаа салбарууддаа бид амжилт гаргасаар л байгаа. Дарханчууд болон улс эх орондоо нэмэртэй байгууллага хамт олон байсаар л байна. Энэ бидний бахархах шалтгаан. Ийм ажилд хувь нэмрээ оруулж явсан нь миний хувь заяа. Надад их зүйл сургасан, аж ахуй удирдах, туршлага олгосон байгууллага мөн. Дархан-Уул аймгийн нэр нөлөө бүхий аж ахуйд ажиллаж байгаа хүний хувьд нийгэмд идэвхитэй байр суурь эзэлж байна гэж өөрийгөө боддог. Єнөөдөр Дархан, Монгол алт, Мөнхтөр гэх нэрүүд хоорондоо холбоотой байдаг болсон. Тиймээс үүнийг миний бие дааж нэр дэвшиж байгаа бас нэг үндэслэл гэж ойлгож болно.
-“Монгол алт” ХК-ийг хүмүүс ойлгохдоо Нямтайшир захиралтай МАК-тай андуураад байдаг юм шиг санагдсан?
-Тэр чинь Монголын алт корпораци гэдэг нэртэй байсан. Аж ахуйн нэгжүүдийн шинэчилсэн бүртгэлд манайх “Монгол алт” хувьцаат компани гэх нэрийг авч үлдсэн. Харин олон жилийн турш хамтарч ажиллаж байсан миний найз Нямтайширынх “Монголын алт” хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон одоо ажил үйлс нь сайн яваа. Би сайн яваа найз нөхдөдөө үргэлж баярлаж явдаг. Миний найз нөхөд сайн явбал би ч сайн явна. Зөвхөн найз гэлтгүй Монголын ард түмний ажил амьдрал сайн байвал бид сайхан амьдарна. Нөхрийн ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ гэдэг шүү дээ.
-Нөхрийн ажил бүтнэ гэснээс хэрвээ та их хуралд сонгогдвол Дарханчуудад юу бүтээж хийж өгч чадах вэ?
-Дарханд дэд бүтэц маш сайн хөгжсөн. Төмөр зам , авто зам, ус, цахилгаан эрчим хүч гээд үйлдвэрлэл явуулахад шаардлагатай бүхий л нөхцөл нь байна. Хэдийгээр ийм боловч Дарханчуудын амьдрал сайнгүй л байна. Тиймээс би боломж бололцоогоо дутуу, муу ашиглаж байгаа аймаг гэж боддог. Дархан-Уул аймаг байгаа бололцоондоо тулгуурлаж хөгжих ёстой. Манай энэ бүс нутагт хамгийн их баялаг нь төмрийн хүдэр. Баянголын Төмөртэйн ордыг анх манай байгууллага хайгуулыг нь хийсэн. Ер нь бол 500 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэдэг юм. Энэ нь бүс нутгийн хөгжилд нөлөөлөх ёстой. Гэтэл бид нар хаягдал төмөр хайлуулах төдий л үйл ажиллагаа явуулж байна. Төмрийн хүдрээ боловсруулах улмаар төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хэрэгжүүлээгүй байна. Одоо Төмөртэйн орд, Төмөр толгойн ордоос төмрийн хүдрийг ямар ч нэмүү өртөг шингээлгүйгээр гадагш нь зөөж байна. Гэтэл боловсруулдаг, төрөл бүрийн төмөр эдлэл хийдэг үйлдвэрийг байгуулж чадаагүй л байна шдээ. Нэг төмрийн үйлдвэр байгуулаад бүх хүмүүсийг ажлын байраар хангана гэдэг бол худлаа гэхдээ нэг хэсгийг нь ажилтай болгоно. Миний сонгуулийн уриа “ажилтай иргэний амьдрал сайжирна” үүнтэй зайлшгүй холбогдоно. Иргэдээ ажилтай болгохын төлөө ажиллана гэсэн үг. Энэ нь Дарханд байгаа ажилгүйчүүдийн тоог би бууруулж чадна л гээд