Дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгуульд саналаа өгч, өөрсдийгөө төлөөлөн ажиллах төрийн түшээгээ сонгох нь иргэн бидний үүрэг. Гэтэл энэ жилийн сонгуулийн элдэв онцлогийг онцгойлон ярих боловч сонгогчийн боловсролд хандсан сурталчилгаа цөөн гарч байна. Тиймээс саналаа хэрхэн өгөх тухай энгийн үгээр, ойлгомжтой тайлбарлая.
Та юуны түрүүнд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, өөрийн харьяа тойргийн санал авах байранд иргэний үнэмлэхээ авч очих ёстой. Саналыг 07.00-20.00 цагийн хооронд авах тул цагаа сайн баримтлах хэрэгтэй. Та иргэний үнэмлэхгүй бол саналаа өгч чадахгүй. Иргэний үнэмлэхээ авахаа мартуузай. Та бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын төвшнөөс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй бол өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно. Тухайн тойргийн сонгогчийн тооноос хамаараад харилцан адилгүй мандатын тоог тогтоосон. Сонгогч өөрийн тойргийн мандаттай тэнцүү тооны нэр дэвшигчийг сонгох ёстой. Жишээлбэл, Та Сүхбаатар дүүргийн иргэн байлаа гэж бодоход танай дүүргийн иргэдийг төлөөлөөд УИХ-ын хоёр гишүүн сонгогдох ёстой гэж заасан учраас нэр дэвшигчдээс өөрийн дэмжиж буй хоёр хүнийг сонгоно.
Мөн энэ удаа гарсан том өөрчлөлт бол холимог тогтолцоогоор явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Таныг төлөөлөх УИХ-ын гишүүнээс гадна, ард түмнээ төлөөлөх улстөрийн намыг Та сонгох эрхтэй. Гэхдээ ганц нам сонгоно гэдгийг анхаараарай. Хэрэв Та нийслэлийн сонгогч бол саналын хуудасны арын нүүрэнд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалт байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн иргэдийг төлөөлж ажиллах нэг нэр дэвшигч, нэг намыг Та сонгох ёстой.
Та сонголтоо хийхдээ нэр дэвшигч болон намын өмнө байгаа хоосон дугуйг дүүргэн будаж тэмдэглэгээ хийнэ. Зөв тэмдэг тавих, цэг тавих, нэр дэвшигчийн нэрийг дугуйлах зэргийг хориглоно. Зөвхөн нэрийн өмнөх хоосон дугуйг дүүргэж будвал хүчинтэйд тооцогдох аж. Мөн хоёр нам сонгох, тойргийн" мандатаас илүү нэр дэвшигч сонговол саналын хуудас хүчингүй. Хоёр мандаттай тойргийн сонгогч нэг нэр дэвшигчийг сонгоод өөр хүн сонгохгүй бол тэр саналын хуудас хүчингүйд тооцогдоно.
Гурван мандаттай тойрогт гурван хүн, хоёр мандаттай тойрогт хоёр хүнийг л сонгож байж саналын хуудас хүчинтэй юм байна. Харин аливаа улстөрийн нам, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаа бол заавал тэмдэглэгээ хийх шаардлагагүй.
Нам, нэр дэвшигчийг сонгоогүй бол аль ч намыг дэмжээгүйд тооцож саналын хуудас хүчинтэй гэгдэнэ.
Саналаа тэмдэглэхдээ алдсан бол саналын хуудсаа санал тоолох машинд хийхээс өмнө сонгуулийн хэсэг, хорооны ажилтанд хандан шинээр солиулан авч болно. Буруу сонголт, тэмдэглэгээ хийгээгүй гэдгээ шалгаад саналын хуудсаа санал тоолох машинд хийж уншуулна. Саналаа өгсөн гэдгээ баталгаажуулан нэрээ бүртгүүлж, гарын үсэг зурна.
Б.БАТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )