Р.Булгамаа: Хууль тогтоох дээд байгууллагад хуульч хүн л байх ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

Энэ жилийн УИХ-ын сонгуульд олон нам эвслийн нэр дэвшигчид  өрсөлдөж байгаа. Тэдний нэг болсон оюунлаг, эрч хүчтэй залуу үеийнхний  төдийгүй эмэгтэйчүүд ээжүүдийн төлөөлөл болон  Иргэний зориг Ногоон Намаас нэр дэвшиж буй Ринзааны Булгамаатай ярилцлаа.

“Миний эх орны газар шороо, тусгаар тогтнол үнэ цэнэтэй

Миний эх орны ИРГЭН нь ДЭЛХИЙД үнэ цэнэтэй

Миний эх орны иргэний ажил хөдөлмөр, боловсрол үнэ цэнэтэй

Миний эх орны иргэний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй

Миний эх орны төр, хууль цааз нь үнэ цэнэтэй байх учиртай...”

Залуухан улс төрч, нэр дэвшигчийн хувьд та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Би 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Нөхөр охиныхоо хамт амьдардаг. Аав маань хуульч, ээж маань эх баригч эмч мэргэжилтэй. 3 хүүхэдтэй айлын ууган ганц охин нь. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, хууль зүйн ухааны докторант. Одоо Их Засаг олон улсын их сургуульд сургалт эрхэлсэн захиралаар ажилладаг. Би бага байхаасаа өмнөө зорилго тавьж түүндээ хүрэхийн төлөө шаргуу тэмцдэг охин байсан. Эцэг эх маань ч надад тэр тал дээр сайн хүмүүжил олгосон гэж би боддог. Багаасаа нийгмийн ажлуудад идэвхитэй оролцож, үргэлж манлайлагч байхыг зорьж тэмүүлдэг шургуу хөдөлмөрч хүүхэд байсан. Тэр хүмүүжил маань одоо миний эх орондоо хийж бүтээх хүсэл зоригыг минь хурцлах нэг түлхүүр болдог гэж үздэг. 10 жилийн сургуулиа төгсөөд оюутан болж хотод ирээд сурлага, чадвараараа онцгойрон тодорч "Монгол улсын тэргүүний оюутан" болж эцэг эхийнхээ магнайг хагартал баярлуулж байсан даа.  Үүнээс хойш ажил мэргэжилдээ ч тэргүүлэхийг чармайж байсныг минь үнэлж "Бахархан дууриах багш, Шилдэг удирдагч багш БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг, МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медаль, БСШУЯ-ны "Боловсролын тэргүүний ажилтан", Нийслэлийн Боловсролын газрын "Боловсролын шилдэг ажилтан" зэрэг цол тэмдгээр шагнаж байсан. Энэ ч утгаараа би боловсролыг тэргүүнд тавьж, үргэлж шинийг эрэлхийлж боловсролын салбарт өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж явдаг. Миний энэ чадвар зүтгэлийг үнэлж  Ерөнхийлөгчийн боловсролын бодлогын зөвлөлийн гишүүн мөн хувийн их дээд сургуулийн холбооны  БЗД-ийн салбар зөвлөлийн дарга, Дээд боловсролын байгууллагын санхүүжилт, оюутны нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудад үүрэг хүлээлгэсэн.

Налайх нийслэлийн алслагдсан дүүрэг. Энэ утгаараа дагуул хот болон хөгжих бүрэн боломжтой. Үүний тулд та юу юуг хийх боломжтой  вэ?

Налайх дүүрэг нийслэлийн хэмжээнд хөгжихүйц онцлогтой юм. Нийгэм эдийн засгийн хувьд боломж тохироо нь бүрдсэн байна. Налайх дүүргээр өөрийн биеэр явж  нэлээд судалгаа хийж үзлээ. Анх БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 14-ний өдрийн засаг захиргааны хуваарь хийсний дагуу эх үүсгэл нь тавигдсан район байна. Анх Налайхд нүүрс олборлож эхэлсэн он тооллоороо энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа юм байна.  Налайхд хөгжил дэвшлийг бий болгох боломж бололцоо өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн үед байсан байна, цаашид ч байх боломж дүүрэн харагдаж байна.  Налайх яагаад Улаанбаатар хотын хэмжээнд хүрч хөгжсөн дагуул хот байж болохгүй гэж, хотын хэт төвлөрлийн асуудлыг шийдвэрлэж Налайхыг үйлдвэрлэл түшиглэсэн томоохон хот болгон хөгжүүлэх  боломж байна. Налайх хотыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Дэд бүтцийг хөгжүүлээд, хүмүүсийн амьжиргааг яаж дээшлүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй байна. Үүнд: Хамгийн түрүүнд иргэдийг ажлын байртай болгох шаардлага урган гарч байна. Ажлын байртай болсноор хүмүүсийн амьдралд асар их дэвшил гарч “Өглөө босоод ажилдаа яаран тэмүүлдэг, ажлаа тараад гэр рүүгээ яардаг” энэ л аз жаргалтай хүмүүний амьдрал бий болох учиртай. Хүн нэг л амьдарна нэгэнт л 100 хол гартлаа насалж амьдарч чадахгүйгээс хойш нэг л удаа амьдрах энэ насандаа сэтгэлийн жаргалтай, аз жаргалтай сайхан амьдралыг цогцлоох боломжийг эрж, сайхан амьдралын төлөө тэмүүлэх ёстой. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг бид шийдсэний дараа хүрэлцээтэй цалингийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хүн цалин багатай ажиллаж амьдралын өмнө өвдөг сөхрөх учиргүй.

Уурхайн эдэлбэр газарт иргэд жилийн жилд гар аргаар нүүрс олборлож  амь насаараа дэнчин тавьж байгаа боловч улсаас дорвитой бодлого явуулдаггүй. Үүнд хэрхэн анхаарлаа хандуулж ажиллах вэ?

 Энэ  л байдлыг шийдвэрлэх ямар алхам байгааг судлахаар өөрийн биеэр Налайхын уурхайн эдэлбэр газраар явж гар аргаар нүүрс гаргаж байгаа амуудын үйл ажиллагааг харлаа. Налайх уурхайн эргэн тойрон дахь амьдрал ямар вэ? Энд уурхайчдын эрүүл мэнд амь нас хохирох ёсгүй, уурхайчдын амьдралын баталгааг төрөөс бодлогын түвшин авч үзэх ёстой. Уурхайчдын амь нас үнэ цэнэтэй байх ёстой. Монгол хүн өөрөө дэлхийн брэнд болох ёстой. Уурхайн талбарт ажиллаж байгаа хүмүүсийн тодорхой шатлалаар эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байх ёстой. Тэдний эрүүл мэндийг үздэг оношлогоо эмчилгээний төв байх ёстой. Уурхайчид ер нь иргэд эрүүл мэнд, хоол хүнсний амин дэмийн хувьд ачаалалгүй байх ёстой. Үнэхээр уурхайд амь нас нь хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг харахад сэтгэл шимширмээр дүр төрх харагдаж байна. Уул уурхайн эдэлбэр газарт олноор бий болсон амууд дээр ажиллаж байгаа нөхөрлөлүүдийг нэгтгэсэн шахмал түлшний үйлдвэрийг байгуулбал илүү өнөөгийн утаагүй Улаанбаатар, утаагүй Налайх болоход дөхөм үзүүлэхээс гадна аюулгүй, эрүүл хөдөлмөрлөх орчин бүхий ажлын байрыг бий болно гэж үзэж байна. 2000 оны сонгуулиар байна уу даа Налайхд нефть боловсруулах үйлдвэртэй болгох асуудал хөндөгдөж байсан. Бид том зүйлийг худлаа ярихаасаа өмнө өөрт байгаа нөөц, бусад орнуудын туршлагыг харж нарны үүсгэвэртэй цахилгаан гаргах үйлдвэр байгуулах боломж бас байна.

Дүүргийн  амьжиргааны түвшин доогуур, эрхэлсэн ажилгүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байртай болгохын тулд ямар алхам хийх вэ?

Эмэгтэй хүн, эх хүнийхээ хувьд, ардаа байгаа үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж буй энэ хүмүүсийн орчин ийм байх учиргүй гэж сэтгэл эмзэглэн харж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж ажиллах ёстой гэж боддог. Гэтэл Тэдний ард байгаа ээжүүдийн, үр хүүхдийг харлаа. Тэдний дундаас өрх толгойлсон ээжүүдийн хөлс, нулимс дуслуулан ажиллаж амьдралаа авч яваа байгаа байдлыг нүдээр хараад зүрх шимширч байна. Өнөөдөр эмэгтэйчүүд нийгмийн бүх салбарт ажиллаж ачааны хүндийг үүрч байна. Тийм учраас эмэгтэйчүүддээ ээжүүддээ амьдралдаа аз жаргалтай сэтгэл хангалуун байх боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой. Энэ ч үүднээсээ "Эх үрсийн хөгжил" төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүнээр нь ажиллаж байна Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэдний эрдэм боловсролын төлөө зүтгэж буй ээжүүдээ алдаршуулах хэрэгтэй. Ядаж л бага насны хүүхдүүдийн өсөж хүмүүжих тэр орчныг буюу цэцэрлэгүүдийг хороодод харамгүй байрлуулбал ээжүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, амьжиргааны түвшин доогуур иргэдийн орлогыг нэмэгдүүлэх  үүднээс өрхийн үйлдвэрлэл, хоршооллыг дэмжиж тэдний ажлын байрыг барьцаалсан хүү багатай зээл олгох боломжийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана. Ингэснээр зөвхөн Налайхд гэлгүйгээр Монгол улсын хэмжээнд энэ асуудал шийдэгдэнэ. Мөн тэдгээр иргэдийнхээ хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг гадагшаа борлуулах боломжийг хайж хамтран ажиллана..

 “Эмэгтэйчүүд бид улс эх орныхоо хөгжил дэвшил, үр хүүхдийн маань ирээдүйн амьдрал цаашилбал улс эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нийгмийн өнгө төрхийг өөрчлөх сонголтын үйл явцыг дуугүй хараад суух боломжгүй болжээ. Монголын ард түмэн ээжгүй хүүхэд шиг уранхай хувцастай, гэдэс нь өлсгөлөн,нүүр нь халтар гундуухан байгааг нь өнөөгийн нийгмийн өнгө төрх бэлхнээ харуулж байна. Иймээс ч өөрийн эрхгүй эмэгтэйчүүд бид дуу хоолойгоо илэрхийлэхэд хүрч байна. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн дуу хоолой шингэснээр төрийн бодлого ард түмэндээ мэдрэмжтэй, алагчлалгүй хүрэх нөхцөл бүрдэж, нийгэмд хариуцлага, сахилга бат бэхжиж, хууль ёс, дэг журам төгөлдөржиж, төр, төрийн дайтай түмнийхээ үгийг  сонсох чадвартай болно гэж бодож байна. Манай улсын хууль цааз, ард түмний амьдралын хооронд ан цав үүсэх учиргүй энэ орон зайг нөхөх дүүргэх үүрэг, хариуцлага хуульчид бид бүхэн төдийгүй эмэгтэйчүүд бид бүхэнд хариултаа хүлээсэн асуудал мэт хүлээгдэж байна. Иймээс эмэгтэйчүүд бид өнөөгийн нийгмийн өнгө төрх, нийгмийн бодит шаардлага, эх орны дуудлагаар дуу хоолойгоо нэгтгэх цаг нь ирсэн.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх, тэдний иргэн болж төлөвшихэд багш хүнийхээ хувиар та хэрхэн ажиллах боломжтой вэ?

 Энд сургуулийн асуудал яригдана. Багш бол ээжээс дутахгүй сэтгэлтэй, зан төлөвтэй мэргэжилтэй хүн байх ёстой. Хүүхдийн төлөө хүний төлөө гэсэн нийгмийн асуудал нь шийдэгдсэн тохиолдолд багш болох хүний тоо ихэснэ. Сургуулиас завсардалт төдийгүй сургуульд сурч байгаа хүүхдүүдийн хувьд   хүмүүжил зан төлөвийн доголдол байна. Тэгэхээр яагаад хүмүүжил, зан төлвийн доголдол байна гэхээр цаг үеийн энэ байдал бяцхан үрсийн маань сэтгэхүйд дарамт болж байна. Гэр бүл салалт, гэр бүлийн амьдралын бэрхшээл, өнөөдөр юу идэх вэ гэсэн өлсгөлөн бодол зэрэг нь би юу мэдэж сурах вэ гэдэг бодол хүсэл тэмүүлэлгүй болгож байна. Энэ л эмэгтэйчүүд бидний ээжүүд бидний олж харах ёстой асуудал юм. Хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлж, өөрийгөө бие даан хөгжүүлэх, хөгжих орчин бүхий спортын цогцолбор, соёл, уран сайхны цогцолбор төвүүд байх хэрэгтэй. Хүүхдийн тоглоомын төвүүдээр хүүхэд хөгжих орчныг харж болохгүй. Хичээлийн хоцрогдлын  асуудал энд яригдаж байна. Хүүхдийг хоцрогдолтой байна гэж орхилгүйгээр хичээлийг нөхөх, хөгжүүлэхийг боловсролын бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй.  Багш, хуульч,  эх хүний хувьд нэг л зүйлийг олж харж, түүнийгээ тунхагламаар санагдаж байна. Ерөөсөө Монгол улсын хөгжлийн гарц бол боловсролтой, эрүүл, монгол хүн юм. Түүнээс биш хэн нэгэн гадаадын хүнд найдах хэрэггүй. Өнөөдөр яаж эрүүл, боловсролтой, ажил орлоготой амьдрах вэ гэдгээ томчууд бид үр хүүхдүүддээ үлгэр дууриал үзүүлэх ёстой. Яг эндээс Монголын нийгмийн боловсролд зайлшгүй шаардлагатай зүйл бол багш, хүүхэд гэхээсээ гадна эцэг эхчүүдэд хүүхдээ сургахад нь анхаарал тавих шаардлагыг тавьж, үүргээ биелүүлэхгүй бол аав байх ээж байх эрхэд нь хариуцлага тооцох механизм хэрэгтэй нь харагдаж байна.

-Та Налайхчуудтай уулзаж ярилцлаа гэсэн. Хуульч хүний хувьд жирийн иргэдэд хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танд ажиглагдсан зүйл юу байв?

Өнөөдөр хуульчдын орон зай УИХ-д дутмаг байна. Бизнесмэн хүн хууль боловсруулах нь учир дутагдалтай санагддаг. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  хуулийн завхралын эсрэг зарчмын шинжтэй саналаа хэлж засаж залруулах юмсан гэж бодож явдаг даа. Улс оронд шударга ёсыг тогтооход шилдэг хуульчид л хэрэгтэй.   Эмэгтэйчүүдийн дуу хоолой, энэ нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа. Тэдний оролцоо, мяндсан ухаан хууль тогтоох дээд байгууллагад шаардлагатай байна. Төрд, төрийн ажилтнуудад, иргэдэд хаа хаанаа хариуцлага, сахилга бат хэрэгтэй.  Төр нь төр шиг байх, хууль нь хууль цааз шиг байж мөрддөг байх, хууль нь ямар ч нөхцөлд адил тэгш үйлчилдэг байх хэрэгтэй. Өнөөдөр хуульч хүний хувьд нэг зүйлийг олж харж байна. Хууль зүйн тогтолцоо, зохицуулалт иргэдийн амьдралын хооронд тэнгэр газар шиг ялгаа гарч ан цав үүсч байна. Иргэдийн амьдралд хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тодорхойлох судалгааны баг ажиллаж дүн шинжилгээ хийж өөрчлөх шаардлага зайлшгүй хэрэгтэй юм гэдгийг олж харлаа. Хууль тогтоох байгууллага өөрийн гэсэн  онцлогтой. Өнөөдөр УИХ-ын гишүүд сонгогдчихоод байшин барилга барьдаг эд баялгийн эзэд болох буруу тогтолцоо бий болжээ. Гэтэл тэд жинхэнэ утгаараа Монгол улс ямар хөгжлийн замналаар, ямар төлөвлөлттэй, хэрхэн хөгжих тогтолцоог бий болгохыг тогтоодог хүмүүс байх учиртай. Парламентад хуульчдын орон зай, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах нийгмийн бусад бүх төлөөллийн орон зай хэрэгтэй. Тиймээс хуульч, багш хүн би гишүүн болоод эргээд ямар нэгэн юм босгоно, бүтээн байгуулалт хийнэ гэх хоосон амлалт өгөхөөсөө илүүтэйгээр монгол хүн эх орондооо эрүүл, боловсролтой, тав тухтай орчинтой, сарын орлогодоо сэтгэл хангалуун амьдрах эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө дуу хоолойгоо  өргөж ажилладаг парламентын гишүүн байх ёстой гэдэг өнцгөөс харж  ажиллаж байна. Миний гол баримталж буй үзэл бол “Хууль тогтоох дээд байгууллагад хуульч хүн л байх ёстой” гэх санаа. Энэ бол ойлгомжтой. Энэ нь оёдолчин хүн хэзээ ч гагнуур хийдэггүйтэй адил. Ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, тэдний эрх чөлөө, сайн сайхан амьдралын баталгааг хангасан оновчтой хууль боловсруулан хэрэгжүүлэхэд хэн нэгэн бизнесмен эсвэл хэн нэгэн “наймаачин” хэрэггүй.

-Та энэ бүгдээс УИХ-ын гишүүн болсон тохиолдолд Налайхд чухам юуг илүү хийвэл Налайх дагуул хот болон хөгжих боломж байна гэдгийг харж мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?

- Гэр хорооллыг инженерийн шугамд холбож, хашаандаа халуун хүйтэн устай болох зэрэг асуудлуудыг шийдэх, эндээс иргэн та хувийн хуастай орон сууцанд байгаатай ялгаагүй тохилог амьдрах  боломж бий болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг шийдвэрлэж, ажиллах, хөдөлмөрлөх орчныг бий болгох.

-Эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бололцоо муу болсон гэж ээжүүд ярьж байна. Нийслэлийн дүүрэг бүрт хүүхдийн эмнэлэг байгуулж, өрхийн эмнэлэг дээр хүүхдийн эмч, иргэдэд үйлчлэх нарийн мэргэжлийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх.

-Өндөр настнуудад зориулсан сувиллын газар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх төв байгуулах. Ингэснээр ахмадууд маань залуустаа сургамжаа хайрладаг аливаа зүйлийг зааж сургадаг орчинг бүрдүүлнэ.

- Эрүүл мэндийн даатгалыг амьдралд хэрэглээтэй болгох.Жишээлбэл бид жил бүр эрүүл мэндийн даатгал төлдөг боловч түүнийгээ хэрэглэх механизм дутагдалтай, наад зах нь гэр бүлийн 5 гишүүн нийлээд эрүүл мэндийн даатгалын ваучертай түүнийгээ өвдсөн  нэгнийгээ эмчилэхэд зарцуулдаг байх хэрэгтэй. Би үүнийг ээжийгээ нас барахад сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Тэгээд  өөрөө санаачлан “Эх үрсийн хөгжил” ТББ-ыг байгуулаад жирийн иргэдэд туслах боломжийг хайн хамтран ажиллаж байна.

-Өнөөдөр Налайхын уурхайд ажилладаг хүмүүсээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд нийгмийн даатгалын талаар их асууж байна. Нэг хэсэг иргэд нийгмийн даатгалын үнэ цэнийг мэдэхгүй байна гэхэд, нөгөө хэсэг нь бид төлөөд байдаг үр шимийг нь үзэж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байна. Үүнийг бид намын мөрийн хөтөлбөртөө сайтар тусгаж  өгсөн байгаа. Нийгмийн даатгал төлөгч үр шимийг нь үзэлгүйгээр өөд боллоо гэхэд түүний үр шимийг үр хүүхэд нь өвлөн хүртэх боломж бололцоо нээлттэй байх, нийгмийн даатгалаа төлж чадаагүй иргэдэд нөхөн төлөх боломжийг нээж өгөх талаар тусгасан.