байгаа юм. Статистик мэдээгээр Дарханы ажилгүйдлийн түвшин 11 хувьтай байна гэсэн. Тэгэхээр ажилгүйдлийн түвшин гэдгийг тодруулж тайлбарлах юм бол ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийн 89 хувь нь ажилтай байна гэсэн үг. Гэтэл Сингапурт ажилгүйчүүдийн түвшин 11 хувьтай байна. Тэнд өнөөдрийн Монгол улс шиг шийдвэрлэгдээгүй олон асуудал байхгүй. Тэгэхээр энэ статистикт итгэвэл манай Дарханыхан их л боломжийн түвшинд амьдарч байгаа дүр зураг гарах гээд байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд манай ажилгүйчүүдийн тоо буруу гараад байгаа юм. Гэр хорооллоор яваад үзэхээр энэ нь аяндаа харагддаг. Нэг айлд ороод асуухад тодорхой тоо хэлнэ. 5 ам бүлтэй айлын 2 нь ажилгүй. Гэтэл нөгөө айлын баруун зүүн хөршүүд гээд явахаар тэндээс бас ижил дүр зураг гарна. Ингээд бодохоор ажилгүйчүүдийн тоо 11 хувь байтугай их гэдэг нь харагдана. Нөгөө Монголчууд хүн амаа тоолж чаддаггүй гэдэг шиг зүйл юм. Үүний учрыг олох хэрэгтэй тиймээс ажилгүйчүүдийн талаар зөв бодлого боловсруулж ажиллах нь нэн шаардлагатай асуудал юм.
-Дархан-Уул аймгийн иргэн гэдэг утгаар нь нэг зүйл асуумаар байна. Тус аймаг төвийн бүсийн тулгуур төв ч гэдэг юм уу загвар хот гэж иргэд нь ярьдаг. Гэтэл хот доторх замаасаа эхлээд утгаа алдаад байх шиг?
-Хойч үедээ үлдэх зүйлд хөрөнгө оруулалт хиймээр байна. Ирээдүйд хоол болоод үлдэх тийм зүйлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна гэж би хэлдэг, энэ талаар байнга ярьж байгаа. Өнөөдрийн бүтээн байгуулалт нэрийн доор үрж байгаа хөрөнгө, эх захаа алдсан бэлэн мөнгө тараалтыг би шүүмжилдэг. Ингэж болохгүй, энэ байдлаараа удвал Африкийн жишгээр орж ухсан нүх л үлдэнэ. Одоогоос 4 жилийн өмнө нэг сурталчилгаа явж байсан нэг талд нь ухсан нүх нөгөө талд өндөр барилгууд гэж тэгэхээр манай эх орны газрын баялгийг гадагш нь зөөж байгаа улсууд хөгжлийн нүүр царай болсон өндөр барилгуудаа барьдаг, бид нар гүн хар нүхтэй л үлддэг. Үүнээс бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр 30, 40 жил Монгол улсыг дангаараа үүрч явлаа ш дээ. Одоогийн замбараагүй уул уурхайн үйл ажиллагааны үр дүн нь бүтдэг бол хэдэн ч Эрдэнэт үйлдвэртэй болох юм. Ахиад цааш нь лавшруулаад харахаар ингэх шаардлага байгаа юмуу. Бидэнд Эрдэнэт шиг олон үйлдвэр хэрэгтэй биш байх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр газрын хөрсөн доорх баялгийг өнөөдөр ухаад дуусгах хэрэгтэй юм уу эсвэл ээлж дараатайгаар олборлож зарим хэсгийг нь хойч үедээ үлдээх хэрэгтэй юм уу гэдгийг шийдсэн төрийн бодлого байхгүй. Үүн дээр зөв бодлого хэрэгтэй гэж би боддог.
-Манай ард түмэн биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэж ярьдаг . Таны хувьд ирээдүйд төрөө засах ажил үлдэж байна гэж ойлгож болох уу?
-Бие, гэр, төрийг ярихын тулд би эхлээд гэрээ гэр бүлээ ярих хэрэгтэй байх. Манай эхнэр бид 2 дунд сургуулийн нэг ангийн хоёр. 30 гаруй жил энэ амьдралыг туулж явна. Хоёр сайхан хүүхэдтэй. Хүү, охин хоёр бий. Одоо бид 2 өвөө эмээ ч болж байна. Залуу байхад бүхий л зүйл дутагддаг. Хэдэн төгрөгтэй болох юмсан. Ийм ч юм авах юмсан тийм ч зүйлтэй болох юмсан гэдэг бодол зөндөө байлаа. Тэр хэрэгцээгээ би бүрэн дүүрэн хангасан. Тодорхой зорилгодоо хүрсний дараа өөр зүйл бодогдож байна. Надад Монгол улсын тэргүүн баян болох зорилго байхгүй би хүрсэн амжилтандаа сэтгэл хангалуун байгаа. Үнэн хэрэгтээ хүнд их зүйл хэрэгтэй биш юм билээ. Хэмжээ хязгаар гэж зүйл бий. Одоо олон түмэндээ нэмэртэй байх юмсан гэсэн бодол үлдэж байгаа. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хэрэгтэй, тэр нь надад байна. Үр хүүхдээ аав ээж шигээ амьдраасай гэж боддог. Ямар ч эцэг эхийн нэг жаргал үр хүүхдийн сайн сайхан амьдрал байдаг байх. Үүнд ч би сэтгэл хангалуун байдаг миний хүүхдүүд зөв чиг рүүгээ явж байгаа гэж ойлгодог. Түүний дараагийн асуудал олон түмэндээ нэмэртэй байя, ард түмнийхээ төлөө гэж том дуугарвал надад хүнддэх байх, гэхдээ ядаж л хавь ойрынхондоо нэмэртэй байя гэж боддог. Бид нийгмийн нэг салшгүй хэсэг. Энэ Дарханыхны амьдрал тойруу утгаараа хоорондоо хамааралтай учраас би одоо Дарханыхандаа дэм болъё гэдгийг л ярьж байна.
-Та хэр олон компани эзэмшдэг юм?
-“Монгол алт” хувьцаат компанийг би дангаараа ч эзэмшдэггїй. Олон хүмүүсийн хувь нийлүүлсэн компани. Компани маань хөдөө аж ахуйгаас гадна ерөнхий боловсролын сургууль байгуулсан, мөн “бирж, зах” гэгддэг Дархан захыг байгуулсан. Уул уурхайгаас олсон орлогоороо бид энэ салбаруудад хөрөнгө оруулсан. Дарханд надтай холбоотой 2000 гаруй ажлын байр бий. Тэдгээр хүмүүсийн ажиллах орчин нөхцөл бололцоог нь хангаж байдаг учиртай. Нэг ёсондоо би Дарханы томоохон ажил олгогчдын нэг.
-Төрөөс бизнесийн орчныг бий болгохгүй байна, бизнесийг дэмжихгүй байна гэдэг. Та бизнес ойлгох хүний хувьд Монголын бизнесийн орчныг юу гэж үздэг вэ?
-Миний хувьд 20-иод жил бизнес эрхэлж байна. Төрийн байгууллагаас ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй, харин хууль дүрмийг л баримталж ажилладаг, төрийн ямар ч хүнд сурталтан байсан би зүй ёсны шаардлагыг бол тавина. Бид бүгдээрээ тийм эрхтэй шүү дээ. Харин шинээр бизнес эрхлэгчдийн хувьд хүн танихгүйн зовлон, нөгөөдүүл нь тоохгүй зовлон, ажлаа мэдэхгүйн зовлон гээд асуудлууд байна.
-Таны бизнест тєрийн зүгээс ямар нэг садаа болдог зүйл бий юу?
-Зөв асуулт байна. Жишээлбэл, УИХ-ын гаргасан Ашигт малтмалын гэнэтийн ашгийн татварын хуулийн заалтаар манай компани их хохирсон. Тэр хууль бол Монголын эдийн засгийн салбарт маш муугаар нөлөөлсөн хуулиудын нэг болсон. Тэр хуулийг гартал манай улс жилдээ 10 тн алт олборлож байгаад хууль батлагдсаны дараа 2 тн болсон гэдэг. Буруу хууль гаргасны л үр дагавар. Энэ хуулийн дараа Буянт-Ухаа, Замын-Үүдийн хилээр хууль бусаар алт гаргах гэсэн баахан хэрэг илэрсэн.