-Эмэгтэй хүн, залуу хүний хувьд Их хуралд нэрээ дэвшүүлэхэд хүндрэл их гарч байна уу?

Нэгэнт л би зориглоод Их хуралд нэрээ дэвшүүлээд иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх нийгмийн тогтолцоог бий болгохын төлөө зүтгэсэн. Гэсэн ч энэ бүхний төлөө явахад амаргүй байна. Сонгууль бол залуу хүний эр зоригийг мохоох зүйлс мэт харагдаж байна. Хэдийгээр маш их мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн сайн хууль болсон ч бас зайлшгүй засаж залруулах зүйл Сонгуулийн хуульд байна гэдгийг хуульч хүний хувьд харлаа. Иргэдэд сонгуулийн хуулийг ухуулан сурталчлах ажил муу байна. Иргэд хэрхэн саналаа өгөх талаар сайн мэдэхгүй, хэлж зааж өгөх явдал гарч байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэ замбараагүй нэмэгдэж, телевизийн нэвтрүүлэгт 1 мин ярихад 1,0 сая төгрөг зарцуулахаар байна. Би та бүхний л адил  монгол улсын иргэн, цалингаас цалингийн хооронд амьдардаг багш хүн.  Гэтэл надад тийм их хэмжээний мөнгө төлж телевизийн нэвтрүүлгээр орох, 2,0-5,0 сая төгрөг төлж томоохон самбарт материалаа байршуулах санхүүгийн боломж байхгүй. Нэг талаар самбарын сонгууль болж байна. Үнэхээр өнгө мөнгөний хорвоог ялган харж, сэтгэлийн үгээ харамгүй хэлж байгаа  Налайхын иргэдтэй, ахмад буурлуудтай уулзаад тэдний  ухааныг биширч, ухаалаг сонголт хийх зөв сонголт хийх юм байна гэдгийг  харлаа. Манай намын Амьдрал мөрийн хөтөлбөр хөгжлийн төөрөгдөлд орсон Монгол улсыг экологимйн чиг баримжаатай нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд хөтөлж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнээ.

Энэ нь

1-рт хувь хүний амьдрал

2-рт Өрх гэрийн амьдрал

3-рт Хотын амьдрал

4-рт Орон нутгийн амьдрал,

5-рт Улс орны амьдрал гэсэн таван үндсэн хэсгээс бүрднэ. ИЗНН-ын амьдрал хөтөлбөр нь өнгөрсөн 20 жилд улс төрийн бусад намуудаас боловсруулж хэрэгжүүлж ирсэн бодлогоос зарчмын хувьд цоо шинэ хандлагатай иргэн танаар овоглосон, иргэн таны төлөө, иргэн та өөрөө хэрэгжүүлэхэд нь оролцох гэсэн үзэл санаатай юм.

Манай намын дарга УИХ-ын гишүүн С.Оюун намайг үнэлж, их хуралд нэр дэвшээч гэдэг саналыг тавьсан, энэ нь миний ажлыг үнэлсэн, надад урам зориг, эрч хүч хайрласан хүсэлт байлаа.  Эмэгтэйчүүдийн сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийг хангахад ээжүүд бүсгүйчүүд, өрх гэрийн ноён нуруу болсон эцэг, ирээдүй аавууд залуучуудыг  идэвхитэй оролцож   иргэний зориг гарган нэр дэвшсэн бүсгүйчүүдээ дэмжихийг уриалж байна. Иргэний зориг ногоон нам иргэдийнхээ амьдралыг алагчлалгүй сайжруулах бодлогыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлэн тавьсан учраас багаараа амжилт үзүүлэх байх аа гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top