-Дарханд та 14 хүнтэй хамт нэр дэвшээд сурталчилгаагаа хийж байгаа гадуур иргэдтэйгээ уулзаад явж байхад нэр дэвшиж буй 15 хүний хэний рейтинг өндөр байх шиг байна та ний нуугүй хэлээч?
-Сурталчилгааны явцад хаана ч очсон таньж мэддэг хүмүүс олон таарах юм. Хамт ажиллаж байсан, бизнес хамтарч хийж байсан найз нөхөд олон байна. Урлаг спорт, уралдаан тэмцээнээр залуу байхдаа нөхөрлөж байсан хүмүүс их байна. Эрхэлж байгаа ажилтай маань холбоотой олон салбарын хүмүүстэй өнгөрсөн хугацаанд танилцсан байна. Боловсрол, хөдөө аж ахуй гэх мэтчилэн. Сурталчилгааны хугацаанд орон сууцны хорооллоор болон гэр хорооллоор явж байхад хаанаас нь ч гэсэн таньж мэдэх хүмүүс гараад ирж байна л даа. Тэгэхээр аргагүй энэ хонхорт олон жил амьдарч ажилсаны баталгаа юм болов уу, бас байх ёстой ч зүйл юм боловуу гэж омогших юм. Нийт сонгогчид надад сайхан сэтгэлээр хандаж байна. Дэмжиж байна гэсэн сэтгэгдэл надад төрж байгаа. Энэ нь өөрөө сонгуульд ялж хоёр мандатын нэгийг авахад хүрэх үү үгүй юу гэдэг асуудал л байна. Би мэдээж ялахын төлөө ажиллаж байгаа. Харин хуучин журмын нөхдүүд зөөлнөөр хэлэхэд сэтгэлд хүрэхгүй байна. Миний байсан АН-д хүчтэй өрсөлдөгч нар олон байгаа. Мөнхийн өрсөлдөгч МАН нь байна. Өндөр рейтингтэй хүмүүс ч байна. Гэтэл тэд надтайгаа л зууралдаад байдаг. Нэрээ татсан ч гэх шиг, урвагч ч гэх шиг олон үлгэр ярьж байгаа. Нэр дэвшсэн бол замын дундаас буцахыг хориглосон хуультай болсон шдээ. Мөн бие даагч учраас УИХ-д ганцаараа юм хийж чадахгүй гэж Монгол Улсын Ерөнхий сайд нь хүртэл манай Дарханд ярьж явна. Түүн шиг худал зүйл байхгүй. Би УИХ-д сууж үзээгүй ч гэсэн би хуулийн төсөл дэмжүүлж батлуулж үзсэн. Боловсролын салбарт тасралтгүй ажилласан улсын сургуулийн багш нарт нэг удаа тэтгэлэг олгодог байсныг хувийн сургуулийн багш нарт мөн адил олгодог болгосон. Би их хуралд сууж үзээгүй ч гэсэн хууль дээр ажиллаад үзчихсэн байгаа юм. Тэгэхээр гишүүнийх нь үнэмлэхийг өвөртлөөд очвол түүнээс арай илүү ихийг чадна. Үнэн хэрэгтээ би энэ сонгуульд Монголын улс төрийн 2 том намтай, Засгийн эрхийн төлөө хамаг хүчээрээ тэмцэлдэж яваа МАНАН-тай хүч тэнцвэргүй тулалдаан хийж явна. Би энэ сонгуульд шударгаар өрсөлдөх зарчим барьж байгаа. Хэн нэгэн хүнтэй хар, цагаан пиар хийж явах сонирхол алга. Яаж хийдгийг нь ч би мэдэхгүй. Нэг сонгуулиар бүгд хонь, чоно болж болохгүй, сонгуулийн дараа амьдрал бас үргэлжилнэ. Шударга сайхан өрсөлдье, бид ард түмнээр дүнгээ тавиулна, ёс жудагтай байх ёстой гэж хэлмээр байна.
Ярилцсан: Н.Галбаатар
Сэтгэгдэл ( 0 )